ЭНЭ ЦАГИЙН ШҮҮМЖ

Tseveendorj Demberelsuren
19 min readMar 8, 2021

--

Нэг. Номгүй “номтнууд” ба бүтээлгүй “алдартан”-ууд

Монголчууд бүх нийтээр бичиг үсэгтэй болсон XX зууны ололт дэвшил нь XXI зуунд бүгд шахам “номын зохиогч” болсон оюун санааны “тэсрэлт” (үнэндээ бол ухралт, уналт) болон урвуугаар дүгнэгдэж байна. Гэтэл ард олны оюун санаа мухар сүсэгт автсан харанхуй бүдүүлэг хэвээр (түрийвчээ даллаж мөнгөтэй болно, “аз аз”, “бурзай” гэж бичин элдэв зураг шэйрлэж /үнэндээ нийтийн сүлжээнд хэн гэдгээ тунхаглаж буй хэрэг/ ашиг олно гэдэгт итгэдэг г.м), гадны шашин, соёлд автаж өөрийн бодол, үзэл баримтлал, үндэсний дархлаа үгүй болж, улмаар бичиг үсэггүй насанд хүрсэн иргэдийн тоо 2.2 хувьд хүрсэн гэх зэргээр олныг тоочиж болохоор байна (“2000 оны хүн ам, орон сууцны тооллогоор насанд хүрэгчдийн 2.2 хувь буюу 34011 хүн бичиг үсэг мэдэхгүй байсан. Мөн онд боловсролгүй хүн ам, нийт хүн амын 11,6%-ийг эзэлж байсан” БСШУЯ, 2013:29). Энэ байдал үргэлжилсээр товчхондоо бол зөв бичиж чаддаггүй, цахим мэдээлэл (фэйсбүүк)-ээс өөр юм гарчигладаггүй “сүрэг” иргэдтэй боллоо бид. Бас тийм зохиолч, сэтгүүлч, уран бүтээлчид ч ажиглагдах болов. “Ном ертөнцийг харах цонх” гэдэг асан бол фэйсбүүк нь тэдний орчлонг үзэх нүд нь болж эхлэв ээ. Хэн нь хэн бэ гэдгээ, хоосон толгойтойгоо гайхуулагч “нийгмийн бүлэг” тэдэнд ичих нүүр гэж алга болжээ. Нам дагасан, зөв бичгийн дүрэм мэдэхгүй (дуучин) хүн гавьяат болчихсон, бас нэр дэвшигчид олширсонд гайхахын аргагүй цаг үе болох нь эдүгээ хүртэл зөв буруу бичсэнээ ч мэдэхгүй пост оруулсаар байдгаас үүтгэлтэй. “Цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд атугай” гэдэгсэн. Түүнчлэн өөрөө ном уншдаггүй, бусдын бүтээлийг сөхөж ч хараагүй атлаа агуу их мэдэмхийрэгчид, өө эрэн шүүмжлэгчид, гутаан доромжлогчдын биеэ тоолт хэрээс хэтэрч эхлэв. Ийм л боловсрол нимгэн “нөхөд” ном, товхимол, шүлгийн түүвэр хэвлүүлж, болоогүй түүнийгээ худалдан ашиг олох, нэр алдар, гавьяа шагналд хүрэх гишгүүр болгож буй харамсам дүр зураг үргэлжилсээр байна. Бүр зарим нь тайлан тоглолт хийж өөрийгөө “од” болсон хэмээн “тод” царайлах нь эмгэнэлт үйл явдлын бас нэгэн цуваа мөн. Уншихаа л больчихвол зохиолчдын уран сайхны боловсрол, мэдлэгийн ерөнхий цараа, найруулан бичих чадвар, сэтгэлгээний чадамж тэргүүтэн нь сулраад байдаг маргашгүй үнэн бий.

Мөнгө төлж “бестселлер” болгон ард олны оюун санааг буртаглаж, урлаг утга зохиол, цаашлаад шинжлэх ухаан, судалгааны бүтээлийн үнэ цэнийг унагаж буй “бичээчин”-гүүдийг хэзээ хязгаарлаж, хэн хариуцлага тооцох юм? Олны танил од хүмүүс оролдохгүй сууж (чимээгүй байж) болдоггүй, бас чаддаггүй гэдэг шиг шүлгэн сувс хаа сайгүй хөвөрнө. Учир нь энэ бүхэн оюун санааны эсрэг “гэмт хэрэг” билээ. Өнөөдөр жинхэнэ уран бүтээлч, сонгодог зохиолчид бүтээлээ үнэлүүлж чадахгүй байхад анхны гэх ном, тэмдэглэлээ “худалдаалж байна, гарын үсэг зурж өгнө, үнэгүй хүргэнэ” гэж ичих ч үгүй сурталчлагчдыг хөөргөн дэвэргэгсдэд ч бичгийн боловсрол, ялгаж салгах ухаан хэрэгтэй нь үнэн. Уран бүтээл, орчуулга, орчуулгын шинжлэл, утга зохиол судлал, шүүмжийн гучин ном бичсэн мөхөс бээр мэт нь номоосоо ашиг олж чадахгүй байхад эрдмийн бас эрхмийн дээд номны үнэ цэнийг уландаа гишгэгчдэд больж үзнэ үү л гэж хэлье. Сайн ном бол “сайн” багшаас ч илүү өгөөжтэй, үнэнч байдгийг тэд ойлгохгүй, бас мэдэх ч үгүй. Тиймээс сайн муу номыг ялгаж сурах, авьяастай авьяасгүй зохиолч, туршлагатай, туршлагагүй зохиогчдыг мэддэг байх зүй ёсны шаардлага, оюун сэтгэхүйн боловсрол манай уншигчдаас нэхэгдэж байна.

Аль ч салбарт алиа салбадай нар амь бөх оршсоор ирсэн, одоо ч хэвээр буйн адил утга зохиол, боловсрол, шинжлэх ухааны салбарт үе үеийн дарга нарт долдой царайлж ирсэн тэд Ph зэрэгтэй болоод эхэлжээ хө. Энэ нь эрдмийн зэрэг бус боловсролын зэрэглэл, танхимын сургалт болчихсон хойно арга ч үгүй биз. Доктор цолтой болсон тэд хурал цуглааныг андахгүй, бас алгасахгүй сууж үзэгдэнэ, зургаа тавьж зарлана. Өөрсдөө олигтойхон өгүүлэл, ном бичихгүй байж ном бэлгэнд авах дуртай, номын сан нь ч цуглуулга арвинтай, ном зүйн бүтээлээр дагнаастай. Бас номтой хүнд жөтөөрхөөстэй, өө эрж муулаастай. Энэ бол тэднийг таних тэмдэг нь мөн ч даахгүй нохой булуу хураана гэдгийг мэддэггүй, ойлгодог ч үгүй. Иймд эрдмийн зэрэг цолны шалгуурыг өндөрсгөж үнэлэмжийг нь дээшлүүлэхэд хууль эрх зүйн шинэ зохицуулалт шаардлагатай хэвээр байна. Худалдаж авсан номоо уншилгүй цуглуулагчидыг “Цундоку” гэдэг шиг бэлгэнд авсан номоор гангарагсдыг “Мундаку” (мундаг?) гэж нэрийдвэл яаж байна хө? Хэдий бичиж туурвих нь хүний эрх боловч гагцаар бичиг үсэгт тайлагдсан мэт аашлагчид, “би”-гээр өвчилсөн тэдний агуулга биш хэлбэр нь, мөн чанар нь бус өнгө төрх нь дийлээд, дийлдээд байх. Өөрөөр хэлэхэд эрдэмтэй даруу хүн бус эрдэмгүй сагуу хүн буюу ном бус нам дагасан нь үнэлэгддэг цаг үед бид амьдарч явна. Тиймээс утга зохиолын төлөө хоёргүй сэтгэлээр чөмгөө дундартал суух нь атугай чилтэл суудаг нь нэгэн хоёроор бүү хэл, нэгэн үеэрээ үгүй болж эхэлжээ. Нийгэм, эдийн засгийн нөлөө бий ч тэд; улс төр, дарга сайдын албан тушаалтныг дэндүү сайн мэднэ, дэмий цагаа ч түүнд их үрнэ. Нэг ёсондоо олныг хамарсан шуугиан сенсаац хөөж УИХ-ын сонгууль, сайд дарга нарын албан томилгоонд нийтээрээ санаа тавьж, хүн бүхнийг гоочилж суудаг ч хариуцсан ажлаа сайн хийхэд анхаарахаа болсон назгай нийгэмтэй болчихоод байна. Чингэж улс нийтээрээ улс төр, шан харамж (медаль), халамж гурвыг сонирхдог, араас нь хөөцөлддөг гурвалжин хэлхээнд орчихжээ. Энэхүү “пирамид” нь бат гинжин хэлхээ болон төлөвших янзандаа ч ороод явчихжээ. Мөхөж буй үндэстэн л магтаал сайшаалд дуртай болдог гэдэг нь бүү байгаасай, шинжлэх ухаан, амжилт бүтээлээр бус шагнал, одон тэмдэгээр өрсөлддөг бүү болчихоосой. Чухам ийм байдал нь өнөөдрийн номгүй номтнууд, бүтээлгүй алдартнуудын хэд хэдэн үе (generation)-ийг араасаа дагуулж эхлэв. Утга зохиолын гэгээн ертөнц алдар нэрийн талбар, ашиг сонирхлын орон зай байх ёсгүй ээ!

Өөрийнх нь зохиолыг судлан шүүмжилж, магтаж бичихгүй л бол голдог, өө мадагийг нь олоод хэлчихвэл гомддог заримдагууд ч мэр сэр хэвээр аж. Өөрөөр хэлэхэд шүүмж бичиж өгсөнгүй гэж гомддог, шүүмжлээд өгөхөөр уурладагаа хэзээ болих юм бол? Өдрийн од шиг мэргэжлийн судлаач, шүүмжлэгчдээрээ энэ олон зохиолчид юм бичүүлэх гээд хүлээчихээр сонгодог, сайн зохиолд “хүрч” чаддаггүй тул захиалгын шүүмж утга зохиол судлалд хор хөнөөл учруулдагийн ганц жишээ энэ юм. Туршлагаас харахад муухан шүлэг зохиолтой хүн “юм бичиж өгөөч” гэж гуйж явдаг, өөд муутай нь л өөрийгөө голдоггүй бололтой нь илт байдаг. Хамгийн муу шүлэгтэй нь хамгийн их бичүүлдэгийг Ганзулын шүлгийн шүүмж ганц нэгээр тоологддогоор харьцуулан жишээлж болно. Муу зохиолд юм бичнэ гэдэг “махаа идэх”-ийн үлгэр ч бие биенээ худал магтаж, хоосон хөөрөгдөх үзэгдэл давалгаалсаар л байна. Их утга зохиол юм даа гээд их л удаан дуугүй явсан ч хэн нэгэнд хэрэг болуужин хэмээн хэлхэн тэмдэглэхээс аргагүйд хүрэв. Өөрөөр хэлэхэд “Тэнгэр (цагаан)-ийн дууч”, “сансрын яруу найрагч”, “гарцаагүй ганц” гэх мэтээр бие биенээ тэнгэрт хөөргөж, хоосон магтаж бичсэнээр “билиглүүн” их авьяастан болчихдог ч юм биш билээ. Уран зохиолыг сэдэв ур, сэрэл мэдрэмжээс гадна бусдын санаа, уран маяг, үг хэллэгийг давтах бус тухайн орон зай, цаг хугацаанд ямар шинэчлэл хийв гэдэг талаас нь харьцуулан жиших түвшинд буюу шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоотой судлах цаг аль эрт болчихоод байна.

Хоёр. Мэдлэггүй “боловсрол” ба сэтгэмжгүй “эрэлхийлэл”-үүд

Муу сургууль гэж байдаггүй, харин муу багш гэж байдаг шиг муу ном гэж үгүй, туршлага муу зохиолч л гэж бий билээ. Япон, Энэтхэг, Хятад зэрэг улс гүрний уран зохиол (дорнын) энгийн хэллэгээр гүнзгий санаа хөнддөг онцлог хэв маягтай. Энэ шинжээрээ монголын эртний уран зохиолтой туурвилын хувьд төстэй санагддаг. Гэтэл шинэ цагийн залуу зохиолчдын бүтээл гэнэн, хөнгөн талдаа хэвээр байна. Жишээ болгож ганцхан баримтыг авч үзвэл хэлбэр хөөсөн чамирхлын илрэл нь “БАДАГС” гэсэн нэрийдэл, нэр томьёоны оноолт юм. Тухайлбал, залуу яруу найрагч Э.Гантулга “А, Л, С бадагс” гэсэн шүлэг бичсэн ч тухайн үсгээр бүрэн, жигд толгой холбосон бадаг үүсгээгүй байх бөгөөд харин тэдгээр үсгийн тухай тус бүр долоон мөртөөс бүтсэн нь бадаглал бус зөвхөн үсгийн тухай хэлбэр, зохиомж болох нь илт юм. Харин Ж.Батсайхан найрагч дөрвөн мөртүүдээр хэсэг бусаг, армаг тармаг бадаг үүсгэснээ “Бутархай мөнгө шиг бадагс” хэмээн нэрлэсэн бол яруу найрагч Х.Нямхишиг “Тавдугаар сарын бадагс” шүлгээ таван хэсгээс бүрдүүлэхдээ мөрүүдийг хайрцаглалгүй чөлөөт хэмнэлээр бүтээсэн бол “Зуны тухай бадагс” (2019) шүлэг нь мөн л бадгийн тоо харилцан адилгүй ч зургаан хэсгээс бүтжээ. Мөн яруу найрагч М.Уянсүхийн “Умрын салхи мэт үзэмжит бадагс” хэмээх шүлэг, Л.Батцэнгэлийн “Миний элсэн цаг” (2012) яруу найргийн түүвэрт “Бадрангуй сэтгэлийн бадагс” гэсэн бүлэг бий төдийгүй Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн найрагч Ж.Баяржаргал:

“Санчирын шидэт цагариг мэт

Сагсуун шүлэгчийн амин бадагс” (Эргэх улирал) гэж бичсэн, “Болор цом”-ын эзэн, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Сэтгэл зүрхний үзэгдлүүд” (2014) номоо “Оюунт сэрэхүйн бадагс” хэмээн тунхагласан, мөн цомын эзэн найрагч М.Отгонбаяр хорин шадаас бүрдсэн реалист уянгын шүлгээ “Баруун зүгийн бадагс” хэмээн нэрийдсэн зэрэг жишээд цөөнгүй хөвөрнө.

Түүнчлэн Ж.Батсайхан найрагчийн “Өлмий дарсан бадагс”, Г.Бямбажавын “Аравдугаар сарын гүн бадагс”, Г.Баярын “Сарны сүмийн охин буюу Майцэцэгээс үүдсэн бадагс” болон найрагч Г.Бадам “Гэрэлт бадагс” цувралууд бичихийн зэрэгцээ “Дөрвөн цагийн аяс” шүлэгтээ

“Хүмүүнийг эзэмдсэн
Гоо хэмжээст
Нэгээхэн агшны
Зун гэгч
Хүслэнт шүлгийн
Гуниглант
Бадагс мэт”
хэмээн бичжээ.

Яруу найрагч Р.Батжаргал гурав гурван мөр бүхий гурван бадгаас бүтсэн, нийт дөрвөн хэсэг богино шүлгээ “Чойр хавийн бадагс” хэмээн нэрийдсэн саяхны жишээг ч нэмэн дурдаж болохоор байна. Энэ мэт СГЗ, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Дан Нямаагийн “Наран эрчист шившлэгүүд” (2013) номонд “Ариусахуйн бадагс” бүлэг байх, залуу уран бүтээлч Г.Оюун-Эрдэнийн “Хаврын бадагс”, Т.Цэдэнсодномын “Харих цагийн бадагс” гэсэн шүлгүүд ажиглагдаж цаашдаа нэмэгдэх хандлагатай, бүр шинэ оноолт, нэр томьёо болон тогтох төлөвтэй тул дээрх баримтуудыг дуртгаж онцлон авч үзэхээс аргагүйд хүрэв. Учир нь нэг л буруу бичээд эхлэхэд нийтээрээ даган дуурайдаг гаж сэтгэлгээний “давалгаа” болчихдог тул сэтгүүлч, яруу найрагч А.Сүглэгмаа хаврын сэдэвт шүлгүүдийг “Хаврын тухай бадагс” гарчигтайгаар Zaluu.com (2020.03) хаягт нийтлүүлэхэд хүрчээ. Эдгээрээс Х.Нямхишигийн шүлгүүд нь өвөрмөц зохиомж, гүн санаагаар жигүүрлэж, сэтгэмж-ур хийцээрээ яруу найргийн түвшинд дөхөж очсоноороо ялгарч байна. Гэвч дээрх уран бүтээлчид өөр өөрийнхөөрөө ойлгон хүлээн авч, сэдвийн хувьд “бадагс” гэж нэрлээд байна уу, бүтцийн талаар ийн олон тоонд оноосон эсэх нь тодорхойгүй буюу холилдмол шинжтэй ажээ.

Үнэндээ “Бадагс” гэсэн утга зохиолын нэр томьёо үгүй юм (1-рт).

2-рт Монголчуудын танин мэдэхүйн сэтгэлгээнд ганц тоо нь “чамласан” утгатай байж, амьд биет, аливаа юмс бүхэн арга билиг, шүтэн барилдлагын үүднээс олон тооны утга давхар илтгэдэг тул олон тоон дээр ярьдаггүй, тэрхүү олны утга заасан үгэнд олон тооны нөхцөл залгадаггүй уламжлалтай. Жишээ нь: “Би хониндоо явлаа” гэхэд нэг биш нэлээд олон хонь болох нь тодорхой байдаг, хүүхэддээ “Мод оруулаад ир” гэхэд нэг ширхэг бус нь шууд ойлгогддог. Энэ нь монголчуудын тодорхой олон тоон дээр бус ерөнхий олон тоон дээр ярьж ойлголцдогтой холбоотой сэтгэлгээний онцлог юм. Гэтэл нэгэн жигд хэмнэлээр хайрцагласан богино шүлэг (нэг бадаг)-ээ ийн “олон” болгох, эсхүл нэгээс олон бадаг шүлгээ “бадагс” гэж бичих аль аль нь зүйд үл нийцэж байна.

3-рт Монгол хэлний зүй тогтлын хувьд буруу хэлбэржсэн үг юм. Учир нь “с” нэрийн олон тооны нөхцлийг гийгүүлэгчээр төгссөн үгэнд (их- ихс г.м), мөн хөдлөнги “н”-ийн араас залгадаг тогтсон дүрэмтэй. Өөрөөр хэлэхэд уугал монгол хэлний үгэнд ихэнхи тохиолдолд тогтворгүй буюу хөдөлдөг “н”-ийн араас хам олны утга илтгэх “д, с” нөхцлийг залгадаг. Жишээ нь: Охи(н)- охид, нөхө(р)- нөхөд г.м. Харин ганц тоог илтгэх “с” нөхцөл нь “нохос- ноход, балгас-балгад, мангас- мангад” болон олон тоо үүсгэж (балархайшиж) ирсэн уламжлал ажиглагддаг билээ.

4-рт “Бадаг” нь харь гаралтай үг (Грек хэлний “Строфе” гэсэн үгнээс гаралтай ч бид санскрит хэлний “Pataka” нэр томьёоноос зээлдсэн) тул монгол хэлний зүй тогтлоор олон тоо үүсгэж болохгүйд хэргийн учир оршино. Тиймээс монгол туургатны үгийн сангаас монголжуулаад оруулаад ирэвүү гэтэл өвөрлөгч нөхөд маань “бадагс” гэж ярьж бичдэггүй, толь бичигт нь ч ийм үг байхгүй байгаа нь монгол (халх) найрагчид шинээр “зохиосон” болохыг нь бататгаж байна.

5-рт Сонгодог бичгийн хэл “эцэг”- “эцэгс” (МНТ) болон ярианы хэлэнд нэрээс олон тоо үүсгэх зарчмаар “цэцэг- цэцэгс”, “үр-үрс” гэсэн оролдлого бий ч бичгийн хэлэнд ингэж бичдэггүй. Жишээ нь: “Цэцгийн мандал”, “цэцгийн шүүдэр” гэж ОЦМХ-нд бичнэ үү гэхээс “цэцэгсийн мандал”, “цэцэгсийн шүүдэр” гэхгүй, “үгийн сан” гэж бичнэ үү гэхээс “үгсийн сан” гэдэггүй. Монгол хэл өөрөө залгамал хэл учраас ярианы хэлний зарчмаар энэ мэт шинэ үг, нэр томьёо үүсгэн бичих болсон нь утга зохиолын хэлэнд хэвшиж (шүлэг зохиол, ном “Zaluu.com” зэрэг мэдээллийн цахим хуудас) хэлний зүй тогтлыг эвдэж буйг сануулан бичихээс өөр аргагүй юм.

6-рт Англи хэлэнд нэр үг нь тоологдох, эс тоологдох (countable and uncountable) хэмээн ангилагдах дүрмээс үүтгэгдэн дийлэнх нэр үг (singular nouns)-ээс олон тоо үүсгэхэд “s” дагаврыг ихэвчлэн залгадаг (chef- chefs, ray-rays, fez-fezzes г.м) түгээмэл хэл зүйн нөлөө бололтой. Өөрөөр хэлэхэд гадаад хэлний зүй тогтлын буруу нөлөөг манай зохиолчид баталгаажуулан шүлэг зохиолдоо мөнхжүүлэх болсны бас нэгэн жишээ энэ болж байна.

Чингэж шүлгийн санаа, сэтгэлгээнд бус хэлбэр хэмжээ, бадаглал зүй (Strophic)-д анхаарч буй нь энэ цаг үеийн (дээр дурдсан мөн чанарын бус өнгө төрхийн) илрэл ч, залуу шүлэгчдэд сайнгүй нөлөөтэй, бүр хэвшин тогтнох хандлагатайд асуудлын мөн чанар оршино. Бадаг (Stanza) гэсэн тогтсон нэр томьёог олон тоонд оруулан “бадагс” хэмээн нэрийдэж буй тэдэнд бадаггүй шүлэг (heterotrophic), хос уянга, сонет, ронда, триолет гэсэн олон бүтэц, хэлбэр байдгийг сануулан зөвлөе. Нөгөө талаар салбар бүрт мэргэжлийн хүмүүс нь ингэж дураараа бичээд байвал хэл соёлоо үнэгүйдүүлж “монгол хэл мөхлөө” гэж тунхаглахад хүрээд буй энэ цагийн дүр төрхийг салбар бүрт ч бас үргэлжлүүлэх тул бага гэлтгүй ганц жишээ татахад ийм буюу.

Гурав. Зохион байгуулалтгүй “үйл ажиллагаа” ба толгойгүй “удирдлага”-ууд

Юм үнэнээрээ байх сайхан, үнэн үгийг өчиж л байвал хэзээ нэгэн цагт ялгарч, явдал мөрд тус хүргэдэг нь нууц биш. Ном уншиж юм хийж суудаг нь буюу ажлын голыг нугалдагууд нь хавчигдаж, судалгаа хийж сураагүй, өөрийн гэсэн бие даасан бодол, үзэл баримтлалгүй, хов зөөгч хоосон толгойтнууд нь дээшээ, улам дээшээ дэвшиж бусдаа удирддаг тогтолцоог хэвшүүлж боломгүй. Өөрөөр хэлэхэд арга зальтай нь дээшээ мандан тэндээ тогтож, ажлаа сайн хийдэг нь арчаагүйд тооцогдон “шоолуулж” үлддэг нийгмийн гаж тогтолцоог яалтай вэ? Хийсэн бүтээсэн зүйлгүй олон жил сул цалин авсан тэд бодлого зангидах бус “өс” зангидаж сууна, аттесттатчилалд орж арав таван төгрөгийн цалингаа нэмэхэд нь хаалт хийж, өөрийг нь магтсан хүнээ шагнана, өөрөөсөө илүү хүнд хорсоно. Үнэн нь л энэ. Уншдаг, хөгждөг, ухаан холч хүнд энэ бүхэн эсрэгээрээ хэрэгждэг. Өөрийгөө дайчилж үүрэг, хариуцлагаа ухамсарлах атал өрөөндөө засвар хийж ханан дээрээ зураг зуруулахаас тэд хэтэрдэггүй. Энэ бол амбицлаг зарим эмэгтэйчүүдийн араншин, олон жилийн ажиглалт, үнэн “нүүр царай” билээ. Товчхондоо утга зохиолын онолч, С.Энхбаяр профессорын тодорхойлсноор тэд “Утга зохиол дахь баасан авгай нар” юм.

Эрт ирж цагаа бүртгүүлэн сэлгүүцэх бус ихийг хийж бүтээхийн чухлыг тэд ойшоохгүй, мэдэх ч үгүй. Олон улсын хэллэгээр COP (Cost Only Person) буюу “сул цалин авагчид” ямар өрөөнд суух нь гол бус яаж ажиллах нь чухлыг бас ойлгохгүй ч зовохгүй (уншиж ч үзэлгүй) Ph удирдаж, зовлонгүй амьдарч болдогийг залууст “үлгэрлэнэ”. Мода эргэдэг гэдэг шиг түүх давтагддаг тул зориуд үүнийг сануулан бичив. Хүмүүст гологдох, хүлээн зөвшөөрөгдөхгүй буйгаа “атаархал” хэмээн андуурч суух мунхагийн харанхуйчуудтай юу ч яриад нэмэргүй. Эрдмийн талбарыг спортын талбай гэж эндүүрэгчид албан тушаал, алдар нэр, гавьяа шагналыг “өрсөлдөөн” гэж ойлгон тэмүүлдэг, энгэртээ зүүхээрээ инээд алдан баясаж явдаг ч гэх. Судалгаа, шүүмжээ сайн хийгээд суухаар нь дуугаа хураасан атлаа боть номууд редакторлосон (10 боть) сургаар “боож үхэх” шахсан ч гэх. Гадаад хэлээр атугай эх хэлээрээ цэгцтэй, ойлгомжтой найруулан бичиж чадахгүй, техник технологийг бүрэн эзэмшиж сураагүй хүн л ханандаа гэрэл зоож суудаг биз ээ. Суурь судалгааг дэмжих, ном хэвлэх зардлаар “сайхан” өрөөнд суугаад ч яах билээ? Хоёр жил болоод л шинэ дарга нь засвар хийсээр хана нь ч “зовоод” эхэллээ энэ төрийн албаны чинь!Өөрийнхөө төдийгүй мэргэжил, удирдлага, цаашлаад салбар, байгууллагынхаа нэр хүндийг унагаагчдын өмнөөс “ичиж үхнэ” гэдгийг ч яаж мэдэхэв. Муухан дээд боловсролтой байснаас сайн ажилчин эх оронд хэрэгтэй байгаа шиг маруухан дарга хийснээс мэдлэгтэй боловсон хүчин чухлыг хэзээ ойлгох вэ? Эрх мэдлээс эрдэм ном нь илүү урт настай гэдгийг эднүүст яаж тайлбарлах вэ? Энэ байгууллагын хамгийн том албан тушаал нь ЭША гэдгийг энүүнээс өөрөөр яаж ойлгуулах вэ? Муу хүн муу үйлдээ сайн байдаг, өөрөөсөө чадалтай хүнд саад хийж өөртөө ашиг олж явдаг нь тэдний гэм биш зан нь юм. Нэг ёсондоо илүү боловсорсон, шударга нэгнээ “дарж” байдаг ч, чадалтай, гадаад хэлтэй бусад нь бие биенээ хүндэтгэдэг (дэмждэг) нь нууц биш зүйл.

Алдар нэр, албан тушаал хөөж явдаг хүмүүс базаахгүй хүн чанартай бөгс долоогчид байдаг нь ч илт ажиглагддаг. Хоосон албан тушаал хуурамч нөхөрлөлийг бий болгодог юм шдээ угтаа. Өөрөөр хэлэхэд албан тушаал, эрх мэдэл хүнийг эвддэг муу талтай ч дотоод мөн чанарыг нь ил гаргаж өгдөг сайн талтай билээ. Гэтэл өөрт оногдсон ажлаа 30 жил хийж чадаагүй хүнээр өрөөл бусдыг (эрдэмтдийг) удирдуулах нь “Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэсэн үгийг сануулаад байх. Зарим байгууллага, хамт олонд ирээдүйтэй сайн удирдлага хэрэгтэй атал зөвхөн өөрийн эрх ашигаа дээгүүр тавьж хэд хэдэн алба хавсран нэмүү цалин авчихаад залуусаар ажлаа хийлгээд дарга царайлж суух нь ариун явдал уу? Тэр ч атугай нэг өрөөнд сууж асан мэргэжил нэгт нөхдөө танихаа больж (Хэрэглээний хэл шинжлэлийн салбарт шилжүүлэн бичсээр удсан г.м) гурван жилийн хугацаанд хийсэн бүтээснийг нь тайлангийн хурал дээр үгүйсгэж, ном бичье гэхэд нь уурлаад байдаг Э(гүй) НБД таныг засч аван “зөв зам”-д нь оруулахаас өөр арга бидэнд алга аа. Өөрөө энэ дөрвөн жилд ном уншиж, мэдээ тэмдэглэлээ бичээгүй болохоор бусдын судалгааг яаж ч ойлгох билээ дээ. Тэвэр дүүрэн ном бариад тайлангийн хуралд ороход тэвдэж сандрах нь аргагүй ч бусдын атаа хөдөлгөсөн хүний “буруу” билээ угтаа. Эрдэм шинжилгээний ажил хийж үзээгүй тамирчин хүн бусадтай өрсөлдөж тэмцэлдэж явдаг нь тавилан нь хэдий ч жинхэнэ “удирдлага” ажилтнуудынхаа мэдлэг боловсролыг сайжруулахад анхаарал тавин манлайлал үзүүлэхийн зэрэгцээ сургалтанд хамруулах, сайн ажиллагсдад бүтээлийн урамшуулал олгодог үүнээс “эсрэг” ч эерэг хандлага бас байдгийг сануулан зөвлөе. Сайн хүнийг шахахад бүтээл, саар нэгэнийг шахахад буртаг гардаг гэдэг ч Complex problem solving (Ээдрээтэй асуудлын шийдлийг олох чадвар), Critical thinking (задлан шинжлэх, шүүмжлэлт сэтгэлгээ), Creativity (Бүтээмжит чадвар), People management (Хүний арга эвийг олох чадвар), Coordinating with others (Бусадтай хамтрах чадвар), Emotional Intelligence (EQ-сэтгэл хөдлөлийг удирдах ухаан), Judgement and decision making (Дүгнэлт хийж шийдвэр гаргах чадвар), Service orientation (Үйлчилгээг эрхэмлэх чадвар, Negotiation (Хэлэлцээр хийх чадвар), Cognitive Flexibility (Оюун санааны уян хатан байдал) гэсэн “топ тэн” удирдах ур чадвар байдгийг ч тэмдэглэн өгүүлье.

Тиймээс хүрээлэнд хориос дээш жил ажилласнаараа хосгүй судлаач болчихдоггүйг ХЭН-д өөрт нь яаж ойлгуулах вэ? Бидний бичсэн бүтээл буюу өгүүлэл, шүүмж, номуудыг маань бүртгэж шивдэг бичээч, ном зүйн жагсаалт үйлдэгч маань биднээ танихаа больчихсоны буруу юунд байна вэ? Хөөцөлдөн байж даргын суудалд очиж суучихаад “хүрд эргүүлэх боломж” хэмээн дээрэлхэж загнаж явах нь хаанахын ёс юм бол? Аж ахуй мэдэхгүйгээр алба толгойлдоггүй шиг ном мэдэхгүйгээр НБД (эрдэмтэн) хийнэ гэж юу байх билээ. Ийм чадваргүй хүн юуны учир мун-д(х)аглаж хийж бүтээхийг зорьж суугаа бусаддаа дээрэлхэн ТОМорч, эрх мэдлийг эрдэм судлалаас илүүд үзсэн ЭНДҮҮРЭЛд хэргийн учир бий тул энэхүү шүүмж үүтгэгдсэн гэх. Бас хамт олны хагас дийлэнх буюу эрдмийн зэрэг цолтой 18 судлаачид гарын үсэг зурж хамтарч ажиллах боломжгүй гэсэн бичиг өргөн барьсныг хүн чинээ тоож хүлээж аваагүй нь ч нөлөөлсөн байх. Өнгөрөгч зун салхинд гарахдаа замын урт, цагийн давчууд алжааснаар Цагаан суваргаас шууд “Бага газар, Их газрын чулуу үзээд буцъя” гээд хамт олноор шийдэн тогтоод байхад өглөө нь өөрөө дур мэдэн шийд гаргаж өөр зүгт автобусны жолоочийг эргүүлэн өөртөө дэндүү итгэлтэй загнах болсон (Дэл уул руу дэржигнүүлж өгсөн) нь ч хамт олны дургүйцлийг төрүүлсэн гэх. Өөрийнх нь бус ҮЭ-ийн зардлаар явсан шдээ гэж унтууцсан ч юм байх. Захирлаа хувьдаа өмчилж, хамт олноос нь тасдаж холдуулахын зэрэгцээ ямар ч санал, шүүмжлэлийг хүлээж авалгүй тас зөрүүдлэхдээ гагц үүнийг бичигчийг бус үе тэнгийн зэрэг цолтой залуус, салбарын эрхлэгч, ЭНБД (А.А, О.Ш, Б.М, Ц.Б г.м) нартай мөчөөрхөн тэрсэлдэж ирсэн нь ч төлөөлж дуугарахад хүргэсэн гэх. Өөрөөр хэлэхэд дотроо ярилцаад ойлголцчихдог бол шүүмж юунд бичигдэх вэ? Бичиж буй нь энд, шүүмжлүүлж буй нь өнөөдрийн удирдлага болохоос бидэнд тулгарч буй бэрхшээлт асуудал юм биш үү? ЭША-уудад өглөө эрт шуурхай зарлаж “мэдээллийн цаг” хийн залхаан цээрлүүлж байхаар хамт олны хурал зохион байгуулахын ач холбогдлыг тэд ойлгох ч үгүй. Дорой хүмүүст дээрэлхүүлж суудаг дэндүү арчаагүй нь цөөн атугай!

“Арслан мэт ноёдыг барс мэт түшмэд дагах

Барс мэт ноёдыг ирвэс мэт түшмэд дагах…” гэсэн “Оюун түлхүүр” сургаалийн санаа эсрэг буюу хүчтэй утгаараа манай улсын удирдлагын тогтолцоонд хэрэгтэй байгаа нь үнэн. Учир нь сайн удирдагч өс санаж бус эв эелдэж, ховоор бус холоор сэтгэдэг юм. Ном уншиж, юм бичдэггүй нэгэн удирдлагад гарахаараа өө хайж хардах сэрдэх, хов зөөж мууг нь үзэхээс хэтэрдэггүй бололтой. Арчаагүй залхуу хүн л амьтан хүнийг хардаж сэрдэн, араар нь “хутгалж” явдаг гэдэг дээ. Хамт олноо ховоор хагалан бутаргаж өөрийн дураар аашлагчдад ямар “удирдлага” амархан автдаг бол? Чухамдаа мэдлэг, чадваргүй хүн л дээшээ долоож, доороосоо ч “долоолгуулах”-ыг хүсэмжлэн албан тушаал, эрх мэдэлд шунадаг нь нууц биш. Хүн муутай тэд дээшээ долигносон шигээ дараа нь нулимж, дэвсэж суудаг нь ч гэм биш зан нь байдаг. Номтой хүн хортой бус байдгийг манай байр (ШУА-ийн нэгдсэн I)-ны ЭШТА, академич Ж.Болдбаатар, Да.Цэвээндорж, Д.Төмөртогоо нар харин бидэнд үлгэрлэнэ.

Юм үзэж нүд тайлаагүй хүмүүс хоосон цээж өвчтэй байдаг нь юутай үнэн. Бөхчүүд “цол дагаж бяр нэмдэг” гэдэг бол эрдэм(гүй) тэд “цол (Ph.D) дагаж хор нэмдэг” нь хачирхалтай. “Тэнэгээрээ баянаа нууна” гэдэг шиг эрх мэдэл, шагналаар алд биеэ хаацайлагчид албан тушаалгүй л бол хүн биш болчихно гэж өөрсдөөсөө айгсад юм угтаа. Аргагүй шүү дээ ном уншиж юм хийдэггүй тэдэнд хэн сул цалин өгөх билээ дээ. Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд эрдэм судлал, бүтээл туурвилын төлөө бус эрх мэдэл, албан тушаалын өрсөлдөөн, “далд дайн”-ын талбар болчихсон нь эмгэнэлт энэ нийгмийн бас нэгэн нүүр царай нь буюу. Нэг ёсондоо мэдлэг чадвар муутай нь эрх мэдэлд дурлаж явдаг мунхаг харанхуй цаг үе болох нь “Эрдэмд оройгүй” гэсэн үг “эрх мэдэлд зогсолтгүй” болон өөрчлөгдөж, яг л өнөө татвар нь нэмэгдээд, халамж нь ихэсдэг өнөөдрийн гаж сонин тогтолцооны илрэл ажгуу. Учир нь 5–10 ЭШ-ний ажилтанд нэг нэр дэвшигч (захирлын сонгуульд) оногдоод удав. Энэ нь хийж бүтээж буй хүндээ хорсоод (эвэртэй туулай үзсэн мэт) хоосон албан тушаалтай хүнийг “шүтээд” байдаг урвуу пирамидын үр дүн бус уу.

“Дарга”-ын ажлыг “дараа жил хийх ажлын төлөвлөгөө” нэрийн дор ЭША-ууд бэлтгэж өгөхийн зэрэгцээ зохион байгуулалт, бодлого төлөвлөлтийн ажлуудыг нь хувааж аваад гүйцэтгэдэг буруу жишиг тогтож буй нь гаслантай. Салбарын эрхлэгч зарим нь сууж ажилладаггүй тул “нарийн бичгийн дарга” гэсэн зохиомол орон тоог тасаг бүрт үүсгэсэн нь ч бас хачирхалтай. Энэ бол ЭША хийж зовлонг нь мэдрээгүй хүн удирдлагад гарсны уршиг бөгөөд дарга хийх дуртай нь “дур”-ынхаа ажлыг өөрсдөө хийж, судлаачид үндсэн ажлаа л чанартай гүйцэтгэх үүрэгтэй баймаар нь залуусыг ингэж зарцалж-“хорлох”-ыг тэвчиж боломгүйтэй холбоотой шүүмж мөн. Улмаар хэн их долигносон, хамгийн их ажлыг нь хийж өгсөн нэгэн “шилдэг ажилтан”-аар удаа дараа шалгарч цалингаар “шагнуулдаг” нь шинжлэх ухаан- судалгааны урвуу үзүүлэлт болохыг удирдлагын тогтолцооны гажуудлаар тайлбарлаж болно. V Богдын айлдсан номонд: “шашныг эвдэгчин шашныг барих, төрийг самууруулагчид төрийг барих цөвүүн цаг ирвээс” хэмээн сэрэмжлүүлсэний адил “шинжлэх ухааныг сүйрүүлэгч нь шинжлэх ухааныг удирдах” “гачин” цагийг үздэг л юм байна. Иймд хоёр үг холбоод биччихэж чадахгүй, цахим шуудан илгээж мэдэхгүй, нүүр номдоо пост оруулж ч дийлэхгүй таныг ЭНБД-аар дахин томилох юм хамтарч ажиллах боломжгүй гэсэн хамт олны дийлэнхийн санаа бодлыг эл шүүмжид дайя! Дотоод журам, ажлын байрны тодорхойлолтонд хамт олны саналыг авч байж орлогч захирлаа томилох нь зүйтэй гэсэн заалт шинээр тусгах шаардлагатайг ч сануулъя. Дотооддоо ийм харилцаатай болчихоор чинь дугуй тойрог (офицерийн тойрог)-оосоо гарч, гадаад харилцаандаа анхааран гадаад хэлний мэдлэгээ сайжруулах буюу олон улсын түвшинд хамтран ажиллах, төсөл хөтөлбөрт орох, залуу боловсон хүчнийхээ мэргэжил боловсролыг дээшлүүлэх, бэлтгэх талаар саналт ч үгүй болчихоод байна.

Мөн Их сургуулийн багш нэртэй, бүтээлгүй атлаа профессор цолтой зарим “бурсан тоть, будаа идэгчид” ч ажиглагдах болсон нь манай боловсрол, шинжлэх ухааны салбарт цус сэлбэлт, шинэчлэл ус агаар мэт хэрэгтэй болсны баримт мөн. Ах дүү, амраг нууц, багш шавийн бат гинжин хэлхээ болоод удаж байна тэнд чинь. Ц.Элбэгдорж нь Ерөнхийлөгч байхдаа “Монголд даргын эрх шилждэггүй” хэмээн хэлж асан (миний мэдэх цөөн үнэн үг хэлсний нэг нь энэ байх) нь нүдэнд ил харагдаад, нийгэмд тод бэхжээд буйг яалтай. Залхуу хүн захирал болж, бас захирал болчихоороо залхуу болчихдог ч юмсан уу бусдын хөдөлмөрийг мөлжин бүтээл номд нь нэрээ хавчуулах, хамтын зохиогч болж орох, бас болоогүй энд тэнд сэтэртэй хурган дарга нар санхүүжилт шийдсэн (үнэндээ өөрийн түрийвчнээс биш атал) нэрээр хурал даргалж чухал царайлж суудаг нь ч илт тодорхой болчихоод байна. Ингэж сул, давхар цалин авч сулдаа ганхагсадын оронд ном уншиж юм хийдэг ирээдүйтэй залуусыг дэмжиж, бэлтгэж байх нь боловсрол, шинжлэх ухааны салбарт маань хэрэгтэй, үндсэн ажил нь ч байлтай мэт. Юу ч хийлгүй 40 хувийн сул цалин авагчдын “нэмэгдэл”-ийг ажлын голыг нуруундаа үүрч, яваа залууст шилжүүлэх нь шударга үнэлэмж мөн (Манай хүрээлэнд ийм 7 хүн буй). Шинжлэх ухаан ийм л тэгш хүртээмж, ирээдүйтэй гэгээн замаар хөгжих учиртай ч “МЕРИТ” зарчим монголд мөдгүй бололтой байна. Учир нь сонирхогч, эхлэн бичигчээс эхлээд судлаач эрдэмтэд нь хүртэл хэлбэр хөөсөн “поп”-уудын салбар, улс орон болон хувирчихсаныг яалтай. Өнгө, хэлбэр хөөсөн попролт, мөн чанар; улс оронд хор учруулж байдагт хэргийн учир байна. Мань дарга “зарц” нар нь дуулгавартай байхад дэмждэг, зарагдахгүй бол хавчдаг нь “загас толгойноосоо өтдөг” гэсэн үгийг сануулах… “Эрдэм шинжилгээний” гэх сүржин нэртэй ч даржин төгсгөлтэй буюу шинэ санаа, шинэлэг судалгаагүй хуралдаж суухаар суурь судалгаа хийж эхлэх юмсан даа ч гэж ярилцах. Өөрөөр хэлэхэд ШУА гэдэг шальдар бульдар шүлэг зохиолхон судлан, авьяасгүй өвгөдийн төрсөн өдөр (насны ой)-үүд тэмдэглэн суудаг газар биш баймаар гэж шогшролдох. Хэрэв энэ байдлаар удаан үргэлжилбэл хуучин судалгаа, хоосон тайлан бичиж суудаг хүрээлэнгүүд болчих вий! Спорт хөөсөн, эсвэл сөн түшсэн хүүхнүүд, судлаачидаар ч дүүрчих вий!

…Олон үйл ажиллагаа зохиох бус чанартай ажил гүйцэтгэхийн чухлыг яаж хэлж ойлгуулах вэ? Үнэнч явах, шударга байх хоёр; үйлийн үргүй ялгаатайг хэрхэн ухааруулах вэ?

Хуучины судар дахь:

“Цөвүүн цаг ирэхэд

Өнгө мөнгө хоёр хавчиж хууль үгүй болно

Хавар намар хоёр хавчиж зун үгүй болно

Хурц сийрэг хэлтнээ сэцэн мэргэнд тооцогдоно

Аль хилэнцэт муу хүнийг баатар мэт өргөмжлөн дээдэлнэ

Номтой явсан хүн нохойноос ч дор үзэгдэнэ

Гэм сууж, жам алдагдахыг цөвүүн цаг гэнэ” гэсэн үг бидний өнөөгийн нийгэмд ил тод болчихоод буйг яалтай вэ? Аль XX зууны дунд үед Хятад улсад өрнөсөн “Эрдэмтэй бүхэн уралдаг, цэцэг бүхэн дэлгэрэг” гэсэн улс төрийн кампанит ажлын уриа үг бидний одоо үед санагдах нь монголын нийгэм, тогтолцооны гажуудлыг илтгэх бус уу. Хэн их хийж бүтээсэн, эрдэмтэй чадалтай нь бус хүнийг худлаа хоосон магтаж бөгс долоогч зулгуйдагчид нь оршин тогтнодог эрүүл бус үзэгдэл газар авч болохгүй ээ!

Мөн монголчуудын “үндэсний үйлдвэрлэл”-д ном бүтээлт (үнэндээ Хятад улсаас орж ирсэн хэвлэх машин, цаас) тэргүүн эгнээнд шилжсэнээр оюуны өмч, чанар чансаа утгаа алдаад удав. Хүн тоож шиншихгүй, хоёр дахиж уншихгүй юмыг хатуу хавтастай хэвлээд ч яах билээ. Ном бичиж шинжлэх ухааны хөгжил дэвшилд зүтгэсэн нь улам бүр ядуурч, ном хэвлэлийн газрууд нь баяждаг урвуу тогтолцоог яалтай. Мань хэвлэлийн газрууд сонгуулийн үеэр хэнд ч хэрэггүй цаас хэдэн тэрбумаар хэвлэхдээ гарамгай гаршсан байдаг шүү. Жишээ нь: Өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуулиар нийт 606 нэр дэвшигч ойролцоогоор гуч орчим тэрбум төгрөгийг зөвхөн хэвлэлтийн зардал буюу сонгуулийн танилцуулга, сонин сэтгүүл, нэрийн хуудас, плакат, туг, дарцаг, хулдаасан хэвлэлд зарцуулсан гэсэн тооцоо баримт бий. Зөвхөн хэвлэлийн компаниудад шүү. Хэнд ч өгөөжгүй, хорин хэдэн хоногийн дараа хог дээр шидэгдэх (гарын тос ч шингээж дийлэхгүй хатуу цаас) энэ их мөнгөөр хичнээн судлаач, эрдэмтдийн ном хэвлүүлэх, суурь судалгааг дэмжин санхүүжүүлэх бололцоо байв? (Манай нэг найрагч “гал түлж болохгүй, гуя хасаа ч арчиж болохгүй хортой, хатуу цаас” гэсэн нь бодит үнэн) Нөгөө талаар сонгууль бүрээр цаас, хэвлэлийн тоног төхөөрөмжийн импортын хэмжээ нэмэгдэж валютийн эрэлт өссөнөөр төгрөгийн ханш унадаг хорлонтой ийм тогтолцоо нь шинжлэх ухаан судалгааны ном бүтээл, хэвлэх үйлдвэрүүдийн нэр хүндийг эсрэгээр нь бас навс унагаж ирснийг ч бодолцох цаг болжээ. Хүн гэгч бодгаль хувийн эрх ашиг, сонирхолоосоо ангид байж чаддаггүйг уран бүтээлчийн үзэл баримтлал дээр тайлбарлахаасаа илүүтэй олныг хамарсан үйл ажиллагаа буюу саяхан болсон сонгуулиудаар жишээлж үзвэл улс орны нөхцөл байдал, нийгмийн шаардлагатай нийцүүлэн авч үзэхэд тулхтай нам, улс төрийн хүчин, тогтвортой бодлого хэрэгтэйг мэдсээр атал өөрийн нам эвсэл, дэвшиж буй танил, ах дүү төрөл төрөгсөдөө дэмжиж, яахаас ч буцахгүй зүтгэж буй хуваагдал, талцал илт харуулав. Улс төрийн улайрал юм даа гэж орхиж болох ч өөрийгөө л боддог үнэн нүүр царай нь энэ юм, бидний. Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд ч энэ дүр зураг бас давтагдаж л байна. Улс төрд нь ухаантай, оюунлаг гэхээсээ олны танил, бизнестэй нэгэн үнэ цэнэтэй болчихсон оюуны үнэлэмжийн доройтол, нийгмийн гажуудалтай эвлэрч л суух уу? Нэгийн бус нийтийн эрх ашиг, танихгүй ч түмэнд хэрэгтэй хүнээ сонгож, дэмждэг цагт оюунлаг уншигчтай болох буй за бид.

Харин яруу найргийн наадмын шагналын сан нэмэгдсэн нь мөнөөх л улс төрийн зорилготой буюу намуудын шоу болж эхэлсэнтэй холбоотой бөгөөд хэдэн төгрөгөнд нь болж шүүгчээр суух сонирхлоосоо мэргэжлийн хүн юм бол татгалзмаар санагддаг. Учир нь шүлгийг бус шүлэгчийг шалгаруулдаг уламжлал хадгалагдсан хэвээр агаад найрагчийн уран уншлагыг сонсоод (тогтож уншилгүйгээр) бусадтай харьцуулах төдийхнөөр байр эзлүүлэх буюу үнэлэн дүгнэж, дугаарлан суух нь онолч, судлагч хүнд байж боломгүй том эндүүрэл юм.

Иймд утга зохиолын орчин тойронд эхлэн бичигчээс авахуулаад зарим мэргэжилтэн, уран бүтээлч, багш, эрдэмтэн судлаач, удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагаанд хувийн ашиг сонирхол бус хамтын бүтээлч, шинэлэг хандлага, чанарын шаардлага эрхгүй нэхэгдэж буйг ЭНЭ ЦАГ-ийн дуудлага болгон өгүүлэв. Зохиолчдын байгууллагын үйл ажиллагаа, утга зохиолын уралдаан, яруу найргийн наадам, ном бүтээлийн чанар тэргүүтэн өмнөх (Эрин цагийн) шүүмжид тусгагдсан тул, санаа үл давтсан сул тэмдэглэл энэ болой.

ШУА, ХЗХ Д.Цэвээндорж

2021.03.08 (Захирлын сонгуулийн өмнөх өдөр)

--

--

Tseveendorj Demberelsuren
Tseveendorj Demberelsuren

No responses yet