“Тусгаар тогтнол” шүлгийн түүхэн ба уран сайхны үнэ цэн

Tseveendorj Demberelsuren
8 min readNov 26, 2020

--

(Шинжлэлт эсээ)

“Б.Явуухулан, Д.Пүрэвдорж нарын шүлэг зохиол 1950, 60-аад оны монголын яруу найрагт шинэ хавар авчирсан” гэж АУЗ Б.Лхагвасүрэн үнэлэн тэмдэглэсэн нь бий. Үүнтэй бид санал нэгдэнэ. Ялангуяа яруу найрагч, хувь хүн хоорондын сэтгэлгээний ижил төсөөтэй болоод ялгаатай шинжийг мэргэжлийн түвшинд зааглан ойлгох асуудал хурцаар яригдаж буй энэ үед. Харин энд ТШ яруу найрагч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийн тухай онцлон авч үзэх бөгөөд уг бүтээл түүний “Чингис” (1962) шүлгийн өмнө бичигдсэн ч хожим дууссан (1962–1968) гэж бид үзэж байгаа юм. Хэдий Францын яруу найрагч П.Эльюрд (Paul Éluard, 1895–1952)-ийн “Эрх чөлөө” (Liberty, 1942) богино шүлгээс санаа авч бичсэн гэдэг ч бидний хувьд НҮБ-д элссэн (1961)-ий дараа бичих санаа, сэдэл анх үүтгэгдсэн гэсэн санал дэвшүүлж байна. Нөгөө талаар 1968 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит УЗДС төгссөний дараа бичиж дуусгасан нь тэр үеийн ЗХУ-ын харьяанд орсон Буриад, Халимаг зэрэг “бага үндэстэн” оюутнуудын халаглал яриа буюу бүрэн эрхэт бие даасан улс, тусгаар тогтнолын үнэ цэнийн тухай санал-бодлыг сонссоны нөлөө, “социалист” сургуулиа төгссөний дараа хэвлэлд шилжүүлсний баримт гэж болно.

Тусгаар тогтнолын сэдэвт дэлхийд алдартай шүлэгт Английн зохиолч, шүүмжлэгч В.Хэнли (William Ernest Henley, 1849–1903)-гийн “Үл эзлэгдэнэ” (Invictus), Австралийн зохиолч яруу найрагч Х.Лавсон (Henry Lawson, 1867–1922)-ы “Хөлөг онгоц нааш зүглэхгүй” (The Ships That Won’t Go Down), Англи-Америкийн яруу найрагч Э.Гийст (Edgar Albert Guest 1881–1959)-ийн “Өнгөрсөн түүх үл давтагдана” (The Things That Haven’t Been Done Before), Америкийн зохиолч яруу найрагч Ч.Кларк (Charles Badger Clark 1883–1957)-ийн “Уугуул иргэд /Өрнөдчүүд/” (Westerner), Шотландын яруу найрагч Р.Бернс (Robert Burns, 1759–1796)-ийн “Тусгаар тогтнолын шүтээнд өргөх бичээс” (Inscription for an Altar of Independence), Америкийн зохиолч Р.Чаплин (Ralph Chaplin 1887–1961)-ий “Мөнхийн шаналан” (Mourn Not the Dead), мөн Америкийн зохиолч П.Винброу (Peter Dale Wimbrow 1895–1954)-гийн “Шилэн доторх ханхүү” (The Guy in the Glass), Энэтхэгийн философич Р.Тагүр (Rabindranath Tagore 1861–1947)-ийн “Тусгаар тогтнолын өдөр” (Independence Day) зэрэг багтдаг. Эдгээр нь дунджаар хорь орчим мөр богино шүлгүүд байх бөгөөд хамгийн ихдээ 45 шадаас бүрдсэн (Westerner) ч бахдан тэмдэглэсэн энгийн, цагаан шүлэг байх бол Д.Пүрэвдорж найрагчийн эл бүтээл олон талаас нь урлан бичсэнээрээ шүлгийн төдийгүй зохиолчийнхоо чадал чансаа, гүн сэтгэмж, уран чадварыг тодорхойлж буй онцлогтой байна.

Монголчууд бид хятадуудаас хорин таван жилийн өмнө тусгаар тогтнолоо баталгаажуулж, зарлан тунхагласан аугаа түүх, бахдам амжилттай ард түмэн юм уг нь. Тиймээс XX зууны дунд үед бичсэн ч анхдугаар үндсэн хуулиа баталсан аргын 1924 оны түүхэн бахархалт үйл явдлыг дөчин жилийн дараа нэхэн дурсаж, нэгтгэн дүгнэж чадсан байна. Тиймээс эл шүлгийг жил бүрийн 4-р сарын эхний долоо хоногт Чингисийн талбайд уншиж тусгаар тогтнол, эх оронч үзлээрээ бахархах “иргэний үг”, ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ ШҮЛЭГ болгох уламжлал тогтоод байна. 2018 онд БГД-ийн “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн 3333 сурагч анх уншсан (мөн 5-р сургуулийн 500 сурагч г.м) бол өнгөрөгч 2019 онд БЗД-ийн 92-р сургуулийн 2222 сурагч Улсын Ерөнхийлөгчийн хамт уншиж улам өргөжин буй тул шүлгийн агуулга, уран сайхны талаар өчүүхэн бодлоо нэмэрлэе.

Нэг. Уран сайхны зохиомж

Тусгаар тогтнолын шүлэг нь эх орны сэдэвт шүлгийн оргил, охь манлай болсон түүхэн шинжтэй бөгөөд баярын өдрүүдээр ард олны бахархах сэтгэлийн илрэл болгон уран яруу, тод чанга уншдаг нийтлэг шинжийн онцлогтой. Үүнээс Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” нь эл сэдэвт бүтээлүүдээс хамгийн их алдаршсаныг тодотгон авч үзвэл:

“Ханат цагаан гэрийн

Од хийморийн тоонон дээр” гэсэнд ханагүй гэр байхгүй гэсэн утгаар биш тусгаар тогтнол, эрх чөлөөний баталгаа болсон хана хэрэм, хил хязгаарыг төлөөлүүлснийх юм. Улмаар монгол ахуйд шингээж, айл бүрийн тоонон дээр (од хийморийн) тунхаглан бичихээ омог бардам зарлах зохиолчийн “тангарагийн үг” гэхээсээ ард түмний сэтгэл зүрхний дуудлагыг уянгын “би” баатрын олон жилийн хүсэл эрмэлзлэлээр төлөөлүүлэн илэрхийлж чадсанд оршино. Энэхүү “Од хийморийн тоонон дээр, Омог дөрвөн тотгон дээр, Заяа тэтгэх дээвэр дээр…” гэсэн уянгын “заалтууд” олон мянган жилийн туршид хөрш хоёр гүрний дунд оршин буй ард түмний эрэлхэг, бяралхаг, омгорхог, хийморлог, товчхондоо бол тэнгэрлэг хувь заяаг гайхалтай онож төлөөлүүлсэн уянгын эрэл-олз болсон юм. Тиймээс

“Хан Алтай аавын…

Хатан Сэлэнгэ ээжийн…” онгон тэргүүн оргил дээр, одод орчих мандал дээр омог бардам бичих тийм гавьяа, бахархал “тусгаар тогтнол” хэмээх энэ хоёр үгийн үнэ цэнэ, бидний оюун санаанд мөнхөд хадгалагдах шид хутгийг олсон байна.

Эх орон, түүх соёлоо бахархан дээдлэх, үр хойчистоо өвлүүлэн үлдээх иргэний үүргийг дэвшүүлсэн үзэл санаа зохиолын үндсэн шугам болсоны тод жишээг,

“Эх нутгийн шорооны

Амиар солих ширхэг дээр…”,

“Амьсгалаа бидэнд өгсөн

Өрлөг дээдсийн дурсгал дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би” гэснээс тодорхой харж болохоор байгаа юм. Энэ мэт нийгмийн оюун санааны олон зүйлүүдэд биежин илрэх үндэс-язгуурыг яруу хэл, уянгын санаагаар өргөхдөө бүхэлд нь халил, хийсвэр сэтгэмжээр бус

“Өргөн цээж чөлөөтэй

Амьсгалж яваа агаар дээр

Өөрийн толгой мэдэлтэй

Амьдарч яваа заяан дээр” тусгаар тогтнолоо тунхаглах хүн бүрийн догдлол хөөрийг тусган илэрхийлэхийн зэрэгцээ

“Галбын халуун говийн

Хулан ангах ээрэм дээр” гэх зэргээр энгийн ахуй, ан амьтад буюу өдөр тутмын амьдралд биелэлээ олж буйг тодорхойлсон нь уран сайхны үнэ цэнийг нь өндөрт өргөсөн байна.

Тиймээс

“Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн

Итгэлийн сувд үгсээр

Эрх жаргалаа баталсан

Иргэн бүхний гараар

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би” гэж төгсгөсөн нь эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй хүн бүрийн энэ дэлхий дээрх “хамгийн сайхан өдөр” болохыг мэдэрсэн, хадгалж авч үлдэхийг хичээсэн “мөнхийн дуудлага” болжээ. Ингэж иргэн бүрийн санаа сэтгэлийг нэгтгэснээрээ Монгол улс оршин тогтнож буй цагт, бас өнөд оршин тогтнуулахын тухайтад зохиогдсон шүлэг гэж үнэлэхэд эл бүтээлийн уран сайхны ба түүхэн үнэ цэн оршино. Нөгөө талаар тусгаар тогтнолоо зарлах нь түүхэн үйл явдал байдгийн адил хожим бахархан магтах бус цаг үетэйгээ зэрэгцэн зарлан тунхаглаж (Declaration of Independence Poems) бичсээр асанд түүхэн ач холбогдол нь үнэлэгдэнэ.

Хоёр. Найруулгын өнгө аяс, ялгамж

“Тусгаар тогтнол чамайг” хэмээн биеийн төлөөний үгээр хандсан нь хөндлөнгөөс, хүнийрхэж бус харин ч өөриймсүүлж чадсаныг илтгэх бөгөөд аливаа хүн машид хүсэн хүлээсэн, тэмцэж олсон амжилтаа дэргэд хүрээд ирэхэд гайхширч гэрэвшдэг санаагаа эзэн биежүүлж, амьшуулж нэрлэснээр тайлбарлаж болно. Эл үгийг “таныг”, “чамайгаа”, “тусгаар тогтнолоо (бид)” гэх мэтээр өөрчлөх бүрд өөр өөр утга санаа илэрхийлэх төдийгүй яруу найргийн дээд эрэмбэнд эдгээр үгийн сонголт тохирохгүй болж хувирна.

Бас бадаг ахих бүр өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээнд монгол ахуйн энгийн юмс бүхэн дээр дүрслэлийн яруу зүйрлэлийг туршсан юм. Үүнд:

“Ганган улаан тэмээний

Зогдор дэвсэх тэшил дээр” хэмээн амар амгалан, монголын их зөөлөн аялгууг,

“Гантиг чулуун хясааны

Янгир халих элгэн дээр” гэж амьд бодгалийн үхэл амьдрал, зовлон жаргалын торгон ирмэг буюу монгол үндэстний хувь заяаны батжин энхжихийн бэлгэдэл зэргийг энгийн амьдралаас онцлон сугалж авсан эд юмс, хийсвэр ойлголт бүхэнтэй холбож өгсөн байна.

Ард түмний сэтгэл зүрхийг гайхалтай урнаар хөдөлгөж, уянгын алсад хөтөлж гүнээ нийцэн найрсахдаа

“Ангирын хоёр дэгдээхэй

Хөвөн цэнгэх нууран дээр” гэх мэт энэ бүх уянгын зураглал монгол орны амьтан ургамал, эд эс бүхэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг хүсэн хүлээж, улмаар үнэ цэнийг нь мэдэрч, баясан хөөрч, бахдан тэмдэглэж, бүр сийлэн мөнхжүүлж буйгаар уран сайхны шийдлийг олсноороо энгийн тоочсон бус зохиомж найруулгын өвөрмөц нэгдэл үүсгэж байгаа юм. Тиймээс

“Хүннү дээдсийн тамгалсан

Улбаа гархин бууцан дээр” тусгаар тогтнолоо тунхаглан бичих бус тамгалан баталгаажуулж буй утгыг түшсэн гэж болохоор билээ. Ийнхүү гурван цагийн хэлхээнд эх орны бүтээн байгуулалт, ололт хөгжлийг давхар илтгэснээрээ хоосон магтсан бус бодит агуулгатай бүтээл болсон юм. Тиймээс ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ЭШТА, академич Х.Сампилдэндэв “эх орны сэдэвт шүлгийн агуулгыг багцалсан, найраглалын энэтэй бүтээл” гэж үнэлсэн бол нэрт төвдөч эрдэмтэн Л.Хүрэлбаатар “Санаанаас санаа нээхийн эрдэмтэй” гэж тэмдэглэсэн байдаг.

Гурав. Бүтцийн онцлог, агуулгын багтаамж

Шүлэгт ихэвчлэн хос уянгаар салаавчлан толгой холбож, сүүл ижилсүүлэн жигдрүүлснээрээ бүтэц, байгууламжийн хувьд содон болсон байна. Мөн нүүдэлчин ахуйн зураглал, дүрслэлээр монгол хүний оюун ухааныг өндөрт дэвшүүлж чадсан нь уул усанд сацал өргөх шүлгийн уламжлалтай нягт шүтэлцээтэйгээ илтгэдэг. Арван мөр бүхий 18 бадаг, төгсгөлийн хажлагатайгаа нийлээд арван есөн бадаг, нийт 190 мөр эл шүлэг XIX зууны төгсгөл үеийн монгол хүн бүрийн итгэл үнэмшил, XX зууны дунд үеэс өнөөдрийг хүртэлх монгол иргэний үзэл санааны сэргэлтийг давхар төлөөлж буйгаараа цар хүрээ, далайцын хувьд өргөн юм (Дэлхийд алдартай эл сэдэвт шүлгүүд 45 мөрөөс хэтрэхгүй богино, агуулга-уран сэтгэмж энгийн болохыг өмнө товч өгүүлсэн Д.Ц). Зохиолч “Би Чингис шүлгээ сэтгэлийн нударга зангидаж бичсэн юм” гэсний адил “Тусгаар тогтнол” хэмээх энэхүү шүлгийг нь ирээдүйн иргэн бүрийн “итгэлийн дуудлага болгож бичсэн” хэмээн тодорхойлж болохоор байна. Учир нь эх орныхоо үндэсний эрх ашгийн эсрэг шийдсэн бодлого, гарын үсэг бүр тусгаар тогтнол, эрх чөлөөний хана хэрмийг “хэлтэлж байдаг” тийм агуулгыг сөхөн дэвшүүлсэн юм. Энэхүү шүлгээ бичиж дуусгасны дараа АЖ Г.Гомбосүрэн нэгэн концертон дээр симфони оркестрийн аялгуутай уншаад хаагдсан гэж зохиолч “Улаан гэрийн хоригдол” (2000) дуртгалын номондоо тэмдэглэсэн нь бий. Харин буриадын яруу найрагч Дашдамбаев, Дондог Улзытов нар “Тусгаар эрхт гүрний соло” (гоцлол) нэртэйгээр “Байгаль” сэтгүүлд хэвлүүлсэн нь эх орондоо бус хилийн чинадад анх хэвлэгдэж байсны баримт ч “гадаадад хэвлүүлсний учир юу вэ?” гэж байцаагдаж байсан түүхтэй.

Удирдаач Ц.Намсрайжав тав дэвшиж зургаа дахь дээрээ, яруу найрагч Д.Пүрэвдорж зургаа дэвшиж долоо дахь дээрээ Төрийн шагнал хүртсэнийг энд дуртгах нь уран бүтээлээ цагт нь үнэлүүлж чадалгүй оюун санааны хохирол амсахадЧингис”, “Тусгаар тогтнол” шүлгүүд тодорхой нөлөө үзүүлсэнтэй холбогдоно. Гэвч хожим энэ хоёр шүлгийг 1960-аад оны эхээр зоригтой бичсэний нь төлөө “Ардчиллын одон” хүртээж байжээ. Гэнэт яагаад энд шагналтай хольж хутгаад унав гэхээр цаг үеэ сөрсөн, шударга үнэний төлөө сайн бүтээл нийгэм ахуйн үзэл суртлаас үүдэн эзэндээ гай ч тарьдаг, гавьяа ч байгуулдаг гэдгийг л батлан хэлэх гэсэн санаа болно. Өвгөдийн үгэнд:

“Эх оронд өлзийгөө өгвөөс түүн дор өргөмжлөл туйлгүй

Эх орноос өр салваас түүн дор өршөөл өчүүхэн ч үгүй” гэж буй. Энэ санаа “Тусгаар тогтнол” шүлгийн амин сүнс болон зангилагдсан юм. Үнэний эхтэй ч нэг талдаа явцуу “Хүслээс зовлон үүддэг” гэсэн уламжлалт төөрөгдлөөр бус дорно дахин, ялангуяа монгол хүний (зөв) санаа, зорилго батжин дэлгэрдэг тарни шид, дотоод агуулгыг тунхаглан зарласан ч гэж болохоор билээ.

Тусгаар тогтнол, эх орны сэдэвт уянгын олон шүлэг зохиол бий. Үүнээс юугаараа ингэж цойлоод байна вэ гэхээр яруу сайхны тансаг мэдрэмж, үг санааны гоц зохицол л сонгодог зохиолыг бусдаасаа ялгаруулдаг тэр л хатуу шалгарал үйлчилж байдгийнх юм. Мөн санаа, дүрслэл зураглал, цаг хугацаа, үнэ цэн бүгд найрсаж, зохиолын сэтгэмж, ур хийц мэргэжлийн түвшинд боловсорсноороо монголын орчин үеийн яруу найргийн томоохон дурсгал бичиг болон үнэлэгдэж байна.

Ийнхүү “Тусгаар тогтнол” шүлэг оновчтой зураглал, яруу сайхан, дүрслэлийн шинэ нээлт зэргийг цогцлоосон тул нэгэн жаранд монголын ард түмний тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, сүлд дуулал болон дуурьсах оюун санааны хүч чадлыг өөртөө шингээжээ. Ийм шинэ эрэлхийлэл, цаг үеэсээ давж сэтгэсэн чөлөөт бүтээмж, цагийн шалгуурыг даах чадамж нь өнөөдрийн зохиолч, уран бүтээлч бүрт тавигдах үндсэн шаардлагын нэг болж байна. Учир нь Монгол улсын Хөдөлмөрийн баатар, АУЗ Д.Пүрэвдорж бээр утга уянгын найраглал, улс төр иргэний дуулал гээд яруу найргийн бүхий л төрөл, сэдвийн олон салбарт жинтэй бүтээл туурвисан үгийн онч, утгын цараа бүхий цэцэн цэлмэг аялгуутай сонгодог уран бүтээлчийн нэгэн байсныг тусгаар тогтносон улсын иргэд бид мартах учиргүй!

Утга зохиол судлаач Д.Цэвээндорж (ШУА, ХЗХ)

2020.12.29

--

--

Tseveendorj Demberelsuren
Tseveendorj Demberelsuren

No responses yet