УРУУГАА УРГАСАН МОД
(Дууны яруу найргийн тухайд дуу гаргахын учир)
Дууны яруу найраг нь урлаг, утга зохиолын хамгийн хариуцлагатай төрөлд багтдаг. Учир нь бусад зохиол шиг засвар оруулж болдоггүй буюу нэгэнт хүнд хүрсэн бол өөрчлөн дуулахад төвөгтэй, боломжгүй болдогт дууны шүлгийн нөлөө, үгийн хүч нь оршино. Гэтэл сүүлийн 30 жилд зохиогдсон зарим дуунуудад дүр дүрслэл гэх юмгүй хуурай хоосон тоочсон, толгой холболт жигдрээгүй зэрэг эн захын шаардлага төдийгүй дууны чанд хайрцаглал, үг бүрд утга шингээх чадамж илт үгүйлэгдэж буйг тэмдэглэхээс өөр аргагүй байна. Чухамдаа монгол дуу нь төрт ёсны эртний уламжлалтай (“Эртний сайхан”, “Зуун лангийн жороо луус” г.м), нарийн дэг жаягтай асан нь ийн талаар болов. Мөн уйтгар гунигийн “Гоолингоо”, гуниг харууслын “Шалзат баахан шарга” гэх мэт ардын дууны төрөл уламжлал яндашгүй тансаг атал “уруугаа ургасан мод” мэт нийгэмтэй болчхоод буйн бас нэгэн салбар, жишээ энэ болов. Мөнөөх дуунуудаас шинэ санаа, үг хэллэг, сэтгэлгээний эрэл, үйл явдлын холбоо хамаарал, утгын гүнзгийрэл зэргийг харалт ч үгүй байна. Үүнд: өмд гутлын тухай дуулж доошоо орох (Хуучраагүй жинс, Т.Ариунаа), зүйр үгээс зүүн эшлэх төдийгүй нийгэм цаг үеийн тусгал гэлтэй нууц амрагийн сэдэвт дуунууд ч олширч, гадаад үгээр гангарсан, хольж хутгах нь ч хэрээс хэтрэв. Бас хурдан морьд бүхний тухай, бүр унадаг дугуйн тухай дуу зохиох уралдаан зарлатлаа доошоо орно гэдэг оюуны бүтээлийг инновац бус эд хөрөнгийн хэрэглээ болгох сөрөг талыг нь өргөж буй. Түүнчлэн аливаа юм хямд болоод ирэхээрээ үнэ цэнгүй болдгийн адил оюуны үнэлэмж дагаад урууддагийг ч анхаарууштай. Монголд өнөөдөр 15000 гаруй дуунаас 1000 гаруй дуу идэвхтэй аялагдаж байна гэсэн судалгаа бий. Энэ тийм ч бага тоо биш! Эдгээр олон төрлөөс хип хоп болон нийтийн дуунд утгын алдаа нэлээдгүй буй нь нэгийг бодмоорыг сануулж, нийгэм- цаг үеийн байдал, ард иргэдийн оюун санааны хөгжлийн толь болон “гэрэлтэж” байна. Өөрөөр хэлэхэд өвөрмөц тансаг дүрслэл, уран сайхны нээлт бус үгийн чамин цуглуулга, байдаг л тоочилтоос хэтрэхгүй болчихжээ.
Хэт энгийн үгс хэнийх вэ? “Чи бидэн хоёр тэврэлдэн учрахад” (хөг Б.Пүрэвсүрэн, МУГЖ С.Жавхлан) гэх дуу нь үгээс хөг ундарсан сайхан аялгуутай ч “Жавар хургаж биш үргэж байсан… Цас царцаж биш хайлж байсан” гэх буюу “цагаа олж учирсан… цайгаа хувааж уусан…” гэх мэтээр улиг болтол хүүхдийн санааг давтсан дэндүү ядмаг үгстэй юм. “Чи бид хоёр хүнээ л олж ханилсан” гэдэг нь өөрсдийгөө “хүн” гэж онцлоод байна уу, эсхүл хоорондоо бус өөр нэг гуравдагч хүнээ “олсон” тухай юм болов уу?
Алиман сар руу, алман сар уу? Сарыг “алиман” гэж тодотгон дуулсаар бараг нэгэн жаран болжээ. Цөөн жишээ татвал: “Алиман саран уясан саатмаар” (Дуунд дуртай болов оо би, үг О.Сэрээнэн, хөг Г.Алтанхуяг), “Алиман саран үүлэн чөлөөнд хөвөх шиг” (Мөрөөдөл, Харш), “Алиман саран сонстол дуулж…” (Үзэсгэлэн төгөлдөр эх орон, Хөх тэнгэр),
“Анхны хайрын нүдээр харахад
Алиман саран сэтгэлд саруул” (Мөнгөн шөнө, үг С.Оюун, хөг Батаа) зэргээр хөвөрнө. Сар алиман хэлбэртэй гэвэл түүн шиг худал зүйл байхгүй тул ингэж дуулах нь буруу билээ. Өөрөөр хэлэхэд “алиман хацар” гэвэл таарна уу гэхээс алиман сар гэж үгүй тул хуучин нийгэмд ч зохиолч яруу найрагчид маань зүйрлэлийн буруу оноолтоор бичиж ирсэн нь ийнхүү олон нийтэд түгэхэд нөлөөлжээ. Сарны буюу билгийн тооллын хорин гурванаас шинийн найман хүртэлх хэлтгий тахир сарыг “алман сар” гэж өвөг дээдэс маань нэрийдсээр ирсэн. Мөн хэлтгий саран хэлбэрт, дугуй иртэй сүхийг алман сүх ч гэдэг. Энэ мэт алман худаг, алман хусуур зэрэг үгс эл утгын тод жишээ болохыг mongoltoli.mn (ШУА, ХЗХ) цахим хаягаас олоод үзчихэж болно. Гэхдээ “алиман сар” хэмээн үргэлжлүүлэн дуулсаар, бичсээр байвал эл шүүмжийг уншсаны хэрэг гарахгүй ээ.
Гоо зүй: (эстетика) “Хорвоод би чамаасаа
Хожимдож төрөөгүй еэ Амьдрал харин чамайг минь
Арай л эрт эдэлж дээ” (Хадамд гарсан бүсгүй, үг Н.Данзандорж, хөг Ч.Цэцэгмаа) хэмээн бүсгүйг хүнийг амьдралд хэт нухлуулж үеийнхнээсээ эрт хөгширсөн гэж доромжилсон байх юм. “Санахын жаргал” дуунд ч
“Цэрвүү холоос чамайгаа санасаар
Цээжний махаа барах нь дээ” л гэнэ, “Хоол унднаас гарах нь… Сарвуунд тогтохоо больсон…” (үг СГЗ П.Сандуйжав, хөг Д.Алтантуул) хэмээн “жаргах” бус зовж буйгаа учир зүйн хувьд эндүүтэй мөртөө гоо зүйн талаар ч алдаатай дүрсэлсэн байдаг. Магтан матна гэгчээр “сэгсгэр буурал ээжийгээ” (Бурхан бумбын орон, үг Д.Алтангэрэл, хөг Н.Жанцанноров),
“Эхийнхээ хээлэнд зарагдсан унага
Ижлээ орхин нутгаадаа гүйж явна” (Гүйгүүл морин үг Л.Төмөрбат, хөг Б.Бат-Эрдэнэ) зэрэг үгийн сонголтууд дууныхаа утга, гоо зүйн үнэлэмжийг бууруулж буйг бодууштай л зүйл.
“Торомгор алаг нүдэнд чинь
Тордос болоод орчих юм сан” (Дурлал, Номин хамтлаг) гэсэнд нүдэнд нь орчихвол тоогдох бус харин ч зовоож шаналган үзэн ядагдмаар санагдах юм.
“Сүнсээ хульжаасан ижий минь” (Амьдрах итгэл OST) хэмээн сэрүүн тунгалаг эхийнхээ сэтгэл зовнилыг таалал төгссөн ээжийн түгшил болгон дуулаад буй нь магтан дурсалт уу, муугийн зөгнөл үү?
“Уулсынхаа цэцэгнээс мэндэлсэн гэмээр
Урангоо цогцсыг орчлонд олжээ чи” (Нутгийн хөөрхөн бүсгүй, үг Ш.Жамлийхаа, хөг Д.Баттөмөр). Цогц, цогцос гэсэн үгийг яруу найргийн туршлагагүй зарим бичээчид андуурдаг түгээмэл зүйл ажиглагддагийн нэгэн жишээ энэ болов. Цэцэгнээс бус цэцгээс гэж бичиж дуулах дүрэмтэйг ч давтан сануулъя. Гоолиг биеийг шарил болгон бичсэнээрээ харин ч огт өмнөө утгатай болчхож байгаа юм л даа!
Учир зүй: (логик)
“Хамаатнаас дутуугүй андууд минь дээ
Ханилснаас дутуугүй найзууд минь” (Андууд минь, үг Содномдорж, хөг Д.Цэвээнравдан) хэмээн дуулах нь нэгийг өргөөд нөгөөг дарах (насны хань, цусан төрлийн ах дүүс) гэмээрээ нийтийн урлагт байж боломгүй алдаа юм. “Сэтгэлийн булаг минь чам руу үерлэлээ, хайрт минь” (Сэтгэлийн булаг, үг С.Оюунчимэг, хөг Т.Сэр-Од) хэмээхүйд булаг үерлэх нь хайр сэтгэлийн сэдэвт өгүүлэмжийн хувьд байж болох сэтгэмж ч учир шалтгааны хувьд оновчтой зүйрлэл эсэх дээр цаашдаа бодох л зүйл гэдгийг шинжлэх ухаанч судалгааны үүднээс хэлж болно. Булаг гэснээс “Хүйтэн булгийн усанд өдөржин шумбаж өссөн хөгжөөнт бага нас” (Сэргэлэн бага нас, үг Лхагва, хөг Х.Сэргэлэн 1969) -андаа тийнхүү дуулж өссөн дөө бид. Гэхдээ булгийн усанд бүхий л биеэрээ өдөржин шумбах нь бүү хэл булхаж (багтаж) ч үзээгүй болохоор гайхаад л өнгөрсөн энэ мэт жишээ цөөнгүй ээ. Үгийн утгын шилжилт, яруу сайхны эрэлхийлэл, уран сайхны зохиомж хэдий байвч үг, утгын нийлэмж, агуулгын хүрээндээ багтах учиртай. Бас нэгэн уул аав шиг, ээж шиг нь, эмээл ч юм шиг, хазаар ногт ч мэт харагдсан/ санагдсан “сэтгэгдэл” төдий байж боломгүй билээ (Богд хан уул, үг Ж.Мягмар, хөг Д.Цэвээнравдан).
Монголчуудын уламжлалт сэтгэлгээнд хурмаст тэнгэрийг хэзээ ч өндрөөр хэмжиж байгаагүй. Гэтэл
“Өндөр тэнгэрээсээ би хүсье,
Өө-глөө, өглөө битгий болоосой” (Үүр битгий цайгаасай, Номин талст),
“Өндөр тэнгэрт заяасан болохоор чинь
Өглөөн нарыг тосон хүлээх юм” (Хайрлан дуулмаар байна, үг, хөг Н.Жанцанноров) гэх зэргээр үргэлжилсээр буй нь мэргэжлийн бус хүн сэтгэгдэл төдий “дүрслэл үг” бичсэнтэй холбоотой ажгуу. Хэдий ая хөгжимд дулдуйдавч араг яс нь хэврэг бол хэчнээн хол алхахын үлгэр энэ мэтээр хязгаарлагддаг.
“Зуун түмэн адуугаа туугаад
Заяаны амраг чамдаа очно доо” (Отрын адуучны дуу, үг Л.Дагвадорж, хөг Г.Чойжилжав) хэмээхүй нь уран сайхны хэтрүүлэл гэхэд хэтэрхий даваадуулал буюу тооны ухаанаар нэг сая адуу гилээд очих болчхож байгаа юм.
“Дэрээ хуваагаад дэлгэрч сууя даа…,
Амьсгалаа нийлээд жаргаж сууя даа” (Ойрхон л байж шүү дээ, үг Н.Сүхбаатар, хөг Д.Цэвээнравдан). Дэрээ хуваагаад “дэлгэрээд” дээр нь суугаад байж болох ч амьсгалаа нийлүүлчхээд (агааргүй) амар тайван жаргана гэдэг юу л бол? Толгой холболтод хэт шүтэгдэж тоомжиргүй, мэдлэггүй бичсэний харгай энэ мэт буюу. “Мөнгөн бороо дусагнан шивэрсэн” (Сар асгарсан шөнө, үг Г.Дагвадорж, ая Д.Чулуун) хэмээх зүйрлэлц дүрслэл бас байна. Угтаа шиврээ бороо хэзээ ч дусалдаггүй. Нэг бол дусагнана, нөгөөд бол шивэрдэг нь “Намираа бороо шаагилаа” (Намрын өнгө орлоо, ээжээ) гэдэгтэй ижилсдэг. Ринчэнсүрэнгийн үг, Г.Жаргалсайхан
(Том Жагаа)-ы аялгуу
“Шугуйдаа урсгалтай Сөгнөгөрийн гол
Шөнөдөө намуухан шаагина…” ч шөнө бүр намуухан атлаа шаагиад байдаг зөрчлийг илтгэдэг билээ. Энэ мэт
“Зүрхийг нь гижигдсэн” учраас
Зүсээ гундтал ханилахдаа уйдахгүй” (Ханьсахын жаргал, үг Л.Гаваасүрэн) болохоо андгайлсан,
“Хатуу ч гэлээ зөөлхөн
Үгийг тань сонсох сон ээжээ” (Ээжийг минь яаж гүйцэх вэ дээ, үг Баярбаатар) хэмээн хандсан жишээд хөвөрнө. Мөн
“Анхны хайрын өнчин зулыг
Алаг зүрхэнд соёолуулж орхичхоод…” (Эгчмэд бүсгүй, дуучин Мөнх-Амьдрал) гэсэнд зул соёолдог уу, соёолуулдаг уу гэсэн асуулт гарч ирнэ ээ!
“Чин үнэнийг хэлэх юм бол Чинийхээ юу сайхныг Өөрөө би чинь мэдэхгүй
Өрөөл бусдад гайхуулж чадахгүй” гэсэн атлаа
“Хархан нүд, хашийн шүд,
Хөөрхөн ааш, хүүхэд зан,
Энэ бүхэнд чинь би дуртай” гээд утгын алдаа гаргаж, бүр: “Би би чамд хайртай, ганцхан чамд хайртай” (Чин үнэн, Ц.Энхманлай, Цовоо) гэсэнд ямрыг нь ч сайн мэдэхгүй атлаа яасан ч хайртайгаа тунхаглаж буй утга вэ?
“Судас дагасан цус минь цэв хүйтэн болчхоод” (Sorrow, BX) гэсэнд цус нь судсан дотроо бус гадна нь цэв хүйтнээр дагаж байдаг зомби маягийн хүн дурлалаа дуулж буй гээд ойлгочиход болохоор юм. Мөн Төрийн шагналтан Д.Болд:
“Тэр тийм ч царайлаг биш ч гэсэн…” гэсэн атлаа “…Хармагцаа дурлахгүй байхын аргагүй
Хамгаас гоо үзэсгэлэнгээ өөртөө нуусан чи” (Түүнийг харснаас хойш) хэмээн дуулах нь царайЛАГ гэхэд эргэлзээ төрүүлээд байдаг. Зарим дууны үгийг засчихмаар санагддаг нь энэ мэт үргэлжлэх бөгөөд
“Ээжийн цагаан сүү шиг
Эелдэг даруу билээ чи” (Заяа) гэсэнд сүү тийм л “даруухан” юм байх өө хэмээн эргэлзэхэд хүргээд буй. Ойрхны жишээ татвал:
“Залуухан бүсгүй намуухан согтоно
Аягүй олон үгтэй шаль шаль” (Ганган цагаан) гэсэнд намуухан согтоод байгаа юм уу, наль шаль хийгээд сууна уу гэсэн утгын зөрчил ажиглагддаг. Чингэж “еэ” гэсэн хэт ярианы үг болон Европ хэлний бүтцээр буюу өгүүлбэрийн байрлал солигдсон жишээ “Чимээгүй дэргэд чинь хараад сууя аа би болох уу чамайгаа” зэргээр үргэлжилж гоо зүй, хэл найруулга, учир зүйн олон алдааг нэгэн дор хураажээ. Түүнчлэн
“Зуны өглөөний наранд
Улаан тууз нь дэрвэсэн
Зулзган жаахан охин
Сургуулийн босго алхсан…” (Арван жилийн дурсамж, Найм дахь гараг) гэж туузыг наранд дэрвүүлж, хүний жаахан охиныг гахайн торойтой зүйрлэхдээ халуун зуны улиралд хичээлийн шинэ жилийг эхлүүлснээрээ дөрвөн мөрөнд мөн тооны утгын алдаа гаргасан бол
“Ээжийн нутгаа би санаад байна
Эр хүн байж би чинь уйлах нь үү дээ” гэж хэзээ ч уйлж болохгүй мэт “хатуурхсан” баримт ч бий.
Бас “Хүлээлт” (үг Ш.Дулмаа, ая Г.Жаргалсайхан) дууг шинэчлэн найруулж, үглэл нэмэхдээ Камертон хамтлаг учир шалтгааны зөрчилтэй болгочхож байгаа юм.
“Чамаас би сүүлчийн удаа хайр гуйлаа
Төвөггүйхэн чи надад үгүй гэж хэлсэн” гэсэн атлаа
“Би хүлээнэ чи минь наддаа эргээд ирээч” хэмээн мань Мээдээ хэнэг ч үгүй хэлж зогсдог. Нэг ёсондоо өөрөө хаягдаж хайрлахаа больсон хэдий ч эргэж харахгүй байж чадахгүй нь гэх. Бүүр хүлээх болоод явчхаж буй нь хачирхалтай. Сүнс хамтлагийнхан ч
“Ирээгүй хайрын төлөө чи минь
Эхэр татан уйлах хэрэггүй” (Цаг нь болоогүй хайр) хэмээн “зөвлөдөг” нь гайхмаар. Өсвөр насны залуус “өвөрмөц” болсон юм хойно хэзээ нэгэн цагт хайрлана хэмээн харуусан гашуудаж суудаг болж таарах нь!
“Сэм сэмхэн санаа алддаг сэргэлэн хонгор…”,
“Гэнэ гэнэхэн санаа алддаг гэнэн хонгор” хэмээн “магтсан”-д харин ч эсрэг утгатай болчхож байна. Гэнэн хүн гэнэ гэнэ санаа алдах уу? Харин ч сэм сэмхэн санаа алдан “сэргэлэнтэж” байгаад сэтгэлт залуу руугаа гүйчих вий дээ!
“Сэвсгэр цагаан цаасан дээр” (Захидал, Хар сарнай),
“Үүлгүй тэнгэрийн наран чамтайгаа
Үнсэлцэхээс илүү жаргал бий гэж үү?” (үг, хөг Б.Баасанхүү Дурлалцахаас илүү) хэмээсэнд амьдралын урт замд үүнээс нь илүү баяр хөөр ч байж болох уу? цас, цаас хоёрын аль нь сэвсгэр буй гэсэн асуултууд ч гарч ирнэ. Түүнчлэн “хөөтэй хөлстэй хорвоо” (Сэтгэлийн үг, үг, хөг Р.Ганбаатар) гэсэнд орчлон дэлхий хөөтэй, хөгтэй байж болох ч хөлстэй гэхээр ажил хөдөлмөрийн сэдэвт дуу юу, дэлхийн дулаарлын тухай юм болов уу хэмээн эргэлзэхэд хүргэдэг. Их уншиж их бичсэн хүн энэ мэт учир зүй, утгын алдаа гаргадаггүйг анхаармаар.
Зөв дуудах зүй: (орфоэпия) Дуунд хувилбар үүсгэж дуудах буюу аялгууг сэргээж дуулахдаа үгийн байрлал, дуудлагыг өөрчлөх тохиолдол бий. Жишээ нь: Д.Норовын “Эцсийн тушаал” жүжгийн дуу гэх мэт. Гэвч
“Яамар хүү төөрүүлснээ
Ээж минь таа хаараарай” (Миний ээж, үг А.Дандий-Ядам, хөг Э.Чойдог) гэсэнд төөрүүлсэн гэсэн өөр утгатай үг, мөн тийм эсрэг агуулгатай болж хатууг нэхэж буй санаанд хувирсан энэ мэт жишээд цөөнгүй байна. Үүнд: “Шөөнийн тээнгэрт оодод түүгээд” (Зүүд, Камертон) зэргийг дурдаж болно. Үгээ зөв дуудах тал дээр АЖ Д.Жаргалсайхан (Чингис хаан), МУГЖ Х.Лхагвасүрэн (Харанга), поп хатагтай Т.Ариунаа, МУГЖ Б.Дашдондог (Хөх тэнгэр) нар манлайлж байдгийг тэмдэглэх нь зүй.
Харийн хамтлаг, хүний дуучид уу?
Монгол дууны үгэнд орж буй бас нэгэн “дэвшил” нь гадаад үгээр хольж гангарах үзэгдэл юм. 1990-ээд оны эхээр “Just don’t for- get ая дуугаа баръя” (Үгүйлэн санана, үг С.Оюун, хөг Ц.Чулуунбат, Харанга) гэдэг шиг одоо цагт “Саран хэ явуул” (Хайртай чамдаа) хэмээн солонгосоор хольж дуулаад эхлэв ээ хө. Энэ төрлийн дуунд: “Эрхүүгийн хавар” (Д.Жаргалсайхан, Чингис хаан), “Хайрын клуб” OST (үг П.Одгэрэл, хөг С.Нурлаан), “Welcome to my heart” (үг С.Энхтайван, хөг Ц.Чулуунбат), “Маргаашийн нар луу хамт аялах уу” (Ука), “Lonely night” (Агиймаа), “Stay with me” (Энхлэн), “Унана” (Vandebo), “Too shy”, “Час час” (Nene), “Чамайг даа” (Энэрэл), “Муурын байшин” (Nomone), “Яаруулахгүй” (Огино feat Онон) зэрэг уран бүтээл багтана. Бүр ижил дуудлагатай гадаад үгээр толгой холбох болсныг
“Baby би наранд ойрхон байна
Maybe би үүлэн дээр унтаж байна” (Дурлал шиг асна, Т.Ариунаа), олон хэлээр хольж дуулахыг “Hey! Девочка, yeah ты мой сердечка…” (Ганган цагаан, Gangbay) тэргүүт гэрчилдэг.
Гэхдээ зарим дуудлага нь буруу ч “Forever” (A Sound) зэрэг гадаад дууг энд харин ч сайшаана. Гагцхүү гадаад үгээр чамирхаж, эх хэлтэйгээ хольж хутган буй нь оновчтой эсэх тухайд шүүмж үүтгэгдэнэ ээ! Түүнчлэн гадаад нэртэй дуунууд газар авч эхэлснээс ганц нэгийг үл давтан тоочвол “For you” (Баярцэнгэл), “My love”, “Sorrow” (BX) гэх мэтээр хөвөрөх… Сүүлийн үеийн зарим поп дуучид, хэдэн хамтлагийн маань нэр ГАДААДад “гарчихсан” нь аль нь дуу, хэн нь дуучин (Asur, another) болох нь мэдэгддэггүй. Дуучид маань ч “харийн иргэд” болчихсоныг Баянхонгорын BX, алс нутгийн Астро нар илтгэнэ! Цаашаа: A Cool, DZ man, Ga- vana, Gee, Марка, Марта, МСbeatz, Quiza, Vandebo, Ray гэхчлэн хөвөрч өгнө дөө. Хамтлагууд маань ч The logos, Акапелла, Guys 666, Дижитал, Emotion, Lemons, Люмино, Метроном, Мотив, Моханик, Никитон, Нисванис, Нюанс, Киви, Татар, А sound, Boom town, Click click boom, Eternal, Fire, Flash, Hotspot, Ice top, L guards, Madness, Next, No name, Ocean’s, Out law, Snep, S4, Soft- core, Sync, Take off, Thunder, UGS, Vanquish, Asian shop, Anemone, Sweetymotiоn, SS, Камертон, Классик жим, Extacy, Funk beat, Free- zone зэрэг нэртэй нь монголынх уу, молдавын хамтЛАГ юм уу гэж эргэлзэхэд хүргэдэг.
Д.Цэвээндорж (ШУА, Хэл зохиолын хүрээлэн)
Үргэлжлэл бий…