НАМАР, НАЙРАГ ХОЁР НЭГЭН ЗАВИНД СЭЛҮҮРДДЭГ
(Бодрол шүүмж)
Найрагчид, физикчид намар төрдөг нь тохиолдлынх бус болохыг Британийн эрдэмтэд баталсан билээ. Намар төрсөн хүүхэд илүү ухаантай, сэргэлэн байдаг нь ч улирлын онцлогтой холбогдон тайлбарлагдана. Түүнчлэн хосуудын харилцаа бэхжиж, найр хуримаа үүсгэдэг нь зөвхөн манайд ч бус хүн төрөлхтөнд давхцдаг нийтлэг үзэгдэл болохыг сүүлийн үеийн судалгаа бататгаж буй. 2011 оны хүн амын тооллогтой хамсруулан өргөн хүрээнд явуулсан судалгааныхаа үр дүнг Оксфордын Их Сургуулийн профессор Рассель Фостер “Daily mail” сонинд танилцуулахдаа “Итгэхэд хэцүү боловч хүний амьдрал, мэргэжил нь төрсөн сартай шууд холбоотой” хэмээгээд намар төрөгсөд сэтгэцийн өвөрмөц үйлдэлтэй, догдлонгуй, уярамтгай байдгаар тайлбарласан нь бий. Энэ нь зохиолч, яруу найрагчийн билгийн нүдэнд номин эрдэнийн навчис алтан шаргал өнгөөр солигдон газар хөглөрөх тэргүүтэн нь онгод, сэрэхүйг нь өдөөж уншигчдын уянгын мэдрэмжийг нь ч нэмэгдүүлж өгдөгтэй холбоотой ахуйн нөлөө гэж болно.
Учир нь намар цаг- налгар дулаан, тогтуун шинжтэй ч хүн-байгалийн дотоод хувиралууд ер бусын сэтгэгдэл төрүүлэх буюу онцгой үзэгдлийн чуулбар давхацсан гайхамшигт улирал юм. Нөгөө талаар шинэ ургацаа хурааж авсан, хичээл сургууль цуглаж эрдмийн баяр давхцсан эхлэл-үр шимтэй ч урин цаг буцаж ертөнцийн эргэх хүрдэн, амьдралын жам ёсонг сануулснаараа уйтгар гунигийг бас давхцуулдаг. Өрнө дахинд Шекспирийн “73-р сонет” гэх мэт энэ сэдвийн алдартай, сонгодог цөөнгүй шүлэг зохиол бий бөгөөд намар унших номын жагсаалтыг гаргасан байдаг нь бусад улирлаас ялгагдах онцлог шинжийн нэгэн баримт юм. Ялангуяа байгалийн сайхан, ил галын дэргэд яруу найраг, уянгын зохиол сонсож ярилцах нь оюуны том таашаал, амралт болдог байна.
Монголын уран зохиолд Данзанравжаагийн “Намар”, Ванчинбалын дөрвөн хүү (бүгд) буюу В.Гүлрансын “Намрын цэцэг”, В.Гүнначүгийн “Намарт уйтгарлав”, В.Сүнвэйданзангийн “Намарт гунив”, В.Инжаннашийн “Сэрүүн намар” болон С.Буяннэмэхийн “Намрын навч”, Д.Нацагдорж, Г.Сэр-Од, Д.Сэнгээ нарын “Намар”, Ж.Бадраа “Намрын шөнө”, Б.Явуухулан “Нүүдэлчний намар”, Д.Пүрэвдорж “Навч”, Б.Лхагвасүрэн “Намрын салхи”, Д.Урианхай “Намар” тэргүүт алдартай шүлэг найраг цөөнгүйн зэрэгцээ Л.Өлзийтөгс “Моддын дээр цас орно”, Б.Ичинхорлоо “Зуун намар” зэрэг сэтгэлгээний олон сайхан найраг бий. Тиймдээ ч намрын налгар нар, намиат хонгор салхи, намираа цэнхэр бороо тэргүүтэн монгол яруу найрагт уянгын бие даасан сэдэв, дүр, дүрслэл болтлоо биежсэн билээ.
Харин бид хүүхдийн зохиолчид ертөнцийн жамыг ухаарсан “том сэтгэгчид” байдгийг найрагчийн гэгэлзэл бүхий уянгын танилт шингээсэн “Нутгийн минь намар” шүлэг бататгаж буйг энд өгүүлнэ. Гуниг, бас найраг бэлэглэгч ахуйн мэдрэмжийг ухаарлын цаг хугацаа, ганцаардлыг эрэн бэдрэгч хувь үнэн, сэтгэлгээний эрэл хайгуул болгохдоо намар цагийн нууцлаг агаад үй түмэн өнгө будагаа дэлгэгч хувьсал, араншинг сэтгэлийн буман давхцал илрэлтэй холбон гаргаснаараа эл шүлэг уламжлалтай, бас шинэчлэлтэй юм. О.Сундуйн хүүхдийн зохиолууд нь багачуудын сэтгэхүйд тохирсон үйл явдал, уран чадварын сонирхолтой, гайхалтай урсгал, хэллэг зохиомжтой (“Хүүхэлдэйн чинээ ээж” г.м) бол “Чи минь дуулахад хавар ирнэ” (2011) яруу найргийн түүвэр хувь хүн, уран бүтээлчийн чөлөөт сэтгэлгээний илэрхийлэл болон бүтээгджээ. Учир нь намар цаг, хөнгөн гуниг, ирэх одохын, ээлжилж солигдохын шалтаг, энэ ертөнцийн жам ёсонг эргэх нэгэн улирлаар гайхалтай төлөөлүүлсэн уянгын айзам хөндөж байна.
“Ирэх цагийн баяр авчирахаар шувууд буцна
Энгэр дагасан нулимс мэт
Тэнгэрт бөмбөрөх тогоруудыг өрөвдөнө
Нэрээр минь дуудах шиг ганганан өнгөрөнө
Нисэн ниссээр тэнгэрийн хаяанд уусна
Нэг л их уярч ижийгээн санана
Саравчилж зогсоо ижийн минь санчиганд
Шар талын тогоруухай
Санаа алдаж өдөө унагах шиг болно
Аяа миний нутгийн минь намараа”
хэмээн энгийн санааг гүнзгийрүүлсэн урлалаар жинхэнэ охь болгож дарсан шүлгүүд энэ л цагт бидний гарт “ирсэн” учиртайг бататгадаг. Шувууд буцахыг “ирэх цагийн баяр авчирахаар” хэмээн гүн ухааны аясаар таньж, гунигийн аяс, ертөнцийн жам ёсны хүрдтэй ижилсүүлэн “энгэр” “тэнгэр” гэсэн хоршоо айзмаар зүйрлэн ижилсүүлж байна. Ийм уламжлалт санааг зөв шийдэл, шинэ агуулгаар хөндөнө гэдэг яруу найрагчийн зөн билиг, авьяасын илэрхийлэл гэхээс аргагүй. Аргагүйн жамаар нутаг сэлгэж буйгаа илтгэх “ганганаа” найрагчийн сэтгэл зүрхийг нэрээр нь дуудан шархируулж буй эмзэглэл гэгэлзүүлдэг. Үүнийг намар цагт яруу найраг бичнэ гэхээсээ намар өөрөө яруу найраг болох сэтгэлийн хувирал, өөрчлөлт хэмээн мэргэжлийн үүднээс тайлбарлаж бас болно.
Энэхүү
“Нисэн ниссээр тэнгэрийн хаяанд уусна
Нэг л их уярч ижийгээн санана”
гэсэн мөн чанарын эрэгцүүлэл энгийн атлаа гүнзгий бодомжинд биднийг аваачиж байна. Ижий нь хүүгээ хүлээж саравчлан зогсох тэрхэн агшинд нас нэмэн одож буй холбоо хамаадал нь угтаа цаг хугацааны давхцал, цахилан алсалж буйг зэрэгцүүлсэн уран тайлал юм. Нутгийн тэр л намарт нь
“Буян дутаавал урсгалаан татаж
Буурал дэлхийд магнайн үрчлээ нэмэх
Бугатын гол аргадангуй мэлтэгнэнэ
Алганы хээтэй навчис нулимсыг минь арчаад
Аниргүйхэн мандалд нь ганц хоёроор бууна
Аньсага дүүрэн мэлмэрээнд аав минь харагдана
Цасны туяа унаагүй халуун наснаас
Цагийн мөрөн сэм сэмээр хөвүүлж одсоныг ухаарна
Аяа миний нутгийн минь намараа”
гэх мэт уянгын зураглал, гэгээн дурсамж, гүн ухааны айзам нь удаах хэсэгт ижий аавынхаа тухай тодотгосон уран маяг, утгын тэлэлт, гүн санаагаар жигүүрлэн баяжжээ. Цаг хугацааны мөн чанарын эрэлхийлэл бүхий эл шүлэгт байгаль дэлхийн хүй хамаадал, төгс зохицлыг гол усны ундарга татарвал энэ ертөнц мөхөх, өвгөрөх агуулгыг “буурал дэлхийн магнайд үрчлээ нэмэх” гэж гайхалтай яруу хэлсэн бол “Цасны туяа унаагүй” гэдэг нь монгол яруу найрагт цоо шинэ дүрслэл, хэллэг-уянгын танилт мөн. Гэхдээ хэний ч хэлээгүй шинэ дүрслэл, зүйрлэлийн нээлт гэхээсээ (хэдий цантай уурга тулж мордсон ч) цаг бусын шалтгаан олсныг чингэж гайхалтай урнаар төлөөлүүлж чадсанд Төв сайхан нутгийнхаа, энэ монголынхоо зохиолч, найрагчдыг үг утгын цэнхэр далайд намар, найраг, бас гуниг хэлхсэн сэлүүртэн болсоор ирснийг үнэлэхээс аргагүйд хүргэдэг. Учир нь нэгэн мөчлөг, нэгэн жаран буюу “цасны ч туяа унаагүй” цэл залуухан насыг нь цагийн мөрөн хөвүүлж (сэм сэмхэн шүү) одсоныг ухаарч буй “би” баатрын эргэцүүлэл, зохиолчийн ухаажил гүнзгий мэдрэмж төрүүлдэг юм. Эгэл энгийнийг ийм уран, гойд тансагаар яруу уянгатай зураглан бүтээсэн гэгээн торгон мөрүүд энэ ертөнцийн баяр бахдал, гоо үзэмжийн урлал болохыг дахин тодотгож буй нь “Намар бол урлаг, бусад нь улирал юм” гэсэн Жэмал Сүрэяагийн оноч үгийг ч сануулдаг. Энэ мэт сэдвийн олон тал, гүнзгий бодомж салаалан урссан уянгын тэмтчилүүд ёстой л “саранд бийрээ нийлсэн” содон аялгуу болон тунарчээ. Түүний шүлгүүд засаж урласан бус сэрж аялгуулсан агшны мэдрэмж, аяндаа мөр гаргасан санаашрал агуулдаг. Өөрөөр хэлэхэд сэрэл, мэдрэмж халгиаснаараа намрын сэдэвт шүлгүүдээс ялгарч байна.
“Гэгээ татсан цасан дунд
Гэгэлгэн хонгор дэрс бөхөлзөнө
Гэрэлтэй мөнгөн ширхэгүүд зулайд нь бууна
Бодол болж алтан дэрс гуниглана
Бодь ариун уйтгарыг нь хуваалцахад
Болгоож намайг ивээгээд эмзэглэл бэлэглэнэ
Ирэх цагийн баяр авчирахаар шувууд буцна
Энгэр дагасан нулимс мэт
Тэнгэрт бөмбөрөх тогоруудыг өрөвдөнө
Аяа миний нутгийн минь намараа”.
Гучин жилийн өмнө бяцхан хүү бээр эцэг эхийн албан ажлын ар хударганд мал хуй, гэр орны хамаг л ажлыг хамаарах болсондоо “шагнал болгож” Атарын САА-гаас аавынхаа машинд үсрэн сууж Угтаалцайдам суманд ТМС-д сурч буй ах дээрээ очсон тэр л намар санаанд зуралзаж байна. Чухамдаа л Сундуй ахын намар ямар байдгийг үзэх л гэсэн шиг байгалийн үзэгдэл бүхэн зөн совин, далдын хүсэл, мөнхийн шаналалыг нь давтан сануулж буйгаараа эл шүлэг “ясны” уран бүтээлчийн сэрэл мэдрэмжийг “атгуулах” ажээ. Тиймдээ л нутгийн минь намар ахын минь минь намар байж. Ийм уран санаа, зөөлөн тэмтчил онгодтой зохиолч, найрагчаас л бидэртэх совинтой ажгуу. Ертөнцийн энэрэхүй, хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн нууцлаг, таагдашгүй араншин, энэ амьдралын хүйн холбоо, зохицлыг “алганы хээтэй навчис” тодотгон нээж буй уран бүтээлч сэтгэлгээний өвөрмөц эрэл, содон гаргалгаа бас бий. Гүн ухаан, цаг хугацааны эл ойлголт “Цагийн мөрөн” гэсэн оновчтой төлөөлөл, бэлгэдэлт өгүүлэмжээс тодорхой байна.
Нэг хэсэг сэтгэл хөдөлсөндөө бус сайн түүвэр гэдгийн жишээ болгож номын эхний шүлэгт л шүүмж бичдэг “хэнээ”-тэй болчихоод байсан нь чадан ядан шүлэг бүрээс хайн, онцолж эшилсэн бус чанарын түвшинг илтгэх дотоод агуулгатай нь холбогдоно. Одоогоор “Сэтгэлийн аяз” (Ц.Бавуудорж), “Цогцлонхон тогтнох орчлон” (П.Нямлхагва), “XX зуун”, “Тусгаар тогтнол” (Д.Пүрэвдорж), “Буутын ус” (Б.Лхагвасүрэн), “Багш” (Ш.Сүрэнжав), “Он цагийн хүрд” (Г.Мэнд-Ооёо) гэсэн “нүүр” шүлгүүдэд ажиглалт, эргэцүүлэл бичээд буй агаад эдгээр авьяастны бууринд хаяа хатгах зай хүүхдийн зохиолч О.Сундуйн “Нутгийн минь намар” шүлэгт бий юмсанжээ. Гэгэлгэн хонгор дэрс бөхөлзөж байснаа алтан дэрс болон гуниглаж буй үйлдэл хөдөлгөөн, бас уйтгарыг нь хуваалцахад ивээл хайрлан эмзэглэл “бэлэглэж” буй шалтгаан үрийн холбоо гээд сэтгэхүйн олон давхцал, зог тусалт, санаашрал, ухаарал-энэрэхүй, жам ёсны гунигс хэлхсэн эл шүлэг өнөөгийн монгол найргийн нэр хүндийг өргөх сэрэхүйн дүрслэлт буулгавар (бүтээл) болно. Хаврыг хөгжим, зуныг дуу нь гэвэл намар аялгуу нь байж таарна…
Нутгийн салхи сэвэлзэж номын хуудас сэрчигнэсэн нэгэн үүрийн агшин энэ болой.
Д.Цэвээндорж (ШУА, ХЗХ)
2021.09.01