ОЛОН ТӨРӨЛ “ОРИГ” ДУУНУУД
(Дууны яруу найргийн шүүмж, 2-р хэсэг)
Орчуулгын дуу: Тиймээс аргаа барсных уу гадаад дууны аянд үг хийх (Зүүдний дагина Freezone г.м)-ээс гадна гадаад дуу орчуулж дуулахдаа хүрээд байна. Үүнийг “Өвлийн зүүд” (Орос), “Байна уу” (Казах), “Битгийн яваач” (Хятад) г.м “шинэ уран бүтээлүүд” гэрчлээд эхлэв! “Yellow river” буюу “Шар мөрөн” дууг Шар айраг хамтлаг дахилтаар нь нэрийдэж “Сайханаа чи минь” нэртэйгээр орчуулж дуулсан нь ч буй.
Завхай дуу: (замаа алдлаа) Монгол дууны өгүүлэмжид илт эрээ цээргүйгээр нэвтэрсэн нь эротик үг хэллэг юм.
“Цангаж гандсан хүслийг минь
Цайгаар биш хураар тэтгээч” (Цамцаа тайл, үг Д.Ган-очир,
П.Хэрлэн) хэмээн дуулж гарч ирсэн Никитон хамтлаг
“Үнэндээ би өөр хүүхнээс харьж явна
Үгүй ээ энэ бол хайр биш байсан…
Үүрдийн биш зуурдын шөнийн жаргалаар
Үнэнч түүнийгээ би хуурсан” (Нандин шүтээн) болон “Янаг цэцэг” тэргүүт эл сэдэв, үйл явдал бүхий дуугаа “Тачаан озсоон…” (Чи минийх) хэмээн үргэлжлүүлсээр байна. Нисванис хамтлаг ч “Таалагдсан, таалагдсан түүний гоё секс” (Өнгөрсөн шөнө), “Сармагчин бид хоёр сааж чадна” (Гар хангалга) гэх юм уу “Тэр дажгүй хэмнэлтэй хөдөлдөг, тэр бас маш сэкси… шөнөжин жаргааж чадна… ванны өрөөний хаалгыг сайтар түгжсэн… ямар эр хүн болохоо харуулсан (Эмийн сан руу алхсан нь) зэргээр rock & roll-дож гарав. Ах нарынхаа энэ залгамжлалыг Hotspot хамтлаг:
“Сараа бол сак царайтай
Салахын аргагүй сэкси охин (Ариунаа), Саатуулж нэг орой хоргоосон
Сэкси чи минь зугтчихлаа (Сэкси чи минь) хэмээн “шийр хатаав”. Эмэгтэй дуучин: “Намуухан дуу аялангаа хөхний минь товчийг зур” (Намайг зур, Б.Баярцэцэг) гэдэг шиг заримыг нь өсвөр насны хүүхэд залуус “Би хайргүй хүнтэй ч унтаж байсан” (Байгаагаар минь хүлээн авах уу?, Thunder), “Олон pussy дамжиж явсан хувь заяанаасаа ичье” (Сайн бодож үзсэн үү, Vandebo) хэмээн баясан аялсаар… Эрээ цээргүй энэ мэт дууг бархиран дуулаад байх нь зөв юм уу тэгээд?
Мань зохиолынхон ч зохиож өгсөн гэж болно, эл сэдвээр. Жишээ нь “Ямар янагхан төөргөөр чамтай би учраа вэ” гэх юм уу “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байнаа” (Дурлан дурлан хайрламаар, үг Ч.Алтантүлхүүр, хөг Ч.Бат-Эрдэнэ) гэх дууг хүүхэд багачуудын хажууд сонсоод, аялаад буйгаар төсөөлөөд үзээрэй. Түүнчлэн “Янагхан ааль чинь хөөрхөн” гэж шинэ цагийн монгол бүсгүйчүүдийн цэвэр ичимтгий занг “эвдэж”, “хааяахан хардах чинь сайхан” (Хөөрхөн, үг Б.Хүрэлбаатар, хөг Д.Дамдин) хэмээн буруу үлгэрлэл үзүүлнэ. Учир нь эмэгтэй нь ийн дуулж сэтгэлээ илэрхийлэх нь одоогийн залууст бие биеэ хардах нь зөв юм гэж ойлгоход хүргэхээр байна. Хардана гэдэг сэтгэлээс үүсэх гэм хор буюу.
Угтаа эл сэдвийг шинэ цагийн урлаг, утга зохиолд Д.Нацагдорж “Нууц янаг”, Д.Намдаг “Шөнийн бороо” (хөг С.Бүтэд)-доо далд утгаар гүнзгий илэрхийлсэн уламжлалтай. Өргөө хамтлаг ч “Уруул шиг навчаар үнсэлцээд” (Зүүд, үг Д.Пүрэвдорж, хөг И.Болоож) гэх мэт тойруулал, төлөөллийн уран аргаар илэрхийлж, гоо зүйн хэм хэмжээг зөрчилгүй харин ч баяжуулж ирсэн түүхтэй билээ. Садар самуун бус ч нууц амраг, нууцхан сэтгэлийн дуунууд “Төөрөг тавилан” (үг П.Батсайхан, хөг Ц.Ганхуяг), “Зүүдэлж жаргах амраг” (үг Ц.Бавуудорж, хөг Г.Гэрэлсайхан), “Хадамд гарсан бүсгүй” зэрэг цөөнгүй нэмэгджээ.
Зориулал дуу: Монгол түмний дуу нь эртнээс төрөл хэлбэрийн баялаг өв сангаар уламжлан хөгжиж ирсэн түүхтэй. Домогт ардын дуунаас гадна эзэнтэй уран бүтээлд “Үлэмжийн чанар”, “Бардан сэргэлэн борыгоо”, “Гоолингоо”, “Жинжий Бадам” буюу “Хөх торгон дээл”, “Бор толгой”, “Дунд голын ногоо”, “Дуучин чамдаа”, “Туулын шугуй”, “Жаргаах зүрхэн”, “Дурлал хайрыг минь дамжуулаарай”, “Миний алаг нүдэн сайн сууж байв уу”, “Дорнын цагаан саран” зэрэг олон дуу багтах бөгөөд ихэвчлэн бүсгүйчүүдэд зориулан зохиогдсон байдаг. Зохиолчдоос хайрт эхнэр, халамжит ханьдаа зориулан бичсэн бүтээлд: М.Ядамсүрэн -АЖ Д.Ичинхорлоод “Үзэсгэлэн гоо”, Ч.Чимид -Ёндонцэрэнд “Дэнжийн ногоо”, Б.Явуухулан -Ж.Адъяад “Би чамд хайртай”, Ж.Бадраа- Бадарч эмчид “Уяхан хорвоон хань”, Ш.Сүрэнжав- Л.Цэндээ эгчид “Намуун үдэш” нарын дуунууд багтана. Энэхүү өв сан Б.Лхам гэгч бүсгүйд зориулсан гэгдэх “Шөнийн бороо”, АЖ Л.Цогзолмаад зориулан бичсэн “Манлай явсныг чинь мартахгүй” Отгонцэцэгт зориулан зохиосон “Хайрлан дуулмаар байна” зэргээр үргэлжилдэг. Тэгвэл орчин цагт ийм уламжлалт төрөл зүйлээр бус “шинэ хэлбэр” үүсгэж буй нь дараах мэт байна.
“Базсан” бэрийн дуу:
“Аливаа бүхнээ тандаа зориулж
Айлын хийморийг биедээ шингээж
Аавын хүүг алгандаа энхрийлж
Аз жаргалаа эдэлж сууя даа” (Гэргийн дуу, үг Д.Баяндалай, хөг М.Алтангэрэл) хэмээсэнд айл гэр, авааль нөхрийнхөө сүлд хийморь бүгдийг нь өөрийн биедээ шингээж өрхийн тэргүүнээ алгандаа атгачихсан бүсгүйчүүдийн “сүлд дуу” болж байна. Аргагүй шүү дээ шинэ цагийн хүйсийн эрх тэгш байдал (жендер) ярьдаг тэдэнд сүлд дуу хэрэгтэй байж таарна. Бас болоогүй ээ “Ээжийн хүүг элгэндээ тэвэрч” “баздаг”-аа “айлын бэрээс харамлахгүй л байж чадахгүй нь ээ” (МУГЖ Д.Энхзул, 1995) хэмээн итгэл төгс дуулдгаас нь улам бүр тодордог. Гэхдээ л эмэгтэй хүн юм болохоороо ганц бие бүсгүйчүүдтэй бол хардахгүй гэсэн санаа ч агуулагдах шиг. Эр хүнийг эршүүд зантай л гэнэ, “Сэтгэлд хүрсэн сайхан таныгаа…” хэмээх нь өргөмжлөх бус харин ч сэтгэлдээ хүрээгүй олон эрийн туршлагаа илтгээд байх шиг! Нутаг нугархаж явцуу хүрээнд уран бүтээл хийдэгийн нэгэн жишээ энэ бөгөөд дуучны маань хамгийн дуртай, бас Монгол тулгатны 100 дуу юм гэсээн базар дарь! Бас болоогүй
“Ганцхан чиг заяасан амраг минь дээ
Галаа өрдөөд завилж сууя даа” (Ойрхон л байж шүү дээ, үг Н.Сүхбаатар, ая Д.Цэвээнравдан) гэсэнд бүсгүй хүн галынхаа өмнө завилж суух нь амьдрал, дурлалдаа “эзэн сууж” сэтгэл хангалуун буйн шинж үү, өрх толгойлсон эхийн өнөөдрийн дүр төрх нь үү?
Зөвхөн эрчүүдийн дуулах дуу: Тэгвэл эрчүүдийн “сүлд” гэмээр дуу нь
“Салхин талдаа чамайгаа дагуулаад
Санаа амар алхаж явнаа” (Сэм сэмхэн, үг Пүрэвдорж, хөг Л.Галмандах) хэмээн эрэгтэй хүн (Л.Болдбаатар) дуулаад байдгаас илт болдог. Монгол эрчүүд маань улам л туниагүй, үг даахгүй хэрүүлч болоод буй тул эмэгтэйчүүдээрээ амьдралд нөөлөг хийж үр хүүхдээ өсгүүлэн хүмүүжүүлж байгаадаа “санаа амар” алхаж явах нь арга ч үгүй биз. Ямар сайндаа л
“Үрийн заяаг наддаа хайрласан
Үүрдийн хонгор чи минь юмаа” хэмээн мөнөөх эрчүүд дуулж буй нь үүний том баримт биш гэж үү?
Аминчхан хүний дуу:
“Ай хө алдрай минь
Өөрт чинь зориулсан дууг Өөр хүнд битгий дуулаарай
Өөртөө л дуулаарай” (Өөртөө дуулаарай, үг Болдбаатар, хөг Д.Баттөмөр) гэсэн шүлэг байж болохоос дуулаад суух нь ямар бол? Яг ийм санааг
“Хилийн дээсийг алхахдаа Харийн хүнийг ундаалаагүй Холын хол аялахдаа
Монгол нутагтаа буцсан юмаа” (Тэс мөрөн ээж, үг П.Батсайхан, хөг Д.Цэвээнравдан) хэмээн хувиа хичээсэн өчүүхэн зангаар бичсэнийг аанай л АЖ С.Батсүхийг даган бахархаж дуулсаар л байх уу? Энэрэнгүй сэтгэлт ижий мэт өргөмжлөн дуулах эл бүтээл уул усны магтаалын уламжлалаас ТЭС өмнөө байна. Бүхнээс илүүтэй өөрийгөө хайрладаг ийм санаа
“Өөдөсхөн жаахан ачаа үзэхээр
Өөрөөсөө илүүтэй хайртай болно” (Хань минь, үг П.Батсайхан, хөг С.Батсүх), эсхүл
“Наадаж наргилгүй ч яах вэ дээ…
Буцах цагийн аясыг дагаад
Буурайж нэг маань үлдэнэ шүү дээ” (Насны ганц хань үг, Д.Амгалан, хөг Р.Ганбат) гэсэн дуунуудад ч цухалздаг. Улмаар
“Өглөө битгий болоосой
Өөрийнхөөрөө чамайг хайрлая, би хайрлая…
Зүрхээрээ энэ үдшийг харамлая…
Салхи битгий сэвшээсэй…
Хажуугаас бүү холдоосой…
Зөвхөн минийх болоосой…
Шувууд битгий жиргээсэй” (Үүр битгий цайгаасай) зэргээр үргэлжилж,
“Чимгээ найзаас түрүүлээд
Цэцгээ сайхан усална даа” гэсэн хүүхдийн дуунд ч дээрх мэт санаатай, хоорондоо өрсөлдсөн, зөвтгөсөн буруу нөлөөгөөр нэвтэрчээ.
Чөтгөртэй хүний дуу:
“Чагнаад байх нь ээ, аялгуу түрээд
Чанх дэргэд хүүхэд уйлах юм аа” (Дуут нуур, үг Н.Лутбаяр, ая Д.Цэвээнравдан) гэснийг хартай хүний дуу гэх үү, хий шингэсэн хүний дуу гэх үү? С.Сэрчмаагийн “Хаа ч цуг” бас энэ жишээнд орно. Нэгэн бадгаас жишээ татвал
“Хайр минь дундарна гэж бүү бодоорой Хайран бие минь элэгдэн нирваан болсон ч Хамгийн сайхан бүхэнд шингэж
Хонгор зүрхэнд чинь цохилно гэж мэдээрэй
Сэрж мэдэрсээр хаа ч явсан цуг гэж мэдээрэй” (үг Д.Баяндалай, хөг Д.Отгонбаяр) гэснээс тодорхой болно.
“Гил хар шөнийн зүүдэнд
Цал буурал үстэй ирэв үү?” (Оройтсон бороо, үг Б.Туяа, хөг М.Бямбажав)-г Аймшгийн дуу ч хэмээдэг.
Хөлчүү хүний дуу: Сайн сайхныг ерөөн хундага өргөж буй (Хундагаа өргөе, үг Ж.Мөнхбат, хөг Д.Жаргалсайхан) ч саар мууг дагуулдаг үрээр нь энэ төрлийн дууг цаашид үл нэмүүштэй санагддаг. Учир нь энэ цагийн “үдэлтийн дуу” болсон “Найзууд”- ад
“Санаа нийлдэг нөхөд минь буцлаа
Сархдын шил нь ширээн дээр үлдлээ” (үг хөг Д.Ганболд) хэмээн уулзах бүртээ уух л ёстой юм шиг ийм санаа:
“Зуу татаж зугаацаж цэнгэдэг
Цөөхөн хэдэн найзтай би (Найзууд, Баттогтох),
“Хундагаа өргөе хоёулаа
Хамтдаа сурсан дуугаа аялая даа” (Миний найз, үг Д.Жаргалсайхан хөг Б.Пүрэвсүрэн),
“Бор дарсанд согтмооргүй дуулмаараа…” (Сэтгэлийн булаг, үг С.Оюунчимэг),
“Гар гартаа барьсан
Омголон дарсаа өргөцгөөе” (Анд нөхдийн дуу, үг Ш.Гүрбазар, хөг Т.Сэр-Од),
“Мөрөө түшилцэн хааяа дуулалдахад
Мөнгөн дарс ч амттай л болдог” (Алтан нөхөд, үг Ц.Бавуудорж, хөг Т.Сэр-Од) зэргээр үргэлжилсээр л байна. Уух дуртай үедээ ингэж бичээд, уруу татаад байдгаа ч больмоор, уудаггүй, тоодоггүй хүнд шүүмжлэлттэй, илүү харагдаад байдагийг ч бодолцмоор? Орчин цагийн залуусын соёлт хэрэглээ өөр болсныг ч мэдмээр! Гэтэл “Сөн хундагаа түшээрэй… манараад байна өнжөөрэй” (Заллага, үг И.Цэрэнжамц, хөг Н.Чулуунхүү) гэхчлэн гэгэлзүүлсээр л сууна ард түмэн цаана чинь!?
Хуулбар дуу: Нийтийн, зохиомол дуу (зохиогч нь тодорхойгүй)-нд зарим дууны үг, санааг зээлдэж хуулсан нь үзэгддэг. Жишээ нь: АУЗ Ш.Сүрэнжавын “Нэрээр бичсэн шүлэг” дэх “Цээлхэн дууг чинь… гэвэл Эгшигэнд нь уярсан нь би билээ” гэсэн 1961 онд эхнэртээ зориулан бичсэн шүлгийг Ц.Энхманлай,
Цовоо нарын дуулсан “Өө хайрт минь” дуунд
“Цээлхэн хоолойг чинь дуучин гэх юм бол
Эгшигэнд нь уярсан нь би билээ” хэмээн тэр чигт нь давтсан байдаг. Мэдээж зохиогчгүй, “шинэ цагийн аман зохиол” мэт тархсан уран бүтээлд зохиогчийн эрхийн асуудал ярихын аргагүй мэт ч хаанаас эх сурвалжтайг нь мэдэж, мэдүүлж байх нь бидний үүрэг билээ. “Хүрээний хөөрхөн Дэнсээ юу” (үг Д.Баасанжав, хөг Ц.Пүрэвхүү) дууг ч хөрш (Өвөрмонгол) газраас шүлгийн улбаатай гэдэг.
Атаархуулагчдын дуу: Эл сэдвээр “Тольтой мөнгөн эмээл” (үг Ш.Сүрэнжав, хөг Г.Тэрбиш) зэрэг яруу сайхны оновчтой сэтгэмж бүхий уламжлал бий билээ. Гэтэл цаг үеийн тусгал юмсануу эд хөрөнгөөрөө бусдад гайхуулан баярхсан гэлтэй “Аархал” (үг Н.Баянмөнх, хөг А.Анхбаяр) тэргүүтэн нь эрдэм мэдлэг, ёс зүй, хүн чанарыг бус эд баялаг, ашиг орлого, арилжаа панзыг залуус дүү нарт “захисан” шинжтэй болчихжээ.
Зүхэл дуу: Дуучин Р.Номин-Эрдэнэ:
“Надгүйгээр өнгөрөөсөн мөч бүхэн чинь гунигтай байг…
Намайг үдсэн тэр цаг чамд зовлон байг” хэмээн нь дуулах нь хараал зүхэл ч мэт сонсогдоод байх. “Ганцхан чамдаа” зориулж буй эл дуу гадаад хэлэнд орчуулагдахаараа
“The days without me that pass I hope they are all sad…
When I left
I hope your hours were troubling” (Only for you) хэмээн харийнханд хүрч буй юм. Монгол дуу нь эртнээс сайны ерөөл, бэлэг дэмбэрэлтэй байх ерөнхий зарчим тээж ирсэн бөгөөд
“Хорвоо та минь уужим тааллаараан
Холдоо ойрдоо ч ариухан байгаасай” (Найрсаг байгаасай, үг Ж.Бадраа, хөг З.Батсүх) хэмээн сургасан нь ийн талаар болов. Бүр
“Навчнаа тогтсон шүүдэр чууллаараан
Настай ээжийг минь ундаалдаг байгаасай” (1970) хэмээн энэрэн нигүүлсэж байсныг энд давтан сануулъя.
Өөр дахилттай дуу: Монгол дуунд гарсан бас нэг “дэвшил” бол өөр дууны дахилтыг гэнэт дуулах үзэгдэл юм. “Оюутан нас” (үг Л.Мөнхжаргал, хөг УГЗ Г.Энхбаяр) дуунд “Эрдмийг сураад буцлаа гэхээр…” (Уяхан цэнхэр хавар, үг З.Түмэнжаргал, хөг Д.Бэхбат) гэж чимэг оруулж байх жишээтэй. Энэ төрлийг хип хоп чиглэлийн дуунууд манлайлж буй тул үүгээр завсарлая. Бас
“Гийх нарны туяа итгэл мөрөөдлийг авчирлаа
Гэрэл гэгээтэй амьдрал намайг хүлээнэ” (Бид, үг, хөг Д.Батсүх) хэмээн толгой холболтод хэт баригдан бичсэнээс гийдэггүй нарны туяа бий билүү гэж эргэлзэхэд ч хүргэж буйг гагц Номин талстынхан гэлтгүй цаашид анхаараасай!
Орон гаран хүний дуу: “Хайртай гэхээсээ өмнө” (Харангын Х.Лхагвасүрэн, үг, хөг Д.Өлзий-орших) дуунд мөр бүхэнд “чи, чамайг, чамдаа” гэсэн төлөөний үг давтаж “чи хайрын минь тэнгэр”, “чамтай би дүүлэн нисдэг юм” гэсэн санааг давтан улиглах атлаа юу гэж хэлснээ сайн санадаггүй. Өөрөөр хэлэхэд тэнгэртэйгээ хамт тэнгэрт нисээд буй тухай өгүүлнэ. Ийм эргэлзэл: “саваагүй ч юм шиг, хэрсүү ч юм шиг оюутан билээ би” (Хонхны нулимс, үг Мөнхбат, хөг Б.Бямбабаяр) зэргээр үргэлжилдэг. “Саваагүй, хэрсүү” гэсэн үгс эсрэг утгатайг сануулах юун. Ямар сайндаа чулуунаас ч тэр, цэцгээс мөн ихрийг нь эрж, оршин буй бүхнээс ижлийг нь хайж суудаг (Хос орчлон, үг Ц.Эрдэнэбат, хөг Д.Чулуун) “сэтгэцийн өвчтэй” бус байгаа даа гэж гайхширахад хүргэх вэ дээ. Энэ төрлийн дуу “Гаднаа ч нэг, гэртээ ч нэг байх шиг, Таниад чиг инээгээд чиг байх шиг” (Нутаг амьтай аав) зэргээр үргэлжилнэ. Эдгээрээс сүүлийнх буюу эрдэмтэн зохиолч Д.Сумъяагийн шүлэг яруу найрагчийн “араншин”, сэтгэлийн дотоод үй түмэн үзэгдлийг нутаг- аав хоёрын үзэгдэл, үйл хөдлөлөөр илэрхийлснээрээ харин ч буруутгахын аргагүй байдаг. Хашилтад, хөгжөөнтэй байдлаар хүлээж авахаа мартуузай, манайхаан!
“Өрөвдөх л юм даа чамайгаа
Өрөвдлөө гээд чиг яах вэ дээ” (Мөнхрөх ч биш дээ хоёулаа, үг П.Сундуйжав, хөг Н.Жанцанноров). Энд хүний сэтгэлийн тогтворгүй байдал (эргэлзэл, тээнэгэлзэл)-ыг илэрхийлснээрээ болохгүй юм үгүй ч нигүүлсэн өрөвдлөө ч яаж ч чадахгүй бол дэмий дуулахаас ч өөр яах билээ хэмээн “зөвтгөх”-өөс өөр гарцгүй болж байна.
Хэрсүү хүний дуу:
“Хорьж болохгүй хорин насандаа Хорвоог би танин мэдлээ
Чимээ шуугиан гаргалгүйгээр
Чамаас би хагацаж чадна” (Намрын хонгор салхи, үг хөг Д.Нармандах) хэмээх нь хорь бус 60 настай хүн ингэж дуулаад, хайртай бүх хүндээ хандаж хэлмээр ч үг шиг.
Ийм төрлийн:
“Шөнийн 12 болж хот нойрсоно оо
Шонгийн модны доохно талд ганцаар зогсоно оо” (Хар сарнай)
Хулгайчийн дуу,
“Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг
Ялгуун сарны доор үгээр хэлэхийн аргагүй ээ” (Хүний сайхан сэтгэл, үг Ч.Алтантүлхүүр, хөг Ч.Эрдэнээ) гэдэг нь биеэ үнэлэгчдийн сүлд дуу гэх. Худлаа гэвэл “Хүслээ шивнэж дуулмаар байна” (МУГЖ Д.Энхзул) гэсэн эхлэл “бататгана”. Бас
“Та ч гэсэн залуу байхдаа Танхил гэнэн охин явахдаа Орой үдшийн бүрий цагаар
Орь ганцаар зогсдог байж” (Захидал, Хар сарнай) Барьцамтгай хүний дуу,
“Уулзалгүй удвал уйтгарладаг Уулзвал хэдэн өдрөөр
Сэтгэл минь өөдрөг байдаг…” (Жаргалтай хүний нүдэнд нулимс зохихгүй, Хурд) Сарын мөчлөгөө хүлээсэн охины дуу,
“Долоовор хуруундаа зүүний сорвитой
Дээлийнхээ энгэрт сүүний үнэртэй” (Хань минь, АЖ С.Батсүх) Арчаа муут бүтэлгүй эхнэрийн дуу хэмээн наргиан болгох нь ч бас бий.
Дээрх мэт жишээд нь нас хүйс, мэргэжил боловсрол харгалзахгүйгээр ард нийтэд тэгш хүрдгээрээ дууны шүлэг хоёрдмол утгагүй байх ёстой гэсэн санаа юм.
Утга зохиол судлаач, шүүмжлэгч Д.Цэвээндорж
Үргэлжлэл бий…