Tseveendorj Demberelsuren
27 min readFeb 7, 2024

АУЗ Ш.СҮРЭНЖАВЫН ЯРУУ НАЙРАГ ДАХЬ ТЭНГЭР ҮЗЭЛ

(“The tengerism” /skyism/ in Sh.Surenjav’s poetry)

Зохиолч-сэтгэгчид, ялангуяа дорно дахины цөөнгүй уран бүтээлчид тэнгэр, огторгуйн тухай тэмдэглэн бичиж ирсэн уламжлалтай. Учир нь тэнгэр нь нэн эртнээс урлаг, утга зохиолд дүрслэгдсэн өргөн ойлголт бөгөөд дээд ертөнц, диваажинтай холбогдохоороо гүн ухаан, шашин, нарны аймаг, од эрхэстэй холбогдож шинжлэх ухаан, оюун санааны бэлгэ тэмдэг, домог зүйн дүрийн хувьд уран сайхны бүтээл гэх мэт олон салбарыг хамарсан ухагдахуун юм. Гэхдээ энэхүү тэнгэрийн тухай үзэл сэтгэмж, дүрслэлт өгүүлэмж зохиолч, уран бүтээлч бүрт өөр өөрийн мөн чанараар тусгагддаг онцлогтой тул яруу найрагч Ш.Сүрэнжавын бүтээлээр жишээлж тодотгон авч үзье.

Нэг. Эрхэс, тэнгэрийн тоочил
Түүний томоохон найраглалууд эрхэс тэнгэр, энгүй уудмын тухай дүрслэлийг тойрч гараагүй болохыг
“Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн” (Багш) гэсэн эхлэл хэсэг илтгэх бөгөөд
“Ийм хоёр гартай болохоор
Энэхэн хорвоод газардах юмгүй
Тэнгэрт халих бүргэдийн жигүүрт ч
Тэр болгон атаархах нь үгүй” (Гар),
“Цэлмэг тэнгэр шиг нүдээрээ
Насандаа марташгүй харсан юм” (Ерэн баатрын дууль) зэргээс тодорч байна. Мөн “Үүл хараад бичсэн шүлэг”, “Пушкин минь надад онгодоо хайрла” (1980) гэх мэт шүлгүүд нь одон эрхэс, огторгуйн уужмын сэдэвт өгүүлэмжтэй билээ. Үнэхээр ч А.С.Пушкин, Ш.Сүрэнжав хоёрыг л Орос, монголын яруу найрагт “тэнгэрлэг найрагч” хэмээн нэрийддэг нь илүү зохидог, бас зохирдог гэж болно.
“Хөх тэнгэрийн ариухан мандлаар
Хөвөлзөн нүүдэг үүл сэн билүү би
Тэгвэл хэний дээрээс бороо асгаруулахаа мэднэ
Тэгэхэд л чи миний зүрхний ариун хурыг амтална даа
Дуулгат хангайн оргил шүргэн
Дураараа явдаг салхи сан билүү би
Тэгвэл хэний уруулыг зөөлөн илбэхээ мэднэ
Тэгэхэд л чи миний зүрхний ариун хайраар амьсгална даа” (Наймт шүлгүүд: 1980) гэсэнд байгаль дэлхий, огторгуйн юмс үзэгдлээр уянгын дүр, утга санаагаа төлөөлүүлэн илэрхийлсэн бол
“Амьд саруул, сэрүүн тунгалаг ахуйдаа
Алив жаргалыг бусдад бэлэглэх сайхан юм
Тэгээд юмныхаа байгаа дээр хүний гар цайлгасан хүн шиг
Тэнгэрийн доор алхаж явах үнэхээр нэгэн жаргал юм” (1980)
хэмээн өөрийн төдийгүй ерөөс хүмүүн заяанд төрсөн хэн бүхний энэ насны утга учрыг товч агаад тодорхой өгүүлсэн байна.
Чингэж “тэнгэрийн доор алхах”-даа:
“Зул болсон Самаркандын мянган дэнлүү бадамлаж
Зулай дээрх тэнгэрийг газарт буулгаж байнам
Газарт буусан тэнгэрийг гайхан ширтэж ажиглавал
Галбын их дархны гараар бүтэж үү гэмээр…
Шөнийн тэнгэрийг тулгуурдсан шүр сувдан багана шиг
Шүхэр эрээн цамхаг оддын туяанд умбанхан” (Самаркандын шөнө) хэмээн яруу сайхнаар сэтгэж, “…Хөх тэнгэрийн хураар ивлэсэн
Эхийн сүүний ариухан дусал
Өндөр тэнгэртээ шөнөдөө гийдэг
Өнгөт саран-ертөнцийн дэнлүү” (Тэнгэр ивгээлт ээжий) гэх зэргээр зүйрлэн тодотгож эл төрлийн сэдвийг тогтолцоотой гүнзгийрүүлсэн байна. Тиймээс
“Үүлтэй тэнгэр шөнөжин бухимдаж цасаар булсан ч
Үүр цайж, өглөө болохыг хойшлуулсан удаагүй” (Миний галын шугам) хэмээн амьдчилж,
“Үнэнийг өмөөрсөн сэтгэлээ
Түмний тэнгэрт нисгэе ээ!” (Гитар минь дуулаарай) хэмээн уриалж,
“Цэнхэр тэнгэрийн доорх насны ганц дагина
Цэвэр ариун, гоо жавхлангийн манлай” (Сонет цэцгэн эрхи) гэж шүлэг, яруу найргаа зүйрлэн тодотгож хүнчлэн дүрсэлсэн юм. Улмаар “Хөшөө ярих цагаар” найраглалдаа
“Тэнгэрийн дорно хаяанаас өөдлөн өөдлөн хөөрсөн
Тэргэл саран авхай оргилын ододтой өнгө булаалдана” [2004:6] хэмээн дээдийн орныг дүрслэн тоочсон бол
“Өндөр тэнгэрийг мөрлөсөн
Үүлэн цэнхэр уулс байнаа хө” (Миний нутгийн бараа),
“Мөнх тэнгэрийн өнгө нь цэнхэр
Мөрөн голын ус нь цэнгэг” (Миний ардын сэтгэл цагаан) гэсэн энгийн дүрслэл нь өнгөц харахад эх орныхоо үзэсгэлэнг тодотгон дүрсэлсэн боловч зон олныхоо цайлган сэтгэл, гэрэлт ирээдүйг төлөөлүүлэн илэрхийлсэн уран санаа болсон юм.

Хоёр. Онгод, тэнгэрийн туурвил
Ийнхүү Ш.Сүрэнжав найрагч тэнгэрийн энгээр сэтгэж, сунтагийн гараар туурвихдаа “Арав дахь хавраа үдье” (1964) анхны дуугаа 30 хормын дотор, “Ерэн баатрын дууль” найраглалаа 25 насандаа мөн 25 хоромд бичсэн билээ. Энэ талаар зохиолч “Хөгжмөөр бол сэтгэлээ хөглөчихлөөр аяндаа л урсаад ирнэ. Эхний бичлэгээр л бүтээл төрчихнө. Ганц үг олоход л болоод явчих жишээтэй. “Униар татсан хаврын орой” гэсэн ганц өгүүлбэр орж ирээд л дуу болчихсон” (Д.Дэнсмаа, 2015:263) хэмээн тэмдэглэн бичиж үлдээсэн нь үнэ цэнтэй байна. “Багш” найраглалаа ч мөн эхний бичилтээр урсгасан бол “Гар”-ыг бичихэд гар нь ганцдаж байсан гэдэг. Түүнчлэн ачаатай машин Энхтайвны гүүр уруудаж буйг гэрийнхээ цонхоор хараад “Торгон хилийн зүг” (1967) дуугаа шүүрч аван бичсэн гэх мэт жишээ олныг дурдаж болохоор байна. Тиймээс
“Ихэнх шүлэг минь тэнгэрийн гараар бичигдсэн юм
Энэ үгсийг өвгөдийн сүнс надаар та нарт хэлүүлсэн юм
Эр хүн болж төрөөд түүнийхээ хэргийг хийгээгүй бол
Ээлжиндээ чамайг дараах төрөлд чинь юу ч болгож төрүүлэх юм билээ” (2007:8) гэсэнд энэ төрөлдөө эгэлгүй хувь тээж ирснээ мэдэрсэн, бас “мэдрүүлсэн” учирлал гэж болно. Тийм ч учраас “Тэнгэрийн тухай бодрол” хэмээх тэмдэглэлдээ “Би тэнгэр гэдэг үгэнд нэн дуртай. Миний сэтгэлд их ойрхон байдаг. “Тэнгэрлэг найрагч” гэж хааяа урам хайрлахад нь үнэн зүрхнээсээ баясч хамгийн том шагнал гардах мэт болдог. Нэгэнтээ “Онгодын цагт би тэнгэрийн харьяат” гэж бичсэнийг минь хүмүүс ойлгодогт баясдаг. Москвад утга зохиолын дээд курст сурч ахуйд “Би тэнгэрийн хүү…” гэсэн мөрүүдийг онгодын зарлиг, тэнгэрийн тааллаар бичсэн билээ” (2005:240–241) хэмээн тэмдэглэж үлдээсэн нь үнэ цэнтэй байна. Мөн цааш нь
“Яагаад ч юм тэнгэр ямагт миний талд байсан мэт санагддаг юм… Ямар болов чиг би дүүрэн одтой тэнгэрийн доор зогсохдоо сэтгэл уужирдаг. Дөрвийн тухай бодролоо ч мөн л энэ тэнгэрийн зурхай дор бодож олсон” (2005:241) хэмээн хувь заяатайгаа холбон бичсэн билээ. Улмаар “…Тэнгэрийн соёрхлыг тэр бүрий тайлж эс чадавч сэрлийн сувгаар холын одны дуудлага хааяа ирэх нь бий. Орон сүмийн адарт дээрээс буусан унжлага-лавир байдаг нь хурмастай харьцах зам мөр гэлтэй. Би гэнэтэд нэг ийм шүлэг биччихээд өөрөө ч гайхаж байж билээ.
…Одны тэндээс үл үзэгдэх утсаар
Оосорлуулсан хүүхэлдэй шиг хүмүүс бужигнана
Орчлонгийн уудмаас үлэмж биетэн
Өнгийж харвал ямар бол хэмээн санагдана
Заримдаа бид өчүүхэн хорхойг
Замаас нь төөрүүлж үйлийг нь үзэн
Өвсөөр хатгаж, уурлуулж гүйцээд
Өрөвдөх ч үгүй няцалж орхидог шиг
Хүмүүсийн заяагаар далдын хүчтэн
Тохуурхаж байх шиг заримдаа санагдана
Хүүхэлдэй адил гарын аясаар
Тоглуулж байх шиг хааяа бодогдоно” (1979.12.06, Москва) гэсэн шүлгээ дагалдуулсан нь сонин юм. Өөрөөр хэлэхэд хүн бүрийн хувь заяа, зам мөрийг эргэцүүлэхдээ тэнгэрийн зураг, далдын хүчтэй холбон тайлбарлах оролдлого хийснээрээ содонсож байна. Ялангуяа
“Заримдаа бид өчүүхэн хорхойг
Замаас нь төөрүүлж үйлийг нь үзэн” гэсэн хэсэг нь хүн бүхэнд их, бага хэмжээний алдаа дутагдал гаргаж гомдох, шаналах, зовох, жаргах гэх мэт амьтай бүхний бие, сэтгэлээрээ туулан гэтэлдэг зайлшгүй үнэнг хувь хүний өөрөө бүтээж буй заяа төөрөгтэй нь холбосон ч тэнгэрээс хэн нэгэн “удирдан даажигнаж”, магадгүй ухаарах боломж олгодог ч байж болохыг тэртээ дээрээс харж буйгаар зохиомжлон хүүрнэсэнд оршино. Энэхүү санаа сэдэл, шүлэг нь бүхэлдээ зохиолчийн санамсаргүй үйлдэл буюу өөрөө ч гайхахад хүргэснээрээ тэнгэр, эрхэсийн сэдэвт өгүүлэмж, уянгын баатрын аялал, эргэцүүлэмжээрээ бидний энэхүү судалгаанд үнэт баримт болж буй юм. Ялангуяа “Онгод орсон үед би өөрөө биш ямар нэгэн тэнгэрийн гараар бичиж байгаа мэт болдог. Хоёр хөлөөрөө бичиж болдог бол бичмээр санагддаг” (2015:262) гэж хэлж байсныг бид одоо л анзаарч байна. Тиймээс
“Сэтгэлд хэзээ ч орж ирэхгүй
Гайхам үгс
Сэмхнээ од шиг гэрэлтэн
Цаасанд бууж ирнэ
Яруу аялгуу хаа нэгтэйгээс
Сэтгэлийг хөгжөөнө
Зүрхэнд солонго татаж
Бодлын хур ивээнэ
Үг, бодол хоёр
“Тэнгэрийн” горхины хэмээр жигдэрч
Үлэмжхэн тансаг бүрдэл
Найргийн тив ертөнц цогцолно
Алсран гийх нарны наахна үүлнээс
Арслангийн зогдор мэт намираа хур асгараад
Алаг цоморлигоо дэлгэн баясч
Цагаан цаасан дээр цэцгэн лянхуа бадамлана
Мөчид харвал эгшин зуурын гэлээ ч
Мөр бүхэн нь “Бурхан”-ы гараар бичигдсэн
Онгодын шүлэг эмзэг яруу зохиролтой
Оддын гялбаа эрдэнэсийн шигтгээнд цогцостой” /Онгодын шүлэг, 1982/ (1987:200) хэмээн бичсэн юм. Тиймээс “Хэлцэшгүй, хүлцэшгүй олон зантай орчлон дээр
Хэн нь надад өөрийнхөө онгод сэрлийг үлдээсэн юм бол?” (Найрагчийн тавилан, 1978) хэмээн эргэцүүлж,
“Эрхэс тэнгэрийн аль нэг зайнаас дээдсийн сүнс намайг харж байгаад итгэдэг
Энэхүү уужим газар дэлхий дээр гагцхүү Монголдоо төрсөн заяандаа биширдэг” (2005:191) хэмээн өөрийн амьдралын тухай, барцад, саадтай тулгарснаа шүлэглэн бичсэн байдаг. Тэрбээр өөрийгөө Түшээт ламын сүнс гэдэгт баттай итгэдэг байсан нь энэхүү зөн совин, далд сэрэхүйн туршлагыг нь илтгэхийн зэрэгцээ шүтлэг бишрэл, зам мөрийг нь ч бататгадаг билээ. Тиймээс ч зохиолчдын “сан” тавигч лам багш байсан хэмээдэг нь “аз заяаг нь адистэдлэж шившиж дурсгав” хэмээн бичиж, гарын үсэгтэй номоо дурсгадаг байсантай нь мөн холбоотой санагддаг.

Гурав. Тэнгэрийн дуудал
Түүний уран бүтээлийг тэнгэрлэг ба тэнгэрлэг бус үе гэж хоёр ангилж болох бөгөөд дотор нь онгод тэнгэрээ дуудсан үе буюу уран бүтээлийн эхэн (1959–1969), оргил үе буюу Москвад суралцсан (1979–1989), орчлонгийн зүй тогтлыг эргэцүүлсэн (1999–2009) нь гэсэн гурван мөчлөгт ангилан авч үзэж болохоор юм. 1980-аад оны үед М.Горькийн нэрэмжит сургуульд суралцан ахуйдаа
“Онгодын цагт би “Тэнгэрийн” харьяат!
Омогдуу бодлоороо орчлонг дэнсэлж
Оргилуун хүслээрээ одонд хүрч
Увидаст сэрлийн үзүүрийг атган
Ухааныхаа оргилд зогсож байдаг
Онгодын цагт би “Тэнгэрийн” харьяат!” /1979/ (1980:29) хэмээн бичихдээ дан уран бүтээлч сэтгэхүйн тухай буюу амьдралаас тасарсан хоосон цэцэрхэл бус бодит амьдралтай нийцүүлэн туурвисан болох нь
“Өглөөгүүр би ертөнцийн харьяат
Үдшээр би гэргийнхээ харьяат” гэсэн мөрүүдээс тодордог. Улмаар
“Үгүй! тэмцэлгүй ая засан амьдарч чадахгүй
Үгүй, тэнгэргүй аргаа баран сажилж чадахгүй” (Үгүй, 1979) хэмээн амьдралын зам мөр болон уран бүтээлийн зарчмаа тунхаглаж,
“Гүүн зэл шиг сунайсан тэнгэрийн цагаан заадлаар
Алдуурсан унага мэт одон харваж эрхэс анивчихыг…” гэх буюу “тэнгэрийн гал улаан дэвсгэр дээр” (Шүлэгчийн заяа, 1981) гэх зэргээр тэнгэр эрхэсийн зүйрлэлт өгүүлэмж, дүрслэлээ баяжуулсаар байв. Энэ мэт онгодоор бичсэн мөрүүд нь тэнгэрээс зуралзсан мэт сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд энэхүү “тэнгэрлэг үе”- ийн онгодын цацлаа “Хөх тэнгэрийн хур” (1980) болгон асгахдаа
“Мөнх нарны гэрлийг хааж ой ойгоо бүү далдлаасай гэж
Мөчрөө дээш сарвайн модод тэнгэрт залбирдаг” (1981) гэж уран сэтгэмжийн үүднээс тайлбарлах юм уу, нутгаа санахдаа
“Хуйтай шилбүүрээрээ тэнгэрийн оддыг тоолсон
Хурц бага нас минь саяных биш өнийх” (Авдарын уулс цэнхэртэнэ, 1980) байснаа дуртгаж “Хаврын шувууд дуулалдсаар ирэх дорнын тэнгэр дороос” гэх мэтээр тэнгэрийн өнгө, зүг чиг, ааш араншин гээд олон талаас нь нээхийг эрмэлзэж эхлэсэн юм. Түүнчлэн оюун санааны тэнгэр буюу хүсэл мөрөөдөл, зүүдний өгүүлэмж энэхүү сэдэв санаатай холбогдоно. Үүнд
“Сэтгэлийн ганц амраг минь
Гурван зуун жар хоногийн цаана сууна
Сэмхнээ түүнд очьё гэтэл
Зүүднээс өөр морьгүй” (1979) гэсэн шүүрс алдалт бол яруу найргийн дээд түвшинд бичигдсэн урлал бөгөөд тэнгэрийн зүүдэндээ мориноос өөр уналга үгүй байдлыг хүслээр болдогүй хорвоо, түүний орон зай, цаг хугацаа, боломж нөхцлийг яруу сайхнаар нээсэн утгын ур болсон юм.
Тиймээс “Би тэнгэрийн хүү” шүлэгт үндсэн санаагаа улиглан давтаж уянгын баатрыг магтан дөвийлгөх бус хүн болгон тэнгэр заяат юм, хөрстийн амьдралд монгол газрын хүү болж эрээнтэй бараантай амьдралыг таниад буцдаг гэсэн санааг уянгын хэл, уран санаагаар эгшиглүүлж чадсан байна. Тухайлбал
“Сэрлийнхээ сувгаар хурмастын өргөөтэй харьцдаг байсан
Сэтгэлийнхээ рашаанаас найраг болгон нэрж хүмүүст амсуулсан
Нэг нь амтархан шимж байхад
Нөгөө нь аягалан тамшаалж байсан
Аанай бас тургиж ч байсан, алинд нь ч би гомдоогүй” гэж дээрээс харж бичихдээ шүлгийн байгууламж нэгэн хэмнэлээр бус чөлөөт хэлбэрээр урссанаараа содонсдог. Ингэхдээ
“Би тэнгэрийн хүү
Та нарын дунд ирсэн юм
Тэнгэр эцгийнхээ зүүрмэглэх зуур
Газар дэлхий дээр ирсэн юм
Сэрэхтэй нь зэрэг явна” хэмээгээд газрын охинтой гэрлэж уулс түшиж, туульс хайлсан энэхэн чөлөөгөө морин толгойтой хуураар аялгуулан хүүрнэхдээ
“Гантиг чулуу минь чи
Ганцхан энэ мөрийг минь
Гайгүй сайн тогтоож аваарай” (1979.12.14) гэж өнө хойчийн үе, өнөөдрийг зөгнөн бичиж захин гэрээслэсэн болох нь тод байна.
“Газрынхан минь ээ, хүмүүс минь ээ та нар
Намайг явахын цагт
Энэ морин толгойтой хуураа л өгөөрэй
Үүгээр чинь би тэнгэр эцгээ
Уяруулан хайлуулан дуу дуулна
Үүлэн тансаг хур болон ивэлж
Үргэлжид тэгвэл нь та нарыг ивээнэ” хэмээн яруу сэтгэн зохиомжилсон эл шүлэг ЗХУ-д анх хэвлэгдсэн түүхтэй. Харин гучин жилийн дараа буюу эрдэмтэн Л.Хүрэлбаатар “…Ийм санааны санамсаргүй үр хаягдал нь “Мунхгийн хор шингээсэн хорголжин хар нүднээс нь мугалзуур эвэртэй үхэрт олиулан бэртэж явсан” гэдэг үгийг хэлүүлэхэд хүргэж, үнэхээр тэнгэрийн ариун хөвгүүн газрын баг идээнд ирж, “хиртэж”, “бэртэж”, тэр ч атугай “Сэтгэлийнхээ рашаанаас найраг болгон нэрж хүмүүст амсуулсан. Нэг нь амтархан шимж байхад нөгөө нь аягалан тамшаалж байсан, аанай бас тургиж ч байсан, алинд нь ч би гомдоогүй” гэж тэнгэрийн жаргалыг газрын зовлонд мөргөлдүүлж бясалган шүүмжлэх санааны хүчийг нэмэн ахиулах бүр тэнгэрийн хөвүүний бус газрын хөвүүний дүр байдалд санаа хэлбэрэн шилжиж, нэрийдсэн үгсийн доогуур нууж орхисон жинхэнэ өгүүлэх утгын дэлбээ цомог нэг нэгээр задран нээгдэж байна. Энэ бол тэнгэрийн үүднээс газрыг бус, газрын үүднээс тэнгэрийг харж, тэнгэрийн хөвүүнээр газрын хүнийг нээж, санаагаар чимж урнаар дүрсэлсэн бясалгалын ур болно” (Л.Хүрэлбаатар, 2009:243) хэмээн дүгнэн тодорхойлсон билээ.
Монголчуудын хувьд “…дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ- чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж…” гэсэн домоглол бүхий МНТ-ы эхлэл бий. Энэхүү үзэл, сэтгэмж нэн эртнийх болохыг НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн, эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж буй “Энх амгалангийн гэрээ” (дайн самууны үед шинжлэх ухаан, шашин, урлаг соёлын дурсгалт зүйлсийг хөндөх, сүйтгэх ёсгүй)-ний бэлгэдэл “Энх амгалангийн туг” нь гурван цагариг дүрстэй ажээ. Уг дүрсийг монгол нүүдэлчдийн бүтээсэн онгин тамганаас санаа авч, урласан гэдэг. Ийм онгин тамганы эрт үеийн олдвор нь чулуун дээр сийлсэн гурван онгин тамга бөгөөд энэ нь цаг хугацааны хувьд шинэ чулуун зэвсгийн (Неолитийн) үед хамаардаг байна. Онгин гэдэг үг нь “дугуй”, “цагариг” гэсэн утгатай ба уугуул санаа нь хүмүүн, тэнгэр, газар гурвыг бэлгэдсэн ажээ. Өөрөөр хэлбэл тэр үеийн хүмүүс тэнгэр, газраа “Эцэг тэнгэр”, “Эх газар” гэж шүтэн биширдэг, Тэнгэр эцэг, Газар эхийн хүүхдийг нь “Хүмүүн” гэж дээдлэн үздэг, улмаар энэхүү үзлээ бэлгэдэж, чулуун дээр ийн дүрсэлсэн бололтой байдаг. Чингэж “Тэнгэр”, “Газар”, “Хүмүүн” гурав хоорондоо хүйн холбоотой, нэг нь нөгөөгүйгээр үл оршино” гэсэн гүн ухааныг анх Монгол нутагт аж төрж байсан чулуун зэвсгийн үеийнхэн, нүүдлийн соёл иргэншил анх нээжээ.

Энх амгалангийн туг
Онгин тамга, Энх амгалангийн туг

Улмаар энэхүү сэтгэлгээгээ
“Хүмүүн, тэнгэр, газар гурвын
Хүч, сүлд, буян хишгийг
Хүрэн ирүүлж бидэн дор
Хүслээр өгөн соёрх оо” (“Галын ерөөлийн судар оршвой”) хэмээн бөөгийн зан үйлд шүлэглэн үлдээжээ. Энэ нь хоорондын хийгээд Хүмүүн нь хүчээр, Тэнгэр нь сүлдээр, Газар нь буян хишгээр ивгээж, энэ гурвын төгс зохилдолгоор иргэншил, нийгэм нь оршин тогтнох буюу хэрэв нэг нь үгүй бол нөгөө нь байхгүй гэсэн деалектик холбоо, шүтэн барилдлагыг илтгэж буйгаараа байгаль экологиийн асуудлыг давхар хөнддөг юм. “Гэтэл эдүгээ газар доорх баялгаас ашиг олохыг, баялгаа хайр найргүй олборлож, тулгуур гурван хүчин зүйлийнхээ тэнцвэрийг алдуулаад байна. Үүнийг ухаарч таньсан нь эртний нүүдэлчдийн мэргэн, гүн ухаан” (Ш.Бира, Уран зохиол нэвтэрхий толь 2012:314) билээ.
Харин Ш.Сүрэнжав ардын зохиолчийн хувьд “Би тэнгэрийн хүү”, “Тэнгэрийн харьяат”, “Тэнгэрийн дуу шиг ч болоосой”, “Модод тэнгэрт залбирдаг” (1980) шүлгүүдээ энэ л үеүдэд бичихийн зэрэгцээ “Тэнгэрийн зүүдний хүн” найраглалаа Р.Чойномд уншиж явсан байна. Энэ үед бичсэн бусад бүтээлүүд нь өөр сэдэв, нэртэй ч энэхүү санаа, агуулгыг гүнзгийрүүлсээр байсан жишээ цөөнгүй бий. Үүний нэг нь “Монголын сайхан орон” (1982) сонет цэцгэн эрхи бөгөөд
“…Нарны алтан дуулгыг тэргүүндээ өмссөн уулс
Намайг ч элээгээд үлдэх тэнгэрийн заяат нутаг
Сансарт ниссэн Монголыг нүдээр үзсэн заяа
Сарны доорх хорвоод шүлэгч болсон хувь” хэмээн бичсэнд түүний яруу найргийн ертөнц, сэдэв, үзэл санаа тэр чигтээ багтсан гэж болно.

Дөрөв. Дэлхийн утга зохиол дахь тэнгэр нарын домоглол
Эртний Грек, Ромын утга зохиолд энэхүү тэнгэрийн тухай дүр, дүрслэл эртний уламжлалтай болох нь алдарт Вергел НТӨ (70–19)-ийн “Энейн дуулал”-д Афродита, Венера (Хайр сэтгэлийн охин тэнгэр), Кронос, Сатури (Цаг хугацааны тэнгэр), Пан, Фавн (Мал сүрэг, ойн тэнгэр), Зевс, Юпитер (Хамгийг мэдэгч дээд тэнгэр) гэсэн 33 тэнгэр нар (Ш.Одонтөр, 2016:403- 404) тодорхой бэлгэдэл, дүрт сэтгэмжийн үүднээс дүрслэгдсэн байдаг билээ. Мөн сэргэн мандалтын үеийн Италийн аугаа их яруу найрагч А.Данте (1265–1321)-гийн “Там”, “Ариутгалын орчлон”, “Диваажин” гэсэн 3 бүлэг (хэсэг) 14200 гаруй шад шүлэгээс бүрдэх “Тэнгэрлэг туульс” (1307–1321) хэмээх XIV зууны Италийн нийгмийн амьдралын толь болсон бүтээл бий бол эдүгээ цагт өрнөдийн утга зохиолд Л.Хюбард “Тэнгэр дэх бичгийн машин” (Typewriter in the Sky by L. Ron Hubbard, 1940), С.Грэй “Догшин хөх тэнгэр” (Shirley Ann Grau The Hard Blue Sky 1958, 480 pages), К.Хоффман “Алд тэнгэр” (A Fistful of Sky by Nina Kiriki Hoffman, 2002), Америкийн зохиолч М.Сулливаний “Час улаан тэнгэрийн дор” (Mark Sullivan Beneath a Scarlet Sky, 2017, 526 pages), Э.Монжийн “Бүүдгэр тэнгэр” (The Arid Sky by Emiliano Monge, 2018, 209 pages) романуудыг нэрлэж болно. Мөн Н.Крэйс “Ил цагаан хулгай” (Steal Across the Sky by Nan- cy Kress, 2011) сэтгэхүйн роман (a speculative fiction novel), М.Дийн “Шөнийн уудам тэнгэр” (The Wide Night Sky by Matt Dean, 2015, 230 pages), Америкийн зохиолч К.Броуны “Бүүвэйн дуутай тэнгэр” (The Lullaby Sky by Carolyn Brown, 2016, 302 pag- es), Ж.Бойне “Диваажинд хүрэх зам” (A Ladder to the Sky by John Boyne, 2018, 368 pages) шинэ цагийн хүүрнэл (contemporary fic- tion), Р.Фресан “Тэнгэрийн хаяа” (The Bottom of the Sky by Rodri- go Fresбn 2018. 266 pages) зөгнөлт зохиол зэрэг нь эл чиглэлээр сүүлийн үед түлхүү бичигдэж байгааг илтгэх бөгөөд сэдвийн хувьд өргөн утга, агуулгатай, аль ч төрөл зүйлийн хувьд гүн санаа агуулах багтаамжтайг нь илтгэж буй юм. Ийнхүү өрнөдийн утга зохиолд тэнгэрээс илүүтэй “бурханы, диваажингийн хүү” гэсэн ойлголт түгээмэл буй нь диваажин нь хүн төрөлхтний шашин, шүтлэгийн эртний, түгээмэл ухагдахуунтай холбоотой үзэл юм. Иймд “тэнгэрийн хүү” /Son of heaven буюу Tian Zi (Literary Chinese term : 天子; pinyin:)/ гэсэн ойлголтыг “бурханы хүү” гэсэн ухагдахуунаас ялгаж авч үзэх нь зүйтэй бөгөөд тэнгэрийн зарлиг (Mandate of Heaven) гэсэн улс төрийн болон оюун санааны номлол дээр үндэслэгдэн бий болж дорно дахины бусад улс, үндэстнүүдэд тархсан (Ebrey 2010:179) гэж бичжээ. Өөрөөр хэлэхэд
1. “Тэнгэрийн хүү” нь Хятадын Жоу /НТӨ 1046–771 он/ угсаа залгамжлалын Ву хааны цол хэргэм байсан бөгөөд дараагийн эзэн хаанд уламжлагдсан,
2. Tengeri Qaghan (“Tenger Khan” /“Heavenly Qaghan” буюу Tian Khehan, Celestial Khagan, Tengri Khan (Chinese:天可汗; pinyin:/ нь Тан улсын Тайзун Эзэн хаан Түрэг угсаатны нүүдэлчидтэй тулалдан энэхүү цолыг хүртсэн (Liu, 1997:79) гэж түүхэнд тэмдэглэгдсэн. Улмаар философийн томоохон ойлголт (ялангуяа Күнзийн шашинд) болон гүнзгийрсэн гэсэн бол өрнө дахинд “Тэнгэрийн хөвгүүд” (The Sons of Heaven by Kage Baker) гэсэн шинжлэх ухааны уран зөгнөлт романыг Америкийн зохиолч К.Бакер 2007 онд бичсэн бол Английн зохиолч Д.Вингров мөн “Тэнгэрийн хүү” (Son of Heaven by David Wingrove) 2085 оны үйл явдал бүхий (Chung Kuo Recast, 2011) зөгнөлт зохиол бичжээ. Үүнээс өөрөөр “тэнгэрийн хүү” гэсэн агуулгыг илтгэсэн нэрийтгэл, ухагдахуун, зохиол бүтээл ховор юм. Ялангуяа уянгын би баатрыг бүтээж өөрийн хүсэл зорилго, амьдралын утга учраа тунхагласан бардам шүлэг найраг огт үгүй бөгөөд гагцхүү тэнгэрт, диваажин зорьсон үр хүүхдээ үгүйлсэн буюу харууслын аястай шүлэг, зохиол цахим орчинд ажиглагдаж байна. Харин дорно дахины, ялангуяа Хятадын эртний “тэнгэр” утгыг илтгэх ханз үсэг нь хүний дүрстэй байсан нь бидний судалгаанд анхаарал татаж буй юм.

Chinese Zhou Dynasty Oracle script for Tian, the char- acter for “heaven” or “sky” (wikipedia) гэсэн тайлбар нь Жоу залгамжлалын үе буюу НТӨ II мянганы сүүл үеийн далны ясан дээрээс олдсон “мэргэ үсэг” гэсэн утгатай байна.
Харин Хятадын Шань залгамжлалын Эзэн хааны тэнгэрийн зарлиг буюу “Тэнгэр”гэсэн ханз ийм хэлбэртэй байжээ. “Emperor of China Shang dynasty Mandate of Heaven Tian” (uihere.com).

(The Chinese term for “heaven”, Tian in nowadays)
Өнөө цагт ийм хэлбэрээр төлөвшин тогтсон бөгөөд тэнгэр, газар, хүн гэсэн “ертөнцийн гурвал” ойлголтыг бий болгосныг харж болоохор байна.
The Japanese character for “heaven”, Ten
Эдгэээс үзвэл Tэнгэр гэсэн ханз бидний олж үзсэн байдлаар дорно дахины арт түмэн, ялангуяа Япон, Хятад, Солонгос хэлэнд ижил дүрс хэлбэртэй байгаа нь бие биедээ уламжлагдсан талтай ч хүний дүрс байдлыг хадгалж үлдсэнээрээ энэхүү судалгаанд сонирхол татаж байна. Өөрөөр хэлэхэд “тэнгэр” гэсэн ханз “Тэн” (Япон), “Тиан” (Хятад), “Хань Юл” (Солонгос) гэсэн дуудлагаар байх нь Монгол-Япон хэлний үгийн гарал төсөөтэй байх төдийгүй Солонгос хэлэнд ард нь хүний (хүү) дүрс бүхий ханз нэмэгдэж “маш том” (уудам, хязгааргүй), “Ханыль” ханз хоёр дараалж бичигдэхээрээ хүмүүний өдөр тутмын амьдралд бууж ирсэн маягтай буюу “өдөр бүр” гэсэн утгыг илтгэж буй нь бас нэгэн анхаарал татам ажиглалт болж байна.
天 大 means “extremely big” (jreidy17wordpress.com).

The Korean term for “ sky, heaven”, Haneul
When you put two together 天天, you get ‘every day’.
Харин монголчуудын хувьд Лувсандандарваанчиг (1776–1827)-ийн “Тэнгэрийн дурдатгал” гэх мэт уламжлалт хөрс цөөнгүй ч эл сэдвээр профессор Л.Хүрэлбаатар тусгайлан судалсан тул Ш.Сүрэнжавын бүтээлээр дагнан авч үзэх шаардлагыг үүтгэсэн билээ.

Тав. Төгсгөл үеийн цацал
Ийнхүү шүлэг зохиол нь онгодын зарлиг, тэнгэрийн сунтагаар бичигдэж байсан бол хувь заяа нь тэнгэрийн тааллаар зурагдаж байсныг олон ч осол осол эндлээс санаандгүй атлаа “санаатай” зөрж монголын уран зохиол, уран сайхны сэтгэлгээнд жинтэй бүтээлүүдээ туурвин үлдээсэн нь бататгана. Өөрөөр хэлэхэд тэнгэрлэг найрагчийн “үзүүлэлт”-ийн нэг бол сургаалийн санаа байдаг. Дээд тэнгэрт хандаж
“Тэнгэрээ! Чи яагаад мөнхийн дув дуугүй ширтэнэ вэ?
-Тэнэгүүдийг хараад хэлэх үг олддоггүйдээн тэр” (2007:2) хэмээн “харилцан ярилцах” буюу
“Тэнгэрийн царай уйтай бүүдийхэд
Сэтгэлийн толь гунигтай цайвалзана
Асгарт тогтсон хар шалбааг
Ариун тэнгэрийн дүрийг гутаана” (2009:69) гэх мэтээр 2005- 2010 оны үед бясалгалын аястай бичиж байв. Өөрөөр хэлэхэд “Хөх тэнгэр энэ бүгдийг дув дуугүй ширтэнэ” гэж алив юмсын хөгжил хөдөлгөөн, мандал буурал, эхлэл төгсгөлтэй холбон гүн ухааны мөн чанар, танилтаар хандаж дэвшүүлэхдээ
“Саарал саарал тэнгэрийг
Саатай цэнхэрээр нь харна
Сайнтай муутай хорвоог
Санаа бодолтой нь харна” (2006) гэх мэтээр алив зүйлийг өнгөн талаас бус гүнд нь нэвтэрч шинжлэх тухайтад өгүүлжээ. Нэг ёсондоо
“Харанхуй тэнгэрт од болж гялалзах юутай онц
Харанхуй улсын дунд мэргэн болж тодрох юутай ганц” (Гурван мөртийн хураангуй) (2009:69) гэх мэтээр ертөнцийн зүй тогтлыг танин барьсан их ухаан, үгийн цэцээр нийгмийн араншин, түүний бусармаг үйлдэл, будангуй цаг үеийг шүүмжлэн тэмдэглэсэн нь илт байна. Тийм ч учраас
“Тэнгэрийн шувуухай чи хаахна суугаад намайг харж байна вэ?
Тэндээс миний төрх чиний нүдээр харвал ямар шиг үзэгдэнэ вэ?
Хоёулаа байраа соливол чамд ямар санагдана вэ?
Хоёр хөлт хүний энэ суудал тэнгэрийн хавцгайд чинь таарах болов уу?” (Монгол рубай) хэмээн бичсэн нь гагц тэнгэрт хандах бус тэндэхийн шувуутай “санал солилцсон” яруу асуулт, уран хандлаар зохиомжилсон нь Д.Нацагдоржийн “Од” шүлгийн өгүүлэмж бүхий содон шинэтгэлийн нэг болсон юм.
Доктор Д.Дэнсмаа түүний шүлгийн нэр ихэвчлэн жинхэнэ нэрээр нэрлэгдсэн (Сүүдэр, Цэндээ, Үг, Нэр, Нас, Хайгуулчин, Бүсгүйчүүд, Оюутан, Багш, Гар гэх мэт) онцлогтой байдаг (2009:77)-ийг тэмдэглэсэн нь сонирхолтой бөгөөд “тэнгэр” гэсэн оноосон нэр бүхий шүлэг зохиол үгүй ч онгод сэрэхүйн ихэнх найрагт нь тэнгэрийн үзэл сэтгэмж түгээмэл болох нь бидний судалгаагаар улам тодорч байна.

Зургаа. “Тэнгэр”-ийн зүйрлэл
Монголчууд тэнгэртэй холбоотой хэллэг олныг хэрэглэдэг нь “Тэнгэртэй эр”, “эмийн тэнгэр”, “тэнгэрийн умдаг атгах”, “тэнгэрт гарах”, “тэнгэрт тулах”, “тэнгэрээс унасан мэт”, “тэнгэрээс од шүүрэх”, “тэнгэрийн оройгоор”, “тэнгэрт тултал магтах” хэмээн өргөмжлөн зүйрлэдгээс илт бөгөөд эсрэг санаагаа “тэнгэр нь хаях”, “тэнгэр болох”, “тэнгэрт халих” гэх зэргийн хэлц үг үүсгэн ярилцаж ирсэн нь гэрчилдэг. Улмаар “тэнгэр газар хоёр шиг”, “тэнгэр газар нийлэх” гэх мэт адилтгах, сөргүүлэх ур маягаа жишин өгүүлсэн шууд болон шилжүүлсэн утгатай хэлц үг олныг бүтээж ирсэн юм. Энэхүү уламжлалыг яруу найрагч Ш.Сүрэнжав уран сайхнаар баяжуулан шинэчлэхдээ
“Хүний нүүр рүү ойртож харах гэхдээ
Хөх тэнгэрээс нар бууж ирээд
Цэцгэн дээр суудаг цаг
Зун” гэсэн цаг хугацаа, улирлын дүрслэл болоод “Цаг, харанхуй тэнгэрт галт мод болон мөчирлөж, аянга-цахилгаан болон ярсхийж, хур болон шаагиж, дуун болон алсалж, сансрын хөлгийн зам болон зуралзаж, оддын орон зайнаас сарны туяагаар хөллөн бууж ирдэг үлэмжийн увидастан юм” (Цагийн тухай бодол, 1981) гэсэн тэмдэглэл нь огторгуйн юмс үзэгдэл, хэмжээсээр цаг хугацааны орон зайг илэрхийлсэн уран санаа болох нь илт байна. Өөрөөр хэлэхэд Ш.Сүрэнжав найрагч улирал, цаг хугацаа, бүсгүй хүн, хүмүүний зан араншин, тухайн цаг үеийн бодол санаа зэрэг амьтай, амьгүй олон зүйлсийг тэнгэр, эрхэстэй адилтган зүйрлэсэн нь нийтлэг аж. Тухайлбал
“Тэр дундаас нэгэн ялдам бүсгүй
Тэнгэрийн сар шиг гэрэлтэж, харцанд нь од гялбана” (Дэвжээ минь хаана байна?),
“Алчуурын дороос сар гэрэлтлээ
Аниргүй шөнийн од гялалзлаа
Тэр бүсгүйн царай, нүд хоёр
Тэнгэрээс заримдаа тэгж харагддаг” гэж зүйрлэлт боломжинд шинэ өнгө аяс, шинэлэг туршилт нэвтрүүлэхийн зэрэгцээ тэнгэрээс тольдон харж буй уянгын би баатрыг бүтээсэн юм. Түүнчлэн “Уул талын дуулал” шүлэг нь “Тэнгэрийн гоо дагинас үлгэрийн далайд буух шиг”, “Дандаа үүлгүй тэнгэр шиг сайхан бүсгүй нь мишээх юм” (2002:18–20) гэсэн зүйрлэлүүдтэй бол
“Сэтгэлийн минь хамгийн хүндэт суудалд тэр заларч
Тэнгэрийн хаяанаас сартай цуг үдшээр гэрэлтэж
Дэрэн дээр минь цэцэг дэлгэрүүлэн амгаланаа нойрсож
Өглөө надтай хөтлөлцөн гэрээс гарахдаа
Эргэж харан босгон дээрээс мишээдэг юм” (Гэргийдээ, 1979) гэж хажуудаа буй гэргийгээ тэнгэрийн хаяанаас сартай цуг гэрэлтэж буйгаар орон цагийн өөр бодомжинд аваачиж шилжүүлэн сэтгэсэн зохиомж, уран дүрслэлийн ур маяг бас бий. Энэ мэт зүйрлэлт дүрслэлүүдээс дурдвал: “Бошигт тэнгэрийн таалалд нийцэм бүсгүйчүүл”, “тэнгэрийн тана мэт” (Оддын хотхон), “тэнгэрээс буусан цагаан суварга” (Таж махал), “гүн шөнийн тэнгэрийн заадас шиг хот минь ярайж” (Долоогийн дууль), “тэнгэр мэт хөх торгон дээл” (Үерхэж явсан нэг голын хүүхнүүд), “хүйлэн хөх тэнгэр” (Намрын зураг), “тэнгэрийн мөнгөн шат” (үүлийг), “зан сайтай зуны тэнгэр шиг” (Шөнө ургасан цэцэг) зэрэг болно. Тэрбээр “тэнгэрийн цагаан хүлэг газраас дээш цойлох шиг…”, “тэнгэрийн цагаан хүлгээр би чамдаа очиж байна” (Би чамдаа очиж явна), “тэнгэрийн хөлгийн залуурыг гараараа барина” (Гар) гэх зэргээр зүйрлэн бичсэн нь энгийн, тодорхой дүрслэл мэт харагдавч хүмүүн төрөлхтний сансрыг эзэгнэж, огторгуйн уудамд дүүлэн нисэж эхлэсэн гайхамшигт үйл явдлыг бахархсан сэтгэлийн дуулал нь юм. Учир нь тэрбээр сансрын нисгэгч Герман Титовын нэвтрүүлгийн хөтлөлт (Ч.Чимид)-ийг харан гайхаж, улмаар монгол хүн анх сансарт ниссэн үйл явдлыг цэнхэр дэлгэцээр шууд хөтлөсөн түүхтэй бөгөөд эдгээр үйл явдлаас хойш энэхүү зүйрлэлт өгүүлэмжид “дуртай” болсон нь анзаарагддаг.

Долоо. Тэнгэрийн дүр, дүрслэл
Ш.Сүрэнжав найрагч тэнгэрийн тухай дүрслэн бичсээр “тэнгэр үзэл” буюу нэгэн цогц хэлбэрээр бүтээгдэх болсныг тэнгэрийн тухай дүрт сэтгэмж үүсгэснээс харж болох юм. “Хөшөө ярих цагаар” (2004) найраглалдаа
“Шанзны хоршоон, дарсны ааг хоёр
Шаналсан зүрхийг чинь гэв гэнэтхэн сэргээвч
Шалбаагт туссан тэнгэрийн дүртэй цуг
Шальдар булдар цагийн салхинд дайвалзаж үзсэн үү” (Д.Нацагдорж танаа) хэмээн их зохиолчийн гундаж явсан үеийг “шалбаагт туссан тэнгэрийн дүр” болгон утга шилжүүлэхдээ “гэгээн шүтээн тэнгэр бурханд дөтлүүлж” хэмээн сайн муу, сайхан муухай эсрэгцлийн туйл болгон харшуулсан өвөрмөц эрэл бас бий. Энэхүү “Шалбаагт туссан дүр” эртний уламжлалтай буюу нэг бус удаа тэмдэглэгдсэн болох нь
“Шарвалзан эрхлэх гөлөгний
Аашийг аваагүй болохоор
Шалбаагт тусах тэнгэрийн
Авирыг дагах хэцүү юм”/Даргадаа загнуулахдаа бичсэн шүлэг, 1969/ (1991:3) гэснээс тодорхой болж байна. Ийнхүү байгалийн сайхныг “тэнгэр газар цэнхэртээд” гэх буюу “тэнгэрийн цагаан заадас” (Найрагчийн тавилан), “хүний муу, тэнгэрийн муухай арилах” (Энэлэхүй), “тэнгэрт дархлах” (Гар), “тэнгэрийн хаяаг сөхөн байж Хималайн барааг харлаа” (Хималай), “зэсэн улаан тэнгэрийн хаяагаар шургах”, “тэнгэрийн хаяанд шургах” (Нар шингэдэггүй юм) гэсэн ойлголт, дүрслэлүүд бий. Түүнчлэн “Тэнгэр баганадсан Алтай”, “тэнгэр мөрлөсөн сүрлэг уулс”, “тэнгэр өрөмдсөн шовх барилга”, “тэнгэр баганадсан оргил” гэсэн тодотголуудаас гадна “бүрхэг голдуу харийн тэнгэр”, нутгийн “цэлмэг тэнгэр”, “одод яралзах тэнгэр”, “зүйдэлгүй тэнгэр”, “зүмбэр алтан наран тэнгэрийн хаяаг өргөсөөр” гэх мэт тодотголт дүрслэлүүд ажиглагддаг. Мөн “нигүүлсэхүйн тэнгэр”, “азын цолмон гийсэн тэнгэртэй жил” (2004:16), “тэнгэрийн заяат нутаг” (Сонет цэцгэн эрхи), “үзэмж гоогийн тэнгэр” (Чи бидэн хоёр) гэх мэт утга шилжүүлсэн уран дүрслэл цөөнгүй байна.

Найм. Тэнгэрлэг санаа, уран хандал
“Цас бурганаж харанхуй болох дөхжээ” (2004:84) гэх мэтээр хэл найруулга, үгийн сонголтын хувьд уламжлалт хэллэгээс сонгохын зэрэгцээ “тэнгэр газар”, “тэнгэр, тэнгис”-ийг сөргүүлэн дүрсэлж санаагаа гүнгийрүүлдэг онцлогтой байна. Тухайлбал “Заримдаа цагаан цаас шиг сэтгэл цулгуй өдөр байдаг. Тийм өдөр газар, тэнгэр хоёр гараа алдлан хоёр тийшээ уначихаад хоорондох зайд нь халдаж, завсар нь би цэгийн төдий бүртийж, цагийн мананд живдэг” (Гэнэтийн сэтгэл, 1979) гэсэн тэмдэглэл бий нь тэнгэр бол түүний үзэл санааны хамгийн дээд эрхэмнэл байсныг илтгэдэг. Тиймээс бүсгүй хүний гоо сайхныг “ариун дээдийн манлай тэнгэрийн гоо дагина” /Гэгээрч байж үнэнийг олох/ (1991:6),
“Урд уулын хөхөө нь
Уян сэтгэлийн эгшиг байна
Учиртай төрсөн чи миь
Уран гоогийн тэнгэр байна” (Ханьсан жаргах зүрх) гэх буюу үсийг нь “Зулайг нь гоодох тэнгэрийн заадас” гэх мэтчилэн өргөмжлөн дээдэлж зүйрлэн тодотгосон нь цөөнгүй байна.

Тэрчлэн
“Наддаа чи хураар дэлбээлсэн цэцэг
Чамдаа би нараар мишээсэн тэнгэр” (Чи бидэн хоёр) гэх зэргээр үзэсгэлэн гоогийн болон үргэлжид ивээгч “тэнгэр” болгон алдаршуулжээ.
“Асар уудам тэнгэрийнхээ доор
Амар дагшин жаргалынхаа доор” (Гар) болон
“Аягант нүүрэнтэй тал
Аялгуу найргийн тэнгэр” (2004:93) хэмээн их зохиолчийн төрсөн газар орныг эрхэмлэн дээдлэхдээ энэхүү өргөмж үгээ сонгосон бол
“Ухааран ойлгож гэмээнэ амьдрал
Гэгээн тэнгэр, соёрхолт нар юм” (Лермонтов, 1980) хэмээн зүйрлэж тэнгэр, нар л үнэний гэрч, цагийн шалгуур болохыг тэмдэглэсэн зэргийг онцлон авч үзэхээс өөр аргагүй байна.
“Хан тэнгэр минь чиний өнгө цэнхэр байдаг чинь
Хадагны минь туяа чам дээр туссан байх нь ээ
Хөвөлзүүр үүл минь чиний өнгө цагаан байдаг чинь
Хөөрүүлсэн сүүний минь цацал чам дээр дуссан байх нь ээ”
/Сэтгэлийн бадгууд/ (1963:33) гэсэнд монгол ахуй, ёс заншлын үүднээс тайлбарласан ур маяг болох нь илт юм.

Ес. Дүрийн урлал
“Тэнэг хүний ганц үг
Тэнгэрээс унах солир юм даа” (1993) гэх юмуу
“Гэгээрч байж үнэнийг олох гэгч
Гишгүүр нь дээшээ өгссөн
Тэнгэрийн шат шиг бодогдном” (1991:6) хэмээн эсрэг тэсрэг санааг зүйрлэн өгүүлж тухайн дүрийн зан төлөвийг тодотгосон нь ажиглагддаг. Мөн түүнчлэн
“Үнэгчлэн нойрсох бяцхан хүүхдийн зулай дээр
Өнөөдрийн тэнгэр алтан нараа тавьж байна” (Сонет цэцгэн эрхи) гэсэнд хиргүй тунгалаг хүүхэд багачууд болон сэтгэл сайтай хэн бүхнийг үйлсийн тэнгэр нь ивгээж, үнэний зам мөрийг нь гэрэлтүүлж байдгийг “нээсэн” учирлал юм. Өөрөөр хэлэхэд дүрийн зан төлөв, ааш араншин, үзэл бодлыг тэнгэрийн өнгөтэй адилтган урлахдаа “хүүхдийн тэнгэр” гэсэн дүрт сэтгэмж бий болгосон нь
“Тэр цагт хүүхдийн нүдээр харсан
Хүүхдийн тэнгэр л
Бидний дээр байсан юм” (Хэзээ нэгэн цагт бид хүүхэд байсан юм) гэсэн чөлөөт шүлэгт тэнгэрийн нас буюу цаг хугацаа, орон зайн асуудлыг хөндсөн хэмээн үзүүштэй байна.
Тэгвэл “Долоогийн дууль” (1989)-даа
“Янжмаа гэдэг нэр
Янжинлхам хэмээх
Ятга эгшгийн тэнгэр бус…,
…Үлгэрийн нууранд буусан
Тэнгэрийн гоо дагина бус” (Д.Пүрэвдорж, 1991:261) хэмээн Сүхбаатар жанжны гэргийн эгэл энгийн байдал, харц гарвал угсааг тодотгоход энэхүү “тэнгэр” гэсэн үгийн утгыг сөргүүлж утга санаагаа гүнзгийрүүлсэн нь яруу найраг дахь дүрийн урлал, бүтээмжид содон эрэл бүхий өгүүлэмж болсон байна. Харин хүүрнэл зохиолд “Тэнгэр минь!” гэсэн уулга алдалтаар дүрийнхээ бодол санаа, хэв шинжийг тодотгодогийн адил
“Тэмцэлгүй бол амьдрал өөрөө ирэхгүй гэж
Тэнгэрээс хэн нэг нь хэлэх шиг санагдав” (2000:50) хэмээн зөн сэрэхүйн үүднээс тайлан тайлбарласан нь
“Сүмбэр уул Хималайг ганц л удаа би харсан
Сүлдэн тэнгэр өөрөө бууж ирээд гараа мөрөн дээр тавих шиг болсон…
Дэлхийн том уулс ихийг ярьдаг юм билээ
Дэргэдээс нь харж гэмээнэ ертөнцийг би ухаарсан” (1990) гэсэн санааг гүнзгийрүүлсэн бодомж юм. Өөрөөр хэлэхэд шүлэг, зохиолын дүрийн хэв шинжийг тодотгохын зэрэгцээ уянгын “би” баатрын үзэл бодлын чиг баримтлалыг давхар нээж буй урлал юм. Тиймээс
“Ногоон тугийн манж цэрэг
Нохойг ч гэсэн өршөөхгүй
Тэрсэлж өөдөөс нь босож гэмээнэ
Тэнгэрийг ч гэсэн хайрлахгүй” гэх мэтээр сөрөг дүрийнхээ үзэл баримтлал, байр суурьт зарчмыг нь зүйрлэн өгүүлэх, сөргүүлэн нээх аргуудаар туурвисан нь эерэг ба сөрөг аль ч дүрийн бүтээмжид илэрч байна.

Арав. Туурвил зүйн онцлогийн тухай тэмдэглэл
Сэрүүн тунгалаг ахуйдаа хамгийн ихээр “тэнгэрлэг найрагч” гэсэн өргөмжлөл хүртэж түмэн олонд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч бол яах аргагүй Шаравын Сүрэнжав юм. Тухайлбал “Тэнгэрээс заяатай найрагч” /“Монгол уран зохиолын дээжис” 108 ботийн 45-р ботийн өмнөтгөл./ (ОД-О.Дашбалбар), “Тэнгэрийн харьяат” (Д.Цоодол), “Тэнгэрлэг найрагчийн өчил” сэтгэгдэл шүүмж (Д.Гармаа), “Онгодын хувилгаан Тэнгэрийн харьяат”/СГЗ зохиолч З.Түмэнжаргалын “Тэнгэрлэг хүүгийн мэдрэмж” шинэ жилийн элэглэлд нь ийнхүү онцолсон хэсэг бийЗ.Түмэнжаргал/, “Ямагт хийморлог явдаг Яруу найргийн тэнгэрлэг бурхан” (Ү.Хүрэлбаатар), “Тэнгэрийн зараалаар ирсэн найрагч” (С.Байгалсайхан), “Миний багш “Тэнгэрийн хүү” (Л.Одончимэд) “Тэнгэрийн харьяатын ертөнцөд” (Д.Дэнсмаа, 2015), “Тэнгэрийн цагаан хүлэг” (До.Цэнджав) (2007б:3–13), “Одон цагаан тэнгэрээс онгодын адистай найрагч” (Ж.Саруулбуян, 2013:362–371) болон Д.Гүн-Үйлс гэх мэт олон уран бүтээлчид шүлэг, шүүмж, дурсамж, дуртгал, элэглэл, эрдэм шинжилгээний өгүүлэл олныг бичсэнийг жишээлж болохоор байна.
Тухайлбал “…аливаа үндэстний яруу сайхны үнэт зүйлс нь үеэс үед уламжлагдан ирэхдээ аливаа ахуй, зан заншил, амьдралын туршлагаар дамжин санаатай болон санаандгүйгээр тухайн тухайн үеийн ухаант хэн нэгэн хүмүүнээр дамжин илэрдэг тухай баримттай саналууд судлаачдын дунд байдаг. Тэгэхээр энэ үед тэнгэрийн элч болж өвөг дээдэс ихсийн захиасыг биелүүлэх гайхамшигтай бөгөөд хариуцлагатай ажилд найрагч Ш.Сүрэнжав томилогдож түүнийгээ ч зохиол бүтээлээрээ амжилттай биелүүлжээ” (Д.Дэнсмаа, 2015:346) хэмээн проф.С.Байгалсайхан тун онож дүгнэн тодорхойлсон бол шавь Л.Одончимэд
“Найрагчийн жаргалыг эдлэхээр
Нартад илгээгдсэн тэнгэрийн хүү” гэж бичжээ. О.Дашбалбар, Ш.Сүрэнжавын яруу найрагт зүүдний гэмээр сонин өгүүлэмж анзаарагддагийг онцолсон нь чухал үнэ цэнтэй бол Ж.Саруулбуян “Сүрэнжав гуай нэгэнтээ “Тэнгэрийн соёрхлыг тэр бүрий тайлж эс чадавч сэрлийн сувгаар холын одны дуудлага хааяа ирэх нь бий” гэж аль 1979 онд Москва хотод бичиж байлаа. Тэнгэр Сүрэнжав гуайд ямагт өршөөлтэй хандаж байсан нь өөрийн хүүгээ хайрлаж байгаагийн шинж биз. Олон жилийн өмнө Отгонтэнгэрийг мөргөн сүйдсэн онгоцонд суух байсан ч “Тэнгэрийн ундаа” хүртэж яваад хоцорчихсон юм. Тэнгэр ингэж хүүгээ өршөөнө” (Ж.Саруулбуян, 2013:365) хэмээн дуртган бичсэн нь багагүй баримт агуулж байна.

Арван нэг. Хүмүүний зан араншинтай холбосон адилтгал
“Тэнгэр дээдэс л ийм дүртэй байдаг болов уу гэмээр
Тийм сайхан хүнтэй тааралдаж явсаан би” (1979) гэх буюу
“Цас, бороо, шуурганы дараа ч өнгөөрөө цэлмэх
Цагийн цагт хөх тэнгэр шиг сэтгэл хайрлаач” (Богино мөртүүд) гэх мэтчилэн хүмүүний сэтгэл санаа, зан байдлын сайхныг дэлхий нийтэд түгээмэл тархсан бэлгэдлийн өгүүлэмж болох цэлмэг тэнгэрээр төлөөлүүлэн өгүүлсэн нь цөөнгүй байна.
Нөгөө талаар
“Олиггүй муу хүнд тэнгэрийн дууг өгчихвөл
Орчлонг үрэн таран хийчихээс ч эмээнэм” (Тэнгэрийн дуу шиг ч болоосой) хэмээн эсрэг санаагаа мөн зүйрлэн өгүүлэхдээ
“Санаа муутны балгаар л
Үүлтэй тэнгэр шиг барайж дээ…
Тэнгэрийн саранд боргох
Саваагүй ноходтой хорвоод” (Нурмандаа цогтой өнгөрье) гэх зэргээр бичсэн нь тэнгэрийн дуу, ааш занг амьдчилан өгүүлснээрээ содонсдог. Мөн
“Дотор давчдахад далай цухалдана
Сэтгэл үймрэхэд тэнгэр булингартана” /Бодрол шүлгүүд/ (2007б:19) гэж хүний сэтгэлийн дотоод гунигийг тэнгэр, тэнгис хоёроор сөргүүлж зүйрлэн өгүүлснээрээ энэхүү санааг гүнзгийрүүлж байна. Улмаар
“Тэнгэрийн араншинг ухаарч санаагүй
Тэмүүлэл ихтэй уулган зангийнхаа
Дэндүү гэнэн аалинд автаж
Оргил хангайн оройг харалгүй
Ойрхны горхинд шингэчих байсан юм” (Ханийн хайр) гэж бичсэнд тэнгэрийн араншин гэдэг газрын амьдрал, орчлон дэлхийн араншин болох нь тодорхой байна. Үүгээрээ орчлон ертөнцийг тэнгэрийн энгээр сэтгэж байснаа давхар бататгадаг бөгөөд
“Алаггүй гийгүүлдэг нарны гэрэлд
Амьтан бүхэн баясна
Атаагүй тунгалаг тэнгэрийн өнгөнд
Агаарын салхи уусна” хэмээн энэхүү зан араншингийн төлөв чанараа “тэнгэрийн өнгө” болгон биежүүлсэн нь сонирхол татдаг юм.

Арван хоёр. Зохиолчийн зан төлөвийн холбогдол
О.Дашбалбарт зориулан
“Бардамхан омголон шавь минь сэтгэлийн хийгээ дар даа
Бахардлын хур асгараад тэнгэр хүртэл тайтгарлаа” /1979/(1991.5) хэмээн бичсэн бол О.Дашбалбар, найрагч Ш.Сүрэнжавт зориулан
“Ялимгүй юманд гуниж тэнгэр шиг барайдаг сан
Ял, зэмлэл алийг нь ч бодолгүйгээр үгийн таяг шүүрдэг сэн” /О.Дашбалбар. “Тэнгэртэй л найрагч даа шүлэг эхлэх нь газар хагалах шиг” (1980) Mосква./ гэх мэтээр “тэнгэрийн цахилгаан” мэт түргэн зан төлөвийг нь тодруулан бичсэн нь угтаа хоёул ижил зан араншинтай болох нь “өөрийгөө энэ хүнээс би харах шиг болдог” гэсэн удаах мөрөөс тодорч байна. Мөн яруу найрагч Ц.Хулан “Ш.Сүрэнжав бол хамгийн тунгалаг найрагч” гэсэн нь түүний цэлмэг тэнгэр шиг гэгээн цайлган сэтгэл, зам мөртэй нь холбогдох оновчтой тодорхойлолт болсон билээ. Гэхдээ тэнгэр үргэлжид цэлмэг байдаггүй, заримдаа гэнэтэд цахилгаан цахиж бороо шаагиулан, хавартаа хэдэнтээ аашаа хувиргадаг нь ерөөс хүний санаа сэтгэл, яруу найрагчийн зан араншинтай холбогдох амьд сэжим гэж бас болно. Юутай ч уулзан учирсан хэн боловч “алтан аяга”-наас рашаан хүртсэндээ тэнгэрт дүүлсэн мэт урмын үгээр жигүүрлэж, тэргүүн өндөр гэрээс нь гарч оддог байсан түүхтэй. Түүний зан төлөв, нөхөр, дайсан гээд бүхий л амьдрал нь цэлмэг тэнгэр мэт ил тод байсан билээ. Хувь хүнийх нь хувьд ямар хүнийг ийн зүйрлэх вэ гэвэл авьяастад, алдартнуудаас гадна эгэл жирийн хүмүүстэй нөхөрлөж хэн бүхнийг энэрч ойлгон, ядарсан үед нь сэтгэлийг нь хуваалцан тэтгэх (шарыг нь тайлах гэх мэт) үйл мөн. Нэгэн зүйл, эр алдаж эрэг нурдаг гэдэг шиг зохиолч нөхөр (Чойном)-өө хэцүү нэртээс суллагдахад нь охиноороо аягатай сүү барин угтуулж, мөнх бусыг үзүүлэхэд нь дурсгалыг нь мөнхжүүлэхдээ энд тэндгүй тархсан шүлгүүдийг нь эмхтгэн ном болгон (Сүмтэй бударын чулуу) хэвлүүлж, Монгол улсын төрийн шагналыг (амжин) нэхэж олгуулан, үнэмлэхийг нь ижийх нь гарт атгуулж явсан зэрэг буянтай үйлс цөөнгүй бий. Багадаа мөрөөдөмтгий хүүхэд байсан нь энэ мэт “тэнгэрийн зүүдний ертөнц”-өө бүтээхэд нь нөлөөлсөн хэмээж ч болох юм. Тэрбээр саар муу, саад тотгор бүхэнд “одтой тэнгэрийг харж тайвширдаг” болохоо тэмдэглэн үлдээсэн нь “яруу найргийн тэнгэр” бол зохиолчийн санаа сэтгэл, зан сэтгэхүйтэй салшгүй холбоотой байсны илрэл гэж дүгнэж болно.

Дүгнэлт
1. Тэнгэр нь утга зохиолд уран сэтгэмжлэлийн диваажингийн түвшинд дүрслэгддэг бэлгэдэлт сэтгэхүй юм. Тиймээс дэлхийн болон монголын уран бүтээлчид, дүрслэн бичих, зүйрлэн өгүүлэх хэмжээнд туурвин бүтээсэн нь голлож буй бол Ш.Сүрэнжав зөнч, оюун санаандаа болоод бичгийн утга зохиолд уран дүрийг бүтээж, бие даасан дүрт сэтгэмж үүсгэжээ. Өөрөөр хэлэхэд түүний яруу найрагт эртний дорно дахинаас улбаатай тэнгэр үзэл, огторгуй, уудмын дүрт сэтгэмж уран бүтээлийнх нь үндсэн өгүүлэмж болон батажсан туурвил зүйн онцлогтой байна. Зөвхөн тэнгэр гэсэн үг, зүйрлэлт дүрслэл 100 орчим давтагдаж буй нь 99 тэнгэр нар, 108 эрдэнэсийн эрхитэй холбогдож буйгаараа санаандгүй бус ажиглалт юм. Ингэхдээ хүчилж бус санамсаргүй сонгосон үгийн сангийн тодотгол нэрийн арав орчим хувь нь “тэнгэр” гэсэн үгээс бүрдсэн онцлогтой байна.
2. “Би тэнгэрийн хүү”, “Тэнгэрийн харьяат”, “Тэнгэрийн дуу шиг ч болоосой”, “Модод тэнгэрт залбирдаг” (1980) шүлэг, “Тэнгэрийн зүүдний хүн” найраглал бичсэний зэрэгцээ “Од баясах цаг” (1966), “Миний дуулах ертөнц” (1968), “Хөх тэнгэрийн хур” (1980), “Дээрээ нартай дэлхий” (1981), “Сарны доорх хорвоо” (1987), “Онгодын цагаан хүлэг” (1987), “Би тэнгэрийн харьяат” /“Монгол уран зохиолын дээжис” 108 ботийн 45 (1998), 49 (2006)-р ботиудын нэр./ (1998, 2006), “Бид нэг тэнгэртэй” (2006), “Сэтгэлд татсан солонго” (2007) гэх мэт эрхэс, тэнгэрийн сэдэв, нэрийтгэл бүхий номууд хэвлүүлсэн нь дахин анхаарал татаж байна. Өөрөөр хэлэхэд хүний нутагт амьдрал, онолын зах зухаас суралцсанаа “Хөх тэнгэрийн хур” (1980) болгон буулгасан төдийгүй яруу найргийн онгод, увидас, шидийн тухайтад үг яриа, ярилцлагадаа олонтаа дурдахын зэрэгцээ энэ талаар багцлан өгүүлсэн номоо “Сэтгэлийн увидас” хэмээн нэрийдсэн бол “Сэтгэлд татсан солонго” (2007) нь тэнгэрийн солонгыг сэтгэлдээ мандуулсан уран сэтгэмж, утгын шилжилт болжээ.
3. Ли Бай сарны шүлэгч байсан бол Ш.Сүрэнжав тэнгэрийн шүлэгч болох нь бидний судалгаагаар улам бүр тодорч буй нь тэнгэрийн дүрийг тогтолцоотой урлан дүрсэлж цаг хугацаа, улирал, шүлэг-яруу найраг гэх мэт амьтай болон амьгүй зүйлс, бүсгүйн гоо үзэсгэлэн, хүний бодол санаа, хүч чадал, цаашдын зам мөр тэргүүтнийг бүхэлд нь буюу сайн муугийн тэнгэр (цэлмэг болон шалбаагт туссан дүр)-тэй нь зүйрлэн өгүүлж, дүрслэн тодотгосон онцлог гэрчилнэ. Ингэхдээ тэнгэрийн дор нэр, дүр хоёроо эрхэмлэж явахыг сануулан суяж бичсэн давтамж “Миний монгол”, “Төв сайхан нутаг” зэрэг шүлгүүдээс тодорч байна.
4. Чингэж уужим сэтгэж, ухааны тэнгэрээр туурвин бүтээхдээ газар, дэлхий, тэнгис, далайтай сөргүүлж утга санаагаа тодотгохын зэрэгцээ хөх тэнгэрээ магтан дээдэлж, зүйрлэн өгүүлсэн, түүнээс гуйн хүссэн, орон, цагийн өөр бодомжинд аваачин шилжүүлж сэтгэсэн зохиомж тэргүүтнийг үүсгэжээ. Учир нь уул хангайд сүсэглэдэг нь Өвөр Шавартын хөх уулс болоод өндөр оргил бүхэн түүний шүтээн, орон газар нь байсан гэж хэлж болох тул яруу сэтгэмж, зүйрлэлт өгүүлэмж, хүндэтгэл, бишрэлийн нь оройгүй хязгаар тэнгэр, нар л үнэний гэрч, цаг хугацааны шалгуур нь болж байжээ.
5. “Хэрлэнгийн барьяа” (1987) романд нь тэнгэр шүтлэг, 99 тэнгэрийн тухай Шижээ гэлэн, Дэндэв нар харилцан ярилцаж байдаг нь гагц яруу найраг гэлтгүй бүхий л төрөл зүйлдээ тогтолцоот хэлбэрээр туурвин бүтээж байсныг нь бататгадаг юм. Нөгөө талаар идэр наснаасаа л тэнгэрлэг уран бүтээлч хэмээн цоллуулж, хүлээн зөвшөөрөгдөж эхэлснийг мэргэжлийн хүрээнийхэн, тэр дундаа эрдэмтэн судлагчид, нэртэй уран бүтээлчдийн арав гаруй үнэлэлт, дурсамж гэрчилж байна. Тиймээс “Тэнгэрлэг найрагч” гэдэг өргөмжлөл Оросоос А.С.Пушкин, Монголоос Ш.Сүрэнжав хоёрт л оноогдсон ховорхон хувь заяатай, бас онцлогтой ажээ. Равжаа гүн ухаан-сургаалийн яруу найргийн замч, Инжаннаши түүх-соёлын элч, Д.Нацагдорж эрдэм-уянгыг гэрэлтүүлэгч, Б.Явуухулан байгалийн уянга-дорнын найрагч, Ц.Гайтав улс төр-иргэнийг дуулагч, Ч.Чимид хэлний яруу- нийгмийн хөтөч, Р.Чойном шударга үнэн-эрх чөлөөний дууч байсан бол Ш.Сүрэнжав тэнгэрийн хүү- тэнгэрлэг найрагч мөн ажээ.
6. Эцэг тэнгэр, ижий бурханы шүтлэгтэн байж зохиолчдод “сан тавьж” явсан төдийгүй өөрийгөө Түшээт ламын хойт дүр гэдэгтээ итгэж асан тэргүүтэн нь Ш.Сүрэнжав найрагчийг монгол яруу найргийн тэнгэрийн улаач, “хувилгаантан” гэж ярилцахад хүргэсэн байна. Учир нь хүмүүний зан араншинг адилтгаж бичсэнээс гадна өөрийн нь зан төлөв ч тэнгэрийн ааш аягтай холбоотой хувьсан өөрчлөгдөж, хувийн амьдрал, зам мөр нь ч хэн бүхэнд ил тод байсан билээ. Тиймээс тэнгэр ширтэхийг сургахын зэрэгцээ хувь хүнийхээ хувьд бусдыг энэрэн үзэж, тэнгэрийн дор амьдрахын утга учрыг олон талаар нээж, үлгэрлэн үзүүлсэн гэж болохоор байна.
7. Дэлхий нийтэд, ялангуяа дорнын зарим орнуудад хаад язгууртныг тэнгэр гаралтай хэмээн өргөмжилж байсан ч шүлэг, зохиолоороо өөрийгөө “Би тэнгэрийн хүү” хэмээн тунхаглаж авьяас билгээрээ “тэнгэрийн найрагч” алдрыг хүртсэн уран бүтээлч зөвхөн монголд л бий юм. Тиймээс Ш.Сүрэнжавын яруу найргийн дүр дүрслэл, уран сайхны онцлог буюу туурвил зүйн ялгарал нь тэнгэрлэг увидас, онгод сэржимээр жинтэй бүтээл туурвисанд орших тул нийт уран бүтээлийг нь тэнгэрлэг ба тэнгэрлэг бус гэж ангилан авч үзэх нь онгод хиймориор бичсэн эсэх гэсэн хэмжүүр бөгөөд эдгээр үеүддээ томоохон уран бүтээлүүдээ туурвисан нь ажиглагдлаа.
Тэнгэрлэг уран бүтээлч тэнгэрт дэвшсэн гэдэгт эргэлзэх аргагүйн учрыг нуршин өгүүлэхэд ийм буюу. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
Утга зохиол судлаач, шүүмжлэгч Д.Цэвээндорж (ШУА, ХЗХ)

SUMMARY
The purpose of this research is to identify a poetics of Surenjav Sharav’s poetry due to who is one of the famous and literary giant authors of Mongolia. In the world literature about heaven or “composition the sky” is common theme, especially in eastern literature and in Mongolian literary heritages. For instance, Japanese, Chinese and Korean kanji is derived from “human beneath the sky” hieroglyph and represents that meaning. According to this article compared relations between Mongolian and global literature from ancient to present. There is some special distinction about “sky” narratives in Surenjav Sh’s literary works. Such as the sky, sun, cloud which is called skyscape, sunscape, and cloudscape descriptions are popularly focused by ten and more genres. Likewise, Surenjav Sh is written by inspiration “I’m a son of heaven” poem and more than one hundred descriptions have been in his “sky” named ten books. Therefore, his imagination and writing methods are leads to masterpieces in as much as called “divine” poet in modern Mongolian literature like a divine Pushkin who is Russian greatest poet.

НОМ ЗҮЙ
Дэнсмаа, Д, 2015. Тэнгэрийн харьяатын ертөнцөд. УБ., 376т. Дэнсмаа, Д, 2009. Шаравын Сүрэнжавын яруу найргийн туурвилын туршлага, сургамж (Хэлбичгийн ухааны докторын
зэрэг горилсон нэгэн сэдэвт бүтээл). 177т.
Ebrey, Patricia Buckley, 2010 (1996). The Cambridge Illustrated History of China (2nd ed). Cambridge University Press.
Liu, Yitang, 1997. Studies of Chinese Western Regions. Taipei.
Монгол уран зохиолын дээжис 108 боть, 2006. (Би тэнгэрийн харьяат, 45-р боть). УБ., 312т.
Саруулбуян, Ж, 2013. Гэгээн гэрэлт хүмүүсийн жимээр. (I боть). УБ., 418т.
Сүрэнжав, Ш, 2007. 108 эрдэнэсийн эрхи (4 мөртийн шүлгэн тарина буюу Монгол рубай). УБ., 98т.
Сүрэнжав, Ш, 1987. Онгодын цагаан хүлэг. УБ., 277т. Сүрэнжав, Ш, 2007. Сэтгэлд татсан солонго. УБ., 118т. Сүрэнжав, Ш, 2005. Сэтгэлийн увидас. УБ., 438т.
Сүрэнжав, Ш, 1980. Хөх тэнгэрийн хур. УБ., 125т. Сүрэнжав, Ш, 2004. Хөшөө ярих цагаар. УБ., 106т.
Сүрэнжав, Ш, 2009. Хувь заяаны цадиг буюу мартагдсан бурхад. УБ., 116т.
Сүрэнжав, Ш, 2000. Шөнө болдоггүй намар. Дархан, 99т. Сүрэнжав, Ш, 1963. Шөнө ургасан цэцэг. УБ., 86т.
Хар дэвтэр, 1991. (Эмхэтгэж эрхэлсэн Д.Пүрэвдорж) УБ., 286т.
Хорионд байсан шүлгүүд. 1991. (Эрхлэн нягталсан Ш.Сүрэнжав). УБ., 34т.
Хүрэлбаатар, Л, 2009. Дорно цаст. УБ., 400т.
Цэвээндорж, Д, 2009. “Энэ цагийн дуу, эрин үеийн зөнч Шаравын Сүрэнжав”. 181–184-р тал. Эрин цагийн шүүмж. УБ., 320т.
Цахим сурвалж
https://en.wikipedia.org/wiki/Heaven
https://jreidy17.wordpress.com/2015/09/10/hanja-for-cimi-
%E5%A4%A9-sky-%EC%B2%9C/ https://www.uihere.com/ free-cliparts/emperor-of-china-shang-dynasty-mandate-of-heav- en-tian-korean-2193922

Tseveendorj Demberelsuren
Tseveendorj Demberelsuren

No responses yet