Tseveendorj Demberelsuren
12 min readJun 18, 2020

МОНГОЛ КИНОНЫ “СУРГАЛТ” БА СЭРГЭЛТ

(Кино шүүмжийн 2-р анги)

Монгол киноны 85 жилийн ойд

Гурав. Сэтгэмжтэй, сэтгэмжгүй найруулагчид

Монголчуудын XX зуун дахь урлаг соёлын ололт сүүлийн хорь гаруй жилийн турш уруудаж явсаар мэргэжлийн, туршлагатай зохиолч, найруулагчид маань бүгд шахам бурхны оронд одсон нь энэ цаг үеийг бүр “галзууруулж” эхлэв. Үүнд хошин урлагийн продакшнууд манлайлах үүрэгтэй ажээ. Амьдралаас тасарсан хэт гоёмсог, хүн үнэмшимгүй хийсвэр, гэнэн үйлдэл илүүц харагддаг. Гэтэл ийм зохиомж, хийц бүхий кино, жүжгүүд төгсгөлдөө л хүний сэтгэлийг хөдөлгөх төдий нь ажиглагддаг билээ. Үйл явдлаа ингэж сайн сайхнаар, эсвэл содон төгсгөвөл үзэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлж, ам дамжсан сурталчилгаа болон шинээр ирж үзнэ (кино, драмын театрт) гэсэн менежментийн арга төдий шийдэл (“Гурван найз яасан байх нь уу” кино г.м) болох нь ч илт байдаг. Товчхондоо бол өнөөгийн монгол кино аз жаргалтай (хэтэрхий марзагнасан) юмуу эмгэнэлт (хэт зовж зүдэрсэн) төгсгөлд хуваагдаж байна. Зүй нь өнөө цагийн хүмүүсийн сонирхол, сэтгэхүйд тохирсон сэдэв, үйл явдал, харилцан яриаг сонгож урлагийн мэдрэмж, гоо зүйн таашаал бүхий ирээдүйд итгэх найдварыг бадраах нь дэлгэцийн урлагийн бас нэгэн зорилт мэт санагдах юм. Мөн урлагийн бүтээлийг цаг үеэсээ урьтан сэтгэж туурвих үүрэгтэй, уран сайхны кинонд чинь бас нэг үзэл санааны төлөөлөл, бэлгэдэл шингээсэн өгүүлэмж байдаг сан. Гэтэл хөх инээд хүрмээр, хүүхэлдэйн, хүүхдийн кино шиг санагдах “хөгийн юм” хийхээ хэзээ болих вэ? Нэг үгээр хэлбэл хүүхдүүд юм уу өсвөр насныхны сонирхол татахаар хөнгөн шингэн үйл явдалтай буюу уран сайхны клип, зохиомжуудаа УСК гэж нэрлэсэн юм сан уу, УСК нь уран сайхны зохиомж (энтертайнмент) болчихсон юм уу гэмээр (Амьдралын амт г.м) жишээд цөөнгүй хөвөрнө. Бас баримтат уран сайхны бүтээлээ МУСК гээд байна уу, МУСК нь баахан эвлүүлэг болчихсон уу? гэж эргэлзэхэд хүргэх нь түүхэн хэрэг явдлын түүхий хуурай найруулга “Дурсаж яваарай”, жүжигчдийн бүрэлдэхүүн, сонголт давгүй ч жул бүтээл болсон “Харанхуй хад” зэргээс үүтгэлтэй. “Оюу толгой” ивээн тэтгэж, оюунт хүмүүн, их зохиолчийн амьдрал уран бүтээлийн талаар зохиол нь иймхэн санагдаж, найруулагч нь тиймхэн хандсаныг орхиж энд боломгүй. Санхүү, мөнгө багатайгаас тэр үү, сэтгэл, зүтгэл хоёр дутсаныг л энд бас хэлээд байна. Амьдрал мэдэхгүй, бусдыг уншихгүй атлаа зохиол бичих, орчлонг танилгүй, олон талын мэдлэггүй байж бүтээл найруулна гэж юу билээ. Иймд тэдэнд кино “хийн” зугаацаж байхаар кино үзээд сууж байгаасай, бусдаас (Холливүүд, Солонгос) бүтээлчээр суралцаасай хэмээн зөвлөхөд хүргэдэг. Учир нь монгол киноны нэр хүндийг унагаж дэлгэцийн урлагийн үүрэг, нөлөө, ач холбогдлыг дэндүү дорд үзэж (аваачиж) буй тэднээс хэн, ямар хариуцлага нэхэх вэ?

Гэхдээ бас муугаасаа сайн нь илүү (тийм байх ч ёстой) хорвоо хойно монгол кино урлаг сэргэх шатандаа орсныг үгүйсгэх гэсэнгүй. Өөрөөр хэлэхэд дэлгэцийн урлагт найруулагчдын цоо шинэ үеэр халаагаа сэлгэж мэргэжлийн гэхээсээ авьяастай уран бүтээлчид энэ ачааг үүрэлцэж буйг зөвтгөхгүйн, бас үгүйсгэхийн аргагүй. Энэхүү эгнээнд туршлагажиж буй томоохон уран бүтээлч Ж.Сэнгэдорж, ТШ Н.Наранбаатар, МУГЖ О.Бат-Өлзий, И.Одончимэг, өсөж буй авьяаслаг найруулагчаар СТА Г.Эрдэнэбилиг, Б.Тамир, Б.Чингүүн нарыг онцлон нэрлэе. Учир нь бусдаас ялгарах өвөрмөц сэтгэмж, сонирхол татам үйл явдалтай буюу кино урлагийн түвшинд дөхөж очих бүтээлд “Босуул” (Зохиолч А.Баттүшиг, найруулагч Ж.Сэнгэдорж), “Үл таних эмэгтэй” (найруулагч Н.Наранбаатар), “Ар хударга” (зохиолч, продюсер Д.Болдбаатар, найруулагч О.Эрдэнэ, С.Баттулга), “Солиот эх” (найруулагч И.Одончимэг), “Үргээлэг II” (зохиолч, найруулагч Г.Эрдэнэбилиг), “Дурлалын гэмт хэрэг” (зохиолч, найруулагч П.Дэлгэрбаяр), “Өртөө” (зохиолч, найруулагч Б.Чингүүн), “Зура” (зохиолч, найруулагч Б.Тамир, Э.Алдар) зэргийг эн түрүүнд нэрлэмээр байна. Мөн саяхнаас “Фантастик” нэгдлийн бүтээлүүд (Зүрхний хилэн, Байтаг богд, 37-р точка г.м) үзэгчдийн талархлыг хүлээж буйг бас онцлон тэмдэглэе. Ялангуяа жүжигчин Г.Эрдэнэбилиг “Аав”, “Яллагч”, “Үргээлэг II”, залуу уран бүтээлч Б.Чингүүн “Аз жаргал”, “Дуудлага”, Б.Тамир “Байтаг богд”, “18 нас би чамд хайртай” зэрэг кино зохиолууд бичих буюу шинэ сэтгэмж, шинэлэг хандлагаар амжилттай найруулсан нь итгэл төрүүлж байна. Тамир, Алдар нар залуу хүмүүсийн хувьд үйл явдал, зөрчил хэт шүтсэнийг буруутгах гэсэнгүй. Туршлага суугаад ирэхээрээ уянга, ухаарал, бодрол эргэцүүлэл рүү шилжин орох биз ээ.

Уран сайхны үүргээ биелүүлж буй бүтээлд: Гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэй хүний амьдралд үүрэх ачаа, нийгэм цаг үеийг тусгасан “Ларьдма”, хүмүүжлийн ач холбогдолтой буюу өсвөр насны залуусын буруу эргэлтийг ухаарлын хожуу, хүний амьдралын утга учир, бие биенээ гэх хайр энэрлээр үзүүлсэн “Хайр”, шударга бус хууль шүүхийн тогтолцоог дэлгэн тавьсан “Яллагч”, “Хэрээ”, хүний мөн чанар, нийгмийн тогтолцооны гажуудлыг илчилсэн “Хоёр ертөнц”, “Аав” зэргийг нэрлэж болох юм. Мөн нийгэмд үзүүлэх нөлөө, агуулга бүхий “Үргээлэг I” (Ж.Сэнгэдорж), албан тушаал, эрх мэдлийн төлөө амиа өгөхөөс ч буцахгүй долигонон долоогчдын бүхэл бүтэн тогтолцоо, “хүн сүрэг” бий болсныг инээдэм- эмгэнэлээр хослуулан үзүүлсэн “Бурхан өршөөг” (З.Батболд), хулгай дээрэм, хүний наймаа, хүн чанар, нөхөрлөл энэ бүгдийг хүний хувь заяаны эргүүлэг, нийгмийн байдалтай холбон гаргасан “Бохир ертөнц” (Л.Ариунболд), “Үндэсний баялаг”, “цагийн хөрөө”-г баримтжуулсан “Тютю”, ёс суртахууны уналт, доройтлыг харуулсан “Зүрхэнд дуссан нулимс”, орчин үеэ тусгасан “Такси”, тулгамдсан асуудлыг хөндөж, асуудал дэвшүүлсэн “Аюултай харилцаа” (Ц.Хүсэлбаатар), болсон явдлаас сэдэвлэн хүн, байгалийн хүйн холбоо, үйлийн далд төлөөсийг зөн совин, бэлгэдэлт өгүүлэмжээр илэрхийлсэн “Анирлагч” (Д.Энхбаатар) зэргийг ч нэрлэх нь зүй. Түүнчлэн “Шуугиан таригч” (Д.Галбаяр), “Хоёр амь” (Б.Ганболд), “Аравт” (Д.Золбаяр), “Улаан дөрвөлжин” (зохиолч Д.Золзаяа,Л.Таванбаяр) зэрэг бүтээлүүд өнөөгийн монгол киноны хөгжил, нүүр царайг бас илтгэж буй. Залуу нас, хайр сэтгэл, хүсэл мөрөөдөл, хүн чанар, гэр бүл, өнөөгийн нийгмийн амьдрал бүгдийг багтаахдаа анхны учрал, хожимдсон хайр, хожуу сэтгэл буюу гурван үеэр төлөөлүүлэн үзүүлсэн “Сүүлчийн шөнө” (Зохиолч Ш.Гүрбазар) сэтгэл зүйн драм нь найруулагч (Н.Наранбаатар)-ийн уран чадвар, шийдлээрээ эрхгүй ялгарч харагддаг. Эдгээрийг тус тусад нь бичихээр томоохон бүтээлүүд тул энд хүргээд орхиё.

Гадаад ертөнцтэй танилцаж юм үзэн нүд тайлж туршлагажсан, мэргэжлийн агаад мэдрэмжтэй, дээр нь авьяаслаг буюу сэтгэмжтэй найруулагчийн бүтээл урт настайг бид мэднэ. Гэхдээ “хэн мөнгөө төлнөв тэр хөгжмөө захиална” гэсэн өнөөгийн “эдийн засаг суурьт нийгэм”-ийн зарчмаар санхүүжүүлэгч, продюсерийн эрх (дүр сонголтын оролцоо г.м) нь найруулагчийн мэдлээс давчихгүй бол шүү дээ. Учир нь өнөөдрийн монгол кинонд туульсийн, түүхэн, баримтат далайцтай бүтээлүүд, зөгнөлт, “арт хаус” төрөл, сэтгэл зүйн драм, хүүхдийн кино дутмаг, уран сэтгэмж, домгийн сэтгэлгээ, шинэ төрөл зүйл (олон улсын)-ийн туршилт үгүйлэгдэж үйл явдал, үг хэл, дүр зураг (дүрс бичлэг)-т анхаараад үггүй хэл буюу найруулагчийн шийдэл бүхий зураглал, санал дэвшүүлэлт, уянгын тайлбар, хийсвэрлэл, товчхондоо бол уран бүтээлчийн ертөнцийг үзэх үзлийн тусгал, сэтгэмж ховорджээ. Мөн нууцлаг, учир битүүлэг үйл явдлын хэлхээ (mystery), тэдгээрийг харилцан яриагаар нээх урлал хомс, учиг шалтгааны зангилааг нээсэн ээдрээ, тайллууд бүхий сонирхол татах үйл явдлын шинэ, салаалсан өрнөл, гүйцэтгэлүүд, хурц зөрчил, гүн санаа, зөрчилт өгүүлэмж эрхгүй нэхэгддэг. Түүнчлэн агуулга, үзэл санаа, дүрээ тодорхойлох оночтой үгс, харилцан яриа бүхий эшлэлүүд (Очир ах аа миний бяр дуусчихжээ, Чи л мэддэг шүү дээ Дарь минь, да да монцонковын даргаа г.м) огт оргүй болж, үйл явдлын учигийг бодлоор нэхэх зохиомжийн шийдэл, чөлөөт сэтгэлгээ, үйлдлийн дарааллыг зөрчиж агуулгаа нээх урлал эрс дутагдаж байна. Үзэгчдийн анхаарал үл сарниж өөр юм бодохгүйгээр дэлгэцэнд автахыг үйл явдлын сонирхолтой өрнөл, найруулагчийн оновчтой хөтлөлт гэж ойлгож болно.

Монгол киноны туурвил зүйн онцлог нь гэгээн талдаа юмуу гэж хувьдаа боддог. Гэтэл өнөө цагт хэт хар бараан буюу эрс тэс хэв маягтай болчихжээ. Тиймээс өрнийн үйл явдлын эрчимтэй өрнөл (action), үйлдлийн дараалсан зангилаанууд, дорнын уянгын санаа, зөрчилт өгүүлэмж хоёрыг хослуулсан түвшинд сэдэв, туурвил зүй, өгүүлэмжийн шийдлийг боловсруулах нь зүйтэй болов уу? Төрөл хэлбэрийн хувьд нэгдмэл шинжтэй байж болох ч үндсэн төрөл зүйлээ дагах нь зүйтэй байна. Өөрөөр хэлэхэд уянга, инээдэм, аж байдлаас аль нэг төрлийн хэв шинжээ товойлгох нь чухал юм. Урлаг бол тайвшрал, оюун санааны чөлөөлөлт, сэтгэлгээний эрх чөлөө нь байх ёстой. Алийн болгон алиа марзнаар нь хүлээн авч үзэх вэ дээ. Нэг ёсондоо хүчээр инээлгэх, эсхүл уйлуулах гэсэн албадмал шинжтэй найруулагчийн дэглэлт илт мэдэгдээд байдаг аа. Дээрээс нь манай канууныхан логик зөрчил, найруулгын алдаатай зураглал гаргадгаа анхаарах хэрэгтэйг сануулах юун. Гэрийнхээ хойморт хүн чинь үнэмшилтэй, гоё, “хэрэгтэй” юм үзмээр санагддаг гэдгийг нурших ч юун. Урлагийн төрлүүд улс орныхоо хөгжил, нүүр царайг илтгэдэг бол дэлгэцийн урлаг нь ирээдүйгээ зөгнөх шидтэй байж ч болохыг Солонгосын хорт хавдар, тахал, гомдол харуусал бүхий савангийн дуурь, Америкийн гэмт хэрэг, алан хядах ажиллагаа, Хятадын тулаан, дайсагнал, Энэтхэгийн дуу хуур, уй гашуу зэргээр тайлбарлаж болно.

Дөрөв. Эрэлтэй эрэлгүй шийдлүүд

Болсон болоогүй дотоодын шагнал хүртэж шилдгээр өргөмжлөгдөх яахав ээ, гадаадын уран бүтээлчидтэй эх орондоо хамтарч ажиллан татвар авахаас гадна суралцах, хамтын гэрээ хэлцэл байгуулж залуу уран бүтээлчдээ сургаж боловсруулан дэлхий кино зах зээлд гарах зайлшгүй шаардлага бий. Үүний тод жишээг гадны санхүүжилт, хамтын ажиллагаатай ч монгол үндэсний соёл, ахуй, ёс заншил, энгийн, бодит амьдралыг тусгасан арилжааны зорилго агуулаагүй цэвэр урлагийн бүтээл “дэлхийн дэвжээ”-нд хүрсэн баримтуудаас харж болно. Үүнд: Д.Төрмөнх, П.Бросенс нарын “Нохойн орон” (1998) Швейцарийн нэр хүндтэй баримтат кино наадам (Visions du Réel)-ын дээд шагнал хүртсэн, Д.Бямбасүрэнгийн “Ингэн нулимс” (2003) баримтат кино Оскарын шагналд нэр дэвшиж олон улсын зах зээлээс 1.7 сая долларын ашиг олсон, С.Бямбаагийн “Алсын удирдлага” (2013) кино Бусаны кино наадмын “Шинэ давалгаа” өрсөлдөөнт төрөлд дээд шагналыг нь авсан зэргийг дурдахаас аргагүй. Өөрөөр хэлэхэд “Аравт”-БНХАУ, “Шар нохойн там”, “Ингэн нулимс”-Герман улсын санхүүжилтээр бүтсэнээрээ бусдаасаа ялгараад буй нь манай уран бүтээлчид хаана ч гологдохгүйн баталгаа юм уг нь.

Түүнчлэн гадаадын уран бүтээлчид дангаараа монголын сэдэвт кино хийн дэлхийд хүргэж амжилт олсон жишээд ч цөөнгүй. Тухайлбал, Оросын Никита Михайлковын “Уурга” (1991) кино “Алтан бөмбөрцөг” наадамд өрсөлдөн “Алтан арслан” (Венец) шагнал хүртэж байв. Мөн Бельгийн Петр Бросес, Жессика Хопе Вүүдворт нарын 3 сая еврогоор бүтээсэн гэх “Хадаг” (2006), Сергей Бодровын “Mongol” (2007), Майкл Орион Скотын “The Horse boy” (2009) зэргийг дурдаж болно. Үүн дээр монголд зураг авсан гадны олон сайн киног дурдах нь манайд материал (байгаль цаг уурын тохиромжтой орчин, чадварлаг уран бүтээлчид) бол хангалттай буйн баталгаа мөн. Иймээс төсөв, хөрөнгөний асуудал гол бэрхшээл, тулгамдсан асуудал тул төрийн бодлого, эрх зүйн зохицуулалт, дэмжлэг туслалцаа (татварын хөнгөлөлт г.м) дутагдаж буйг илтгэх ч бага зардлаар илүү амжилтанд хүрч болох “арт” төрлийг “амлан авах” цаг хугацааны шаардлага бий юм.

Гэтэл хэн ямар бүтээл туурвих нь уран бүтээлийн эрх чөлөө нь мэт боловч хошин шогийн компаниуд нь инээдмийн гэх кино “хийх”-дээ санаа, үйл явдлаа давтан тусгаж бүтээлийнхээ тоог нэмээд л өнгөрч байна. Үүнд жүжигчилсэн зохиомжоо кино гэж нэрийдсэн хүүхдийн санаатай гэмээр “Одод болохын хүслэн”, “Made in UB”, “Дэлхий даахгүй баян” гэх мэт марзагналуудыг нэрлэхэд хангалттай. Хүн инээлгэх төдий хөнгөн маазрал нь шимгүй санаа, шимтгүй үйл явдлаа хаацайлж буйг ялгах нүдтэй үзэгчдийн тоо цөөнгүй гэдэгт итгэе. Мөн дэлгэцийн сувгууд өөрсдөө кино хийх болсон (UBS нь “Universe best songs” тэмцээний оролцогчдоороо жүжигчдийг бүрдүүлсэн г.м) нь “Гацуурхан” стайлийн зохиомжууд (Монгол ТВ)-ыг өөгшүүлж тухайн телевизид зориулсан хөтөлбөр төдий боловсруулагдсан нь чанарын үзүүлэлттэй холбогдоно. Мөн зарим тв-үүд байгууллага, яамдын захиалгаар олон ангит киног “хальсанд бичих” болсныг ч бас дурдамгүй өнгөрөх аргагүй.

Нөгөө талаар мэргэжлийн гэх тодотголтой “Милл” кино компани зэрэг маруухан нэгдлүүд ч олшрохын зэрэгцээ байгууллагын ойд зориулж, эсхүл шавь нарынхаа уран бүтээлийг дэмжиж буй нэрээр шавартай хутгаж буй ахмад уран бүтээлчид, гавьяатууд маань ч уруудах бас нэг шалтгаанд хуруу нэмсэн буруутай. Ийм муу кануунуудыг “сайн болжээ, ашиг орлогоороо тэргүүллээ, гадаадынхан үнэллээ” хэмээн худал үнэн нь мэдэгдэхгүй сурталчилсан мэдээ бичиж нийтэлсээр буй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд ч “оюун санааны гэмт хэрэг” үйлдсэн гэмтэй. Хүн чанар нь муудсан юм уу, хувиа хичээх нь ихэдсэн юм уу бусдын бүсгүйг өөрийн болгохын тулд улайран зүтгэж, юу ч хийж, юуг ч золиослоход бэлэн байгааг (Дурлалын гэмт хэрэг, Хайр заримдаа) харуулах болсон нь залууст ямар итгэл, санаа сэдэл төрүүлэх бол оо? Монгол хүний нинжин сэтгэл, холч ухаан, ууч зан энд хүрээд дуусчих юм гэж үү? Учир нь хайр хүчтэй нэрийн дор хуримаа товлочихсон, хамт амьдарч буй найз залуугаас нь элдэв арга сэдэн (залуусын хэлдгээр “хор” найруулж) булааж авч байгаагаа өмнө нь сайн байсан, үерхэж байсан төдийгөөр хаацайлах нь өнгөрсөндөө амьдардаг хүний “цагаатгал” төдий юм. Хэнд ч дурлаж, ямар ч аргаар таалагдсан нэгнээ өөрийн болгож болох хэдий ч хөрөнгө мөнгө, нэр төр, эрх мэдэлтэй л бол хэнийг ч, юуг ч золиослож хайр сэтгэлийг худалдан авч болох мэт сэдэл, төгсгөл (зөвтгөл)-д хэргийн учир байна. Энэхүү санаа нь эрчүүдийн төлөө болон хувирах дараа, дараагийн монгол киноны сэдэв мөн болоод явчихлаа.

Түүнчлэн согтож ухаанаа алдах нь сонирхол татах үйл явдлын өрнөл болж буй буюу архидан согтуурч амьдралаа үрсэн ч ямар ч гэм хохиролгүй үлдэж болохыг “Шарталт”, хулгай яаж хийхийг “Рашаантын 18”, машин хулгайлж хэрхэн зугатахыг “Приусны босс” зэрэг кинонууд өсвөр насны хүүхдүүдэд нэг ёсондоо заагаад өгчихөж байгаа юм. “Анчид” нэртэй кино нь ан амьтдын тухай бус, эротик (түгээмэл) өгүүлэмжтэй ч бус “Хоёулаа унтахуу”, “Томоож” зэрэг садар киноны адил охид, хүүхнүүдтэй “оронд орсон” бас л буруу үлгэр дууриалалтай аж. Ахмад анчин нь залуу анчнаа сургаж “үргээлгэ”-нд гарган ангийн үнэмлэхийг нь шалгах нэрээр шоу цэнгээний үйл явдал хөвөрч өгнө. Улмаар охидыг FM шиг сольж завхай зайдан, садар самууныг баахан сурталчилсны эцэст залуу анчин нь мэргэжлийн “анчин” болсны хойно ахмад анчиныхаа гэрт хүргэн орж буй төгсгөлтэй. Энэхүү шинэ “гэр бүл”-ийн удамшил, үр хүүхдүүд (өвөө, аавыгаа өвчиж төрсөн үрс), ирээдүй, түмэн олонд үзүүлэх нөлөөнд нь мань мэтийн үзэгчид уран бүтээлчдээс нь илүү “санаа зовж” суух юм. Өөрөөр хэлэхэд хэдий охинд нь үнэн сэтгэлээсээ хайртай болсон ч “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэхгүй ч “их нь ичиж бага нь уйлна” гэдэг шиг хэн хэн нь гэмшээд хоёр тийшээ болж буйгаар киноны төгсгөлийг шийдсэн бол ухаарлын бодомж бүхий уран сайхны нэг ч гэсэн үүргээ биелүүлэхэд дөхөх байсан болов уу? Энэ мэт зарим киноны найруулалт, төгсгөл, санаа дэвшүүлэлт зэрэг нь тохиромжгүй, ойлгомжгүй, бүр өөрчилчихмөөр санагддаг нь “зохиолч, найруулагч” тэдний дутуу боловсруулалт, шийдэлтэй холбоотой санамж мөн. Дөнгөж танилцсан “бэр” нь хадам аавынхаа өмдийг шувт татаж нүцгэн шалдан (зөвхөн дотуур өмдтэй нь) хамт зургаа татуулахад манай үзэгчид маасайтал инээнэ (Худалч залуу). Бас эмэгтэй хүнийг нам цохитол шанаадаж, ухаан алдуулж унагаачихаад өөрөг (сэлфи) хийхэд мань “масс”-ынхан аанай л хөхрөлдөнө (Миний эхнэр тагнуулч). Өөрөөсөө хамаагүй дүү хүнийг “ахаа” гэж дуудах, эсхүл гуч орчим насны бүсгүйг “авгай минь, чавганцаа” гэхэд нь бас л жуумалзана. Зөвхөн шашин шүтлэгтэй холбоотой жишээ дурдвал; лам хувилгаадыг гэр бүл салгах төлөг буулгаж буйгаар үзүүлэх, эсвэл хүний бие муудах төдийд хуурамч лам нь мэддэг мэгзэм (Ум ма ни бад мэ хум)-ээ уншиж маань хөгжөөн марзагнахад “манай” үзэгчид маасайх нь энүүхэнд (Помагите нам), бүр Христийн сүмд гэрлэлтээ батлуулахад (Хайрын үнэ цэн) алга ташиж ч үзэгдэнэ. Соёлоо сурталчилж үндэсний үзэл санаа, үнэт зүйлийг өвлүүлэн үлдээх зорилго гэж бас байдаг сан. Эдгээрт цоо шинэ бие даасан хөгжмийн бүтээл, мэргэжлийн зураач, дууны найруулга энэ тэрийг ярихаас ч аргагүй нь өөрийн гэсэн өнгө аястай юм уу хит болох дуу шинээр түгэх нь ховордож хуучны, энд тэндэхийн дуу, хөгжмийн бүтээлийг кинондоо шууд авч ашиглах болсонд бид бас дасчээ.

Орчин үеийн монгол киноны агуулга, өрнөлд ажиглагдаж буй түгээмэл давхцал бол гол дүр нь шоронгоос гарч ирж буйгаар үйл явдэл эхэлнэ. Тэд ихэвчлэн гэм зэмгүй буюу бусдын буруутай үйлдлээс болж хохирсон байх бөгөөд хар, хөх өнгийн нэг төрлийн машинаар (Benz G class) тосч авахад нь наранд гарсан хүн яахав шууд унаад явж буйгаар эхлэх (Найз, Ээжийн дайсан-II, Үргээлэг-II г.м) нь сонин. Харин “Миний ах атаман”-д бараан өнгийн галт тэргээр бараан хөх хослолтой жигтэйхэн гоёж, өөрөө шоронгоос хүрээд ирж буйгаараа ялгаатай эхлэл болдог. Гэмт хэрэг, эрүүгийн элемент, ашиг олохын төлөөх өрсөлдөөн, өс хонзон, аллага тэргүүтэн нь сонирхол татах үйл явдлын өрнөл, зангилаа болж буйн жишээд энэ юм. Мөн “Буруу өрөг”, “Жексон амьд”, “Хархны өгөөш”, “Ээждээ үнсүүлэхсэн” гэх мэт кино нь шоронгоос гарч ирж буйгаар, “Бодлын хулгайч”, “Галзуу зугаалга” зэрэгт оргон зайлж байгаагаар тус тус эхлэх ижил өгүүлэмжтэй. Түүнчлэн багадаа харсан шивээсээр нь таньж аав, ээжийнхээ өш хонзонг нэхэх юм уу ар гэр нь залуу хосыг хүчээр салгах, эсхүл хүчээр сүй тавих юмуу хүргэн, бэрийнхээ сургийг сонсоод шууд л хурим хийх гэж шавдуулахад хуурч мэхлэсэн үйл явдлаа хаацайлж буйгаар үйл явдал өрнөх нийтлэг зохиомжтой. Зарим нь бүр хуурамч хурим хийж холион бантан хутгаж буйгаар үргэлжлэх төдийгүй ажил явдал гарсан гэж худал хэлэн ажлаасаа чөлөө авч буй түгээмэл өгүүлэмж мөн давхцана.

Монгол киноны урлагт гарсан томоохон дэвшил бол дүрс, зураг авалт их тод болж сайжирч байгаа явдал юм. Гэхдээ энэ нь гадаадын техник технологийн дэвшлээр тайлбарлагдана. Мөн уянга, ухаарлын, сэтгэл зүйн гэхээсээ аймшгийн (эрлэг там, сүнс сүүдэртэй) киноны төрөлд амжилт гаргах “ирээдүй” байгаа нь зохиол муу, тоо нь ихдэж чанар нь суларч буйтай холбогдоно. Нэрийн хувьд өвөрмөц болсон нь бас л үзэгчдийн анхаарал татах зорилгоор буюу “бизнесийн хэл”-ээр нэрийдсэн (Амжих уу хайраа, Хоёулаа унтах уу?, Миний хөрш чөтгөр, Оюутны нууц амраг, Том толгойтын романс, Өндгөн толгойт, Дундын бүсгүй, Худгийн мисс, Хөөрхөн шулам, Хөөрхөн ээжтэй охин, Хүүгүй ломбард, Сарны гөлөг г.м), этгээд бүдүүлэг, тонгорол үгээр нэрлэсэн (Орк, Цавчуур.сом, Надын аав мангар, Лазан, Cool аав, Амьдралоги, Ларьдма г.м), гадаад үг, өгүүлбэрээр нэрлэж гангарсан (Бардо, Код, Лизинг, Донор, Содура, Рэкет, Маск, Помагите нам, UB squad, Admin Z, Love& Sex /UBS/, Bad angel, Lovers, Single ladies /all of them/ Made in UB) зэрэг “өвөрмөц содон эрэлхийлэл”-ийн тусгал төдий юм. Улаанбаатарт яваад байна уу Ульяновскд аялаад байна уу гэдэг шиг бүтэн нэрээ гадаадаар өгсөн энэ мэт жишээд нь аль улсын кино болох нь тодорхойгүй ч мөнөөх “мөнгөний молливүүд”-ийг таних тэмдэг, оноосон нэр нь ажээ. Жүжигчид, уран бүтээлч бүр өөрийн гэсэн студи (film, production, entertainment)-тэй болчихсон хойно арга ч үгүй биз гэж орхиж болох ч эдгээр кануунуудыг телевизийн олон сувгууд нь ээлжлэн давтаж түмэн олны тархийг бохирдуулсаар буй тул хэдий үзэх дургүй (завгүй) ч хэрэг болгож нуршив.

Сүүлийн үеийн бүх киног үзэх боломжгүй (2000 оноос хойш 600 орчим УСК “үйлдвэрлэсэн” гэх тоон баримт бий), үзэхийн аргагүй (чанарын хувьд) ч үзэгчийн хувиар саналаа хуваалцахад энэ мэт буюу. Зах зээлийн нийгэмд өөрийгөө санхүүжүүлж, чанарын дадлага-“сургалт”-аас чадварын давшилт-сэргэлт рүү урагшилж буйг үнэлж дүгнэх нь нийгэм- цаг үеийн шаардлага, бас бидний үүрэг байв.

ТӨГСӨВ.

Доктор (Ph.D) Д.Цэвээндорж (Хэл зохиолын хүрээлэн)

2020.06.18

Tseveendorj Demberelsuren
Tseveendorj Demberelsuren

No responses yet