МЭРГЭЖЛИЙН ЗОХИОЛЧИЙН ЯЛГАРАЛ
(Шүүмж)
Амьдралын баялаг олон талаас уран сайхны зохимжтой шийдэл бүхий сэдэв санаа ургуулна гэдэг зохиолчийн цаг хугацааны үнэ цэнд тэнцүүлсэн авьяасын илрэл юм. Зохиолч Х.Болор-Эрдэнийн “Хишигт” туужийг уншсан хэн бүхэнд балчир насны нь түүх сөхөгдөж буй нь зохиолын агуулга, зураглал бүхэн үнэ цэнтэй шигтгэл болж чадсанаар тайлбарлагдана. “Хишигт минь намайг харахаараа л харцанд нь тийм гэхийн тэмдэггүй зөөлөн туяа хурж хөл дээрээ цэх зогсоод ам ангайсан даруйд минь угтан гүйж ирэхэд бэлэн болдогсон”. Ийм дурсан санагалзсан уянгын өчил тухайн агшны дүр зургийг гайхалтай нээхийн зэрэгцээ найруулгын алдаатай, ойлгомжгүй санагдахгүй байгаа нь “Тиймээс хорвоогийн хамгийн догшин ширүүн хоёр этгээд ийн нэгэн тогооноос хооллож нэгэн орчинд хэн нь хэнийгээ дийлэхээ үзэхээр багтах хэрэгтэй болсон юм” гэх юм уу “бүдүүн үхрэнд ч ахдахаар…” зэргээр үгийн байршил алдагдахдаа үйл явдлын дарааллыг чухалчилсан нь зохиолын төрөл зүйл, бичлэгийн хэв маягтайгаа ижилсэн саданссаных юм. “Аймсан дөлнө”, “догшрон цойлно” гэсэн уянгын жигд давталттай төгсгөлүүд хэдэн өгүүлбэрээр зааглагдсан ч санаандгүй эл бичлэгийн хэв маяг, найруулга хэлбэр нь дүрийн гадаад, дотоод шинж байдлыг нэгтгэн нээж, зохиолчийн уран чадварыг илтгэх бага гэлтгүй ололт болон харагддаг. Ингээд бодоход найруулгын алдаатай гэмээр ганц нэг өгүүлбэр нь хүртэл зохиолчийн авьяас билигт зөвтгөгдөөд байхыг бодоход Х.Болор-Эрдэнийн бүтээлүүд монголын шинэхэн эриний хүүрнэл зохиолын сунгаанд өнгөлөн хурдлах шандастайгаа илтгээд байдаг.
Уламжлалт сэдэв, уран чадварын содонсол
Хүн төрөлхтний хамгийн анх гаршуулж тэжээсэн амьтан бол нохой бөгөөд ихэвчлэн ухаант туслагч, итгэлт нөхрийн дүрээр утга зохиол, урлагт тэмдэглэгдэх өргөн сэдэв байсаар ирсэн уламжлалтай. Утга зохиол дахь хамгийн үнэнч нохойн тоонд Хомерийн “Одиссей” туульсийн Аргос ордог. Учир нь Одиссейг дайн тулаан, хэсүүчлэлээс хорин жилийн дараа буцаж ирэхэд гагц Аргос нохой нь л түүнийг таньж, эзнээсээ (өөрөөс нь) үнэнч гэдгээ харуулдаг нь эл сэдэвт зохиол бүтээл эртнээс боловсорч ирсний улбаа юм. Улмаар Ч.Диккенсийн “Оливер Твист” (1838) романы “Бухын нүд” (толбо) хочит Билл Сайки нохой, Ж.Лондоны “Зэлүүд байгалийн дуудлага” (1903) адал явдалт богино романы Бак, мөн зохиолчийн; чонын эрлийз хэдий ч нохойн зан чанарыг илүү өвлөсөн “Цагаан соёот” (1906) зэрэг эл (амьтны) дүрийн залгамжлалыг үргэлжлүүлэх сонгодог зохиол олныг дурдаж болно. Өнөө цагт ч хүүхэлдэйн болон уран сайхны кино, телевизийн цуврал зэрэгт алдаршсан цөөнгүй нохойн дүр бүтээгджээ.
Монголын орчин үеийн уран зохиолоос Д.Нацагдоржийн “Харанхуй хад” (1930) туурьт л гэхэд айлын хоточ нохой үйл явдал өрнөх зөн билгийн хөтөч болдог бол Ц.Базаррагчаагийн “Нохойн дуу” (1988) зэрэг өгүүллэгт нийгмийн хүрээтэй хурц шүүмжлэлийг хөндөн дэвшүүлсэн байдаг билээ. Тиймээс зөвхөн монголын уран зохиол дахь зуу орчим дагнасан ийм сэдэвт бүтээлээс Д.Энхболдын “Паанан” (1989) тууж, Д.Норовын “Нохой жил” (1987), Ж.Дашзэвэгийн “Тэнгэрийн сум” (1995), Ц.Түмэнбаярын “Ачаа дагасан нохой” (1998) өгүүллэгүүдтэй сэдэв, үйл явдлын хувьд залгамж холбоотой гэж болохоор юм.
Ийнхүү сэдвийн хувьд шинэ бус ч зохиолчийн уран чадвар, гол баатраа хүний нэрээр нэрлэж бэлгэдлийн утга оруулсан эрэлхийлэл зэрэг хэд хэдэн зүйлээр ялгарч байна. Дурсамж зохиомж, үйл явдлын тайлал, уншигчдад тайлбарлах өчиг, шинэлэг өгүүлэмж, зохиомжийн салаавчлал, эсрэг тэсрэг-ижил тэнцүүгийн харшуулал гэх мэт зохиолчийн бүтээлч сэтгэлгээний эрэлхийлэлүүд эв донжоо олон найрсчээ. Х.Болор-Эрдэнэ зохиолч үйл явдлын холбоос, огтлолцолыг үнэмшилтэй урлаж, дүрийн сэтгэхүйд нэвтэрч чаддаг зөн билгийн чадвартан төдийгүй төрөлхийн авьяаслаг зохиолч болохоо илтгэн бусдаасаа бүтээмж, сэтгэмжээрээ содонсон гэрэлтэх юм. Хүн төрхтэй “араатан”, хүнээс дутахгүй ухаантай адгуус хоёрын гадаад үзэмж, хэв шинж өөр ч зан аашийн ижил ба сөрөг талыг давхцуулан харшуулсан нь “Associated Press” агентлагийн мэдээлснээр “Нохойг гаршуулснаас хойш хүний тархины багтаамж 10 хувиар багассан” гэсэн XX зууны эхэнд цацсан мэдээ, судалгааг баримт, уран сайхны аргаар бататгах бас нэгэн сонирхолтой бүтээл болсноо гэрчилж байна.
Дүрийн урлал, туурвил зүйн ондоосол
Нохой нь утга зохиолд бэлгэдлийн болон гол, туслах дүрийн үүргээр оролцдогоороо бусад амьтны дүрээс ялгардаг. Мөн хариу хайр нэхдэггүй, хор хөнөөл учруулдаггүй, хонь мал, гэр хотоо болон эзнээ хамгаалдаг ухаант амьтан юм. Эл түгээмэл сэдвээс нохой, охин хоёрын хоорондын дотносол-өгүүлэмж хүүхэлдэйн болоод хүүхдийн уран зохиолд тодорхой байр эзэлдэг. Гэхдээ нас, хүйсийн онцлог буюу охид том болох тусам нохойноосоо хөндийрч эхлэдэг тул бага (ангийн) насны охид нохойн үнэнч нөхөр, жинхэнэ эзэн нь байж гэрийн бусад гишүүдээсээ илүү хайрлаж, бас хайрлагдаж чаддаг ажээ. Өөрөөр хэлэхэд охид нохойдоо цухалдаж, цохиж зоддоггүй тул тэд охидоос айдаггүй, улмаар улам бүр дотносч гарыг нь долоож эрхэлдэг. Ялангуяа нохайс хамгийн итгэж болох эзнийхээ л нүүрийг долоодог ахуйд бяцхан охид огт эмээлгүй хариу итгэл үзүүлдэг байна. Ийнхүү охид; насанд хүрэгчид, эрчүүдийн зандрал, хүчирхийлэлтэй адилхан тулгардаг учраас нохойдоо анхаарал халамж их тавьж, тэвчээртэй, өршөөнгүй, үнэн сэтгэлээсээ ханддаг тул хоорондын аз жаргалтай харилцааг бий болгодог аж. Нөгөө талаар ноход охидыг хамгаалдаг, хоорондоо мэндчилдэг зэргээс үүтгэн нохой тэжээж асан охид илүү нинжин сэтгэлтэй, үнэнч, үүрэг хариуцлагатай, сайн ээж болдог, өөдрөг идэвхитэй амьдралтай байдгийг ч барууны хэвлэлд бичиж байв.
Эл зохиолыг уншихад эзнээ гомдоосондоо гэмшин хоолоо ч идэхээ больж буй “Хишигт”-ийн тухай өгүүлж буй мэт ч бага насны хүүхдийн сэтгэхүйг амьтадтай харьцах харьцаагаар нээсэн урлалтай юм. Өөрөөр хэлэхэд зохиолчийн хэлээр бус хүүхдийн гэнэн төсөөлөлд шилжиж, хүүрнэн өгүүлснээрээ зохиомж, уран чадварын хувьд онцгой болсон байна. Хишигт, хүүхэд, аав гэсэн гурвал(жин) дүрийн үйлдэл, хувь заяа баатрын хэл, бодрол, дурсамж өчиг гурваар зангилагдах буюу баатрын хэлээр эдгээр дүрүүд харилцан ярилцах, харьцуулагдах түвшинд бүтээгдсэн онцлогтой билээ. Энэ мэт нохой нь бус, охин өөрийг нь дээрэлхсэн хүүг хазаж, “зуудаг” хүүхэд хоч авсан нь дүрээ (сөрөг) тодотгох урлал төдийгүй үйл явдал нь сэдэвтэйгээ холбогдох сэжмийг гүнзгийрүүлэн буй өгүүлэмж мөн. Хүүхдийн хүмүүжил, оюун санааны хүчирхийллийн асуудлыг ч хөндөхдөө хүүхэд насны дэггүй атлаа гэгээн үйлдлийн учир шалтгааныг нээхийг эрмэлзсэн энгийн үйл явдал өрнөнө.
Нэг ёсондоо хүүхдийн гэнэн төсөөлөл, мөрөөдлийг; агшины дүрслэлээр тод томруун зураглаж хэн нэгний сэтгэхүйд тохируулж бус хүүхэд өөрөө хүүрнэн ярьж буйгаар найруулан дуртгасан нь хүүхэд, томчууд хэн бүхэнд сонирхолтой бүтээл болж чаджээ. Амийг нь аварсан араатнаас хожуу ухаарал олж буй гээд дүрийн бүтээмжийг зөнд нь орхисон шийдэл нь бусдыг үл хайрлах сэтгэлтэн олширсоор энэ цаг үед сэдэв, агуулгын хувьд үүргээ биелүүлэхийн зэрэгцээ хүн амынх нь тал хувь хот суурин бараадаж үр хүүхэд нь шороон дээр ноцолдож өсөхөөс өөр орчингүй болж, амьтантай ижилсэн дасаж гэнэтийн хагацалд нь харуусаж гашуудлын нулимс унагаж үзэх нэгэн ховордсоор буй ирээдүйн уншигчдад санаа зовних сэтгэл ч эрхгүй төрж байлаа. Эгэл энгийн зүйлийг гүн ухааны тайлал бүхий гүнзгий эмгэнэл болгон өргөжүүлэх нь бүсгүй зохиолчийн сэтгэл эмзэглэл, хөндүүр зүрхний аяс туурвилтай холбоотой санагддаг. Ингэж амьтан хүүхэд хоёрын хоорондын дасал, ээнэгшлийг хүн хүнээ, бусдыг хайрлаж гэмээнэ хайр “нэхдэг” хорвоогийн үнэнтэй нөхцөлдүүлэн тод томруун урлана гэдэг сэтгэлгээний том тэлэлт, бас ололт билээ. Хатуу үнэнийг илт шүүмжлэн уншигчдад тулган хүлээлгэх бус эерүү талаас нь хандсанаараа баатрын зан төрхийг улам бүр тодотгож өгч буйг ч сайшаалтай. Энэ нь зан аашийн онцлогоо харилцааны хэв шинж болгон илтгэхдээ өөртөө шингээж чадсан дотоод мөн чанарыг дэлгэн нээж байгаа урлал болно. Шүүмжлэлт сэтгэлгээ, уран сайхны сэтгэлгээ хоёр нэг талаараа ижил зүйл бөгөөд харилцан шүтэлцээтэй байдаг хойно доо.
Уншигч бүрт зохиолын үйл явдлын өрнөл дунд нэвтрэх эрх баталгаажсан байгаа нь амьдралаас эхтэй, бас сайн мэддэг зүйлээ зохиолчид гүнзгий бичиж чаддагийн тод илрэл юм. Амьтад, байгаль дэлхийд хамгийн ойр байж дотносон нөхөрлөдөг хүүхдийн гэгээн хүсэл, үйлдлийг байгаль орчиныг нээх хөшүүрэг болгож дүрийн зан байдлыг зохиолын үйл явдал дунд тодруулах эрэлд шинэ гарц хайж буй нь ч ажиглагдав. Хүүхдийн сэтгэхүйг зохиомж, хэлний шийдлээр амьдрал, үйлдэл хөдөлгөөн дунд нь нээж чадсан, айлын том хүүхдийн ганцаардал, бодролыг товч агаад тодорхой илтгэсэн гээд туурвил зүйн уран чадварын талаасаа үнэлэгдэх шалгуурыг ч давж чаджээ. Шүлэг зохиол бүрт өөрийн гэсэн хэмнэл гэж бий. Энэ бичигдээгүй хууль мэргэжлийн зохиолчийн бүтээлд л ажиглагддаг хэн ч анзаарамгүй нууц шид увдис юм. Нэг ёсондоо хөг айзам, хэл найруулга, хүчилсэн зохиомж өрнөлөөс шал өөр, тэр гэхийн аргагүй зүйл байдаг.
Эрэл төөрсөн нэр томьёоны хадуурал
“Дурсамжтай туужийг дурсамжит тууж гэнэ. Харин ямар нэг дурсамж ороогүй, шаардагдаагүй зохиолыг дурсамжгүй тууж гэнэ” хэмээн хариу барин егөөдөх нь зохиолын төрөл зүйлд зохиолчид өөрсдийн үзэмжээрээ, дураараа хандах болсны сүүлийн үеийн бас нэгэн илрэл болох нь онолын тогтсон нэр томьёоноос дайжиж шинэ эрэлхийлэл нэрийн доорх үг, утгад тэмүүлсэн чамирхлын хандлага төрөл зүйлийн нэрийтгэлтэй хутгалдсаны бас нэг тод жишээ энэ болж байна. Уламжлал болон хэвшиж ирсэн “дурсамж тууж” (С.Эрдэнэ “Халхын заяат харгуй минь”, 1999 г.м), “намтар тууж” (С.Удвал “Одгэрэл”, 1957 г.м) гэсэн нэрнээс татгалзан шинэ өнгө аястай гэж ялгаруулахыг хүссэн үү, ямартай ч бичлэгийн хэв маягийн эрэлтэйгээ адилтган утга зохиолын онолын тогтсон нэр томьёонд шинэчлэл хийх нь залуу зохиолчдын “үлгэрлэл” биш билээ. Ингэж үгийн бүтцэд өөрчлөлт оруулсан төдий “хээнцэрлэл” нь мэргэжлийн зохиолч бол мэргэжлийнх л байх ёстой гэсэн сануулга юм. Харин уншигчдаас, бас надаас өөр шүүгч байхгүй гэсэн ухвар бодолтой массын түвшинд зориулж бичдэг сонирхогчдод бол бага гэлтгүй ийм үг хэлээд ч нэмэргүй, шаардлага ч үгүй байдаг. “Хишигт” нь агуулгын багтаамж, үйл явдлын хүрээ, дүрийн тоо хэмжээний хувьд өгүүллэгийн төрөл зүйлийн түвшинд бүтээгдсэн ч зохиолчийн уран сэтгэмжээр цувирч туужийн түвшинд дөхөж очсон тул “дурсамжит” бус, “дурсамж тууж” (Memoir novel) хэмээн оноох саналтай байна. Энэ нь дахин хэвлэлтүүддээ ч энэхүү төрөл зүйлийн оноолтоо давтаад буйтай холбоотой сануулга мөн. Үүнийг бичигч монгол уламжлалт болон орчин үеийн цадиг, намтар, намтарчилсан, дуртгал зохиолын нэр томьёо, онолын ойлголт, туурвил зүйн онцлогийн талаар нэгэн сэдэвт зохиол бичиж хэвлүүлсэн тул энд давтан нурших нь илүүц тул үүгээр түр завсарлая.
Зохиолч хүн цуцалтгүй эрж цөхрөлтгүй олз тээдэгийн адил агуулгын тэлэлт, санааны гүнзгийрэл, дүрслэлийн яруусалд энэ эрэл хайгуулаа чиглүүлэх хэрэгтэй байв. Бүтцийн хувьд тодорхой оноосон нэр бүхий хэсэг үгүй нь үйл явдлын нэгэн салаалал, дараалал бүхий өрнөлдөө таацуулсан хэлбэрийн зөв шийдэл ч тууж бичлэгийн туршлага, зохиолын далайц, шигтгэл өгүүлэмжид цаашид анхаарууштайг илтгэдэг. Хишигтийн нэрийг хэн өгсөн, яагаад ийн нэрийдсэн, энэ нь зохиолын үзэл санаа, тайлалд хэрхэн холбогдох эсэх нь тодорхойгүй буйг ч бодууштай байна. Мөн дөнгөж суруульд орсон охин хотын төвөөр, бас музей дотор нохойтойгоо зугаалаад байх нь одоогийн уншигчдад боломж, соёл-уламжлал төдийгүй замын хөдөлгөөний аюулгүй байдлын хувьд хэр үнэмшилтэй санагдах бол? Нөгөө талаар туужаа тэр чигт нь хүүрнэж өгүүлсэн нь бодол, зүүд, өчиг зэрэг зохиомжийн оновчтой бүтэц, сонгомжийг нэхэж буйг ч сануулъя. Үйл явдлын огцом эргэлт буюу хурц зөрчил, уран тайлал зэрэг бүтээлч эрлийг цаашдын зохиолоос нь хүлээх эрх ч уншигч бидэнд бий. Бас “Үхрэнд” бус “үхэрт” гэж бичнэ (2011:9) зэрэг бага сага зөв бичгийн дүрэм, үг үсгийн алдааг ч мэргэжлийн зохиолч Х.Болор-Эрдэнэд сануулах нь зүй.
Түүнчлэн үзэл санааг илүү хурцатгах байсан ч эгэл үнэнийг хөндсөн нь зохиол хиймэл бус бодит агуулгатайг гэрчилж уран сайхны үнэ цэнийн хувьд ижил жин дарж буй нь дурсамж зохиол өөрөө ийм үндсэн дуртгал шаарддаг онцлогтой нь холбогддог юм. Санаагаа улам гүнзгийрүүлэх, нэгэн зохиолд зохиомж, байгууламж, үзэл санаа, утгын тайллын хэд хэдэн шийдэл хийх зэрэг сэтгэлгээний бүтээлч эрэлхийлэл, зоригтой туршилт нэмэгдвэл Х.Болор-Эрдэнэ зохиолч Ц.Түмэнбаяр, С.Хишигсүрэн нарын бүсгүй уран бүтээлчидтэй авьяас, амжилтаараа садагнах төдийгүй хүүрнэл зохиолын орон зайд шинэ цагийн томоохон төлөөлөл болох гэгээ татуулж байна.
Үнэ цэн, үзэл санааны төлөвшил
Хүний (уншигч бүрийн) сэтгэлийг хөдөлгөж чадсанаар “Хишигт” туужийн уран сайхны ач холбогдолыг үнэлэх буюу догшин нохой эзнээ олохоороо хичнээн их номхорч, хайранд зөөлөрдөг учрыг эл туужаас мэдэрч болох нь адгуус амьтан, хүн хоорондын дасал- ээнэгшил төдийгүй эцэг, эр хүйстний хайр ивгээл дутсан нэгэн гэр бүлд “Хишиг” болон гэнэт ирсэн ухаант нохойн эр хүнд дургүй болсон учир шалтгаантай бас давхар холбогддог. Нэг ёсондоо цэрэг, цагдаагийн хувцастай хүн үзэж чадахаа больсон нь амьтантай харьцах хандлагыг илтгэх ч бяцхан шинэ эзэнтэй болсноор харин ч цэргийн дарга аавд нь хүлээцтэй хандан амийг нь аварч буй уянгын сэтгэмж бас нэгэн бодит түүх ч байж мэдэхээр байдаг.
Эрдэмтэн зохиолч Л.Түдэв “Хорвоотой танилцсан түүх” (1969) намтар тууждаа ертөнцийн юм бүхэн хүүхэд бүрийн нүдэнд таагдашгүй оньсого хэвээр байдгийг танин мэдэх оргилуун хүсэл тэмүүлэлтэй нь холбож өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралдаа тулгуурлан уран сайхны аргаар оновчтой сонгож зохиомжилсон бол эл тууж нийгэм цаг үе, орчины нөлөө, зайлшгүй тохиосон хувь тавилангаар үзэл санааг нэгтгэн зангидсанаараа онцгой юм. Өөрөөр хэлэхэд хорвоотой танилцахдаа чулуутай, морьтой, дайнтай гэх мэт бага насны хүүхдийн харилцан яриа давамгайлж орчлонгийн юмс үзэгдэл бүртэй тусгайлан танилцсан тухайн цаг үеийн ахуйг дүрслэн харуулсан бол Х.Болор-Эрдэнийн эл зохиолд өөртэйгөө ярих ухаарал, нохойтойгоо аминчлах сэтгэлийн шивнээ, бусдын тухай бодрол гэсэн ганцаарчилсан яриа голлож буй юм. Мөн АУЗ Л.Түдэв хүүхдийн дэврүүн сэтгэлийг илтгэсэн байхад эл туужид хүнд хэцүү амьдрал, бэрхшээл дундаас ухаажин хэрсүүжиж буй уянгын, бодит, гол дүрийг урлан босгосон онцлогтой ч зохиолчийн бага насанд үзэж харсан, танин мэдсэнээ уран сайхны өгүүлэмжид нэгтгэн барьснаараа зохиомж, уран чадварын хувьд ижил түвшинд байна. Нэг ёсондоо “Хорвоотой танилцсан түүх” зохиолоос хожид гарсан ч ур чадвар, санаа сэдвийн хувьд дүйхүйц бүтээл болж чадсан гэж үнэлэх нь хүүхэд бүрийн унших номын жагсаалтанд багтах хүндтэй эрхийг зохиол өөрөө олж авч чадсаных юм. Номонд амтших, юмс үзэгдлийн нарийн учир, байр байцыг хүүхэд гэлтгүй томчууд ч зохиолчийн уран санааны жигүүрлэлтээс гүнзгий ухаарах боломж байна.
Цаг үе хүнээ төрүүлдэг гэдэг. Сайн зохиол, уншигч хоёрыг нягт холбож буй гавьяа зөвхөн энэхүү бүтээлч бүсгүйд л оногдож байна, одоохондоо. Уншигчдаа хүндэтгэн санал бодлыг нь сонсож, амьд харилцаа тогтоон зохиолоо дэлхий тойруулан аялуулж асан түүний “Хишигт” тууж сургуулийн номын санчдын хүсэлтээр Улаанбаатар хотын хэд хэдэн дүүргийн зуугаад хүүхдэд аялаад эхлэчихсэн байгаа нь бага гэлтгүй тоо. Үнэ төлбөргүй ингэж уншуулах нь номын цагаан буяны орчин цагийн бодит илэрхийлэл болж буй ч аливаа зүйл үнэтэй байх тусмаа үнэ цэн нь илүү мэдрэгдэж, үр дүн нь богино хугацаанд гардаг гэдгийг зохиолч нөхөртөө сануулан хэлэх нь ч зүйтэй. Байгалийн энэ өгч авалцах хатуу хууль нь зах зээлийн зарчим мэдлэг, мэдээлэлд ч хамаатай зүйл юм. Зорилго тавьж зардал гаргасан зүйл оюун санааны үр дүнд хүрэхээс өөр аргагүйг шаарддаг “нэхэл хатуу” үнэн ч бий.
Уншигчдын сэтгэл зүрхэнд нэвтэрч “нүдээрээ биш сэтгэлээрээ унш” гэсэн блог хаягныхаа тунхагыг биелүүлсээр буй зохиолч Х.Болор-Эрдэнэд уншигчийн хувиар талархал илэрхийлэн улам ихийг бүтээн туурвихын урам зориг хүсэн ерөөх л бидэнд үлдлээ.
Д.Цэвээндорж (ШУА, ХЗХ)
2012, 2020