АВЬЯАС УДАМШИЖ АЯНГА ЦУУРАЙЛАВ (Шүүмж)

Tseveendorj Demberelsuren
8 min readOct 24, 2023

--

Яруу найрагчийн гайхам ой ухаан, гоц мэдрэмжийн бодит жишээ Шаравын Сүрэнжав эрхэмээр төсөөлөгддөг нь нэг л уншсан бол ном харж эш татан ноороглолгүй цээжнээсээ урсган дэвтэрлэдэг саруул сэтгэмжлэл , санааны тэлэлт бүхий бичлэгийн тансаг хэв маягтай садансдаг. Түүний долгилолт зан чанар, тэнгэрлэг авъяас ууган охинд нь удам залган өвлөгдсөн болох нь зохиол туурвилаас нь буюу оноон орчуулсан шүлгийн сэрэхүй, өгүүллэгийн зохиолоос нь мэдрэгддэг бол энэ удаад “Хулан хатан” роман нь энэхүү бодлыг улам гүнгийрүүлж өглөө. Тухайн цаг үеийг өртөөлөн авчирсан зөн билгийн дүрслэл нь баримтанд баригдаж түүхэнд төөрсөн зүйл үл совинтуулж аялгуулан буулгасан чөлөөт бүтээмж , зохиолчийн яруу сэтгэмжээр баяжин дэлгэрчээ. Өрсөж л амжихгүй бол өрөөлийн идэш болдог нийгмийн аягтай холбон эзэн Чингис хааны бодлого, үйл ажиллагааг ул суурьтай дүрслэн үзүүлсэн зөв тэмүүлэл , МНТ дахь үйл явдлын учир зангилааг илтгэсэн эрдэнэ мэт үгсийн далд уурхайг дэлгэн тайлахдаа баатрын бодол санаа, үйл хөдлөлөөр дүрийн хэв шинжийг бүтээж, үйл явдал өрнөх дэвсгэр болгон зохиомжилсон уран шийдэлтэй байна. Уран бүтээлч хүн, ялангуяа зохиолч яруу найрагч, зураач, хөгжмийн зохиолчид төрөгдөх ховорхон мэдрэмж буюу тухайн агшин, цаг мөчийн сэрэхүйг бүтээлчээр ашиглаж үр дүн болгосон гэгээн совин анзаарагддаг нь эрхгүй хүндэтгэх сэтгэлийг бидэнд өгч байна. Чухамдаа зохиолчийн, бүсгүй уран бүтээлчийн уяруу зөөлөн гүн ухаан, дотоод тэмтчил эмэгтэйчүүд, хатан хүний дүрийг урлан бүтээхэд илүүтэй зохирдогийн жишээ С.Хишигсүрэнгийн “Хулан хатан” (2005) романаар ийн ил тод болов.

Хүний амьдралын таашгүй хувь тавиланг цаг үеийн онцлогтой холбон дүйцүүлсэн романы үзэл санааны ололтыг онцлохоос өөр аргагүй нь Бөртгөлжин их хатны ёсоор найрын шивэгчин, дагуулуудад зааварлан идээ будаа засуулан бага хатны хувцас, бүсийг засч байлаа. Бөртгөлжин хатан залуу гоо Хуланг харах тусмаа атаа шунал бага зэрэг хөдөлж тэгснээ гэнэн цайлган зан аалинд нь номхрон уярч өөрийн эрхгүй ирсэн тавиландаа зохицон сэтгэлээ аргадан засч суув” (2005.13) гэсэн өгүүлэгчийн хэл, санаа сэдэл баатрын үйлдэл, харилцан ярианд сайнтай саартай амьдралын эгэл үнэнийг тэнцүүлэн шигтгэснээс тодорхой болж байна. Үй зайгүй дотнын анд Жамуха, Тэмүжин хоёр учир битүүлэг үгээс улбаалан эе эвдэрсэн түүхийн тайлагдашгүй нууцыг Мөнгөлөнгоо хатнаас үүтгэлтэй хэмээсэн нь шинэ сонин санаа гэж үзүүштэй бол Чингис хаан Хулан хатантай хамт халуун рашаанд ордог байсныг мэдээлсэн уран сэтгэмжээ “Аварга тосон”-гийн рашаантай холбон баримтжуулж галт уулын дэлбэрэлт буюу байгалийн өвөрмөц тогтоц нь элдэв өвчин, эмгэг хуучид сайн нөлөө үзүүлдэг болохыг мэддэг байснаар тайлбарласан нь өөр хэний ч бүтээлд дурдагдаагүй гэж болохоор шинэ мэдээ юм. Энэ нь нүүдэлчин монголчуудын ахуйн соёл, анагаах ухаан, эм эмчилгээний өв уламжлалыг бататгах томоохон баримт, эх сурвалж хэмээн үнэлэгдэхээр байна. Бөө зайрантангуудын “тэнгэр бурханы шүтээн сахиуст газрын доор аварга том луу хөлхөлдөн байдаг” гэсэн төсөөллийг шинжлэх ухааны үүднээс Дунгайдын эмч, газар усны тайлагч, байгаль зүйч хэмээн өргөмжлөгдсөн Харитугал мэргэн “сөнөсөн галт уулнаас үүссэн рашаан ус” хэмээн тайлж буй нь эрдэм мэдлэг, бичгийн соёлын нэгдсэн ололт буюу ИМУ-ын шинжлэх ухааныг эрхэмлэх бодлого, гадаад нээлттэй харилцаа, өдгөөгийн даяаршлын эх үүсвэрийг бататгахад зохих хувь нэмэртэй юм.

Номхон далайн эрэг дээрх “Хүрүкава Онсен ресорт” буудлын ханан дээр сийлсэн өөрийнхөө шүлгийн дэргэд

Чингис хааны энэхүү эрдэм ухааныг дээдлэх үзэл, гадны бичгийн мэргэдээс асуун лавлаж төрийн хэргээ шийтгэхдээ бүтээлчээр тусгадаг уужуу санаа, уран зургийн тухай шинэ үзвэр мэдээ агуулж буйгаараа түүний зохиол уран сайхны шинэ мэдээллээр баялаг ажээ. Хулан хатны ордон өргөөний гайхамшиг, угаал үйлдэх зан үйлийн уламжлалыг дүрслэн нээж үзүүлсний зэрэгцээ халуун рашаан дахь нялцгай биет хануур хорхойгоос үүтгэн домоглосон өвөрмөц үйл явдлын зүүд зөн совин, бэлгэдлийг нийгмийн байдалтай холбон зохиолын үзэл санааг тодотгосон уран шийдэлтэй байна. Гэхдээ МНТ-ы өгүүлэмжийн загвар, “Аргасун хорчийн домог”-ын үйл явдалд хэт дагагдсан баримтлал нь уран сайхны бие даасан зохиолын үнэ цэнг бууруулж байгаа ч түүхэн зохиолын ноён нуруу, зохиомжийн өрнөлийн хувьд зүйтэй тэмүүлэл болжээ. Өөрөөр хэлэхэд “Мандухай сэцэн хатны домог”-ийн адил баримт сэлт багатай Хулан хатны түүхэн зурвас мэдээг сонжин сэнхрүүлж роман болгож туурвисан нь зохиолчийн уран сэтгэмж , роман бичлэгийн дадалд томоохон нээлт болж чадсан байна. “Намар болдгоороо болно . Хүний сэтгэл ганхдагаараа ганхана” гэдэг дээ. Байгаль дэлхий, хүний сэтгэл зүрх гэдэг заяа тавилангаараа элэгсэн саданссан салгахын аргагүй арга билгийн цогц, сав шимийн нэгдэл билээ. Чухам иймийн учир сайн зохиол үеийн үед мөнхрөн үлдэх хувь зохиол, шид хутаг оршоодог жамтай. С.Хишигсүрэн зохиолчийн туурвил яруу найргийн гэгээн сэрэл, сул мэдрэмжүүд хөвөрсөн гүймэглэсэн хөнгөн бичлэг, баатруудынхаа нэрийг дүрийн зан чанарт нийцүүлэн өгүүллэг бүртээ зохируулан ижилсүүлдэг онцлогтой нь эл романд Зүрчидийн Ухунабай мэргэн, Бээжинд олон жил суурьшсан хулгайч дээрэмчдийн ахлагч Хувьсаадай гэх мэт баатруудын үйлдэл, нэрийтгэлээс дахин ажиглагдаж байна. Энэ хэт уянга нь оносон алдсан байх нь уран бүтээлчийн төрмөл араншин, цаг хугацааны давтагд ашгүй анирдал, сонгодог зохиолын мөн чанарыг илрүүлдэг нь хоёр толгойтой хүү агаарт нисэж усанд шумбах увидастай болж нүхэн зоорь нь өргөсөн тэлсээр Хулан хатны өргөөн дор давхцаж ирснээр олонд ил болж буй содон сэтгэмж, сонин үйл явдлаар дүрийн хувь тавиланг эргүүлсэн нь сонирхолтой өрнөл, бас зохиомжийн өвөрмөц тэлэлт болжээ.

Найманы Буйраг хааны бага хатан Найрсулайн ийм өвөрмөц түүх зэрэг хүний амьдрал, түүх намтрыг сонсох дуртай сониуч зан, үзэсгэлэнт Хулан хатны ухаалаг зан төлөвийг энэ мэт шинэ содон зохиомжоор ялгаруулахдаа уул талаар давхин зээр гөрөөс харвахад гарамгай, моринд эрэмгийгээр сэтгэмжилсэн нь уран бүтээлч сэтгэлгээний зөв зүйтэй гаргалгаа болсон юм. Чингис хааны байлдан дагууллын ар тал, иргэдийн амьдралын дотоод руу шагалзахдаа эр нөхрөө хуурсан ноёны хатан Саргайн дүр олны шившиг болон шийтгэгдсэний учир гутран, модноос дүүжлэгдэн амиа егүүтгэсэн байхтай тааралдсан Хулан хатны үдийн зугаалга ертөнцийн мөн чанарыг эргэцүүлж буй зохиомжоор тэлж байна. Залуу хатан ганцаардал гуниг, бүсгүй хүний гомдлол, ааш, аягаа чөлөөтэй илэрхийлэн Эзэн хаанаас халамж анхаарал хүсч буй дотоод сэтгэлийг нэлээд тод, үнэмшилтэй суурилсан нь гэр бүлийн харилцаагаар ордон дахь атаа жөтөө, хүний сайн мууг энгийн яриа, үйл явдлууд нь тодотгож чаджээ. Үргэлжилсэн үгийн томоохон зохиолд тавигдах ерөнхий зарчмыг зарим талаар алдагдуулсан, романы дэд хэсгүүдийн нэрийтгэл тодорхой бус, тоочсон аястай, үйл явдлын үргэлжлэл бүрхэг мэт сэтгэгдэл төрүүлж буй нь төрөл зүйлийн туршлагатай нь холбоотой ч яруу найргийн гэгээн сэрэл, яруу дуун уг зохиолын хөг айзмыг жигдрүүлэн зохиолчоос дэвшүүлж буй санаа ялгагдаж буйгаар зөвтгөгдөнө. Мөн “Би зөвхөн чиний төлөө дэлхийг эзэлнэ” гэж цуурай татуулан тангараг тавьж буй нь Чингис хааны Хулан хатанд хандах сэтгэлийн хүчийг илтгэх ч улс төрийн бодлого, үйл ажиллагаа, дайн тулааны нөхцөл байдлыг үгүйсгэсэн туурвил зүйн алдаанд тулж хүрч байна. Харин эмэгтэй хүн дорд үзэгдэж байсан гэсэн санааг хэдэнтээ шигтгэсэн нь зохиолчийн хүйсийг эрхэмлэсэн үзэл санааны баримтлал ч энэ шинжээрээ бүсгүй хүний санаа сэтгэлийг тодорхой урлан гаргасан ололтоороо дутуугаа нөхөж харагддаг. Юутай ч Хулан хатны цайлган, цагаан сэтгэлийг тодотгосон урлал, дүрийн хэв шинжийн бүтээмж нь түүхэн шалгаралд зохистой нийцжээ.

Бөртэ Үжин, Есүй, Есүгэн хатантайгаа эв найртай амгалан тайван байж төрийн ёсоор төвийг сахин үгийг нь сонсож ойлголцон байдаг бол гагц Хулан хатантайгаа “…хэрэлдэж, сайндаж, айж, догдолж , хөөрч баярлаж хаан ёсныхоо хэмийг аль хэдийнээ гээж орхидог бүлгээ” (2005.59) гэсэн нь гол дүрийн зан чанарын онцлогийг түүхэн тодорхой хэв шинж болгосон зохиолчийн уран сэтгэмжийн биелэл юм. Ингэж Чингис хааны хатадтайгаа харилцах онцлогоор Хулан хатны дүрийг ялгаруулан бүтээсэн нь түүхэн үндэстэй, бодит агуулгатай болж ямар ч эр хүний далдын ааш араншинг нээн илрүүлэх увдисыг нь дэлгэн үзүүлэхдээ хайр сэтгэлийн мөн чанар, хүний сэтгэлийг ховсдох зөн мэдрэмжтэй холбон гаргасан нь хатны зан байдлыг товойлгоход зохистой болжээ. Ятгын эгшиг, янагийн аалиар дэлхийн дайдыг хураасан эзэн хаан, эр нөхрөө сэргээж бас зөөллөн буй үзэсгэлэн гоо, эрх танхи Хуланд Чингис хаан хатуурхаж чаддаггүй байсан шид хутгийг сэтгэлийн зовлон шаналал, хайр энхрийлэл алив бүхнийг гагц түүнээс мэдэрдэг байсантай нөхцөлдүүлсэн зохиомжийн хөтөч нь Хулан хатны зан ааль, уран сайхны түүхэн үнэнг дэлгэцийн бүтээлд мөнхлөх боломжтой болохыг дүрийн бүтээмжийн урлалаараа харуулсан байна. Өөрөөр хэлэхэд Чингис хааны өөдөөс алдаа дутагдал, сайн мууг шуудхан хэлэх өөр хүн байгаагүйгээр сүлбэн нэвтрүүлсэн нь өвөрмөц шийдэл бүхий яруу сэтгэмж, содон бүтээл болохоо илтгэдэг. “Иймээс ч хоёр биедээ хатуу ширүүн үгс хайр найргүй чулуудавч хагацаж үл чадах нууц оршдог аж”. Ийн талархан тэмдэглэх нь Чингис хааныг гагц ээж нь л “хангинаж”, мөөмөө гаргаж ирээд учирлаж байсан МНТ-ы орон зайн өгүүлэмж бүхэлдээ уран сайхны ийм эрэлхийллийг хүлээсэн цаг хугацааны туршилт, зохиомж үргэлжлэх үндэслэл, хийсвэрлэлт сэтгэмжийн боломж нотолгоотой холбон тайлбарлагдана. МНТ-д эх, хатадын дүр өөр өөрийн үүрэгтэй, эв нэгдлийг сахин чангатгагч оролцоотой өргөмжлөгдөн дүрслэгдсэний адил Хулан хатныг Чингис хааны дүрийн зан төлөвийг товойлгох үүднээс сүүлийн хорин жилийн монголын уран зохиолд цухас дүрслэх юмуу янаг амрагийн үйлдэлтэй холбон бичих нь зонхилж ирсэн бол С.Хишигсүрэн зохиолч хатдын уламжлалт хэв шинж, өгүүлэмжтэй нийцүүлэн хувь хүн талаас нь, бүсгүй хүн зүгээс нь сэтгэлийн тэвчээр, ухаан төгөлдөр билиг оюуныг нь дэлгэн дээжилсэн юм. Жишээлэхэд Хорезмыг эзлэх дайнд идэвхтэй тулалдан бусдад энэрэнгүй, төлөв даруу төрийн их хатан болж буй дүрийн хөгжил хөдөлгөөнийг хүүгээ тулаанд алдсан Цагаадайг аргадан тайвшруулсан зориг самбаа, ухаалаг үйлдлээр харуулахдаа хүнд өвчин туссан ч Зүчитэй ойлголцон хан хөвгүүддээ сургаал хэлэн таалал оршиж буй уянгын төгсгөл нь зохиолчийн туурвил зүйн ололт амжилтыг тодорхой илтгэж чадсан байна.

Чингис хааны төрийн бусад хатад овог аймгуудаас булаагдан ирж эр нөхрийг нь цаазаар шийтгэхийг нүдээрээ харах юмуу харь аймагт олзлогдон очиж зовлон шаналалыг биеэрээ мэдэрч байсан бол Увас мэргэдийн тэргүүлэгч Дайр Үсүний охин Хулангийн хувьд эрх танхилаараа буюу “Хээр дэр нэгтгэж хэв ёсон үгүй болгон” ирсэн ч тэр бүхнийг богино хугацаанд ухаажиж буй дүрийн өсөлтийг түүхэн үндэслэлд суурилуулж өгчээ. Үүнийг “Аргасун хорчийн домог”-т “Тийм үгэнд эс болоод эзэн дор нэгтгэв ” гэх буюу Мухули Бөртгөлжин хатанд мөргөн сууж
“Байгуулсан төрөөр эс болов
Баттөрийн эрхээр болов
Багшлагч сайдын үгэнд эс оров
Барс гэрийн өнгөнд болж
Богд эзэн Хулан хатан лугаа
Дэр нэгтгэв”
гэж Хулан хатантай гурван жил түдэн суусан болохыг шүүмжлэн өгүүлдэг нь өөрсдийн буруугүйг илтгэсэн төрийн түшээд, жанждын үнэн үг, домгийн зөвтгөсөн өгүүлэмж болохоос Хулан хатанд дургүйцсэн зохиолын үзэл санаа, өнгө аяс бус гэдэг нь мэдэгддэг . Эл домогт Наяа ноён гэртээ гурван хоног хүлээлгэсэн тооны бэлгэдлийн өгүүлэмж ажиглагдах ч үйлдэл хөдөлгөөний учир зангилааг тайлж буй зохиомжийн шийдлээрээ Хулан хатан анхнаасаа л үйл явдлын сонирхолтой өрнөл, учиг хэргийн зангилаа байсан нь ажиглагддаг юм. Хүлгэм хүүгээ төрүүлэхдээ эхийнхээ ач буяныг санан ухаажиж буй зэрэг аян дайнд хамт явж, амиа тасартал хамтдаа байсан төрийн хоёр дахь их хатны сэтгэлийн ертөнцийг энгийн хүн талаас нь нээсэн нь хатдын сэтгэл зүйг нээх түлхүүр буюу романы уран сайхны хэв шинжийн томоохон ололт, авьяас удамшиж аянга цуурайлсны дохиог бидэнд сануулан нүргэллээ.

Д.Цэвээндорж /Утга зохиол судлаач, шүүмжлэгч/

--

--

Tseveendorj Demberelsuren
Tseveendorj Demberelsuren

No responses yet