КИНО НЬ УРЛАГ, КИНОНЫ “ЭРЛЭГ”

Tseveendorj Demberelsuren
11 min readJun 18, 2020

--

(Кино шүүмж)

Монгол киноны 85 жилийн ойд

Нэг. Зохиолтой зохиолгүй бүтээлүүд

Өнөө цагийн тайз, дэлгэцийн урлагт сонгодог сэдэв бүхий (мэргэшсэн зохиолчийн) мэргэжлийн зохиол эрхгүй дутагдаж байна. Муу зохиолыг хальсанд буулгана гэдэг хошин урлагийнхан, залуу уран бүтээлч, сонирхогчдоос кино дэлгэцэнд ичгүүргүйгээр амтшиж буйн харгай бөгөөд ийм бүтээлд “Хайрлаж болох уу”, “Хамгийн сайхан нь” гэх мэт олныг дурдаж болно. Өөрөөр хэлэхэд монголын кино урлаг “Ээжийн дайсан”, “Ээжээ надтай гэрлээч”, “Жексон амьд”, “Жет Ли ирлээ” гэтлээ сэдэв, сэтгэлгээний ядууралд орж “Микроны босс”, “Приусны босс”, “Боссын босс” гэх мэтээр үргэлжлэн “Таксины босс”, “Автобусны босс” удаах сэдэв нь болж “хүлээлт үүсгэх” жишээний. Эдгээр нь хүнд юм өгөх, ухааруулах санаа дутмаг, хөнгөн инээд, зугаа цэнгэл, онцгой үйл явдлыг дүрслэн харуулахаас хэтрэхгүй ядуу зохиомжтой нь илт байдаг. Үүнийг л үзэгчдийн түвшинд үзүүлж буй тул улс төрчид нь ч тэр, урлагийн зүтгэлтнүүд нь ч адил ард түмнээ басамжилж, ядуу хоосон сэтгэлгээтэй байлгах сонирхол хэнд ашигтай вэ гэсэн асуулт эрхгүй нэхэгддэг. Амьдрал өөрөө баялаг, тэр чигээрээ сэдэв атал ийм явцуу хүрээ нь сүүлийн үед улс төрийн захиалга, томоохон бүлэглэл, бизнесийн хүрээ (корпораци)-нийхний дунд тэмцэл өрнөж буйгаар өргөжихөөс хэтрэхгүй байна. Бас эр эм хүйс нь солигдох (Аз жаргалын шок), ой санамжаа алдах (Дурлалын гэмт хэрэг), гоо сайхны хагалгаанд орж зүсээ хувилгах (Би эмэгтэй хүн, Царайлаг өдрүүд), бие биенээ хардаж сэрдэн, мөшгих (Тагнуулч аав, Миний эхнэр тагнуулч) төдийгүй улс төрийн хэрэг, хууль, шүүхийн хуйвалдаан, хар тамхи, мансуурал, хүн барьцаалах, хорт хавдар, ижил хүйстэн, эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг гадаад киноны нийтлэг өгүүлэмж нэвтэрч буй аж. Эрчүүд нь шалдлах, бүр зарим нь хэвийн үзэгдэл мэт бөгсөн дээрээ алгадаж даапаалах нь (Lovers, Амьдрах тасалбар г.м) ч энүүхэнд болжээ.

Энэ нь иргэдийн оюун санааны түвшин нийгмийн амьдралтай холбоотой юу, эсвэл нийгмийн хөгжил нь ард иргэдийнхээ оюун санааг чөдөрлөөд байна уу гэсэн асуудал урган гарахад ч хүргэдэг юм. Өнөөдрийн нийгэмд болж бүтэхгүй зүйл хаа сайгүй бий. Үүнийг урлагийн хэлээр ухааруулах чадвар, урлал илт үгүйлэгдэж буйг л энд хэлээд байна. Зохиолчид кинонд тоглож чадахгүйн адил жүжигчид зохиол бичихээр ямар олигтой бүтээл гарах билээ дээ. Учир нь манай жүжигчид, уран бүтээлчид хоорондоо ярьж сууж байгаад л (үйл явдалд дулдуйдсан) зохиомж гаргачихдаг нь нууц биш зүйл, ил тод үзэгдэл болоод удаж байна. Чингэж кино зохиолч, киноны уран бүтээлч (бүгд хамрагдана) нь хоорондоо холилдож хөл толгой, зах замбараагаа алдан эх зохиол, кино зохиол хоёрыг ялгахтай үгүйтэй манаргах буюу. Бас бичгийн зохиол, дэлгэцийн урлаг хоёрын ялгаа болох үгээр урлах, дүрээр сэтгэхийн зөрүүг харилцан яриа, хашгирч гуугачихаар бус хэлэмж гүйцэтгэлээр үзүүлдэгийг “мартсан” ажгуу. Түргэн түүхий ийм ядуу өгүүлэмж, үйл явдал нь сэдэв, үзэл санаа, дүр, харилцан яриа бүгдийг нэгэн хэв загвартай болгож нийт үзэгчид, ялангуяа залуу хойч үеэ хөнгөн үзэгдэл, зугаа цэнгэл хөөцөлдсөн, амар хялбар арга хайсан (Мөнгөний гахай г.м), цаг нөхцөөсөн буюу “идэвхигүй иргэд” болоход нөлөө үзүүлэх буруу үлгэр дууриалалтайд оршино. За тэгээд шинэ жил, цагаан сар, баяр наадам дөхөөд ирэхээр элдэв хошин зохиомж хийн маазрах төдийгүй “оддын бэсрэг наадам” зохиогоод удаж буй ажээ. Өөрөөр хэлэхэд зундаа кино, хавар намартаа хөдөөний иргэдийнхээ хармаа хотыг сэгсрэх шог үзүүлбэр бэлтгэж чанарын бус ашгийн, уртын (цагийн шалгуур даах) бус улирлын чанартай болон хэвшчихээд байна.

Хуурч залилж худал мэхэлсэн юм уу хүн андуурсан үйл явдлаар зохиомжилж, хүйсээ сольж тоглодог, өндөр нам, өргөн, нарийн хоёр хослодог хошин үзэгдлийн түгээмэл гараа нь дэлгэцийн урлагт шилжин монгол киноны үндсэн туурвил зүй болох хэмжээнд тулаад ирчихжээ. Тиймээс Америк кино хувилбар “Дурласны маргааш”, “Диваажинд хүрэх зам”, “Hangover”-ийн орчуулга “Шарталт”, Энэтхэг киноны хуулбар “Намрын синдром” зэргээр үргэлжилж, аргаа барсных уу адаг сүүлдээ бүр дууны утгаас санаа авч хошин гараа, кино “хийх” (Рашаантын 18), хуучны кинонд анги нэмэх (Би чамд хайртай-2, Өнөр бүл өнөө цагт), алтан үеийн киноны агуулгыг давтах (“Энэ хүүхнүүд үү”-“Эрэгтэй охин”, “Анхны алхам”-“Шүүдэр дундуур”)-д хүрч Г.Одонгийн “Ажлын дараа” зургаар уран сайхны дүрүүд бүтээсэн зэргийг ухралт гэх үү, урагшлалт гэж үнэлэх үү? Машинаараа мөргөж хараагүй болгосон хүндээ хайртай болчихдог, нүдийг нь сохолсон нэгэнд дурлачихдаг нь монгол кинонд шинэ санаа, сонирхолтой зохиомж болчихоод байна.

Энэ нь үндэсний зохиолоо уншдаггүй, сонголт хийж чаддаггүйтэй, бас харийн кино хуулбарлаж хялбар дөт аргаар мөнгө олох гэсэнтэй буюу кино нь “бизнесийн зах зээл” болсонтой холбоотой. Дийлэнхэд нь хайрын сэдэв голлож буй нь шинэ сэдэв санаа, шинэлэг эрэлхийлэл, ур зохиомжоо хаацайлсан, техник технологийн дэвшлийг ашиглаж чадахгүй буйгаар тайлбарлагдана. Шинжлэх ухаан, соёл гэгээрэл, танин мэдэхүйн боловсролын нэвтрүүлэг, дэлгэцийн сувгууд хэд байна вэ? Оюун санааны гэгээрэл, нийгмийн хөтөч болсон кино аль нь юм? Үндэсний бүтээлээ чухалчилж, монгол хүнээ дэлгэцийн урлагаар харах гэсэн хүсэл эрмэлзлийг ингэж унтрааж болно гэж үү?

Энэ байдал удаан үргэлжлэх хандлагатай болчихсон нь сүүлийн арван хэдэн жилийн турш ази, дорно дахин (солонгос цуврал), Холливүүд, европ кино, баримтат төрөл үзэх сонирхол, тус кино багц (Univision гэх мэт) сонгох болсон (театрт очилгүй) чиг хандлага бэлнээ илтгэнэ. Сүүлийн жишээдээс ажиглахад гадаадын бүтээлээс боловсруулсан кино үзэгчдэд илүү хүрч буй нь зохиол сайтай, эх зохиол хичнээн чухлын нэг баталгаа бөгөөд С.Цвейг “Үл таних эмэгтэй -Танихгүй эмэгтэйн захидал”, С.Цвейг “Айдас -Уучил”, А.П.Чехов “Түшмэлийн үхэл”-“Бурхан өршөөг”, Ван Хэн Жи “Солиот эх”, KBS телевизийн “My rose life- Бүтэн амьдрал” гэх мэт монгол хөрсөнд сайн буугаагүй ч монголчуудыг “байлдан дагуулсан” бүтээлүүдийг дурдаж болно. Далд хуулсанаас ил тусгасан нь дээр гэдэг дээ. Тиймээс болсон явдал, бодит түүхээс сэдэвлэн бичсэн зохиол амьдралд илүү ойр болдогийг Ч.Лхамсүрэн “Хүрэн морь”- “Хийморь” (Г.Эрдэнэбилиг), “Цагаан хадаг” (Ж.Сэнгэдорж), “Нар сарны заагт” (О.Бат-Өлзий), “Яллагч” (О.Эрдэнээ), “Бодлын хулгайч” (Д.Төрмөнх), “Итгэл” (Б.Амарсайхан), “Сайн аав” зэрэг мэргэжлийн, туршлагатай болоод өсөх ирээдүйтэй зохиолч, урлаачдын бичиж боловсруулсан бүтээлүүд гэрчлэх боллоо. Жишээ нь “Итгэл” МУСК-нд найзаа, бусдыг гэсэн сэтгэлийг шинэ үеийн хүмүүсийн мөн (мөс) чанартай харшуулан үзүүлэхдээ эр хүний уналт, сэхэлтээр нийгэм цаг үе, амьдралын утга учрыг ухааран таньж буйгаар тайлал хийсэн нь үзэгчдийн сэтгэлд ойрхон тусдаг юм. Гэхдээ энэ нь бодит амьдралаас сэдэвлэснээрээ заавал сайн бүтээл болдог гэсэн үг биш бөгөөд энэ түвшинд очиж сэтгэн уран сайхнаар боловсруулан бичих зохиол, зохиолч хэрэгтэй, тэдгээрээс сонгож боловсруулах шаардлагатай гэсэн санаа болно. Тиймээс эхлэл, төгсгөл гээд зохиомж бүхэлдээ шинэлэг байж илүү дутуугүй товч тодорхой буюу сонирхолтой үйл явдал, огцом өрнөл, гүнзгий зөрчил бүхий өгүүлэмжийн хурц шийдэл, гүн санаа бүхий эргэлт, тайлалаар ухаарал өгч уран сайхны үүргээ гүйцэтгэж чадах зохиолыг САЙН ЗОХИОЛ гэж хэлэх байна. Товчхондоо бол аймшгийн кино шиг үйл явдлын өрнөлтэй, инээдмийнх шиг өгөөжтэй, эмгэнэлт кино шиг ухаарал, эргэцүүллийн туурвил зүйг нэгтгэсэн түвшинд аж байдлын драм чиглэх нь зүйтэй санагдана. Уянгын, бодролын сэдэв өгүүлэмж байх ч цаг гарзадсан киног гэнэдэж нэг үзсэн ч дахиж хардаггүйг анхаарууштай. Гэхдээ хүнд юм бодуулах, эргэцүүлэх гүнзгий санаагүй, танин мэдэхүйн ач холбогдолгүй бол анх үзэхдээ л анхаараад өнгөрдөгийг ч бас санууштай юм. Үүнд архидалт, алхайрлыг сурталчилсан буруу нөлөөтэй “Шарталт”, мөн л архидалт, аллага дээрэм, амар хялбар аргаар мөнгө олж болохыг сурталчилахдаа алиа марзагналтай холбосон буюу дахиж үзэмгүй “Татаар ажиллагаа” зэрэг олон бүтээлийг дурдаж болохоор байна. Банк ухах гээд баригдаж бус баяжиж төгсөж буй бүтэлгүйчүүд нь багачууд, хүүхдүүдийг “баар”-нд уруу татах уу? Барагтайхан кинонууд “Би хайртай хүнтэй”, “Эцсийн зогсоол Э цэг”, “Таарсан хоёр” зэргээр үргэлжилсээр л байх уу? Муухан кануучин байснаас идэвхитэй үзэгч, маруухан зохиолч гэгдсэнээс мэдрэмжтэй уншигч байвал ямар бол?

Хэдий эх хүн үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулдаг ч хүүхэд шигээ хүүтэй арсалдаж охин булаацалдахдаа машиныг нь тонох, хуурамч үзмэрч хөлслөх гэх мэтээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулж монгол хүн, эх хүнд байж боломгүй зан, ёс суртахууныг урлагт нэвтрүүлж буйг дуугүй өнгөрөөсөөр (Ээжийн дайсан-I) ирэх үү? Бас анхны хайртайгаа гэрлэхийн тулд авгай хүүхдээ золиослож, эхнэрээ эрэмдэг болгож буй олны танил “сэхээтэн” эрийн найман настай бяцхан хүү нь насанд хүрсэн бүсгүйд сээтэгнэн нүд ирмэн налж унаад байх, авгай авах, анхны шөнийн тухай яриад суух нь (Ээжээ надтай гэрлээч) ч сэтгэлд нэг л хөндий. Түүнчлэн аав хүү хоёр хоёулхнаа хамт амьдардаг атлаа шөнөжин дотуур өмдөндөө гараа хийн боожгойгоо барьж унтдаг зуршил нь инээдэм үү, эмгэнэл үү? (Надын аав мангар) Зургаахан настай цэцэрлэгийн хүүхдэдээ эцэг нь ямар үлгэр дуурайлал үзүүлээд буйг инээдэм, зугаа болгож харуулсныг аль өнцгөөс нь үзэгчид ойлгох бол? Тэр ч атугай дургүй нь хүрсэн дүрүүд гадаад хэлээр хараал хэлэх буюу “ста” (“Соёлын тэргүүний ажилтан” биш шүү) гэж шогширч, дунд хурууныхаа завсар эрхийгээ гарган салаавчлах юмуу нэг хуруугаа үзүүлж “май” гэж чанга орилон нялх балчир, өсвөр насны хүүхдүүдийн үгийн санг нэмэгдүүлсээр буйг бас л хаацайлж суух уу? Одоо ер нь салаавч өгдөг хүн үзэгдэхээ больсон цагт дэлгэцийн бүтээл дэндүү нөлөөтэй нь үнэн ажээ. Мөн аллага хүчирхийлэлд урин дуудсан, эсрэг талын хүнээ тамлан зовоосон, “Хоёр нүдийг чинь ухна, хоёр чихийг чинь тасдана, хэлийг чинь огтолно” (37-р точка) гэх мэтээр харааж зүхэх нь хүүхэд багачуудад ямар нөлөө үзүүлэх бол? Зөвхөн Алтаншагай нэртэй жүжигчид “Лизинг”, “Том толгойтын романс” зэрэг кануунд “Ядаргаатай ш..сан” [Хориотой үг], “Ш..лдаа чи” зэргээр хараалын үгээр уулга алдах буюу хээв нэг ярьж л байг уу? Урлагийн, бас уран сайхны дүрийн хүмүүжлийн ач холбогдол гэж бий сэн.

Хоёр. Сонголттой сонголтгүй жүжигчид

Кино зохиолын зорилго буюу амин сүнс бол дэлгэцэн дотор үзэгчид нь “амьдарч”, үйл явдалд оролцох явдал юм. Тиймээс зохиолын дүрд тохирсон жүжигчнийг зөв сонгох нь тухайн кино, дэлгэцийн бүтээлийг амилуулах үндэс болдог. Өнөөдрийн хувьд мэргэжлийн цөөн хэдэн жүжигчид л киноны ядруухан зохиол, найруулагчийн маруухан шийдлийг амь оруулан тээж яваа нь үнэн. Үүнд драмын театрын С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилиг, мөн бүтээсэн дүрүүд нь сэтгэлд ойрхон тусдаг Б.Амарсайхан, Ц.Цэрэнболд, О.Долгор нарын авьяаслаг жүжигчид өсөн нэмэгдэхийн зэрэгцээ АЖ Цэрэндагва, С.Сарантуяа, ТШ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Батцэцэг, эсрэг дүрийн “эзэн” Ц.Төмөрхуяг, туслах дүрийн мастер Ж.Оюундарь нарын туршлагатай жүжигчид ачааны хүндийг үүрч буйг онцлон тэмдэглэе. Халтуурын кинонд тоглохгүй байгаа “Хасар” Жагаа, Мэндбаяр (АЖ) нарын жүжигчдэд баяр хүргэх нь ч зүй.

Г.Золбоот (МУГЖ), Ш.Жавхлан (Маск) нар драмын төрөлд илүү чадварлаг жүжигчин бол УГЖ С.Өлзийхүү, М.Баярмагнай, Ш.Алтанцэцэг (Аяа), жүжигчин Г.Ундармаа, мөрөөдлийн театрын гэх Эрхэмбаяр, Г.Алтаншагай, Батаа, Ганбаа (шинэ үе) нар зөвхөн инээдэмт дүр, хошин урлагийн төрөлдөө илүү амжилт олох мэт харагддаг. Энэ нь аж байдлын сэдэвт дэлгэцийн бүтээл, алиа марзагнал бүхий хошин урлагийн төрөл зүйлийн онцлогтой холбоотой бөгөөд зохиол муутай, боловсруулалт сул, найруулагчийн шигтгээ урлал хомсын дээр шог гарааны жүжигчид ачлалт аав ээжийн дүрд “хувирчихаараа” тухайн дүрийн үнэ цэн, кино зохиолын агуулгыг улам дордуулдагийн илрэл юм. Тэд хааны түшмэл (УГЖ С.Лхагвасүрэн- “Говийн домог”), Эзэн Чингис хааны дайчин баатар эрс (Н.Онон, Г.Алтаншагай- “Аравт”) гэх мэт домгийн сэдэвт, түүхэн кинонд тоглохоор түүнээс ч “гошин” юм болно. Харин инээдмийн болоод драмын төрөлд жүжиглэж чадах олон талтай уран бүтээлчид Д.Хүрэлхүү гавьяатыг нэрлэе одоогоор. Түүнчлэн С.Ариунбямба, Б.Навчаа, Р.Баттогтох Б.Барслхагва, Ж.Алтаншагай (Фантастик) зэрэг ширүүн зан, догшин харцтай детектив, “мафи дүр”-үүд нэрд гарч эрэлт хэрэгцээтэй байгаа нь цаг үеийн өнгө төрх, түүний илрэл болтой. Өсөх ирээдүйтэй, үнэн сэтгэлээсээ уурлаж, хувирч чаддаг авьяаслаг эдгээр жүжигчид эсрэг дүрийн ирээдүйн нүүр царай гэдгийг үгүйсгэх гэсэнгүй ээ энд.

Жилд хичнээн залуус жүжигчний мэргэжлээр төгсөж буй билээ. Заавал олны танил гэхээсээ тухайн дүрд тохирсон, өсөх ирээдүйтэй залуу уран бүтээлчдийг сонгох эрэл оновчтой бус хэвээр байна. Санхүүжилт байхгүй нэрээр эхнэрээ гол дүрд тоглуулж нөхөр нь зохиож найруулаад, эсхүл эхнэр нь продюсерлэж найруулаад нөхөртэйгөө хамт гол дүр бүтээгээд, нэг нь бичээд найз нь, ах нь продюсерлээд дүү нь найруулаад, дүү нь хөгжмийг нь хийгээд ах нь тоглоод хаа хаанаа амьдралаа болгоод явдаг урлагийн (хөгжил гэх үү дээ) үйл явц манайд л бий. Энэ бол сэдэв зохиомж, үйл явдал, дүр төдийгүй арга зүйн мухардал гэж хэлж болох юм. Өөрөөр хэлэхэд гэр бүл, ах дүүс, найз нөхдийн хамтын ажиллагаа болсон нь мэргэжилтнийг урьж ажиллуулдаг дэлхий нийтийн чиг хандлага буюу чанарын баг, чадварын ололтоос хол зөрж буйгаас үүтгэлтэй. Нэг ёсондоо амьдралын олон өнгө төрхөөс эв донжийг нь олж урлан бүтээхийг чухалчилах атал “нялх одод”, монголын “алдартнууд” (баялаг бүтээгчид бус цагаан гартнууд)-ын эгнээнд орж, цаашдын гавьяагүй “гавьяат”-уудын тоог нэмэх уран бүтээлчид улам залуужих болсон нь бас нэг доройтол мөн. Дүрд тоглогч тэдний харилцан яриа, тэнэглэлүүд нь оюуны чадамж өндөртэй үзэгчдийн эгдүүг хүргэж бухимдал төрүүлдэг нь ч нууц биш. Мэдлэг боловсрол өндөр ийм үзэгчдийн түвшин эрс нэмэгдэж буйг бид мэднэ. Бусдыг даапаалан доромжилж, далжигнаснаараа иргэдийн инээд бус эгдүүг хүргэхээс хэтэрдэггүй билээ. Эдгээр эх захгүй олон кино, шоу драмууд нь тухайн жүжигчинд өөрт нь л хувийн туршлага болно уу гэхээс кино дэлгэцийн урлагт ахиц өгөхгүй хэвээр байна.

Энгийн сэдэв, үйл явдал бүхий уянгын сонгодог бүтээл гэхээсээ олон хандалттай “лайв”-чид, шорлогчин залуу, олон нийтийн реалити шоунд орж танигдсан (Хүүш Дамдин, Жамка, “жоохон барилддаг жүүс, шүүс, зуушчин” буюу Сүхбат- “Гурван сая инээд” г.м) иргэдийг кинонд урьж хошин шог, инээдмийн төрөл зонхилох болсон нь өнөөгийн манай уран бүтээлчдийн оюуны чадамж, үзэгчдийн хандлага, чухамдаа арилжаанд чиглэж буйн илэрхийлэл юм. Мөн дуучид (Татаар ажиллагаа), хамтлаг (Сайн уу амьдрал минь- Guys-666), загвар өмсөгчид, хөтлөгч, нэвтрүүлэгчид, заримдаа зохиолч, тамирчид, бөхчүүдийг “жүжиглүүлдэг” байсан бол одоо Осоржамааг оролцон тоглуулж (UB squad) олон түмний “оюуны цангаа”-г тайлах болжээ. Тийм ч учраас охид бүсгүйчүүд нь юм л бол нүцгэлэн шалдалж, хорь орчим насны хөвгүүд нь юу юугүй бөгс бөөр ярин (+17 Bad Angel, Boobies цуврал г.м) олонд танигдаж “овоо хараанд өртөх” (найруулагчийн)-ийг оролдох болсон нь ч нууц биш. “Масс”-д зориулсан мөнгөний кино учраас “манай тэр” залуусыг тоглуулах нь ч аргагүй ээ.

Жүжигчний мэргэжил, хүнд хөдөлмөрийг хөсөрт хаян үнэгүйдүүлж буй тэднээс тэсвэр хатуужил (үсэрч буух, өргөж шидүүлэх бол энүүхэнд), олон талын чадвар шаардах боломжгүй шахам бөгөөд өөрийн зан чанар, үйлдлээ гээж, дэлгэцийн дүрдээ уусаж орох чадварын талаар бүр ярилтгүй билээ. Үүнд өөрийнхөөрөө бус тэрхүү дүрийн уйлалтаар уйлж, гомдлоор нь харуусч, догдлолоор нь баярлан хөөрч чадахыг энд хэлээд байна. Мөн сэтгэлд хоногших дүр, санаа сэдэл байхгүй буюу өөрийгөө болон өмнөх дүрээ давтахаас залсхийж хувьсан шинэчлэгдэж чаддаг байх “өсөлт”-ийн тухайд бас л бодолтгүй. Түүнчлэн осол аваар (машин мөргөлдөх, гэмтэх) нь биш юм аа гэхэд тамлал шийтгэл, тэмцэж тулалдах нь хиймэл, эсхүл дуу дуулах, хөгжим тоглож буй зэрэг гүйцэтгэлүүд маш муу, орлон тоглуулсан нь илт мэдэгдэх тул үзэгчдэд хүрэх, сэтгэл хөдөлгөх нөлөө байхгүй болгож найруулагчийн болоод жүжигчний уран чадвар, сэтгэл дутсан, цаашлаад бүтээлийн чанар чансааг нь илтгэдэг. Ийм зохиолын дүрүүд нь өндөр дуугаар орилж хашгирах, хэрүүл хийх, дууны утга тайлбарлах, хоосон цэцэрхэх, онигоог харилцан яриа (үйл явдлын зохиомж) болгон шалдаа бууж, орчуулгын мэт хиймэл ярианууд нь хүнд хүргэх далайц, үзэл санаа, ухаарал өгөх бодомж, яруу дэвшүүлэлт ядмаг тул үзэгчдээ инээлгэхийн тулд эрээ цээр, ёс зүйгүй үйлдлүүд буюу уламжлалт зан заншил, хүндлэл, монгол хүний язгуур үнэ цэн бүр ч гээгдэж садар самуун, худал хуурмаг, хулгай дээрмийг сурталчлах нь хэвийн үзэгдэл болчихжээ.

Энэ янзаараа кинонд тоглоогүй хамтлаг, дуучид, рэппэрүүд, загвар өмсөгчид, олны танил эрхмүүд үлдэхгүй бололтой нь монгол кино урлагийн ирээдүйн дүр төрх мөн. “Од” хүмүүсийг л оролцуулан тоглуулж байвал олонд хүрнэ гэсэн “оюуны хомсдолтой” урлагийг яалтай. “Дотор”-той, төрмөл жүжигчин тоолж боломгүй цөөн хэдий ч үзэгч олон жүжигчдийн бүрэлдэхүүнийг харж сонголт хийдэг байсан бол одоо туршлага, ур чадвар (сонголт) голлох үүрэгтэй болж буйг хаа хаанаа анхаарууштай болжээ. Өөрөөр хэлэхэд дүрийн сонголтонд царай зүс, нуруу туруу хардаг байсан нь ард хоцорч туршлага, ур чадвараар үргэлжлэн эдүгээ эх (зохиолын) дүрийн зан чанарт тохирох сонголт чухлаар дэвшигдэж байна. Учир нь эх ба гүйцэтгэл хоёр дүрийн нийцэл дор хаяж 50-иас дээш хувьтай байж гэмээнэ найруулагч, жүжигчин хоёрын хөдөлмөр, хамтын ажиллагааны үр дүнд 100 хувьд дөхөх зорилгыг тээх учиртай. Холливүүдын киноны нууц гэхүү дээ амжилт бол олны танил, нэр алдартай жүжигчдийн баг гэхээсээ сонирхол татам огцом өрнөл бүхий үйл явдал, гүн санаа, асуудалд дэвшүүлсэн тайлалд орших. Дээр нь мэдээж тухайн дүрийг бүрэн гаргах тохирсон дүр төрх, үйлдэл (хөдөлгөөний дадал) бүхий жүжигчдийн сонголт юм.

Нэгэн бүсгүйд зэрэг дурласан гэм зэмгүй залууг “Ээжийн дайсан” гэж цоллож байхад дэлгэцийн урлагийн дэвшил хөгжилд “дайсагнасан” (эрлэг) зарим бүтээлийг кино урлаг бус киноны “эрлэг” гэсэн ангилалд багтааж болох уу? Энэ талаар эрхэм үзэгч та ямар бодолтой явдаг вэ?

(1-р анги төгсөв. Үргэлжлэл бий)

Утга зохиол судлагч, шүүмжлэгч Д.Цэвээндорж

--

--

Tseveendorj Demberelsuren
Tseveendorj Demberelsuren

No responses yet