“БАГШ” НАЙРАГЛАЛЫН ДЭЛХИЙН УРАН ЗОХИОЛД ЭЗЛЭХ БАЙР СУУРЬ
(A contribution of the “Teacher” poem to the world literature)
Яруу найрагч О.Дашбалбар, эрдэмтэн Л.Хүрэлбаатар, багш Д.Дэнсмаа нар нийтлэл, өгүүлэл, номондоо АУЗ Ш.Сүрэнжавын уран бүтээлийг тэнгэр, эрхэстэй холбон тайлбарласан байдаг. Үүнийг тэрлэгч өчүүхэн бээр ч эл санааг гүнзгийрүүлэн “Ш.Сүрэнжавын яруу найраг дахь тэнгэр үзэл” өгүүлэл хэвлүүлсэн билээ. Үүнийг дуртган өгүүлж буй нь “Багш” найраглал нь онгод тэнгэрийн тааллаар бичигдсэн үгэн эрхи, гэгээн сэрлээр хөглөгдсөн сод бүтээлүүдийн нь нэг юм гэсэн санаа болно. Иймээс “Багш” найраглалын туурвил зүй, уран сайхны онцлогийг тодруулан авч үзье.
Нэг. Зохиол бичигдсэн үндэслэл
Яруу найрагч Ш.Сүрэнжав “Ерэн баатрын дууль” (1963), “Чи бидэн хоёр” (1976), “Гар” (1978) зэрэг орчин үеийн сэдэвт найраглал голлон бичсэнээс “Багш” (1985) найраглал нь зохиолчийн гэгээн сэрэл, дотоод сонороор бүтээгдсэн зохиолынх нь нэгээхэн юм. Тэрбээр бага балчир насанд нь эрдмийн үсэг заасан Өвөр Шавартын ачит багш Балжир, Гаваа, Ангаа багш нараа дурсан санаж эх дүр болгон 1985 оны 8-р сарын 12–25-ны хооронд хоёр долоо хоногийн дотор Шадивлан зусланд бичиж дуусгасан байдаг. Энэ талаар зохиолч “Биднийг халуурч бүлээрвэл Гаваа багш, Ангаа багш нар маань тэвдэнэ. Энэ бүхэн л хожим миний сэтгэлийг хөдөлгөж
“Ахмад үеийн багш нарт
Хийхгүй ажил гэж байгаагүй…” гэх зэргээр урсган бичсэн нь “Багш” найраглал туурвих үндэслэл болсон / Д.Дэнсмаа. Эх зохиолд хийх дадлагын хичээл, УБ., 2005.488./ ажээ. Мөн
“Жор найруулагчаас зохиолчийг хүртэл
Та төрүүлсэн
“Жолоочоос жолоодогчийг хүртэл
Та төрүүлсэн” гэж бичсэнээ уншиж үзвэл сая санаанд нийцэж өөртөө ч баясах мэт сэтгэл тэр агшнаа төрөх шиг болж билээ. Энэ үг бол зөвхөн багшид л хэлж болох, өөр хүнд бол дүйж таарахгүй байгаагаараа онцлог, өргөл хэсэг болсон юм” /Ш.Сүрэнжав. “Мартаж болшгүй он жилүүд”. УБ., 2000.176./ хэмээн зохиолч тэмдэглэн үлдээсэн нь бий.
Хоёр. Залгамж холбоо, уламжлал шинэчлэл
Монголчуудын эрдэм ном, багшаа дээдлэн өргөх эртний уламжлалыг шинэ цагийн уншигчдын өмнө үгийн цэц, урын яруугаар нийтгэн дэвшүүлэхдээ:
“Өгүүлбэр зүйгээс
Үндэсний соёлд дэвшүүлж
Үржүүлэхийн хүрднээс
Үнэмлэхүй тоололд хүргэсэн” үлэмжийн ач гавьяаг нь алдаршуулж буйгаар монгол багшийн дүр төрхийг монголын орчин үеийн уран зохиолд товч агаад тодорхой төлөөлж чадахуйцаар багцалсан байна. Учир нь Д.Цэвэгмидийн “Анхны багш”, Далхаанямбуу багш зэрэг ачтаны нийтлэг дүр, Д.Нацагдоржийн “Хөдөөгийн уул талаар соёлын үр таригчид” (өгүүллэг), Ч.Лодойдамба “Манай сургуулийнхан”, П.Хорлоо “Багш” (тууж), Ж.Бадраа “Багшаа дуулья” (дуу) зэрэг зохиол бүтээлүүдийн төрөл зүйл, дүрслэл, үзэл санааны онцлогийг нэгтгэн цогц бүтээл болгон цомойлгосон нь өгүүлэн буй найраглал (Багш) юм.
Түүний найраглалууд нь орчин үеийн магтаал-найраглалын томоохон төлөөлөл болдог бөгөөд эл зохиолд ч бахдан биширсэн уянгын өгүүлэмж, дурсан санасан сэтгэлийн өчиг голлож байна. Ерөөс түүний шүлэг зохиол дорнын уламжлалт сэтгэлгээ, бурхан шашины сонгодог гүн ухаан, өв соёлыг тээдэг онцлогтой төдийгүй уламжлалгүй шинэчлэл гэж үгүй, залгамжгүй дэвшил байдаггүйг ухуулан сэнхрүүлж урлан босгосон дүр, дүрслэлүүд нь тодорхой илтгэдэг. Түүний гурван “магнай” (Гарьд, Тод, Цэц), “Ерэн баатрын дууль” (1963), “Багш” найраглал зэрэг зохиолуудын гол дүр, үйл явдал, уран сайхан тэргүүтэн нь уншигч олны зүрх сэтгэлд мөнхөрсөн дүрийн урлалтай билээ. Хэдийгээр орчин цагийн анхны багш нарын төлөөлөл үе буюу 1930–1950-иад оны багш нарын алдар гавьяагаар төлөөлүүлэн тодорхойлсон ч ахмад, дунд, залуу үе төдийгүй ирээдүй хойчийн багш нарын гавьяат үйлсийг уламжлал залгаанд нь урнаар тоочиж зүйрлэхдээ агуулгаа зангидан нэгтгэснээрээ ялгарч байна. Ахмад үеийн багш нар бүхнийг хийж, чадаж (Очоогүй газар гэж үгүй, ороогүй айл гэж үгүй), чадахын тулд өөрсдөө ч давхар суралцаж байсан бол шинэ цагийн багш нар эрдэм бүхэнд шимтэж, цаг мөч бүхэнд шамдаж буйгаар цаг үеийн нөхцөл байдалтай нь холбож залгамж шинэчлэлийг ялгаруулсанд уран сайхны үнэ цэн нь оршино.
Гурав.Уран сайхны дүрийн урлал
Зохиолч Ш.Сүрэнжав багш нарын дүрийг урлахдаа зан чанар, ажлын онцлог, чин эрмэлзэл зэргийг цогцоор нь урлан босгосноороо уншигч олны сэтгэлд багш хүн яв цав нийцтэл тодрон буусан юм. Шинэ цагийн монголчуудыг “Ертөнцийн дэвжээнд гаргаж есөн гарагт хүргэсэн” ачтан бол багш нар билээ. Ийм бодит үнэн, үлэшгүй ач гавьяа, багшийн суу алдрыг уран сайхны хэв шинжит дүр болгон биежүүлэхдээ хүн төрөлхтний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг давхар хөндсөн гүнзгий санааг шингээж өгчээ.
“Алган дээр од тавьдаг
Амьдралд оч харвуулдаг” “шидтэн”, “хүчтэн” хариу санадаггүй “ачтан” хэмээн багш нарын эрдэм алдрыг магтан дуулахдаа
“Багш гэж дуудахад
Ардын үрсийн оюунд
Түмэн цэцэг дэлгэрнэ
Багш гэж нэрлэхэд
Алаг зүрхний гүнд
Төгөлдөр баяр орчино” зэргээр шавь нарын нь сэтгэл зүрхэнд хоногшсон төсөөллийн дүрт сэтгэмжийг шагшин бахдахдаа гаднаас нь хуурай тоочин магтах бус сурагчдын чин сүзэг, үнэн сэтгэлийн үзүүрт биежиж буй уран сайхны дүрийн биелэл болгож сэтгэлийн аглагт нь бүтээсэн онцлог, бас ололттой юм. Өөрөөр хэлэхэд багш нар бол “Хүүхэд шуугисан их өргөөний эзэн”, “Хүсэл долгилсон ирээдүйн замын эх”, “Холын далайд зорьсон горхи бүхний эх”, “Хорвоод ургах цэцэгсийн гойд үржилт хөрс” хэмээн гайхалтай онож хэлж, онцолж магтахдаа бүхий л багш нарт хамаатуулан тэдний алдар гавьяаг дуртгах бус “Та” хэмээн “сөгдөн” авгайлж буй зохиомж, багшийгаа онцолсон шавийн чин сэтгэлээр ялгаруулан дээжилсэн юм. Энэхүү эрхэм бишрэл, гүн хүндлэл бүхий өгүүлэмж нь багш нарыг төлөөлсөн дүр болон биежсэн байна. Үнэндээ сургуульд шимтэн суралцаж буй сурагч, оюутнууд анги танхимынхаа эзэд нь билээ. Тиймээс тэд дуу нэгтэйгээр багшийгаа эрдэм оюуныхаа манлайлагч, оюун ухааныхаа залуурч хэмээн өргөн дээдлэхээс илүү хүндлэл багш хүнд үгүй юм. Ийнхүү ард олны сэтгэл зүрхэнд
“Гэрэлт эрдмийн тэнгэр
Гэгээн оюуны тэнгис
Гэрээс дуудсан хөтөч
Гараас хөтөлсөн замч” болон хоногшсон гэгээн дүр, яруу алдрыг тоочин нэрлэж, тодотгон өгүүлснээрээ уран сайхны дүрийг хэв шинж болгон биежүүлж мөнхөд дуурьсах шид хутгийг шившсэнд оршино.
Тиймээс доктор Д.Дэнсмаа “Багш найраглал бол сургууль, амьдралын холбоо, үе, үеийн багш, шавийн харьцааг олж хараад онож дүрслэн, түүнийгээ зохицсон яруу хэлбэрээр илэрхийлснийхээ хувьд ховор эрдэнэтэй дүйцэх бүтээл юм. Энэ найраглалд багшийн уран сайхны дүрийг түгээмэл, тодорхойн харьцаан дээр, зохиомж, өгүүлэмжийн агуулгадаа зохицсон тогтолцоон дээр илэрхийлсэн онцлогтой” / Д.Дэнсмаа. зэрэг горилсон бүтээл УБ., 2009.111./ хэмээн тэмдэглэсэн байдаг.
3.1.Монгол багшийн төлөөлөл дүр буюу туйлийн хүслэнгийн биелэл
Зохиолд гарч буй дүрслэл, ахмад багш нарын уйгагүй хичээл зүтгэл, авьяас чадвар бүхэн ард олны сэтгэлд хүсэмжилж ирсэн багшийн (жинхэнэ) дүрийг тодотгон урлах зохиомж болсон нь мэдэгддэг. Тиймээс
“Зүс үзээгүй найзтайгаа
Энд бид танилцсан
Зүрх сэтгэлээ нээлцэж
Эрдмийн тэнгист сэлсэн” гэх буюу
“Дүнгийн дэвтрээ нээхэд
Ангийн багш минь санагдана
Дүүрэн ярайсан тооноос
Сургуулийн жил минь ургана” гэх зэргээр бяцхан сурагчдын ирээдүйн зам мөрт оруулсан ач гавьяаг энгийнээс бодит руу, хийсвэрээс тодорхой руу эзэн биежүүлж урнаар шүлэглэсэн нь бий. Танхимын боловсрол нүдийг нь нээж багшаар залуурдсан зол завшааныг тун урнаар илэрхийлсэн тэргүүтэн нь сэтгэлийн аглагт хадаашрах мөрөөдлийн (туйлийн хүслэнт) багшийн дүрийг урлах бүтээлч оролдлого болсон юм. Учир нь
“Жил бүрийн ногоо адил
Хавар болгон залуусыг тодруулна
Намар бүрийн ургац адил
Билгийн тариа тэндээс ургуулна” хэмээн буянт үйлсийг нь урнаар зүйрлэн тодотгоод
“Эрдмийн олон шавь нар
Эрдэнэсийг бүтээх үйлчин юм
Ардын олон багш нар минь
Авьяасыг тордох тариаланч юм” хэмээн онож хэлж, онцолж бахдахдаа багшийн үнэн мөн чанарыг шавийн оюун ухаанд шилжүүлэн нэгэн үзэгдлээр нөгөөгийн дүрийг тодруулж, сэтгэмжийн урыг төгс гүйцээсэн байна.
Дөрөв. Нийгмийн шинжтэй өргөн дүрслэл
Эх орон маань эзэнгүйдэж байна гэж их ярих боллоо. Бодит байдал дээр ч үнэхээр тийм байна. Ялангуяа гадаадад ажиллаж, сурч буй монголчуудад жигшүүрт гэмт хэрэг, үйлдлүүд (явган хүний дээрээс юм унаж хөнөөх г.м) нь сэтгэл эмзэглүүлж эх орныхоо төлөө санаа зовниож буй нь “муу үг модон улаатай” гэдгийн жишээ болсон нь нууц биш байв. Эдийн засаг, уул уурхай голлох сэдэв болж улс төржилт, талцал, дарга сайдуудын эрх мэдэл, хувь эзэмшилт давамгайлсан энэ цаг үеийн гажуудлыг гучин жилийн тэртээ оноод хэлсэн нь бий. Жишээлэхэд:
“Шинэ үеийн багш нарт
Судлаагүй ухаан гэж үгүй
Эрдэнэтийн зэс,
Хөтлийн цемент
Эрчим хүчний ундраа эднийх
Фосфоритын орд, цагаан тугалга
Болрын уурхайн нөөц эднийх” хэмээн товч, тодорхой бас шударгаар хамаатуулан заасан байдаг.
Тав.Гадаадын зохиол, багшийн дүрийн харьцуулал
Өрнөдийн соёлд буюу англи хэлт утга зохиолд багшийн сэдэвт шүлгүүд бий ч яруу найргийн томоохон төрлөөр чингэж яруу туурвин цагийн шалгарал давахуйц, бие даасан судлагдахууны хэмжээнд бүтээгдсэн нь хараахан үгүй бололтой байна. Учир нь энэ сэдэвт гадаадын шүлэг зохиол бүрийг харьцуулан авч үзвэл цаг, цаас их орох тул гол бүтээлүүдэд тулгуурлан товчхон өгүүлье. Үүнд барууны соёлыг үзэх онцлогтой холбоотойгоор дүрслэл, уран яруу өгүүлэмж гэхээсээ зохиолчийн хувийн үүдэл санаа, бодлыг чухалчилсан, маш энгийнээр бичигдсэн онцлогтой юм. Тухайлбал хичээл, сургалтын тухай олонд таашаагдсан өрнө дахины 12 шүлэглэлт зохиолд:
1. “Гараа өргөх сурагчид” (Raising Their Hands by Julia Lisella)
2. “Багш нартаа” (Teachers by Kevin William Huff)
3. “Багш маань таны бодсоноос хавь илүү” (My Teachers Wasn’t Half As Yours Seems To Be by Roald Dahl)
4. “Багшийн зөнч сэтгэмж” (A Teaching Fantasy by Margaret Hatcher)
5. “Танхимдаа чимээгүй багш” (The Silliest Teacher in School by Darren Sardelli)
6. “Хичээлийн хувирал” (Subject to Change by Marilyn L. Taylor)
7. “Багшийн харамсал” (A Teacher’s Lament by Kalli Dakos)
8. “19-р хичээлийн танхимд” (Room 19, Eakin Elementary by Diane Gilliam Fisher)
9. “Багшлах мөрөөдөл” (Teaching Dreams by Cecil B. Morris)
10. “Аз жаргалтай амьдрал” (Marked for Life) by Janie Reinart
11. “Эсрэг тэсрэг хоёр” (Opposites) by Eileen Snook
12. “Ямар багш бүтээлч вэ?” (What Teachers Makeby Taylor Mali) /Elizabeth Mulvahill, 12 of Our Favorite Poems About Teaching https://www.weare- teachers.com/poems-about-teaching// зэргийг нэрлэдэг бөгөөд гол агуулга нь: “урам зориг авсан, зориг тэвчээр суулгасан, заах арга барил тань гайхалтай бүтээлч байдлыг өгсөн, авьяаслаг, ухаалаг, хүндэтгэлт багш, буруу үйлдэл хийхэд шүүмжлэн буруутгалгүй үргэлж тусалж, халуун дулаанаар хандаж асан, багш минь болон найз минь байсан” гэх зэргээр сайшаан дуртгаж талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн онцлогтой байна.
Тэгвэл “Багш” найраглалд “ерийн малчны хотноос, ерхөг найгасан талаас” гэх буюу “хөдөөгийн уул талаар билгийн ном дэлгэсэн” зэргээр нүүдэлчин ахуйг тусган үзүүлэхийн зэрэгцээ эсрэгцүүлэх, зүйрлэх, харшуулах зэрэг найруулгын ур маяг, уран дүрслэлүүд нь зохиолын агуулга, зохиолчийн уран чадварыг тодотгодог онцлогтой юм. Түүнчлэн “Эрдэнийн хайгуулч танхим” гэх мэтээр энгийн санаа, үгийг яруу сайхны туйлд хүргэж, монгол багш нарын тухайн нийгэм, цаг үеийн нөхцөл байдлыг дэвсгэрлэн үзүүлсэн онцлогтой билээ. Одоо ч бид ийм шүлэг зохиолыг таашаасан хэвээр, гадны зохиолоос илүүтэй хэмээн үзсээр буй нь монголчууд уянга сэтгэмж, дуу хуур, яруу хандалд хэзээд дуртай байж нийгэм яаж ч өөрчлөгдөж хөгжин мандсан ч үндэсний өв соёл, утга зохиолынхоо олон жилийн суурь дэвсгэрийг төдийлөн өөрчлөхгүйгээр өмнөх зохиол бүтээлүүдээ хүлээн авч, удаах туурвилуудаа бүтээсээр байх болно хэмээн дүгнэн үзэхэд хүргэдэг. Дээрх мэт багш нарын тухай алдартай, олны дуртай гадаадын шүлгүүд маш товч, магтсан шинжтэй ч багшийн тодорхой дүр гэхээсээ зан чанар, өдөр тутмын биеэ авч явах байдлыг буюу хэрэглээг чухалчилсан онцлогтой нь хөгжөөгч багш (entertainer teacher) гэсэн ойлголт, хандлагаас илт юм. Гэхдээ ухаалаг, настай хүний дүрээр “сайн багш бол ямар нэгэн алдаа гаргадаггүй, муу багшаас авах үлгэр дууриалал үгүй”-гээр бичсэн төлөв ажиглагддаг. Өөрөөр хэлэхэд барууны сэтгэлгээнд багшийн бодит дүр бус багш хүн ямар байх, яаж хичээлээ сайн заах онолын мэдээллүүд голлохын зэрэгцээ хүүхдийн уран зохиолд багшийн дүр тодорхой нэг юмуу хэсэг сурагчдад тус бүтээж нөлөө үзүүлсэн жишээгээр голлох үүрэгтэй урлагдсан онцлогтой юм. Тухайлбал Хэрри Эллард “Нэлсон багш алга болсон нь”-ы Нэлсон авхай, (Miss Nelson Is Missing by Harry Allard), Кэвин Хэнкс “Лиллигийн хуванцар ягаан хэтэвч”-ийн Слингэр багш, Mr. Slinger (Lilly’s Purple Plastic Purse by Kevin Henkes), Жоанна Кол “Сургуулийн шидэт тэрэг”-ийн хатагтай Валерий Фриззл, Ms. Valerie Frizzle (The Magic School Bus by Joanna Cole), Патрика Полакко “Палкер багшдаа баярлалаа”, (Thank You, Mr Falker by Patricia Polacco), Бэвэрли Клэйри цэцэрлэгийн багш Бинни авхай, Miss Binney (Ramona the Pest by Beverly Cleary), Шарон Крийч “Хөөрхөн нохой”-н Стричбэрри, Miss Stretchberry (Love That Dog by Sharon Creech), Роалд Дакл “Матилда”-гийн Ханни багш Miss Honey (Matilda by Roald Dahl, Ж.К. Роулинг “Харри Поттер ба Азкабаны хоригдол” цувралын олон багшаас Рэмүс Люпин, Remus Lupin (Harry Potter and the Prisoner of Azkaban by J.K. Rowling), Гэрри Д Шмидт “Дайнт Лхагва гариг”-ийн Бэйкэр багш, Mrs. Baker (The Wednesday Wars by Gary D. Schmidt), Э.Л. Конигсбург “Бямба гаригийн төлөвлөгөө”-ний Олински багш, Mrs. Olinski (The View from Saturday by E. L. Konigsburg), Л.М.Монтгомер “Ногоон дээвэрт Анна”-гийн Стэси багш, Miss Stacy (Anne of Green Gables by L.M. Montgomery) нарыг дэлхийн хүүхдийн уран зохиол дахь хамгийн үлгэр жишээч шилдэг багшийн дүр /Janssen Bradshaw, The 11 Best Teachers in Children’s Literature, https://www.read- brightly.com/best-teachers-in-childrens-literature// гэж үнэлдэг юм.
Мөн дэлхийн урлаг, утга зохиолд бүх цаг үеийн шилдэг 15 уран сайхны багшийн дүрд:
1. “Ноён Холландын хөгжмийн урлаг” киноны Глин Холлланд (GLENN HOLLAND /Richard Dreyfuss/ IN: Mr. Holland’s Opus (Film),
2. “Хүргэлт ба амсхийлт” киноны Жэйм Эскалант (JAIME A. ESCALANTE /Edward James Olmos/ IN: Stand and Deliver (Film)
3. “Харри Поттер” зохиол болон кинон дахь Албус Дамблюдор (ALBUS DUMBLEDORE /Richard Harris/ IN: Harry Potter (Liter- ature and Film)
4. “Каратэч хүү” киноны Мияаги багш (MR. MIYAGI /Pat Morita/ IN: The Karate Kid (Film),
5. “Аюултай бодол” киноны Люанн Жонсон (LOUANNE JOHNSON /Michelle Pfeiffer/ IN: Dangerous Minds (Film)
6. “Бүрлээч найрагчийн нийгэм” киноны Жон Китинг (JOHN KEATING /Robin Williams/ IN: Dead Poets Society (Film) нар үлгэр жишээч сайн багшийн дүрээр,
7. “Билли Мэдисон” киноны Вироника Ваугн (Veronica Vaughn /Bridgette Wilson/ IN: Billy Madison (Film),
8. “Рок сургууль” киноны Дэви Финн (Dewey Finn /Jack Black/ IN: School of Rock (Film)
9. “Цэцэрлэгийн цагдаа” киноны мөрдөгч Жон Кэмбл (De- tective John Kimble /Arnold Schwarzenegger/ IN: Kindergarten Cop (Film) нар муу багш буюу сөрөг дүрээр,
10. “Сургуулийн шидэт тэрэг” зохиол болоод телевизийн цувралын Фриизл (Ms. FRIZZLE /Cartoon/ In: Magic School Bus (Literature and Television),
11. Ж.Аустиний “Эмма” романаас сэдэвлэсэн “Маанаг” киноны Халл (Mr. Hall /Wallace Shawn/ In: Clueless (Film),
12. “Хөвгүүд ертөнцтэй танилцсан нь” телевизийн нэвтрүүлгийн Фиини (Mr. Feeny/ William Daniels/ In: “Boy Meets World” (Television),
13. “Ааштай охид” кинон дах Норбури, (Ms. NORBURY /Tina Fey/ IN: Mean Girls (Film)
14. “Хонхон дууны аврал”-тв цувралын Бэлдин, (Mr. Beld- ing -Dennis Haskins) IN: “Saved By The Bell” (Television),
15. “Фэрри Бюллэрийн амралтын өдөр” киноны эдийн засгийн багш (“Economics Teacher” -Ben Stein) IN: Ferris Bueller’s Day Off (Film) гэсэн дүрүүд инээдэмт хэлбэрээр багшийн дүрийг гаргасан / The 15 Best Fictional Teachers of All Time, By Rasmussen College on 09/01/2009, https://www.rasmussen.edu/degrees/education/blog/best-fictional-teachers-of-all- time/ байдаг аж.
Түүнчлэн багшийн тухай хуучиршгүй, сонгодог 4 романд:
1. “Хайрт багшдаа” (To Sir With Love by E.R. Braithwaite, 1945)
2. Дурдатгалын төрлөөр бичсэн “Ширгэшгүй горхи” (Water is Wide by Pat Conroy)
3. 6 сая гаруй хувь борлогдсон “Өөд уруу гишгүүр” (Up the Down Staircase by Bel Kaufman)
4. Хайр сэтгэлийн үйл явдал бүхий “Христи” (Christy by Catherine Marshall, 1912) нарыг нэрлэдэг /Kate Haas, 2017. 4 Classic and Timeless Novels About Teachers, on May 30, 2017 https://www.weareteachers.com/novels-about-teachers/ байна. Энэ мэт гол дүр нь багш шилдэг 90 зохиол (Books Where Main Character is a Teacher) зэрэгт ихэвчлэн эмэгтэй багш голлохын зэрэгцээ цэцэрлэг, сургууль, оюутны (профессор) хэмээн онцлон ялгаж талархлаа илэрхийлсэн зохиомжтой бол “Багш” найраглал нас, хүйс, утга зохиолын төрөл зүйл үл хамааран уран сэтгэмжийн дүрээр цагийн уртыг туулж буй онцлогтой юм.
Нөгөө талаар багшийн сэдэвт зохиол, дүрийн талаар хийсэн утга зохиолын судалгаа гадаадад ховор байх бөгөөд харин мэргэжлийнх нь хувьд тоочсон, ангилсан шинж буюу багшийн үр нөлөөний тухай боловсрол судлалын, практик судалгаа түгээмэл ажээ. Өөрөөр хэлэхэд “Багш” гэсэн нэрээр алдаршсан, багшийн амьдрал, ажил үйлс, замналын тухай дагнасан зохиол бараг үгүй бол “Багш” найраглалд ёс суртахуун, биеэ авч явах байдал, үлгэр дууриал, эрх тэгш харилцаа, суралцагчдын мэдлэгийг үнэлэх шударга үнэлэмж гээд бүгдийг хамарсан гэж хэлж болохоор юм.
Дүгнэлт
Үүнийг тэрлэгч өчүүхэн бээр таван жилийн өмнө эл сэдвээр илтгэл хэлэлцүүлж асан ч энэхүү зохиолын тухай давтан ярих бүрд өөр өөр сэдэл, уран сайхны нээлтүүд ажиглагдаж, дахин шинэ шинэ санаа, дүгнэлт төрүүлж байгаа нь уг найраглалын төдийгүй Ш.Сүрэнжав зохиолчийн үгийн цэц, яруу найргийн уран чадварыг тодотгож буй бодит жишээ юм хэмээн үнэлэн дүгнэхэд хүргэж байна. Иймд:
1. “Багш” найраглал бол тэнгэрлэг уран бүтээлчийн тэнгэрийн зараал, онгодын зарлигаар туурвисан яруу сэтгэмжит бүтээлүүдийн нь нэг юм. Энэ нь “Багш” найраглалаа би тэнгэрийн гараар бичсэн” хэмээн “Соён гэгээрүүлэгч” телевизд өгсөн ярианаас нь улам бүр тодорч харагддаг. Энэ нь ачит багш нараа санагалзаж, ардын багш нарыг төлөөлүүлэн байгалийн сайханд богино хугацаанд урсган шүлэглэсэн үгийн цэц, санааны чуулбараар баталгаажиж байна. Өөрөөр хэлэхэд түүхэн үндэстэй эх сурвалж, уран сайхны сэтгэлгээ хоёр зохицон нийлж цагийн шалгуур давах бүтээл болдогийн нэгэн жишээ энэ болжээ.
2. Ингэхдээ багш нар ямар байсныг, ямар байх ёстойг, шавь сурагчид хэрхэн төлөвших зам мөрийг гурван цагийн хэлхээнд гинжлэн дэвшүүлсэн нь “шавийн эрдэм дэлгэрсэн цагт багшийн алдар бадардаг” гүн агуулгыг зангидсан яруу туурвил бөгөөд багшаа хүндлэх, ачийг нь санаж тус бүтээх хүсэл эрмэлзлийн дуудлага буюу үе үеийн багш нарын “сүлд дуулал” болон мөнхөрчээ.
3. Өөрөөр хэлэхэд шинэ цагийн “багш сэхээтний дүр”-ийг уламжлалын харьцаанд нь, өнөөгийн түвшинд нь, ирээдүйн хандлагад нь цогцоор урлан гаргасан онцгой бүтээл буюу үгийн цэц, уран дүрслэл, яруу өгүүлэмж тэргүүтэн нь монголын орчин үеийн яруу найраг, найраглалын төрөл зүйлийг шинэтгэн хөгжүүлэхэд тодорхой өнгө аяс, хувь нэмэр оруулсан байна. Тиймээс ижий, бас бурхан адил хүндлэгдэх ачит багшийн дүрийн урлал, уламжлал шинэчлэлд “Багш” найраглал голлох байр суурьтай байна.
4. “Мэргэжил бүхний хаан нь багшийн мэргэжил” гэдэг. Учир нь зураач, хуульч, орчуулагч гээд бүхий л мэргэжлийнхэн төдийгүй жүжигчид ч сайн шавь төрүүлж гэмээнэ тухайн салбарууд нь хөгжин дэвждэг маргашгүй үнэн бий. Энэ нь сайн багшийн бэлтгэсэн чадварлаг эмч, инженер зэрэг мэргэжилтнүүд нийгмийг түүчээлдгээс тодорхой билээ. Ийм түгээмэл мэргэжлийн талаар ингэж нэгдсэн, цогц байдлаар магтан шүлэглэсэн бүтээл монголын төдийгүй дэлхийн уран зохиолд ховор буй нь энэхүү бүтээлийн уран сайхны онцлог, туурвил зүйн үнэ цэнийг тодорхойлох томоохон үзүүлэлт гэж болохоор байна.
5. Тодруулбал дэлхийн бусад үндэстнүүдийн эл сэдвээр бичигдсэн шүлэг, найраглалуудаас монголчуудын багшаа дээдлэн шүтэх дорно дахины эртний уламжлалт сэтгэмж, нүүдэлчин ахуй, соёлын тусгал, дүр дүрслэлийн гүн хийц, гүнзгий багтаамж, өвөрмөц зохиомжоороо ондоосож буй нь уран сайхны хиймэл дүр бус уянгын сэтгэмжит төсөөлөл (шавь нарын), төлөөллийн дүрийг өгүүлэгчийн хэлээр урлан бүтээсэн онцлогоос нь ажиглагддаг юм.
6. Ажлын ачаалал нэмэгдсэн (нийслэл хотод нэг танхимд 25–30 сурагч оногддог байсан бол эдүгээ нэг дахин их буюу 50–60 сурагч хичээллэж байна) ч ахуй хангамж буурч төр засгаас цалин нэмэх, орон сууцанд хамруулах, багшийн хөгжлийг сайжруулах зэрэг чиглэлд дорвитой анхаарал халамжийг нэмэгдүүлж чадахгүй байгаа энэ цаг үед “Багш” найраглалын үгийн шид, урмын жин нь мянга мянган багш нарыг мэргэжилдээ үнэнч байж шавь, сурагчдаа хөгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр хандахад нь хүчтэй нөлөө үзүүлсээр буй. Чухам үүнд энэхүү зохиолын нийгмийн үнэ цэн оршино.
Д.Цэвээндорж /Утга зохиол судлаач, шүүмжлэгч/
Ном зүй
Амар. Д, “Ардын уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Шаравын Сүрэнжавын “Багш” найраглал бол яруу найргийн дархан аварга мөн”, Боловсрол судлал №05 (75), УБ., 2011, 32–33. Байгалсайхан. С, XX зууны монгол зохиолч Шаравын Сүрэнжав, № 88, ШУА., ХЗХ., УБ., 2004.
Дэнсмаа. Д, Шаравын Сүрэнжавын яруу найргийн туурвилын туршлага, сургамж (Хэлбичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон нэг сэдэвт зохиол), УБ., 2009.
Дэнсмаа. Д, Эх зохиолд хийх дадлагын хичээл, УБ., 2005
Elizabeth Mulvahill, 12 of Our Favorite Poems About Teaching https://www.weareteachers.com/poems-about-teaching/
Favorite Poetry Lessons, Janeczko, Paul. New York: Scholastic, 1998
Janssen Bradshaw, The 11 Best Teachers in Children’s Literature, https://www.readbrightly.com/best-teachers-in-childrens-literature/
Kate Haas, 2017. 4 Classic and Timeless Novels About Teachers, on May 30, 2017 https://www.weareteachers.com/nov- els-about-teachers/
Хүрэлбаатар. Л, Тэнгэрийн соёл ба тэнгэрийн зүүдний хүү, Дорно цаст УБ., 2009. 233–246.
The 15 Best Fictional Teachers of All Time, By Rasmussen Col- lege on 09/01/2009, https://www.rasmussen.edu/degrees/education/ blog/best-fictional-teachers-of-all-time/
The Sounds of Poetry, Pinsky, Robert. New York: Farrar, Straus and Giroux, 1998
Сүрэнжав. Ш, Би тэнгэрийн харьяат, МУЗД 49-р боть, УБ., 2006. 306–312.
Сүрэнжав. Ш, Мартаж болшгүй он жилүүд, УБ., 2000. 175- 178.
Цэвээндорж. Д, “Өнөөгийн багш нар ба “Багш” найраглалын дүрийн харьцуулал”, Эрин цагийн шүүмж, УБ., 2009. 257–260.
ABSTRACT
The purpose of this study is to identify relations and analogies between Mongolian and Western poems about teachers and pedagogues. However, there is a lot of literary works or poems about teachers in the world literature, for instance in western literature most teachers or main characters are women. As such pupils are grateful for classified by kindergarten, primary school and university teachers in major literary genres. Whereas, in this “The teacher” (1985) poem by Surenjav Sh’s non-restrictive age, gender and genres of literatures are depends on artistic or representative figure written in good style. “The teacher” poem is also written by inspiration of the author. Ei- ther, there is no more literary research about the teacher’s creation and characters in English literature. Education studies or practical researches are more common. In other words, there are no more famous poem which is named “teacher” and which is about teachers life and experiences in Western literature. On the contrary in Mongolian poem “the teacher” contains morality, demeanor, examples of Mongolian and all teachers and equal judgment for pupils and so on. According to this is the seldom in Mongolian or in world literature and complex about common qualifications due to value of artistics and poetics.