ДУУ БҮХЭН ДУУРЬСДАГГҮЙ

Tseveendorj Demberelsuren
11 min readMay 16, 2022

--

Дэлхийн II дайнд Орос орон ялахад дууны хүч, эрчим нөлөөлсөн гэдэг. “Журавли”, “Катюша”, “День победы” зэрэг зарим дуу хожим зохиогдсон ч оюун санааны хүчирхэгжилтэд онцгой нөлөөлж ирснийг бид мэднэ. Дууны яруу найргийн нэрт мастеруудаас сонсоход ухааны ур, эрдмээр буюу амьдралын туршлагаар ямар ч сэдвээр дууны шүлэг бичлээ гэхэд урьд өмнө давтагдаагүй шинэ санаа тусгадаг нь ажиглагддаг. Энэ нь бие даасан сэтгэмж, уран бүтээлийн дотоод амин чанарыг олох тухай яриа болно. Дууны уран бүтээл гэдэг өөрөө нийгэм, цаг үеийн бүтээгдэхүүн буюу тусгал байдаг. Учир нь энэ төрөл тухайн үндэстний хэл, соёл, ёс заншлын онцлогийг хадгалан үндэстний дархлааг илэрхийлэгч байдгаараа онцгой үүрэгтэй. Энэ төрлийн уран бүтээлийн чанар сул байгаа нь 1-рт аймаг, сум, дүүрэг, цаашлаад байгууллага бүхэн сүлд дуутай болж, бичиж цоохорлодог бүхэн дуу зохион тоглолт хийж “амь зуух” хүсэл эрмэлзэл давамгайлах болсонтой холбогддог. Угтаа дууны найраг эгшиг авианы нийлэмж, утгын нийцэл, чанга сулын зохицол зэрэг олон шалгууртай.

Үг, хөгийн нийцэл: Сонгодог шүлэгт хүчээр ая хийх (Д.Нацагдорж- Миний нутаг, Хавар, Б.Явуухулан- Би хаана төрөө вэ?, Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би г.м) нь тийм ч оновчтой бус, чихэнд наалдамжгүй болох нь сонгодог зохиолыг нийтийн урлаг болгох гэсэн албадмал оролдлогын илэрхийлэл болж харагддаг. Түүнчлэн сод хөгжмийн бүтээлийг нийтийн дуу болгохыг санаархах (Б.Шарав Сэтгэлийн эгшиг- Л.Өлзийтөгс Өнө мөнх эх орон г.м) зэрэг ч үүнд хамаарна. Эхнэртээ зориулж бичсэн “Сэтгэлийн эгшиг”-ийг эх орондоо зориулсан “Тэнгэрийн орон” болгосныг цаг хугацаа шүүтүгэй! Энэ нь яруу найраг, дууны уран бүтээл хоёр; цаашлаад сонгодог урлаг, хэрэглээний бүтээл тэргүүтэн бүгд бие даасан ойлголт, төрөл гэдгийг бүрхэгдүүлж буйг анхааруулах санамж мөн. Дуу бол тухайн нийгэм, цаг үеийн түүхийг бүтээдэг сэтгэлгээний том уран бүтээл байдаг. Үүнийг Ж.Бадраагийн үг, С.Гончигсумлаагийн хөг “Жаргаах зүрхэн” тэргүүт гэрчилнэ. Хэдий хөгжмийн зохиолчоос Чулуунбат хэмээх бүсгүйд зориулан бичүүлсэн гэдэг ч

“Хүдэн татсан сарьдаг байна хө Хүний нутгийн хангай юу даа хө… Будан татсан халил байна хө

Бусдын нутгийн хангай юу даа хө…” гэснээрээ харь хол хүний нутгийн тухай мэт санагдавч

“Алтран уртсах наран гийсээр хө

Ашдын заяат нутаг билээ хө” хэмээн учирладаг. Өөрөөр хэлэхэд “алслан холдсон Урангоо” нь “алаг зүрхний янаг билээ” буюу өсөж төрсөн нутаг нь өрөөлийнх болсон гашуун үнэнг

“Буцан харьсан учрал ирнэ хө

Булгилах зүрхээ жаргаах шүү дээ хө” гэсэн санаагаар утга шилжүүлж дүрсэлсэн бололтой байдаг. Ийнхүү уянгын “би” баатрын итгэл найдварыг хайр сэтгэлийн өгүүлэмжтэй холбон ёгт утгаар төлөөлүүлэн нээж чадсан нь монгол яруу найргийн уран чадвар, тэр дундаа дууны найраг сэтгэлгээний ямар түвшинд очин урлагдаж байсны илрэл болно. Энэ тухайд доктор Г.Батсуурийн бичсэнтэй бид санал нэгдэж буй бөгөөд дээрх мэт урлагийн бүтээл, яруу сэтгэмж нь хүүхэд залууст эх орноо хайрлан хамгаалах уран сайхны томоохон үүрэгтэй, танин мэдэхүйн чухал ач холбогдолтойг сануулах юун.

Үгээс аялгуу ундрах: Шүлгээс нь ая эгшиг үүдсэн буюу уран бүтээлийн зүй зохистой зарчмаар бүтсэн сонгодог уран бүтээл дахин давтагдашгүй хэмнэл үүсгэхэд нөлөө үзүүлж гайхамшигтай урт настай болдгийг хөгжмийн урлагийн түүх гэрчилнэ. Үүнд “cheek to cheek” (The lady in red Chris De Burgh, 1982), “I don’t wanna talk…” (The winner takes it all, ABBA) зэрэг гадаадын олон жишээ татаж болох ч аянд үг тааруулах бус үгээс аялгуу төрвөл жинхэнэ дууны уран бүтээл болж он цагийн дуурьсгал болдог учиртай. “Чандмань эрдэнэ” (үг Ж.Бадраа, хөг Н.Жанцанноров), хөгжмийн зохиолч Б.Магсаржавын “Зүүдэн бороо” (үг Б.Лхагвасүрэн), “Ээжийн чанасан цай” (үг Д.Саманд), “Зуун зуун жил чамайгаа хайрламаар байна” (үг С.Хишигсүрэн, хөг Ц.Чулуунбат) “Чононгоо” (үг Чоно багш, хөг Цэн.Эрдэнэбат), “Намайг зур” (үг Х.Болор-Эрдэнэ, хөг Б.Батчулуун- Никитон), “Би чамд” (үг Х.Соёмбо, хөг Б.Бат-Эрдэнэ- Аранза) гэх мэт шүлгээс нь ая дан үүсэж хөгжмийн эгшиг ундарсан давтагдашгүй төрмөл аялгуутай дууны уран бүтээл сүүлийн үед ховорхон төрж буй нь үнэн. Цээжилж тогтооход хялбар, энгүүн урссан бичлэгтэй байх нь мэргэжлийн сайн дууны найргийн бас нэгэн шалгуур юм. Шүлгээс аялгуу нь ундарсан бүтээлд “Сэтгэлдээ дуулъя” дууг бас багтааж болно. Учир нь “Дөлгөөхөн нүдийг чинь бодохоор би…” гэсэн эхний мөрүүдийг уншсан хөгжмийн зохиолч Дөл-гөө-өө-хөн гэсэн эхний үгийг утгатай нь зохируулж зөөлрүүлж буюу өргөлт өгснөөр цаашид хөг айзам тасалдаж уянгалах сэжмийг атгуулсан гэхэд мөрийцөхөд ч бэлэн байна. Ингэснээрээ бусдаас ялгарах бие даасан хөг айзмыг үүсгэхийн зэрэгцээ чанартай бүтээл болох 50 хувийн үндэс суурийг дууны шүлэг өөртөө агуулдаг гэсэн санаа юм. Өөрөөр хэлэхэд сэтгэлээс гарсан найраг мөнхөд уянгалах шид хутгийг бүтээдэг ажээ. Гүүр (Bridge)-тэй, гүүрний аялгуу нь мэдээж бадаг дахилтаасаа өөр байвал шүлгээс бүтсэн хөгжимтэй гээд ойлгочхож болохоор байна. Сэтгэлээс урссан энгийн атлаа өвөрмөц, бие даасан байж гэмээнэ мөн тийм аялгуу бүтээдэг билээ.

Хэдий дууны яруу найраг хариуцлагатай төрөл ч сонгодог найрагчийн сул тэмдэглэлүүд нь хүний сэтгэлд хүрсэн сайн уран бүтээл болон түгснийг Д.Пүрэвдорж “Сумын наадам” болон Р.Чойномын зарим шүлэг тэргүүтэн гэрчилнэ. Гэтэл аянд үг тааруулж бичих тохиолдол газар аваад удаж буй. Ийм тохиолдолд утга, ур авьяас бүдгэрэх буюу үгийн хүч, дотоод амин чанар орхигдох гэмтэй болдог. Дуу “хит” болох нэг хэрэг, мөнхөрнө гэдэг өөр ойлголт… Хэдий байнга дуулагдахгүй ч хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг уран бүтээлийн бие даасан чанартай холбоотой асуудал мөн. Дууны уран бүтээл нь хэмнэл бүхий задгай үеийн төгсгөлтэй ихэвчлэн байж, мөн тийм бүтцээс ая, хөгжим үүсгэж гэмээнэ айзам давхцахгүй “хувь чанар”-ын урт настай бүтээл болдог онцлогийг энд хэлээд байна. Өөрөөр хэлэхэд он цагийг туулан ард олны сэтгэл зүрхэнд мөнхөрсөн дууны уран бүтээлийг уншиж сонсоход шүлэг, аялгуу хоёр нь салахын аргагүй нэгдэн найрссан байдаг нь найргаас ая дан үүдсэн, аялгууны нөгөө жигүүр (хос) нь шүлэг нь болж чадсанд оршдог. Гэхдээ “Амин насны урсгал” (үг Д.Төрмөнх, хөг Г.Зундарь) зэрэг хөгжим найралд шүлэг найраг “тааруулан” бичсэн сайн дууны уран бүтээлийг үгүйсгэх гэсэнгүй ээ, энд.

Эртний үг сэргээх: Аргаа бараад хуучны дуунуудыг сэргээх нэрийн дор коверлох болсон ч ая дуудлага, найруулгыг нь жаахан өөрчлөөд л “шинэ уран бүтээл” болгочхож буй юм гэнэ. Хуучин дуу давтаж байхаар хуучны үгээ сэргээх шаардлагатайг тэд мэдэх ч үгүй л тууна. Жишээ нь ардын билиг зүйч Ж.Бадраагийн дараах дуунуудад

“Цас цайж замбалзгуй цацаг сагсалзаад

Цайрдсан толь шиг цанхилзан уул ус жаварлахаар” (Орь залуу нас, хөг Т.Насанбуян),

“Тунсаг гоовой охид минь

Тавлаг нахилан бүжээрэй” (Охидын уянга, хөг Д.Лувсаншарав) хэмээн тэмдэглэгдсэн нь бүтээлч иргэд, шинэ тутам өсөж торних хүүхэд залууст үгийн сангаа баяжуулах, эх хэлнийхээ яндашгүй тансаг утгыг танин мэдэх, сонирхон судлах үүд хаалгыг нээх ач холбогдолтой юм. “Ялдам дуулан.., хээнцэр нахилан.., намжир дэрсхэн бүжээрэй” (1989) хэмээн яруу найрагчийн мэдрэмж, үгийн сонголт, монгол хэлний баялаг сангаас гайхуулсан жишээ цөөнгүйг зөвхөн сүүлийн дуутай холбон онцлоход ийм буюу.

“Хайрын ялдам харц” дуунд ч

“Бороо хур нь ороогүй сэн бол

Солонго дагнаалж татахгүй сэн” (үг Ц.Ойдов, хөг Ч.Амаржаргал) гэж бий. Ийнхүү дууны яруу найрагт Ж.Бадраа, Д.Пүрэвдорж ахай нар шиг үгийн эрэл, өвөрмөц дүрслэл бүхий содон төлөөлөгч эрхгүй үгүйлэгдэж л байна.

“Хатан дөрөөний чимээг чагнаж

Харгуйн барааг хармаар байна” (Хаврын шөнийн бодол, үг Д.Пүрэвдорж хөг Д.Бадарч) гэсэн энгийн дүрслэл, санаашралд эр нөхрөө хүлээсэн бүсгүй; хаан бус хатан дөрөөний чимээ чагнаж буй нь үгийн оноолт, урын чадамж, гүн мэдрэмж мөн. Энэ мэт “Яхир сунгуу бартаагаар” (Зандан шоо, үг Ж.Бадраа, хөг Г.Бирваа), яруу найрагч Ш.Гүрбазарын “Янагийн хөмсгөн уруул” (Ботгон нүд, хөг Л.Балхжав), “Дэлгэсэн тэрлэг шиг нутаг” (хөг Д.Отгонбаяр- Хурд) тэргүүт дүрслэлийн шинэ нээлт, эрэл олз эрхгүй үгүйлэгдэж буй юм.

Өмнөх уламжлалаас суралцах: Монгол ардын “Хүрэн толгойн сүүдэр” дуу- Б.Дагданбазарын шүлэг “Ар цармын цэцгүүд”-эд, “Гандан уулын цэцэг” дуу- Д.Алтангэрэлийн “Бурхан бумбын орон”-д, “Хээтэй мөнгөн бөгж” дуу нь Ө.Балчиндоржийн “Ийм нэгэн сэтгэл”-д, “Уртын сайхан хүрэн”, “Өндөр засгийн шил” дуунуудын өгүүлэмж- бүтэц Д.Баярбаатарын үг “Ээжийг минь яаж гүйцэх вэ” дуунд уламжлан шинэчлэгдсэн гэхэд хэн ч маргахгүй гэдэгт итгэнэ. Энэ сэдвээр эрдэмтэн Д.Цэдэв “Монголын орчин үеийн яруу найргийн уламжлал, шинэчлэл” (1974) бүтээлдээ Монгол ардын дуу “Хүрэл сүм”- “Шивээ хиагт” дуутай бүтэц хэлбэрийн шүтэлцээтэй байна хэмээн тэмдэглэсний адил “Ертөнцийн сайхан үзэсгэлэн” дэх

“Ерөөсөө манай эх орон

Ертөнцийн сайхан үзэсгэлэн

Есөн хүсэл хангуулахын

Ерөөл өлзийт монгол оо” (үг Ж.Бадраа, хөг Д.Лувсаншарав) гэсэн хэсэг “Нарлаг монгол орон” (“Чингис хаан” хамтлаг) дууны үндсэн санаа, зохиомж болсон бололтой байдаг. Улмаар Б.Явуухулангийн “Монголын дорнод тал” шүлэг- З.Түмэнжаргалын “Монголын тал нутаг” дуунд, мөн найрагчийн “Совин билгийн дуу” (1966) шүлэг- Т.Бат-Оргилын үг “Аж богдын харуул”-д, Д.Пүрэвдоржийн “Хөх даалимбан тэрлэг” (1969) найраглал болон Б.Лхагвасүрэнгийн “Ээжийнхээ ачийг яалаа даа” дуу З.Түмэнжаргалын “Ижийгээ баярлуулж яваарай” дуутай залгамж, шинэчлэлийн холбоотой мэт байна. Энэ нь зэрэгцүүлж тавьж байгаад суралцсан (өөрчилсөн) гэсэн үг бус бөгөөд санаа сэдэв, бүтэц зохиомж, үгийн сан санамсаргүй давхацсан ч байж болохын баримтууд болно.

Урлаг утга зохиол, ялангуяа яруу найрагт сэтгэмж дүрслэлийн шинэ эрэл хайгуул зогсолтгүй үргэлжилдэг ч өглөөний хайр, өдрийн хайр, үдшийн хайр (Насны хайр) гэсэн “туршилт” хийгдэж асан нь өглөөний унд, өдрийн хоол, оройн зоогтой адилтгасан мэт оновчгүй эрэлхийлэл болсон нь ч бий.

Шүлэг, аялгуугаа туурвих: Уран бүтээл зөвхөн онгод- мэдрэмж, авьяас билгээр бүтдэгийн илрэл болон зохиогдсон буюу найраг, найрлыг хамтад нь туурвиж өөрөө дуулсан “Тэнгэр ээж минь өршөө” (АЖ Ш.Чимэдцэеэ), “Нарлаг монгол орон” (АЖ Д.Жаргалсайхан), “Дурсамж” (Д.Ганболд- Айзам), “Бүүвэйн дуу” (Ц.Энхманлай- Харанга), “Чи минь байгаа болохоор” (Д.Отгонбаяр- Хурд) “Янаг цэцэг” (Б.Батчулуун- Никитон), “Үүрд минийх гэж амлаач” (С.Сэрчмаа), “Чиний зураг” (Л.Байзада), өөрөө зохиогоод мэргэжлийн дуучнаар жигүүрлүүлсэн “Хайрлан дуулмаар байна” (АЖ Н.Жанцанноров), “Хүүдээ” (УГЗ Т.Сэр- Од), “Анхны хайр (С.Батболд), “Анхны хайр” (Л.Энх-Амгалан- Нисванис), “Сэтгэлийн үг” (Ганбаатар), “Бид” (Д.Батсүх- Номин талст) зэргээр үргэлжилнэ. Гэхдээ энэ нь бүгд сайн уран бүтээл болсон гэсэн үг биш бөгөөд мэргэжлийн яруу найрагч бус хүн дууны шүлгээ бичсэнээр утгын алдаа гаргасныг сүүлийн хоёр уран бүтээл гэрчилнэ.

Үр өгөөжийн нөлөөн: Ард олонд мэдлэг нэмэх, танин мэдэхүйн шинжтэй мэдээлэл агуулсан үг, утгын нөлөө бараг үгүй болжээ. Жишээ нь:

“Гандаж үзээгүй энэ л цэцгийг

Ганцхан чинийхээ хайртай зүйрлэлээ” (Цэцгэн зүйрлэл, үг З.Түмэнжаргал хөг С.Баатарсүх) хэмээн цагаан уул цэцгийг төлөөлүүлснийг хүүхэд залуус танин мэдэх боломжтой байдаг. Энэ мэт “Ухаарч амьдрах хорвоо” (үг Л.Дагвадорж, хөг Л.Дашням), “Элээх тавилан” (үг Санжмятав, хөг Баасандорж) зэрэг цөөнгүй дуунууд үгийн утга, эрчим нөлөө гээд одоогийнхоор бол “хит” болон байлдан дагуулж байлаа. Мөн

“Хоёр сэтгэл нийлээгүй сэн бол

Амьдрал яаж жаргах юм бэ” (Зүрхний хайрт, үг Д.Анхбаатар, хөг Д.Цэвгээ) зэрэг дуу нь ухаарал хайрлаж, хүмүүжил- төлөвшлийг батжуулан, залууст гэр бүл төлөвлөлтийн талаар сэрэмж сэдэл өгөх нийгмийн үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэе. Гэтэл эдүгээ бодол, сэтгэгдэл төдийхнөөс хэтрэхээ больжээ.

Гэхдээ “Бидэн хоёрын жаргал” (үг Д.Гант, хөг Т.Сэр-Од) гэх мэт шүлэг, аялгуу нь нийцсэн дууны сайн уран бүтээл төрснийг үгүйсгэх гэсэнгүй ээ, энд. Учир нь монгол ардын дуу цагийн уртад шигшигдэн боловсрохдоо энгийн атлаа хүний сэтгэлд хүрсэн гүнзгий утга агуулгаар тухайн агшныг төгс илэрхийлэх чадамжтай оюуны үнэт эрдэнэс болон төгөлдөржсөн юм. Д.Нацагдоржийн “Цэнхэрлэн харагдах”-ыг ардын дуу хэмээн эндүүрэх, улмаар ардын дууны бүлэг, номд багтааж ирсэн нь уншигчдыг ч улам төөрөгдүүлж, буруу мэдлэг түгээсээр буйг тэмдэглэх нь зүй. Энэ ангилалд “Цэнхэр дурдан алчуур” хэмээн алдаршсан “Амрагийн дуу” (үг Х.Пэрлээ, хөг Л.Дорж, 1942), “Зандан шоо” (үг Ж.Бадраа, хөг Г.Бирваа) зэрэг дуунууд ч араас нь эгнэж байна.

Үг илүүдсэн жишээн: A Cool-ийн дуулсан “Зөөлөн хайр” нь сул үгийн олон давтсан найруулгын алдаатай байна. Жишээ нь: “Энэ их агуу хайрыг чамаас би анх мэдэрсэн” гэсэн мөрөнд “их”, “би” гэсэн хэмжээ заасан тодотгол, нэгдүгээр биеийн ганц тоог заах төлөөний үгс илүүджээ. Учир нь “агуу”-г ихээр тодотгож чамаас анх мэдэрсэн нь өгүүлэгч учраас үе тэнгийн эсрэг хүйсийн хоёр хүний тухай өгүүлэх тул “би” шаардлагагүй. Мөн “мөнхийн аз жаргалаар чамтайгаа хамт амьдарна аа” хэмээхүйд ойролцоо утгатай үгсийг давтан нуршсанаар товч тодорхой байх, тод дуулахад нь тээг болж, дууны аялгуу, дуучны амьсгал сунжрахад нөлөөлсөнд “хэргийн учир” хамаатна.

Хип хоп дуу сүүл холбох үүднээс заримдаа ямар ч утгагүй үг сонгодгийг

“Хэн чамайг гомдоож явсныг чиний нүднээс үргэлж хараад, чамайг саараад” зэрэг жишээд гэрчилдэг. Мөн ойролцоо утгат үгсийг дараалуулан давтдаг нь:

“Чи дандаа ганцхан надтай үргэлж хамтдаа гэж хэлсэн

Би чинь чамдаа итгэж дандаа мөнхөд хамтдаа байхыг хүснэ Хайрт чамтайгаа дандаа хамтдаа жаргах сан” (Хайрын нулимс,

Flash) гэсэн гурван мөрөнд “дандаа”, “хамтдаа” гэсэн үгийг тус бүр гурван удаа буюу нийт 6 удаа давтсанаас илэрхий. Ганц дуугаар жишээлэхэд энэ мэт бөгөөд гоо зүйн хувьд тохиромжгүй буюу этгээд бүдүүлэг үгс ч цөөнгүй ажиглагддаг. Жишээ нь: “Эвгүй хавгүй хайртай учирсан” гэсэнд таарамж муу бүдүүн охинтой болзсон гээд буй бололтой байдаг.

Үг өөрчлөлтийн шалтгаан: Дууны үг анхны эхээсээ өөрчлөгдөж буй шалтгаан нь:

1. Ая зохиогч, хөгжмийн зохиолчдоос ноотны хэмнэлд тохируулан өөрчилж засах (хасах нэмэх) тохиолдол гардаг.

2. Нийгмийн үзэл сурталтай холбогдоно. “Эзэн баатрын өлгий нутаг- Эзэн бидний өлгий нутаг” (Түүхт хил, үг Зо.Пунцаг, хөг АЖ Л.Мөрдорж) г.м

3. Цахим сүлжээнээс авдаг блогууд олон болж дууны үгийг дүрсжүүлдэг (lyrics) нь буруу үгийг тархаах, дууны яруу найргийн нэр хүндийг унагахад ч нөлөө үзүүлж байна.

4. Санаа давтах буюу бага зэргийн өөрчлөлт. “Сэтгэлийн сүү минь чам руу урсах юм даа” (Итгэлийн гэрэлтэй амраг, А.Эрдэнэ- Очир)- “Сэтгэлийн булаг минь чам руу үерлэлээ хайрт минь” (Сэтгэлийн булаг, С.Оюунчимэг) г.м

5. Дууныхаа үгийг зориудаар өөрчлөн дуулдаг нь ард нийтэд эргэлзээ төрүүлэн эл төрлийн нэр хүнд буурахад нөлөөлж байна. Жишээ “Наран мандмал уудам нутагтаа… Саран гиймэл саруулхан нутагтаа” (Сүүн цагаан сэтгэл, үг Р.Минжирмаа, хөг Ц.Чимэддорж) хэмээх анхны эхийг дуучин Л.Банзрагч “Наран мандмаар… саран гиймээр” болгон дуулснаараа нар манддаггүй, сар гийдэггүй нутаг гэж байх уу? эсхүл энхжиний орны тухай дуу юу гэсэн эргэлзээнд сонсогчдыг хүргэдэг. Энэ мэт жишээд цөөнгүй бий.

6. Өөрчлөхөөс аргагүй буюу өөрчилмөөр. “Сэгсгэр буурал ээж” (Бурхан бумбын орон), “Цээжний махаа барах нь дээ”, “Сарвуунд тогтохоо байх нь ээ хө”, “Усны толио царцахын цагтаа”, “Эхийнхээ хээлэнд зарагдсан унага”, “Хөөтэй, хөлстэй хорвоод”, “Толин хулын тоосонд хийморь зүггүй наадам”, “Судас дагасан цус минь цэв хүйтэн болчхоод” г.м. Хийморь, зүгээ алдсанаараа хэнтэй ч эгнэхгүй “наадаад” буй юм байх өө.

Иймээс цаашид:

Сайн дууны уран бүтээл, чанартай яруу найруулга төрсөн туршлагыг судлан хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Их Д.Нацагдорж, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Ш.Сүрэнжав, П.Бадарч, Б.Лхагвасүрэн, О.Дашбалбар зэрэг авьяаслаг найрагчдын дууны яруу найрагт оруулсан хувь нэмэр буюу яруу мэдрэмж, гүн сэтгэмж, уран чадвар тэргүүтнийг ч нарийвчлан авч үзэх нь зүй. Ялангуяа Ж.Бадраа, Л.Дагвадорж гэх мэт ноён оргилуудын содон эрэлхийлэл, сэтгэмжийн далайцыг үнэлж дүгнэхгүйгээр бид урагш алхахгүй. Нөгөө талаар рок, попын салбарт Ү.Хүрэлбаатар, Д.Ган-Очир, нийтийн дууны төрөлд Х.Бадамсүрэн, Н.Баянмөнх нарын дагнасан уран бүтээлчид бий болсон туршлагыг ч онцлохоос аргагүй. Учир нь “сайн шүлэг өөрөө аялгуутай байдаг” гэж АЖ Н.Жанцанноров бээр хэлсэн нь бий. Гэтэл эдүгээ яруу найрагч, мэргэжлийн зохиолч, дагнасан уран бүтээлч бус хүн дууны үг бичиж суугаа нь нийгэмд онцгой нөлөөлөх үүргийг нь бүрхэгдүүлж, яруу уянга, уран сайханд нь ч сөргөөр нөлөөлж буй юм. Ялангуяа ард иргэдийн эх хэлний боловсрол, сэтгэлгээнд онцгой үүрэг, нөлөөтэй нийтийн дууны төрөлд энэ нь бүр ч их хамаатай болж байна.

Ийнхүү сүүлийн үеийн зохиолын гэх дуу нь алдаатай, эстрад, хип хоп төрөл нь утгагүй буюу бүхэлдээ ойлгомжгүй, уналтын байдалд орчихжээ. Нөгөө талаар дуу бүр өөрийн амь, сүнс, бүтэц, хийцтэй байх атал бүгд нэгэн хэвд цутгасан мэт хиймэл шинжтэй болж буй нь ч ажиглагдав. Учир нь хоёрхон хүн (хөгжмийн зохиолч, яруу найрагч) хувь заяа (дууны уран бүтээлийн)- г нь шийдчихэж байгаад оршино. Иймд хөгжмийн зохиолчдын боловсрол, мэдрэмж буюу сонголт ихээхэн чухал бөгөөд АЖ Д.Лувсаншарав: “Би Бадраагийн яруу найрагт их дуртай. Явуухулан дууны яруу найрагт хайр дурлалын уянгын шигтгээнүүдийг оруулж өгсөн бол Бадраа гүн ухааны шигтгээнүүдийг хийж өгсөн гэж боддог” хэмээн нэгэнтээ хэлснийг энд таширлуулъя. Шог зохиолч Да.Жаргалсайхан “1.Яруу найргаас, 2.Шүлгээс, 3.Үргэлжилсэн үгээс бүтсэн дуу байна” гэж бичсэнтэй санал нэгдэж буй. Гэхдээ гурав дахийг нь “сэтгэгдлээс” хэмээн тодотгох саналаа нэмэрлэе. Хуучин нийгэмд дууны үгэнд хяналт тавьдаг асан нь энэ мэт үг утгын алдааг газар үл авхуулдаг сайн тал бас байсан юм шүү. Ганц жишээ татахад

“Хүү нь өсөж том болоод

Хүрэн тасын жигүүр ургана” (Хөх даалимбан тэрлэг, Д.Пүрэвдорж) гэх мэт.

Эцэст нь хэлэхэд: Зарим дууны үг дэндүү энгийн, сулхан буйг шүүмжлээд өнгөрөх төдий бус,

“Дуулж чаддаггүй нь дуучин болдог

Дуучин нь дуулахаа больдог” (Дуучин чамдаа, Б.Сарантуяа) гэсэн дуучдын уран чадварыг ч онцлох гэсэнгүй. Дууны яруу найргийн нэр хүнд, чанар- хүртээмж буюу өнөөгийн түвшин, дуулах ур чадвар (дуудах зүй)-ыг энд хэлээд байна.

Дуу бүр өөрийн онцлог, хувь заяатай байдгийн учир бүгдийг нэгэн стандарт, мэргэжлийн нарийн шалгуураар цэгнэн авч үзэхийг чухалчлаагүй бөгөөд утгын илт алдааг цухас дурдахад энэ мэт буюу. Ийм “дуу” дуулсаар байх уу?

Д.Цэвээндорж (Ph.D)

2021.12.06

--

--

Tseveendorj Demberelsuren
Tseveendorj Demberelsuren

No responses yet