“БОР” ТАРЛАН БҮТЭЭЛҮҮД

Tseveendorj Demberelsuren
10 min readOct 19, 2020

--

(Илтгэл шүүмж)

МЧЗХ-ны 30 жилийн ойд

Нэг. “Тод толь”-ийн таван онцлог

Яруу найраг нь нэг талаар хувь хүний өмч, бие даасан бүтээл гэхээсээ үе дамжсан сэтгэлгээний өв байдаг. Аугаа их удам угсаа арван үедээ “амардаг” байж ч болох санагддаг нь сайн найрагч, суут бүтээл төрөхийн угтал үе шатыг онцолсон санаа юм. Учир нь яруу найрагт гүн ухаантны бодол ч тусдаг, гэнэн хүүхдийн санаа ч бий. Нөгөө талаар утга зохиол, яруу найргийн төрөл бол өөр мэргэжлийн хүмүүсийг хамгийн их “урвуулан” татдаг шидтэй салбар юм. Ийм “ид шид”-нд ховсдуулж эргэлт буцалтгүйгээр хоёр оронтой тоонд хүрсэн ном, зохиол туурвисан хүний нэг нь Дарьгангын Дарьзавын Бор билээ. Тэрбээр ургамал судлаач мэргэжилтэй, ХАА-н ухааны дэд эрдэмтэн, багш хүн хэдий ч шүлэг бичих, орчуулах үйлсэд сэтгэл шулуудан нэгдсэн нь дээрх “увьдас, шид”-тэй холбогдоно. Яруу найраг, зохиол туурвидаг хүн яав ч муу хүн байдаггүй гэдгийг ч энд онцлон тэмдэглэх нь ертөнцийг “өөр нүд”-ээр харж байдаг зөн билгийн “хараа”-тай нь бас холбогддог. Мөн эрдэм боловсролтой хүн уянгаар жигүүрлэснийг эрхгүй хүндэтгэх учиртай ч Д.Бор нь олон салбарт хүчээ сорьж ажилласанаас өөрийн мэргэжлийн хүрээнд бус манай салбарт ЭШ-ний хурлаа хийж буй нь утга зохиолын чиглэлийн онцлог, өнөөдрийн “босго”-той холбоотойгоор тайлбарлагдана. Яруу найраг угтаа ямар ч хүнийг найр тавин угтдаг халуун алга, дулаан нөмөртэй билээ.

Түүний бүтээлүүд оргилсон их онгод авьяас гэхээсээ сэтгэлийн долгилол, сайхан сэтгэлийн үр шим, сэтгэмж бодол бүхэн нь шүлэг болон бууснаараа ялгарах ажээ. Өөрөөр хэлэхэд яруу найраг нь туурвин бүтээгчийнхээ сэтгэлийн “Тод толь” байдгийг баталгаажуулсан бүтээл юм гэж үзэхэд хүргэж байна. Учир нь зохиолчийн үзэл бодол, нийгмийн байр суурь, ертөнцийг үзэх үзлийг уншигч олонд энгийнээр хүргэхдээ хурдан, хүртээмжтэй түгээдэг далайцтай төрөл нь яруу найраг тул утга зохиолын бусад төрлөөсөө ялгардаг. Тиймээс яруу найргийн нь хамгийн сүүлд хэвлүүлсэн ном, бас хэмжээний хувьд багагүй буюу уртавтар шүлгүүдээс бүрдсэний хувьд туршлага сайжирсан болов уу хэмээн сонгож авсан бөгөөд

1. Сэдвийн хувьд эх орон, эцэг эх, хайр сэтгэл гэх мэт өргөн хүрээтэй туурвихдаа бусдын санааг давтаж бус өөрийнхөөрөө бичиж байгаа нь олзуурхууштай онцлог тал нь юм. Учир нь сүүлийн үеийн зарим зохиолч, найрагчдын номуудад энд тэнд уншсан санаа, танил үг, мөрүүд, бүр бадгууд ч давхцаад байх нь ажиглагддаг бол яруу найрагч, орчуулагч Д.Борын “Тод толь” (2010) бол түүний бодрол, сэтгэмжийн толь мөн байна. Өөрөөр хэлэхэд түүний бүтээлүүд бие даасан шинжтэй буюу орчуулгын шүлгийн санаатайгаа ч давхцахгүй байгаа нь олзуурхууштай тал болж байна. Гэхдээ

“Санах л юм даа чамайгаа

Саналаа гээд чиг яахав дээ” гэсэн мөрүүд СГЗ П.Сандуйжавын шүлэг МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарын дуулсан “Мөнхрөх биш дээ хоёулаа” дууны үгтэй яв цав давхцахын зэрэгцээ

“Бодох л юмдаа чамайгаа
Бодлоо гээд чиг яахав дээ
Бор борхон хоногийг ээ
Болгоож яаж баръя даа” гэсэн уг дууны гуравдугаар бадаг Д.Борын “Санах л юм даа чамайгаа” (2001) шүлгийн нэгдүгээр бадагт:

“Бодох л юмдаа чамайгаа
Бодлоо гээд чиг яахав дээ
Болзоот хэдэн сардаа

Бэтгэрч л байна даа, би чинь” гэсэн сүүлийн хоёр шадаараа л ялгарч, зохиогдсон он цагийн хувьд төдийгүй санаа, бүтцийн хувьд ижил болохоо илтгэж байна.

Мөн “Ийм л тийм л байгаасай” (1997) шүлэг нь Б.Мөнхжаргалын аялгуу МУГЖ Т.Баясгалангийн дуулсан “Дандаа ийм л байгаасай” дуутай яг таг давхцахын зэрэгцээ эхний хоёр бадгийн байр солигдсон болохоос үг, үсэг бүгд ижил ажээ. Харин 3-р бадгаас “Эелдэг даруухан” гэсэн үг “энхрий дөлгөөн” болж өөрчлөгдсөнөөс бусад нь ижил, 4-р бадгийн эхний болон төгсгөлийн мөрийг нийлүүлэн хоёр шадаар хашилт хийн төгсгөснөөс “Намбалаг сайхан биеийг чинь” гэдэг нь “Намбалаг найртай чи минь” болон солигдсоноос өөр ялгаагүй байна.

2. Шүлгээ маш богино хугацаанд бичдэг онцлогтой юм. Жишээ нь: Дөрвөн улирлын сэдэвт дөрвөн шүлгээ нэг бүтэц, зохиомжоор нэг өдөрт л бичиж дуусгасан нь яруу найрагт яахын аргагүй дуртайг нь илтгэх ч чингэж хэт олон шүлгийг нэг дор бичих нь илүү урлах, чанараа сайжруулахад нь тээг болсныг анхаарууштай. Үүнд: 2009 онд ихэнх шүлгээ бичиж энэхүү номоо бүтээсэн нь өндрөөр үнэлэх, дүгнэх, уран сайхны шүүмж бичихэд мөн л тээг болж буйг тэмдэглэхээс аргагүйд хүргэж байна. Энэ нь магадгүй “рекорд” болж ч мэдэхээр бичлэгийн цаг хугацааны асуудал юм. Хүн ер нь дуртай зүйлдээ илүү амжилтанд хүрдэгийг амьдрал ч бататгаж, шинжлэх ухаан ч бас нотлох болжээ. Үүнийг: дарга байя гээд зууралдаад байвал даргаараа үлддэг, мөнгө олъё гээд мэрийгээд ахул хөрөнгөтэй болдог, хийж бүтээе гээд оролдоод суувал хийсэн юмтай л хоцордог түүх гэрчилнэ. Иймд шүлэг бичээд л байвал туршлагжин сайжирч болдогийг Д.Борын бүтээл бататгаж буйг онцлохоос аргагүй.

3.Шүлгүүд нь үнэн үг, энгийн хэллэгтэй юм. Үүнд: амьдрал таньсан хүний шударга үнэн үгээр бичсэн “Хуурамч нөхөр” зэрэг шүлгүүдийг дурдаж болохоор байна. Жишээ нь:

“Хуурамч нөхөр халтай, хортой

Худалч нөхөр бааштай, балагтай

Хэргээ болохоор холдож хагацахгүй

Хэцүү цагт харагдаж хавьтахгүй” (2010:88) гэж бичсэнээс үзэхэд түүний шүлгүүдэд цэцэлж бичсэн цээж эрдэм, өөрийнхөөрөө байх тууштай зан чанар, ахмад хүний үзэл бодол, сургаалт чанар болон яруу найрагчид байх бардам омгорхол ч ажиглагдах ажээ.

4. Д.Борын эл ном, арван дөрвөн мөрт шүлгээс бүрдэж шүлэг бүр номын нэг хуудсанд дүүрэн багтаж буй зохиомжийн онцлогтой юм. Гэхдээ энэ нь төрөл зүйлийн хувьд “сонет” бус хэдий ч гурван бадагт багтаан санаагаа илтгээд сүүлийн хоёр мөрөнд агуулгаа зангидаж, дүгнэсэн шинжтэй нь ажиглагдаж байна. Жишээ нь: “Хөшөө” (2003) шүлэгт эхний бадагт хөшөөний тухай, удаах бадагт хөшөө шиг хүний тухайд, гурав дахь бадагт хооронд нь харьцуулаад төгсгөлийн хоёр мөрөнд санаагаа зангидсан шинжтэй бичсэн нь ихэнх шүлэгт нь нийтлэг давхцал юм. Тухайлбал

“Ач мэддэггүй амьтныг мангурт гэдэг

Ам харсан ангарайг маанаг гэдэг

Авахаас өөр бодолгүйг мунхаг гэдэг

Авилгаар амьдрагч этгээдийг мангас гэдэг

Оюун дорой улбагарыг балай гэдэг

Орон гаран урвагчийг банзал гэдэг

Зусар бусар долдойчийг бялдууч гэдэг

Зөвхөн хувиа бодлогчийг бэртэгчин гэдэг

Хэнтэй ч хамаагүй хавьтагчийг янхан гэдэг

Хэрэгт төвөгт холбогдогчийг ялтан гэдэг

Ховоор хоолоо хүртэгчийг матаач гэдэг

Хараар бусдыг буддагийг атаач гэдэг

Ад нөхцсөн эрийг араатан гэдэг

Эз дийлсэн эмийг ороолон гэдэг” хэмээн “Гэдэг” (2003) гэгч шүлэгтээ бичсэн нь үгийн сонголт, ур, гоо зүйн хувьд “бор” тарлан шинжтэй болохоо бидэнд мэдээлж байна.

5. Шүлэг бүрийнхээ ард бичсэн орон газраа тэмдэглэсэн нь үзэл санаанд нь орчин ахуй нөлөөлснийг нь илтгэх төдийгүй хэн нэгэнд зориулсан шүлэг бараг үгүй бөгөөд зөвхөн өөрийн бодол сэтгэлээ илэрхийлсэн бичлэгийн онцлогтой юм. Орон зай, цаг хугацааны асуудал яруу найрагт бие даасан асуудал байдаг билээ.

Хоёр. Үгчилж орчуулсан шүлгүүд

Д.Борын уран бүтээлийн өв гэж яривал орчуулга нь илүү жин дарахаар байна. Учир нь шүлгийн номуудаа хэвлүүлж дууссаны дараа (2000–2010) орчуулгын ажил оролдсон нь яруу найргийн орчуулгын туршлага, арга барилд нь нөлөө үзүүлсэн онцлогтой юм. Энэ нь түүний орчуулга болон шүлгийн ур хийц, хэмнэл, бүтэц нэгэн ижил түвшинд буйгаар тайлбарлагдана. Нөгөө талаар түүний орчуулгын уран бүтээлийг А.С.Пушкин, С.Еснинин, Р.Гамзатов нарын цаашдын сонгодог орчуулга бий болгох шат гишгүүр, туршлага талаас нь хүндэтгэн авч үзэх учиртай ч сонгодог яруу найраг гэхээсээ толгой холбоц бүхий хүүрнэл зохиолын шинжтэй буйг цаашдаа анхаарууштай. Өөрөөр хэлэхэд мөр, бадгийн тоог тэнцүүлж хайрцаглаж орчуулахдаа шад дамнуулж утга гүйлгэлгүй “мөрлөж” орчуулсан нь үгчилсэн арга хэрэглэснийг нь бататгаж байна. Тиймээс хаалтанд бичсэн тодотголуудыг ч тэрхүү бүтэц хэлбэрээр нь орчуулсан нь ажиглагддаг. Жишээ нь: А.С.Пушкины “Хачиргүйн үнэн” (Истина) шүлэг дэх

“Но кто-то, смертных благодетель

(И чуть ли не старик силен)” гэсэн мөрүүдийг

“Гэвч талийгаачдын ивээлт эзэн

(Арай л аварга өвгөн биш байлтай)” хэмээн үгчлэхдээ толгой холболгүйгээр бүтцийг тэр чигт нь хадгалж орчуулсан бол Р.Гамзатовын

“Смотрю, сидит ли ласточка в гнезде

(Ты с детства любишь песни этой птицы)” гэсэн мөрүүдийг

“Үүрэндээ алтан хараацай байна уу, үзье

(Унаган багаасаа түүний дуунд, чи дуртай)” хэмээн ягштал орчуулсан зэрэг нь улам тодорхой болгож буй юм.

Гэхдээ “Чинжаалын үзүүр шалихгүй чичирхийлнэ” (Кинжала жало чуть дрожало) хэмээн “Чинжаал хутганы дурлахуй” (Любовь кинжала) шүлгийг орчуулсан нь үгийн сонголтын хувьд тийм оновчтой бус болох нь “шалихгүй” гэсэн үгээс тодорч байна. Зүй нь “үл мэдэг” гэх мэт тухайн өгүүлэгдэхүүний утгад тохирох үгс бий билээ.

Энэ мэт толгой холболтонд баригдалгүй чөлөөтэй шүлэглэсэн нь яруу найргийн орчуулгын уран чадварт нөлөөлдөггүй ч орчуулагчийн туршлагатай холбоотойг цаашдаа санууштай. Өөрөөр хэлэхэд төрөлх хэлээ гаргууд эзэмшсэн бичгийн мэргэд ямар ч шүлгийг бүрэн бас салаавчилсан, хос уянгын аль нэгээр толгой холбон орчуулах боломжтой байдаг. Тиймээс дараагийн орчуулгадаа зөвхөн утгыг барих бус ураа сайжруулан зохиолчийн илэрхийлэх гэсэн цаад санааг танин мэдэж яруу сайхан орчуулах шаардлага бийг захин сануулъя. Мөн үгийн сонголт, ур маяг, гоо зүй дутагдаж байгааг ч анхаарууштай нь үг үсгийн алдаа нь утгын алдаанд хүргэж болохыг

“Жавхдас болон

Жингэнэж эх орноо” (Шархтай дуун) хэмээн хүчээр толгой холбосон “чавхдас” гэсэн үг,

“Хар санаатын сэмхэн хорлол

Хаанаас хэзээ ч хэтэн мөлхөнө” (Хар санаат хүн) гэсэнд “гэтэн” хэмээх үгийг тус тус буруу бичсэн нь илтгэдэг. Иймд цаад шүлгүүд нь суут найрагчдын сонгодог эхийн хувьд түүний орчуулгууд “амь тээсэн” шинжтэй байна хэмээн дүгнэж болохоор юм.

Түүний зарим орчуулга засран сайжирч ирснийг Р.Гамзатовын шүлэг, олонд түгсэн алдартай дууны орчуулгын дараах хувилбаруудаас харж болохоор байна.

Дээрхээс дүгнэн авч үзвэл анхны орчуулгыг Ян Фрэнкелийн аялгуугаар олонд түгсэн дууны шүлгээс нь авч туршлага дутсан бол удаахыг авар хэлний анхны эхийн орос орчуулга (Н.Гребнев)-с дам орчуулж, гурав дахийг уянга, айзмын хувьд сайжруулах оролдлого хийсэн орчуулга болох нь тус бүр илт байна.

Гурав. Үнэлж дүгнэсэн алдартнууд

Түүний уран бүтээлийг Монгол улсын хөдөлмөрийн баатар, АУЗ Л.Түдэв хоёр удаа, СГЗ, сэтгүүлч яруу найрагч П.Сандуйжав хоёр удаа, Доктор В.Алзахгүй мөн хоёр удаа болон АУЗ Ш.Сүрэнжав, П.Бадарч, Төрийн шагналт П.Пүрэвсүрэн, Д.Нямаа, Төрийн шагналт, СГЗ Н.Эрдэнэцогт, академич Б.Гоош, ардын эмч Н.Баасанжав, СГЗ, эрдэмтэн зохиолч Л.Дашням, Ч.Дагвадорж, Т.Баасансүрэн, Ж.Саруулбуян, СГЗ, сэтгүүлч Ц.Дашдондов, Д.Амбасэлмаа, Д.Нацагдоржийн шагналт зохиолч С.Надмид, Ч.Содномдорж, А.Даваасамбуу, доктор Я.Баатар, Б.Магсаржав, профессор Д.Хүү гэх мэт олон нэртэй зүтгэлтнүүд тэргүүтэй эрдэмтэн, эдийн засагч, эмч, инженер, багш, байгаль хамгаалал, биологич, аграномич, сэтгүүлч нийт 72 хүн (давхардсан тоогоор) 80 орчим үнэлэлт дүгнэлт бичсэн нь хамгийн цөөн яруу найргийн ном (тав) бичсэн, бас мэргэжлийн зохиолч бус гэхэд хангалттай судлагдсан хүн юм байна. Үүнийг 280 тал “Олон талт эрдэмтэн багш” ном гэрчилнэ. Иймд өнөөдрийн энэхүү хуралд 10 орчим хүн нэмж судалснаар Д.Борын уран бүтээлийн тойм нийт 90 шахам дүгнэлт судалгаанд хүрч буй юм. Энэ нь Д.Борын шүлгүүд бусдаас “маш сайн” гэсэн үзүүлэлт гэхээсээ утга зохиолын онол дахь “Утга зохиол ба нийгэм” гэсэн ойлголт, ухагдахуунаар тайлбарлагдах билээ. Уран зохиол нь нийгмийн амьдралын тусгал байдаг ч эрх тэгш, шудрага бус үнэлэмж, тогтолцооны гажуудлыг шүүмжлэн залруулахад яруу найраг олноор хүч түрдэгт Д.Борын шүлгүүд бас нэмэгдэж байна.

Зохиолч, яруу найрагч Ч.Содномдорж: “Амьд сэрүүнд нь уран бүтээл нь хамгийн их тоогдож, судлагдсан ховор хувь тавилантай зохиолч бол миний хувьд төрийн шагналт, СГЗ Долгорын Нямаа юм даа гэж бодож явдаг юм. Гэтэл Дарьзавын Борын шүлэг, уран бүтээлийн талаар сэтгэлийн үгээ хэлсэн, түүний бүтээлд бие даасан шүүмж бичсэн, ном судрынх нь өмнө хойно босго, мялаалгын үг хайрласан уран үгийн инжаан нар аргагүй олон байгаа нь түүний шүлэг, найраг өвөрмөц онцлогтой, давтагдашгүй санаа сэдэлтэй, жинтэй гүн ухаанлаг, ур хийц нь чамбай донжлог болохоор эрдэмтэн, зохиолч, сэтгүүлч, энгийн уншигчийн зүрх сэтгэлийг эзэмдэн татдаг увидастайнх биз ээ” гээд “Хэрэв яруу найрагч Д.Бор хуруу хүрэхгүй могойн зулзага байсан бол “хурмастын луу” эдгээр том хүмүүс түүний уран бүтээлийг юунд тоож шиншлэхсэн билээ” (Хэлбэр агуулга нь оюунлаг, хийц маяг нь дорнолог) хэмээн 2009 онд тодорхойлон дүгнэж бичсэнийг өнөөдрийн энэ хурлаар хэлэлцэх нь зүйтэй санагдаж байна. Учир нь Д.Нацагдоржийн шагналт зохиолч Самбуугийн Надмид: “Дарьзавын Борын шүлгүүдэд хэлбэрийн хойноос хөөцөлдсөн хиймэл маяглал, хоосон цэцэрхэл, хэн хүний ой тоонд тогтохын аргагүй санаа зүйрлэл, гялтганасан хуурамч өнгө аяс ер үгүй, жигтэйхэн энгийн, яах аргагүй чин сэтгэлээсээ амьдран буй орчин, нийгэмдээ хэлэх ёстой үгээ шулуун, шударга хэлсэн дүр зураг харагддаг” (Миний дарга- яруу найрагч) хэмээн үнэлэн тодорхойлсон байдаг.

Энэ нь Италийн философич Умберто Экогийн “Бүх яруу найрагчид муу шүлэг бий. Тоохгүй хэвлүүлчихдэг нь муу яруу найрагч, шатаачихдаг нь сайн яруу найрагч” гэснийг сануулах нь аливаа номыг хоосон магтаж бичсэнээс сайн редакторлох шаардлагатай нь хожмын эрдэм шинжилгээний хурлын чанар, үр өгөөжтэй нь холбоотойг илтгэж байна. Нагац дүү, Төрийн шагналт найрагч О.Дашбалбар нэгэнтээ: “Та дахиж битгий шүлэг бичээрэй, нэг удамд хоёр шүлэгч хэрэггүй” гэж хэлсэн нь Д.Борын уран бүтээлийн эхэн үед анхааруулсан “том сануулга” болсон ч туршлага хуримтлуулж бүтээлээ сайжруулсаар ирэхэд нь харин ч ташуур өгсөн гэж тайлбарлаж болох юм. Нөгөө талаар энэ нь шүлэг, яруу найрагт дуртай зан төлөв, далд сэжим холбоог нь улам тодруулж өгсөн хэмээн дүгнэж байна. Үнэхээр ч түүний шүлэгт “зорилготой явах сайхан, зорьсондоо хүрэх бахдалтай” гэсэн мөр бийг АУЗ, ТШ яруу найрагч П.Бадарч энэхүү номын өмнөтгөлдөө онцлон бичсэн байдаг билээ.

Хүн бүр өөрийн хувь тавилантай, үнэн шударгаар ажиллан хөдөлмөрлөж ирсэн хэний ч бүтээл хэзээ нэгэн цагт үнэлэгддэг, хамт суугаад хэлэлцэгддэг гэдгийн тод жишээг эрдэмтэн Д.Борын шүлгүүд гэрчилж байна. Р.Гамзатовын нэргүй нэгэн шүлэг буюу

“Жизнь — ковер. Но ткал я неумело,

И теперь я сам себя стыжу

Много лишних линий и пробелов

Я в своем узоре нахожу

Книгу я писал, но неумело

В ней пустым страницам нет числа

Где в пути ты задержалась, зрелость?

Почему так поздно ты пришла?” хэмээснийг

“Хивс мэт амьдралаа би, хэр тааруухан нэхжээ

Харин одоо өөрөө харамсаж ичиж байнам

Хэрэггүй олон шугам, хийдэл дутагдал гаргаснаа

Хээ угалзнаасаа би хайж олж байнам

Ном би бичлээ, нэг л сулхан болжээ

Нэмэр нөлөөгүй хуудас нэн олон ажээ

Явдал замдаа хаана чи саатав, гэгээрэл минь?

Яагаад чи надад яасан оройтож ирэв дээ?” гэж Д.Борын орчуулснаар энд эшлэх нь агуу хүний бичсэн үнэн үг түүний өөрийн нь уран бүтээлтэй холбоотой санамж болж буйг ч давхар илтгэж байна.

Д.Цэвээндорж ХЗХ)

2020.10.10

--

--

Tseveendorj Demberelsuren
Tseveendorj Demberelsuren

No responses yet