“САЙН ХААН”РОМАНЫ САЙН, СААР ТАЛУУД НЬ ЮУ БАЙВ?

Tseveendorj Demberelsuren
9 min readJul 9, 2020

--

(Шүүмж)

Орос, Украйны зарим түүхчид орос их гүрнийг Монголчууд эзлээгүй гэх буюу харгис Батын армид нэг ч монгол цэрэг байгаагүй хэмээн түүхэн үйл явдлыг эрс үгүйсгэн гулзайлгаж, улмаар нотлохыг оролдох болжээ. Үнэндээ 1237–1241 онд Бат хааны цэрэг Оросуудыг эзлэн авахдаа Москва зэрэг хотуудыг шатааж 200 гаруй жил эрхшээсэн нь маргашгүй үнэн билээ. Зөвлөлт ах нараа “захирч” асныг зоригтой бичих түүхч, зохиолчид XX зуунд гараагүй, түүхэн сурах бичигт Бат хааны нэрийг ч дурдалгүй орхиж ирсэн нь ийм “дүгнэлт” хийхэд нөлөөлсөн гэж болох ч хожим ч атугай зохиолч С.Товуудоржийн “Сайн хаан” (2015) түүхэн роман хэвлэгдэн гарсныг олзуурхахаас аргагүй юм. Түүний богино өгүүллэгийн бүтээмж, туршлага тэргүүтэн лавширч түүхэн роман бичих үндэс суурь болж өгсөн нь баатруудаа эртний түүхт гэмээр хүмүүсийн нэрээр оноож, сонгодог монгол хэлний найруулга бүхий туурвилын онцлогийг бүрдүүлсэн нь ажиглагддаг. Түүхэн зохиол бүтээхэд холбогдох эх хэрэглэгдэхүүн, баримт, эх сурвалжтай сайтар танилцах шаардлагатайг утга зохиолын онолын ном, сурах бичигт тэмдэглэсэн нь бий. Үүнд сурвалж бичиг, түүхэн кино, музей гэх мэт холбогдол бүхий мэргэжлийн чанартай олон зүйлс ордог ч хэт их баримтын цуглуулгаас зайлсхийхийг зөвлөдөгийг сануулах юун.

Нэг. Дүрийн урлал, уран чадварын өсөлт

Романд арван есхөн настайгаасаа эзэн сууж, аян дайнд туршлагажсан ч Оросуудын зүрхийг үхүүлэх арга мэх хэрэглэсэний үрээр хохирол амсалгүйхэн Рязань хотыг эзэлж чадсанаараа цэрэг эрсдээ “Сайн хаан” хэмээн үнэлэгдэж түүхэнд мөнхөрснийг олон үйл явдлаар лавлан бататгахдаа Бат хааны авхаалж самбаа, авьяас чадварыг түүхчлэн өгүүлсэн нь түүхийн шинжлэх ухаанд гүйцэтгэх уран сайхны зохиолын үүргийг өргөсөн ач холбогдол болж байна. Өөрөөр хэлэхэд Бат хааны алтан ураг болон цэрэг эрсийн эв эеийг хичээгч чанар, хатуудаа хатуу, ухаантайд зөөлөн, зоригтонд эерүү хувийн зан төлөвийг товойлгон урласан нь түүхэн бие хүн, гол дүрийн бүтээмжийн үүргээ биелүүлж чадсан гэж үнэлэхэд хүргэдэг. Чингэж Бат сайн хааны цэрэг дайчиддаа элэгсэг, тулалдааны үед хатуу чанга, цэргийн эрдэмд төгс нэвтэрсэн болохыг түүхэн сурвалж бичгүүдээс шүүрдэн цуглуулж уран сайхны дүрээ амилуулсныг сайшаах учиртай. Тухайлбал Оросын Чингис судлаач эрдэмтэн Турсун Икрамович Султанов “XIII зууны Перс, Арменийн түүхийн сурвалжид Бат хааныг шударга, ухаалаг, зөөлөн удирдагч эзэн хэмээн тодорхойлдог” гэсэн тэмдэглэл тэргүүтнээр түүхэн орон зайг нөхсөн сэтгэмжийн биелэл болгожээ. Энэ нь цэргийн жанжин Димитрийг суллаж энд тэнд бүгсэн Оросуудыг бөөгнөрүүлэн хиар цохих мэргэн ухаан, оновчтой шийдвэр гаргаж буй Сайн хаан нь уран сайхны эх дүр болон зохиолд өөрөө урган биежсэнээс тодордог.

Нэг ёсондоо дам, төлөөлсөн зүйрлэлээр буюу гэдэс цатгалан, мөр бүтэн байлгах Эзэн хааныг мөрөөдөж буй Мажар иргэдийн хүсэл эрмэлзлэлийн үзүүрт Бат эзний гавьяа, үйлсийг тодруулсан байна. Улмаар эрэлхэг зоригтой Оросын цэргийн удирдагчдыг нэг мөсөн дарах зориг сийлж, цэргийн зөвлөх, жанжиддаа үлгэр үзүүлэн сэтгэж буй Сайн хааны дүр нь хэв шинж болон ургаж буйгаараа зохиолчийн туршлага, уран чадварыг бидэнд нээн өгч буй юм. Нөгөө талаар Бат хааны дүрийг урлан бүтээхдээ бусад дүрүүдтэй холбогдох шинж, амь сахигч цэрэг, жанжидын харилцан яриа, санаа зорилготой нэгтгэн гаргасан байна. Тухайлбал Өгөдэй хааны том хүү Гүюг, Толуйн хүү Мөнх, Сүбээдэй жанжин нарын хамт аян дайныг гартаасан ч Гүюүгтэй зөрчилдөх, багын л ганцаараа ярьж бодол санаагаа цэгцлэн үйлс ажлаа төлөвлөдөг зан чанарын онцлог зэргээр уран сайхны хэв шинжийг бүрдүүлсэн нь зохиолын зөрчил, амьд тодорхой өгүүлэмж, сонирхол татах үйл явдлын хэсэг болж харагддаг. Мөн эзэн ноён шиг тусдаа хоол хийлгүүлж залуухан орос бүсгүй Лизагаар хувцас эдлэлээ цойлдуулах сэтгэл тааламжит Володийн дүрээр Сайн хааны өгөөмөр сэтгэлийг тодотгож өгчээ. Орос орон тэр чигтээ өлсгөлөнд сөхөрч байхад өчүүхэн намайг өргөмжлөн уулзаж ярилцахдаа хийж гүйцэтгэснийг маань урамшуулан шагнасан хэмээн хөөрцөглөх Володийн дүр нь Монгол армийн ар талд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж буй харь залуусын төлөөлөл болохын зэрэгцээ монгол хаадын хүнээр хүн хийн “төлөвшүүлж” ирсэн уламжлалыг бататгадаг.

Хоёр.Зохиомж, уран сайхны сэтгэмж

Орос цэргүүд болон энгийн иргэдийн яриагаар Бат хааны бодлого, үйлс улмаар монгол цэргийн зориг тэвчээр, хурц ухаан, дайтах урлагийг тод томруун гаргасныг олзуурхууштай. Хэрэм цайз эвдэх тулалдааныг Орос жанждын дурсамжаар нэхэн өгүүлсэн оновчтой сонгомж, үйл явдлын өрнөлийн өвөрмөц эрэл хайгуул ч бий юм. Мөн Бат хааны цэрэг арми түр амсхийх зуураа бөхийн барилдаан, тулалдах үзүүлбэр хийж буй зэргийг дүрслэн өгүүлсэн нь түүхэн үйл явдал, нөхцөл байдлыг тун үнэмшилтэй нээсэн зохиомжийн тэлэлт агаад хөр цасны хайрууд хот тосгодын олонхийг эзлэн тохинуулснаар энэ бүх хөдөлмөр, зүтгэл нь үнэлэгддэг. Өөрөөр хэлэхэд амь сахигч, түмтийн удирдагч нарын дундах зэвсгийн эрдэм, тэмцээн уралдаанаар монгол цэргүүдийн хийморь, цог золбоог сэргээж, шалгарсан баатруудыг хөхүйлэн урамшуулж буй Сайн хааны оночтой бодлого, үйл ажиллагаадыг харуулахыг зорьсон зэрэг сайшаагууштай ололт цөөнгүй юм. Түүнчлэн Орос иргэдийн ахуй амьдрал, хоол хүнс, нүхэн зоорь тэргүүтнийг судлан мэдэж сэтгэл санааны байдал, тагнуул туршуулын үйл ажиллагаа явуулж буйг олзны цэрэг эрсээр төлөөлүүлэн гаргасан байна. Мөн Олгунбай баатрын Орос дайчин эртэй тулалдаан хийсэн, тавин цэрэгтэй ганцаар тулалдаж сөхрүүлсэн зэрэг уран сайхны зохиомж нь монгол цэргийн дайтах уран чадварыг тод томруун дүрслэн харуулсан ололт юм. Тулаанд амь эрсэдсэн баатруудынхаа сүнсийг аргадаж, эх нутагт нь илгээхээр удган, зайрангуудаар бөөлүүлэн хүндэтгэл үзүүлж буй гэх мэт тухайн цагийн монгол цэрэг армийн ар тал, энгийн ахуйг тодруулан гаргасныг ч олзуурхууштай.

Нэгэн нар, нэгэн тэнгэрийн дор захирагдахыг үл зөвшөөрч тэнгэрийн тааллыг зөрчин Бат хааны арван элчийн толгойг мохироож улс гүрэн, элчин харилцааны түүхэнд хар мөр үлдээсэн Оросын вангуудын эсрэг монгол цэргүүдийн уухай, хааныхаа хүсэл эрмэлзлийг биелүүлэх чин сэтгэлийн хурай бүхэн тэдний сэтгэлийн дуудлага болсныг дэлхий ертөнцийг төвшитгөж асан түүхэн нөхцөл байдалтай үнэн зөвөөр уялдуулсан нь романы “сайн” хандал болсон билээ. Сайн хаанаас урван тэрсэлсэн Димитрий ноёныг Володий нь илчилж орос цэргүүдийг дайлахтун хэмээн уухайлж буйг тун үнэмшилтэй бичсэнд зохиолчийн уран чадвар оршино. Арван элчийг нь хороосон Бела хаан тамгаа хаяад дутаахад дайны хөлд түйвээгдэж, ногоо тарих идэр залуусаа алдан зүдрэх иргэдийг: “Бидний эзэн хэн байх нь хамаагүй. Зөвхөн цадтал хооллуулдаг эзнийхээ төлөө л үхтэл зүтгэнэ” хэмээн хэлэхэд хүргэж буйгаар дүрсэлсэн нь түүхэн нөхцөл байдал, зохиолчийн уран сэтгэмжээр бас тайлбарлагдана.

Хэдийгээр яс үндэс, хэл соёл өөр ч дэлхийд нэг л нар гийгүүлж байдгийн адил нэгэн туган дор бөхийж, нэгэн хаанд захирагдах нийгмийн шаардлага, цаг үеийн онцлогийг Бат хааны итгэл үнэмшил, бодол сэтгэмжээр товойлгон гаргахдаа тэнгэрийн зарлигт нийцүүлж тайлсан нь мөн оновчтой болсон юм. Өвөг эцэг Чингис Богдын эсрэг тэрсэлсэн Хорезмын хаан Мухамед, түүний үр хойчис ч бүгдээр эсэргүүцэн тэмцэвч эцэстээ түших анд нөхөдгүй, хоргодох газаргүй болж хорвоогоос хэлтэрсэн тэнгэрийн гэсгээлийг тод томруун, бодит агуулгаар зураглаж чадсаныг ч сайшааж байна. Чухам ийм хандал, өгүүлэмжийн шийдлүүд нь Орос болон бусад орны түүхчдийн түүхэн үнэнийг гуйвуулан мушгиж, үзэл суртлын дарамтанд бүдэгрүүлэн баллуурдаж ирсэн хар орон зайг нөхөх оновчтой шийдэл болжээ. Монгол цэргүүд Орос элчдийг эзэрхийлэн булаах бус өдөрт уранхай цоорхойг цойлдон цус сэлбэж монгол үр удмыг олшруулан арав, хорин жилийн дараа монгол цустай монгол эмэгтэйчүүд эзэнт гүрний бодлогыг дэмжин нэгэн үе төлөвшин тогтоно гэсэн алс ухааныг сэтгэж байна. Их цөс гаргаж хоёр ч удаа сөрөглөн довтолж Бат эзнийг хороохыг завдахад эр зоригийг нь үнэлэн, султгаж явуулсан ч эцэстээ өөрөө дагаар орж сум зэвсэг бэлтгэх ажилд ахлан оролцож буй Володийн үйл явдал, өгүүлэмж зэрэг нь монгол хаадын холч ууч сэтгэл, алс санааг дахин тодотгосон урлал гэж үзнэ.

Гурав. Түүхэн баримтыг боловсруулсан туршлага

Энэхүү романд Плано Карпини, Гильом Де Рубрук, Оросын нэрт түүхч Карамзин нарын мэдээгээр үйл явдлынхаа ноён нурууг зөв тийш нь чиглүүлж залсан (оновчтой) шигтгэл өгүүлэмж ажиглагддаг. Өөрөөр хэлэхэд “Бат албат нартаа их энэрэнгүй” (П.Карпини) гэсэн мэдээг тодруулахыг зорьсон нь уншсан хэн бүрт сайшаагдахаар болжээ. Мөн морьт харвааны тэмцээн зэргийг дайчин эрс, үзэгч олон шимтэн үзэж, уухайлан дэмжиж буйгаар зурагласан зэрэг нь зөвхөн түүхэн үйл явдлыг дуртган өгүүлсэн бус амьд дэвсгэртэй, сонирхол татам болгосон “сайн”-ы ололт юм. Ингэхдээ Оросын түүхчдийн бичдэг “Монголчуудын булаан эзлэлт, цэрэг арми нь Орос орныг бүхэлд нь алаан хядааны талбар болгосон” гэсэн түүхэн гуйвуулгыг няцааж монгол хаад, тэдний аравт, зуут түмтэд захирагдсан удирдлага, цэргийн зохион байгуулалт, дайтах урлаг, оновчтой бодлого, шийдвэр тэргүүтнийг түүхэн үнэнд нийцүүлэн бичсэн нь өнөө цагт бидэнд түүхэн зөв гаргалгаа, зохиолчийн уг сэтгэлгээний шийдлийг бататган өгч байна. Зөвхөн булаан эзэлж атаат сэтгэлээр хоморголон хядах бус Орос вангуудыг өөрийн нөлөөнд оруулан урвуулж татах, зоримог дайчдыг нигүүлсэн өршөөж эгнээндээ нэгтгэх, энгийн иргэд, цэрэг эрсийг суллан монгол цэргийн тулалдах эрдмийн талаар Орос иргэдийн дунд яриа цуурхал тараан (Володий) зүрхийг нь мохоож гарз хохирол багатайгаар хотын хэрэм, цайзыг эзлэх гээд Монгол хаадын уужим ухаан, зэвсгийн эрдмийг гарамгай зураглан өгүүлжээ. Үнэндээ Оросын ихэнхи цэрэг ноёд Унгар улс руу дутааж Киевийн их ван Михайл тэргүүтэн Унгарын Белла хаанаас тусламж авахаар эхнэр хүүхэд, эд хөрөнгөө аван дүрвэж, амиа хоохойлсны улмаас Киев хот амархан эзлэгдэж Оросын иргэд тэнгэрийн зарлигийг дагахаас аргагүйд хүрдэг билээ.

Мөн “Урвасан цэргээ хороож болно, харин бууж өгсөн иргэдээ хороож буй ноёдыг сонсоогүй юм байна” хэмээн Лазыжин хотыг үнсэн товрог болгож дагаар орсон орос иргэдийг ивгээлдээ авч буй үйл явдал бас бий. Энэ нь модоор үйлдсэн оньсон харвуулаар том том чулуу нүүлгэн хотын хэрмийг бут цохин дааман модон хаалганд давирхай түрхэн галдаж, цайзыг хялбархан эзэлснээс үүтгэлтэй. Чингэж том том чулууд, давирхайдаж шатаасан модны тайрдасууд хот хэрмийн дотор үймээн самуун үүсгэхэд бууж өгч буй иргэдээ орос цэргүүд өөрсдөө араас нь харван хөнөөж буй дүр зургийг тун үнэмшилтэй зураглан бичсэн юм. Балмад харгис ноёдынхоо уршгаар өвлийн хүйтэнд байшин сав, хот хэрмээ нурам болгосон иргэд дуртайяа хааны ивгээлд багтан аж төрөх болсныг: “Дайнд хүмүүний амь олон цөөнөөр заавал үрэгддэг. Тулалдааны үед хань, анд нараа орхиод хар амиа хаацайлаад зугатсан цэргийг алж болно. Харин бууж өгсөн өөрсдийн энгийн иргэдээ цэргийнхээ хүчээр хядсан эзэн ноёд байдаг гэдгийг сонсоогүй юм байна. Танай хотын эзэн ноёд үнэхээр балмад яргачид юм. Тиймээс тэр балмад яргачин эзэн ноёдод дургүйцэн танай хотыг тэнгэрийн тааллаар газрын хөрснөөс арчиж үнс нурамнаас өөрийг үлдээсэнгүй. Та нарыг энд шинээр байшин бариад суурьшихыг зөвшөөрсөн ч болно. Гэвч та нарт өширхөн бүлэг этгээд нэг л шөнө түйвээж бүгдийг чинь хядаж магадгүй. Иймийн тул эрчүүдийг чинь цэрэгтээ, эмс хүүхдүүдийг үйлчлэгч шивэгчнээр авахаар шийдлээ. Та бүхэн миний шийдвэрийг зөвшөөрөх үү?” гэхэд “Таны тааллаар больё. Өвлийн хүйтэнд бид энд байшин савгүй, хоол ундгүй хөлдөж, өлбөрч үхнэ. Танай хаанд талархаж байна” хэмээн бүгд сөгдөж” (210–211-р тал) буйгаар тайлал хийжээ.

Монгол цэргүүдийн моринд гарамгай, нум сум, жад сэлэм зэрэг зэвсгийн эрдэм чадвар, довтолгооны уран аргыг дагаар орсон оросын цэргийн ноёд хараад нэг талаар бахархаж, нөгөө талаар хорсон бачимдаж буй (Димитрий ван зэрэг) ч дэмий л Батыг алахсан гэсэн мөрөөдлөөс хэтэрдэггүйг тод томруун дүрслэн бичсэн юм. Энгийн үед хоорондоо сэлмээр тулалдах сургууль хийж буйг нь “хараад л зогсоод баймаар” санагдаж, “бид ингэж цэргийн эрдэмд суралцсангүй” хэмээн хий дэмий харамсахаас цаашгүй ажээ. Тиймээс дагаар орж Батын армийг бэхжүүлэн орос цэргүүдийнхээ эсрэг тулалдан буйг хараад байж ядна. Олзны орос цэргүүд монголчуудаас зэвсгийн эрдэмд суралцахын зэрэгцээ Димитрий зэрэг урвасан ноёдын Орос түмэндээ тусалж чадах гагц зүйл нь дайны хөлийг өөр хот, улс руу чирж тулааны талбарт үлдсэн ард иргэд, хот тосгодыг зайлуулахаас хэтрэхгүй болон хувирч буйг зохиолын гүнд шигтгэж өгсөн “сайн” ур ажиглагддаг.

Гэхдээ Байдар жанжны уран арга, гавьяа үйлсийг тод томруун харуулсан ч дөрөвдүгээр хэсгийн шигтгэл өгүүлэмж нь МНТ-ы эшлэл бус зэрэг нь санамсаргүй бус хариуцлагагүйн алдаа юм. Учир нь МНТ-д Бури, Гүюг, Аргасун нарын дүр болон Бат хааны тухай огт дурдагдаагүй байдаг (8-р хэсэг) билээ. Зохиолч С.Товуудорж түүхэн зохиолдоо дүрийн зан төрхийг бодол санаагаар нь нэхэж урладаг тогтсон хэв загвартай нь ч давтагдаад буй “саар” талтай. “Оросууд суманд оногдон ойчихыг хармагц монгол цэргүүд уухай хашхиран дэвхцэх нь зэвүүн” (74-р тал) гэж бичсэнээс харахад зохиолч бээр “орос цус”-тай ч байж мэдэхээр юм. Түүнчлэн “монгол цэргүүд морьтойгоо цас маналзуулан цайзыг тойрч давхин Оросуудын зүг ойртоод сумаа илгээн хахирган дуугаар хашгираад буцна” гэх зэргээр овилгогүй, хүний мууд дурласан ойворгон үйлдэл гаргаж буйгаар бичсэн нь олон жилийн аян дайнд алжаасан цэргүүдийн үнэн төрхийг дүрслэн үзүүлэх бус гутаан доромжлоход чиглэгдсэн мэт. Энэ мэт цөөн ч гэсэн өгүүлбэр, санаагаа хянан шүүхийн зэрэгцээ Орос цэргийн дайтах онцлог, хамгаалалтын техник, хэрэм цайз буюу суурин улстай тулалдах ялгааг нарийвчлан судалж зохиолдоо тусгасан бол илүү сонирхолтой болох байв. Түүнчлэн түүхэн зохиол бичих арван үе шат, долоон үндсэн аргыг дараа дараагийн бүтээлдээ мөрдөнө буй за гэдэгт итгэнэ. Гэвч “Шинжлэх ухаан, урлагийн нэгдлийг түүхэн роман хэмээнэ” (В.Г.Белинский) гэсэнчлэн баримтыг ургуулан бодох сэтгэмж, түүхэн зохиолоор дагнан бичих туршлага, уран чадвар тэргүүтэн нэг зүйлийн хоёр тал тул энэ чиглэлд мэргэшсэнээрээ С.Товуудорж зохиолч бусдаасаа ялгарч буйг дээрх мэт зүйл бүдэгрүүлэхгүй юм.

Ийнхүү “Сайн хаан” роман нь харийн нутагт өндөр уул нуруу, өргөн гол, цас мөсийг гэтлэн тулалдаж буй монгол жанждын эр зориг, тэсвэр тэвчээр, тулалдах ур ухаан, элчин харилцаа зэргийг тод томруун дүрслэн үзүүлснээрээ ИМУ, Эзэнт гүрний баруун этгээдэд дайлаар мордсон урлаг, уран сайхны бүтээлд үлэмж хувь нэмэр оруулах ач холбогдолтой болжээ. Өөрөөр хэлэхэд Москва хотыг галдан шатааж эзлэн түрэмгийлсэн Бат сайн хааны түүхэн үнэнг сурвалж бичгүүдийн мөхөс мэдээгээр мөшгөн батжуулж, уран сайхны хэлээр сэргээн босгосон С.Товуудорж зохиолчид талархах л бидэнд үлдэж байна. Номын гэгээн мөр тань залуус, үр хойчист сүүн зам татуулж, “сайн”-ы нөлөө үзүүлэх үр шимтэй ажээ.

Д.Цэвээндорж 2020.07.07

--

--

Tseveendorj Demberelsuren
Tseveendorj Demberelsuren

No responses yet