Ирээдүйн шүлэгч ийм л байх ёстой
(Анхны номын шүүмж)
Анхны юм, бас ном гэдэг аливаа зүйлийн угтал, зам чиг нь болдог. Түүн дотор уран бүтээлчийн ирээдүйг тодорхойлох чухал үүрэгтэйгээрээ ном нь “юм”-наасаа чухам ялгаатай. Залуу яруу найрагч Түвшиндэмбэрэлийн Оюусудар “Эрвээхэйнүүд миний даашинз” (2022) анхны номоо хэвлүүлсэн нь үе тэнгийн сурагчид төдийгүй утга зохиолын хүрээнийхний анхаарлыг татаж эхлэв. Ямар анхаарлууд вэ гэвэл;
1-рт Улз нутгийнхаа уран бүтээлчдийн харгуйг залгамжлах гэгээ татуулав. Үүнд нэрт дуун хөрвүүлэгч Жигжидсүрэнгийн Нэргүй, нэртэй яруу найрагч Цэвэлмаагийн Нэргүй, зохиолч, нийтлэлч Оросоогийн Түвшиндэмбэрэл, Дэмчигийн Нарантуул нарын Норовлинчуудынхаа бичгийн мөрд утга дурайлгасан бийр бэхсийг хатаахгүй нь гэсэн итгэл өвөрлүүлж буй юм.
2-рт Хоосон уянгалж тоочих бус ертөнцийг, амьдралыг өөрийнхөөрөө нээж, онож хэлсэнд баярлах сэтгэгдэл эрхгүй төрж байна. Тухайлбал: Эрх чөлөөгөө “салхит шувууд”-аар, орчлонгийн сайн сайхныг сартай үдшээр төлөөлүүлсэн нь арван хэдтэй хүүхдийн оюун санаа хэдий ч аргагүй л өвөрмөц сэтгэмж болон ялгардаг. Ингэхдээ цэцэгсээр гоёж эрвээхэйнүүдээр даашинз урлаж буйгаар байгаль дэлхийтэй ойрхон, бас уран сэтгэжээ.
Гэхдээ “нууцлах” бус “нууцлаг догшин сүртэй нуурын давалгаа” зэрэг үг, үсгийн эндүү тэргүүтэн утгын алдаа болж буй нь бяцхан шүлэгчийн туршлагатай холбоотой санамж мөн. Мөн орь залуухан бус орь залуугаараа хат суусан (Чингис хаан) гэмээр шүүмжлэлттэй тал нь ааваараа заалгаж, ээжээрээ засуулж бус өөрийнхөөрөө бичсэн тул буруутгахын аргагүй цагаатгал мөн. Харин ч эл шүлэгт байгалийн үзэгдлүүдийг хооронд нь харьцуулж зэргэцүүлсэн нь энэ насны хүүхдийн бүтээлч сэтгэхүйг нээх баримт болж харагддаг. Жишээ нь:
“Хөөсрөн шуугих их давалгаа нь
Хөвч ойн салхи шиг чимээтэй
Талын нуур байтлаа
Тайгын хэлээр ярих нь сонин
Энгэрийн усан нуур байж
Тэнгэрийн луу шиг харагдах нь хачин” (Буйр нуур) зэргээр юмс үзэгдлийг хооронд нь жишиж адилтгахдаа сониуч зандаа хөтлөгдсөн гэгээн дүрслэлээр жигүүрлэжээ.
Утга зохиолын боловсрол бүхий л боловсрол мэдлэг, хүмүүжил төлөвшлийн суурь нь болдог. Үүнийг найрагч дүүгийн маань шүлгүүд бататгаж буй нь юутай сайхан. Тухайлахад харийн эрд нутгийн шувуугаа худалдсан монгол хүнийг “адгийн урвагч” гээд эр зоригийн бэлгэдэл болсон шонхор шувууг эх оронд нь авчрах хүүхдийн мөрөөдөл хүсэл, танин мэдэхүй туссанаараа хүүхдийн уран зохиолыг хүүхэд өөрөө бүтээж буйг, бас ирээдүйн авьяаст уран бүтээлч болох найдвар төрүүлж байгаагаа ч давхар илтгэв. Ингэхдээ
“Цэцэгнээсээ том эрвээхэй
Цэнгэн нааддаг гол
Модод бүхэн жимстэй
Монголын түүхт мөрөн” (Онон гол) гэсэн хийсвэрлэл ургуулсан нь яруу өгүүлэхүйн шидэнд нэвтрэх гэгээ татуулав.
“Ононгоос мордсон хүүгийн хүсэл
Орчлонг бүтэн ороож…” гэсэн шинэ санаа, оновчтой дүрслэл тэргүүтэн зөв зүйтэй эрэл болсны адил сэтгэлээсээ бичсэн “Би ээжтэй хүн”, хүүхдийн сониуч зангаа урнаар асууж, яруу хандсан “Цэцэг, нар хоёр”, “Улаан тугал”, “Далай яагаад хүйтэн бэ” зэрэг хөөрхөн санаатай шүлгүүд ч үүнд хамаарна.
Зохиолч, нийтлэлч аавынхаа шинийг эрэлхийлэх уран бүтээлч сэтгэмжийн зэрэгцээ аливаад тууштай ханддаг үнэнч зан ажиглагдаж буйг ч сайшаалтай. Жишээ нь:
“Үрс нь инээж л байвал тэр айлын
Үйлс нь дандаа өөдөө байдаг юм” (Хүүхдийн инээд) гэх юм уу
“Хэтэрхий ховор энэ цэцэгт
Хэн ч хүрэх ёсгүй” (Вансэмбэрүү) гэсэн өөрийн итгэл үнэмшлээ зоригтой илэрхийлснийг сайшааж байна. Ингэхдээ дүүгийнхээ асуултын хариуг ааваасаа асуусан ч өөрийнхөөрөө шүлэглэсэн нь гэр бүлийн уран бүтээлч уур амьсгалыг нь илтгэхийн зэрэгцээ хүүхдийн уран зохиолын санд тодорхой хувь нэмэр оруулах гэгээ татуулж буйд олзуурхав.
7 настайдаа анхны шүлгээ бичсэн Судар дүү:
“Нар намайг мөргөж бүдэрэхэд
Надаас сүүдэр үүсэж
Хөдөлгөөн бүрийг дуурайхад
Хөгжиж би тоглоно” (Нар) гэх мэт гүн санаагаа энгийнээр багцлахдаа туршлага дутсан ч хөөрхөн сэтгэмжтэй шүлгүүд цөөнгүй бичжээ.
“Одооны хүүхдүүд” гэсэн ойлголт, яриа үеийн үед гардаг. “Цаг цагаараа байдаггүй” тул сайжирсан нь бий, муудсан тал ч бий л байх. Ажил хөдөлмөр, үг даах, идэвхи санаачилга, хүндлэл гээд ихэнхи цаг үед шүүмжлэл хүлээдэг ч дийлэнхдээ энэ нь өсвөр насны хүүхдийн зөрүүд, хойрго зан төлөв буюу шилжилтийн үетэй холбогдох нь бий. Гэхдээ “одооны энэ хүүхдүүд”-эд бодол, сэтгэлгээний хурд, бие даасан хэрсүү шинж илүүтэй ажиглагддаг нь нууц биш. Харин энэхүү номыг зохиогч хүүхэд бол хүмүүжил сайтай, зарим ахмад уран бүтээлчийн гэнэн дүрслэлээс оюун сэтгэлгээний хувьд хэрсүү сууж бичсэн сэтгэмж- эрэлхийллээрээ ялгарч буй тул үг холбоход хүрсэн нь энэ. Үнэлж дүгнэхээсээ илүүтэй өөр хэдэн жишээ татаад үзье.
“Хэрэв бүсгүй хүн та байгаагүй бол
Тэнхээт баатрууд хаанаас төрөх вэ
Хэрэв эх хүн та байгаагүйсэн бол
Түүхт хаадууд хэнээс мэндлэх вэ
Бүсгүй хүн та орчлонгийн эх ундарга
Бүтэн дэлхийг уяраасан мянган дууны эзэн” (Бүсгүй хүн) гэх юмуу Вансэмбэрүү цэцгийг:
“…Тэврэлдэн ургасан хайрын домог
Мөнх цасны гоёл
Мохошгүй сэтгэлийн бэлгэдэл”… гээд
“…Оройд нь үүл хүрдэг ууланд л
Од мэт ургадаг
Өвөр нь наранд ойрхон энгэрт
Өөрөө эрхлэн ганхдаг
Хэтэрхий ховор энэ цэцэгт
Хэн ч хүрэх ёсгүй
Зөвхөн харагдах гэж ургадаг
Зөөлөн дэлбээт Вансэмбэрүү” хэмээн арван хоёр насандаа бичсэн нь аргагүй л анхаарал татнам биш үү? Түүнчлэн уран бүтээлч болох урам зориг нэмж буйг “Ганцаардал” шүлгээс нь олоод үзчихэж болохоор байна. Уг шүлэгт “тэнгэрийн дор орь ганцаар үлдэж огторгуйтай нөхөрлөснөөр бодлын эрх чөлөөнд хүрч гарт үзэг, зүрхэнд шүлэг авчран” байгааг дүрсэлсэн том санаатай. Энэ “том” санаа хүүхдийн оюун санаанд томдож буйгаараа ирээдүйд итгэх итгэлийг бидэнд нэмэгдүүлж буй юм.
“Салхит шувуу миний эрх чөлөө
Сартай үдэш дэлхийн үзэсгэлэн
Эрээн цэцэгс миний гоёл
Эрвээхэйнүүд миний даашинз” хэмээн өөрийнхөө зун цагийг оюун санаандаа бүтээж, найраг шүлэгтээ буулгасан нь хэн нэгний хүчээр, албадлагаар бус хүүхдийн гэгээн хүсэл тэмүүлэл, гэрэлт сэтгэмжээр бичсэн нь ажиглагдаж буй нь аргагүй л авьяас удамшиж буйг нотлох бус уу? Үүнийг
“Нуурын давалгаа уул шиг
Нууцлах догшин сүртэй
Хөөсрөн шуугих их давалгаа нь
Хөвч ойн салхи шиг чимээтэй
Талын нуур байтлаа
Тайгын хэлээр ярих нь сонин
Энгэрийн усан нуур байж
Тэнгэрийн луу шиг харагдах нь хачин” (Буйр нуур) гэсэн сониуч зангаар хөтлөгдсөн содон зураглалууд бататгадаг. Ийм жишээнд “Онон гол”… зэрэг цөөнгүй шүлгүүдийг дурдаж болно. Ижийнхээ тухай бичихдээ
“Зүрхний гүнд орших
Өнө мөнхийн шүтээн
Зүүдэнд хүртэл ханьсах
Өмөг түшиг би ээжтэй хүн” гэсэн сэтгэлийн үг нь эл сэдэвт шинэ санаа, мөр нэмж буйгаараа үнэ цэнтэй байна. Их Эзэн хааныхаа тухай л гэхэд
“Ононгоос мордсон хүүгийн хүсэл
Орчлонг бүтэн ороож
Хүж дэлхийн амин зүрхэнд
Хөх улсаа мөнхөлжээ” (Чингис хаан) гэсэн бие даасан үзэл сэтгэмж цогцлоожээ.
Хүмүүн төрлийг онож заяана гэдэг хосгүй хувь хишиг ээ. Ахархан энэ л чөлөөнд урлан бүтээхүйн зовлон жаргалыг эдэлнэ гэдэг нэгэн насаараа, буй биеэрээ төдийгүй оюун санаагаараа хэдэн зуу, хичнээн мянган жилийн цаг хугацааг ч гэтэлдгээрээ зүйрлэшгүй жаргалтай, бас “нажидтай” ажил гэж болно. Бусдыг уншиж өөрийгөө нээнэ гэдэг бие даасан уран бүтээлчийн өгөгдөл байдаг даа.
Ирээдүйн найрагчид ямар болох бол, энэ технологижсон эрин зуунд гэж боддог л биз. Авьяастай, аав ээжээс удамтай, хамгийн гол нь их утга зохиолд элэгтэй, сэтгэлтэй зүтгэлтэй байхад л болчихно доо.
“Цэгц аравт” уран бүтээлийн нэгдлийн маань бяцхан гишүүн Т.Оюусудар дүүдээ урлан бүтээхүйн их амжилт ерөөж, найргийн дөрөөнд нь нэгэн сацал сүү өргөе!
Хэрлэн, Онон, Улз гол хэтээсээ долгио бүхэндээ уртын дууны шуранхайтай байдаг даа. Эрвээхэйгээр даашинз урласан ирээдүйн шүлэгчийн анхны ном ийм байна.
Утга зохиол судлаач, шүүмжлэгч Д.Цэвээндорж (Ph.D)
2023.04.10