ХОС ХӨТӨЛГӨӨ МОРЬТОН ХОЛЫН ЗАМД СУНГААТАЙ
(Шүүмж)
Монголын хүүрнэл зохиолын хөгжил дэлхийн сонгодог зохиолуудаас утга агуулга, дүр дүрслэл, зохиолчийн уран чадвар, бүтээлийн чансаагаар зэрэгцүүлээд үзэхэд дутахааргүй түвшинд очиж буйг манай өгүүллэгийн мастеруудын зэрэгцээ Германд бүтээлээ туурвин нэрд гарч буй Ч.Галсан, Японд бүтээлээ туурвиж уянгын олон өгүүллэгээрээ нэрд гарч яваа С.Хишигсүрэн гээд олон зохиолчийн сүүлийн жилүүдэд туурвисан бүтээлүүд тод гэрчилнэ. Гэхдээ дэлхийн уран зохиолоос орчуулан суралцаж, туурвил зүй, дүрслэлийн ур чадварын ололттой сайн талууд нэмэгдэж буй ч дүрүүдээ орчин үеийн зохиомол нэрээр нэрийдэх хандлагыг С.Хишигсүрэнгийн өгүүллэгүүд тойроогүй нь ажиглагддаг. Ная хүрсэн, цал буурал толгойтой эмгэдийн нэрийг Саймсаа, Нийлэгмаа гэнэ. Бүр хадам эх Бэлзэгээ, бэр Хүүхэндэй гэх мэтийн уран сайхны нэрүүд сэтгэлгээний шинэ эрэлхийлэл, монгол нэрийн шинэтгэлд тодорхой хувь нэмэр оруулж буйгаараа зөвтгөгдөнө. Гэвч “Тэнгэр гудмаар алхална. Хөлийнх нь дор намрын шар навчис хөглөрнө” гэсэн дүрслэлийг өвөрмөц сэтгэмжээр гараг ертөнц газрын амьдралыг тольдон гудмаар аялж хүмүүний “сэтгэлийн орчлон”-г нээн үлгэрийн дурлалын өглөөг зураглав уу гэтэл хүний нэр байх эргэлзмээр, бодууштай болсныг анхаарууштай юм.
Зарим өгүүллэгийн санаа давхацсан (Хадам, Шоовдорлогдсон эмгэн) мэт санагдах ч өнөө цагийн хүний амьдралын далдлаг шинжүүдийг залуу насны алдаа, үйлдлээр нь олон талаас нь өвөрмөц зохиомжинд оруулснаараа мөн л зөвшөөгддөг. Чингэж дүрийнхээ дотоод зөрчлийг дэлгэсэн богино хэлбэрийн өгүүллэгүүд нь үйл явдал зэрэгцэх мэт шугамтай ч үзэл санаа улам гүнзгийрэх урамтай. Тухайлахад хүмүүсийн зугаа болгож мөнхийн дайсагнал мэт ярьж сэтгэдэг “хадам”-ын тухай ойлголтыг “Бөгтийхөөрөө бөгтийж, урвайхаараа урвайсан Саймсаа эмгэнд орчлонгийн нар хүртэл түүнээс зугатаад олдохгүй байх шиг харанхуй” хэмээгээд ихэд хүлээсэн бэрдээ хадмын ёсоор захиж сургах гэсэн санаа бүтэлгүйтэж өөрийгөө мохироосон хойно хүү бэр хоёр нь хичнээн гэмшээд ч оройтсон болохыг тод зурагласан байна. Бүр гомдохдоо нулимс нь хацар дагаж ам руу нь ороход “Гашуун нулимсыг минь уулгаж хатуу үгээр зүрхийг минь зүсдэг чамайг тэнгэр ниргээсэй” гэсэн бурханд хүртэл гомдож буйгаар дүрийн сэтгэл зүйг хурц зөрчлөөр өрнүүлдэг нь зохиолын үзэл санааг тодотгож өгч буйгаараа үнэ цэнтэй юм. Хэн хэн нь хүүгийн төлөө буюу сайн сэтгэлээр холбогдож буй ч гагцхүү бие биенээ ойлголцох харилцаа доголдсоноос үүдэлтэйг “Шал дэмий юмнаас бие биеэ өөнтөглөн үг шидэлцэж зүрх сэтгэлийн сэв суулгаж явдаг эмсийн хэрүүл гэдэг айл гэрийг төдийгүй орчлонг ч буртаглаж мэднэ. Өөрөө өөрийгөө томд бодсон бяцхан жөтөөрхөл нь их мунхаглалд хүргэх ч бий” гэсэн би баатрын эргэцүүллээр уншигчдад сурган сануулдаг өвөрмөц туурвил зүйтэй нь зохиогчийн авьяас билиг, үзэл сэтгэлгээний тусгал болон буудаг. Хадмаа үгээрээ дийлж бардамнах Хүүхэндэй бүсгүйд хандан “Хэрүүлд дийлсэн хүнд бардамнал, тэнэглэл төрдөг. Дийлэгдсэн хүнд мунхаглал, цөхрөл, өс хонзон төрдөг” гэсэн бясалгалаар баатартаа, уншигчдад хандаж буй уран өчиг ч бий.
Ийнхүү хүний амьдралд байдаг энгийн боловч мэддэгээ сайн мэддэггүй, ухаардагаа бүрэн ухаардаггүй болохыг урлан дүрсэлсэн утга санаа нь гэр бүл бол нийгмийн амьдралын үргэлжлэл, хөдөлгөгч хүчин нь тул багагүй үүрэгтэй болохыг олзлон харж онцлон дүрсэлж буйгаараа сэдэв, санааны хувьд онцгой туурвил болгож байна. Ингэж өнөөгийн хүмүүсийн ёс суртахууны доройтол нь төрүүлж өсгөсөн ижийгээ хүртэл шоовдорлоход хүргэж сэтгэлийг нь сэвтүүлж буйг нэлээд үндэслэлтэй, дүрслэл сайтайгаар зурагласан юм. Хөдөөний хүн сайтай сэтгэлийн илч гэгээ суурин газрын хүүхэд, залуучуудад юу ч биш санагдаж өшигчин хаяж буй (Эхнэр, Саргүй шөнө)-гаар ёс суртахууны уналтыг сөргүүлэн дэвшүүлэхдээ хүний итгэлийг хөсөрдүүлсэн, хөнгөн хуумгай цайлган зан төлөвийг хууран буй өнөөгийн хүмүүсийн зан төлөвт эмэгтэйчүүд ихээр хохирч буйг дүрсэлсэн нь цаг үетэйгээ хөл нийлүүлж, бас алхам урагшилж чадсаныг илтгэж буй. Хүмүүний хувь тавилангийн эрих, түүний огтлолцолыг өвөрмөц учралаар нээж үзүүлэн зах зээлийн нийгэмд хүсэл мөрөөдлийг нь ялж буй амьдралын борог “үнэ цэн”-ийг сөргүүлэн дэвшүүлж үнэтэй гутал шохоорхсон ч бэнчин нь хүрэхгүй буйгаар нийгмийн амьдралыг хөндөхдөө гутлаа худалдаж авсан эсэх нь тодорхойгүй төгсгөлөөр оюун дүгнэлтийг зөнд нь үлдээсэн байна. Мөн үйл явдал монгол нутагт өрнөж буйгаар бичигдсэнээрээ өнөөгийн гадаад орон, хэл, яриагаар харь хүний нэр оруулан чамирхах дуртай болсон нийгмийн хадуурал, зохиолчдын цэцэрхлээс эрс ялгаатай төдийгүй энгийн төлөөлсөн үг хэллэгээр үйл явдлыг товчлон өгүүлдэг зохиомжит урлал, хүүхэд залууст захин сургасан, сануулан зөвлөсөн аяс туурвил зүйтэй бөлгөө.
Хүний зан чанарын доголдлоор дүрийн хэв шинж, цаашлаад зохиолынхоо үзэл санааг тодотгодог нь уншигчид энгийн хүүрнэсэн сонирхолтой бичлэгийн утгыг тайлах, уянгын тайлал руу улам бүр тэмүүлэхэд хүргэдэг. Хүний сэтгэлийн агуу их сүр хүчийг итгэл найдвар, эмгэнэлт аяс бүхий “Бойтог”, “Муусайн оюутнууд” өгүүллэгүүд болон “сайхан сэтгэлийн үзүүрт тос” гэдэг шиг дүрийн хувь заяа дотоод мөн чанараасаа үүдэлтэйг урнаар зурагласан (Өв залгамжлагч) гээд сэтгэлийн олон талыг тал бүрээс нь нээхийг эрмэлзжээ. Нийгмийн асуудлыг нүхэнд буй хэсэг хүмүүс, тэдний харилцан яриа, санаа бодлоор хөндсөн гээд сэдэв, зохиомжийн хувьд өвөрмөц содон хэлбэрээр туурвисан нь бас бий. Ингэж дүрийн зан төлөвийг шууд дүрслэн тодорхойлолгүй үг хэллэгээр нь, үйлдэл хөдөлгөөнөөр нь төлөөлүүлэн дүрсэлдэг туурвил зүйн ололт тод анзаарагддаг юм.
Харин түүний шүлэгт өөрийн сэтгэлийн ертөнцөө уянгын давталт бүхий өвөрмөц мэдрэмжээр буулгасан зүрхний шивнээ, бодролын өгүүлэмж дэлгэгдэг. Басхүү байгалийн үзэгдэл, ялангуяа үүлсийн хувьсал хөдөлгөөнийг
“Үүлс заримдаа самуунд дасч будилна
Үүлс заримдаа шуналд шатаж бөөгнөрнө
Үүлс заримдаа өнгөнд саатаж бүдгэрнэ
Үүлс заримдаа зүсэнд тольдож сарнина” гэж амьдчилан, үйлдэл хөдөлгөөнийг нь дотоод мөн чанартай нь холбон сэтгэж тайлбарлахдаа үүл нүүсээр ертөнцийг баран
“…Буух газар зөндөө хайвч
Буруу ч үгүй зөв ч үгүй мухардана
Хааяа бухимдахдаа аадар болж шаагина
Халууцсаныг сэрүүцүүлж бороо болж асгарна
Тэнгэрээс газарт илгээсэн хайрын үгтэй
Тийм сайхан захиа, цасан болж бударна” (2006) гэж өвөрмөц танилтанд аваачиж оюун дүгнэлт хийжээ. Харин
“Тэмдэглэлийн хүрэн дэвтрээ нээж үзлээ би
Тэгээд, дээрээс нь эхлээд олоон жил нөхөрлөсөн
Тэр энээ дэлгэн ярилцаж явсан нөхдөө
Тэврэх мэт энхрийлэн нэрсийг нь харлаа” гэсэнд түүний бүтээл туурвилын олон төрлүүдээс хүүрнэл зохиол, ялангуяа уянгын өгүүллэгүүд нь гол байртай гэдгийг онцолж болохоор сэтгэгдэл төрүүлдэг.
Шүлэг яруу найрагт нь удамшсан авъяас, уянгын мэдрэмж бий ч нэг талаар шүлгийн техник, зохион байгуулалт, өгүүлбэрийн дэс дараалал, тодотголын байршлын хувьд “Хүрэн тэмдэглэлийн дэвтрээ нээж үзлээ би” гэх мэтээр өөрчлөн байрлуулж гэмээнэ “тэр энээ” гэх мэтийн толгой холболтонд хатуу баригдсан сул үгс хөврөхгүй байсан ч болох талтай. Гэхдээ түүний шүлгүүд яруу найрагчийн сэтгэлийн дуудлага, онгодын хийморь, оюуны төвлөрөлт нь болох нь илт байдаг. Тэгвэл орчуулгын зохиолууд нь тухайн үндэстний соёлын онцлог, зохиолчийн хэл найруулга, санааг тусгасан гүнзгий агуулга, үгийн баялаг сантайгаараа онцлог юм. Өгүүлбэрийн дарааллаар үгчлэн орчуулах бус утгыг голчилж зохиолын агуулга, санаа, дүрийн дотоод бодролыг монгол хэлнийхээ хэлц үгээр орлуулан нээсэн нь орчуулгын уран зохиолын оновчтой ололтыг гүнзгийрүүлж буй туурвил мөн. Тухайлахад “үйлийн үр”, “чалхгүй харц” гэх мэтийн монгол сэтгэмжийн ойлголт бүхий үгсээр төлөөлүүлэн хөрвүүлсэн ончтой дүрслэлүүдээр баяжуулжээ. “Япон тэнгисийн гуниг” хэмээх эл номд Нобелийн шагналт зохиолч Кабабата Ясүнарагийн “Изү хотын бүжигчин охин” өгүүллэг хийгээд Таникава Шюнтарогийн шүлгүүдийг утга төгс орчуулан дагалдуулсан нь өөрийн туурвисан хүүрнэл зохиол, шүлэг найргаар хязгаарлагдахгүй орчуулгын хүүрнэл зохиол, яруу найраг гэсэн том судлагдухууныг үүсгэж байна. Өөрөөр хэлэхэд зохиолч С.Хишигсүрэнгийн уран бүтээлийн ертөнцийг баримжаалах тод хэмжүүр нь уран зохиолын үндсэн гурван төрөл буюу хөиөлгөө хос морьд юм. Японы яруу найраг онгод, агшин зуурын түргэн буулгалт гэхээсээ давталтанд шүтэгдэж утгаа цогцлоодог хэмнэл уянга, ончтой үгсийн чуулбар болох айзамт туурвил зүйн хэв маягтай санагддаг. Түүний орчуулга ч эл уламжлалт бүтцийг баттай буулгасан онцлогтой байна.
Гэхдээ
“Энд сэтгэл баясам
Сарнай цэцэглэнэ
Энд сэтгэл цэнгэм
Хушга хушиглана” гэсэн орчуулга нь байгалийн үзэмж, улирлын сайхныг нүдэнд үзэгдтэл яруу төгс буулгасан ч үг сонголтын алдаа нь утгад хамаатаж байна. Аливаа үр жимс дэлгэрэх, үндэс мөчир зулзгалах, үр хөврөл бүрдэхэд бага нэгжээр илэрхийлдэг бөгөөд хушга хэмээх хатуу самар (жимс) хичнээн жижиг байлаа ч ихэрлэж буй мэт өөрийнхөө ижил хувилбарыг гэнэт үүсгэж буйгаар “хушиглуулах” нь зохимжгүй биш үү? Гадаад хэлнээс орчуулга хийхэд туайн хэлний хэл зүйн бүтэц, утга санаанд дулдуйдаад эх хэлнийхээ өгүүлбэрийн дэс дарааллын дүрмийг огоороход хүрдэг энэ мэт осол эндлийг дуун хөрвүүлэгч хэн бүхэн бодууштай л зүйл. Жишээлэхэд сарнай дэлбээлж гэх юм уу хушга хушиглах бус цэцэглэх, үрлэх гэх мэтээр утга дүйлгэн оноож орчуулбал яах байсан бол? Японы эртний хайку шүлгийн энгийн үг, энгийн дүрслэлээр гүн санааг хөндөж, хүүрнэл дунд санаагаа өрнүүлж сэтгэлд нэгийг бодогдуулдагтай орчин цагийн Японы яруу найргийн туурвил зүйн мөн чанар ижил байна.
Жишээлэхэд
“Ойд ан амьтан үгүй болсон өдөр
Ой чив чимээгүй амьсгаагаа түгжив
Ойд ан амьтан үгүй болсон өдөр
Хүн тэнд зам тавьсаар л байв” гээд эцэст нь
“Тэнгэрт шувуухай үгүй болсон өдөр
Тэнгэр чимээгүйхнээр нулимс урсгав
Тэнгэрт шувуухай үгүй болсон өдөр
Хүн өөрийн мэдэлгүй дуулсаар л байв” гэх зэргээр нийгмийн хөгжлийн сөрөг талыг энгийн хүүрнэл, жишилт харьцууллаар хөндөөд гаргачих жишээтэй. Ийнхүү зохиолч, яруу найрагч, орчуулагч Сүрэнжавын Хишигсүрэнгийн үргэлжилсэн үг, яруу найраг, орчуулгын зохиол гэсэн уран бүтээлийн “чандманласан эрдэнэ”, хөтөлгөө холтын тод илрэл болсон “Япон тэнгисийн гуниг” (2008) бүтээл нь нэг талаар түүний уран бүтээл олон талтай нь зохиол бүтээлээ туурвихад онцгой нөлөө үзүүлж буйг, нөгөө талаар өгүүллэгийн зохиол нь чанар, чансааны хувьд илүү анхаарал татаж бие даасан судлагдахуун үүсгэх хэмжэнд ирснийг дүгнэн тэмдэглэх цаг үе, нөхцөл шаардлагыг бий болгож байна. Хос хөтөлгөө морьтой уран бүтээлч холын замд шандастай бөлгөө.
Д.Цэвээндорж /Утга зохиол судлаач, шүүмжлэгч/