УТГА НЬ ГҮН, ҮЙЛС ДЭЛГЭР… АХУЛ САЙНСАН
(Шүүмж)
Нэг. Бичлэг, туурвилын онцлог
Зохиолч Д.Гүн-Үйлс бол хэл найруулга нь цэгцэрч ухаалаг өгүүлэмж, санаа дэвшүүлэлтээр жигүүрлэсэн чадварлаг уран бүтээлч юм. Уртай, цэцтэй зохиолчдыг үнэлэн таашаадаг тэрбээр өөрөө ч гүн сэтгэмжтэй, авьяаслаг зохиолч билээ. Бас хот газар төрж өссөн, өрнийн хэл соёлд гүнзгийрсэн хотын соёл (Urban culture)-той уран бүтээлч гэхэд өв заншил, монгол ахуйгаа эрхэмлэж төрөлх хэлээ сайтар эзэмшсэн нь эрхгүй хүндэтгэх сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь түүний богино өгүүллэгүүдээс улам бүр тодорхой харагддаг ажгуу. Анхны бичил өгүүллэгүүдээрээ л шинэ хэв маяг, шинэлэг өнгө аяс мэдрүүлж асан тэрбээр ургуулан бодох-дүрслэх сэтгэмж сайтай, үйл явдлын учир холбогдлыг гүнзгий эвцэлдүүлдэг чадвартан ажээ. Тухайлбал хүний сэтгэлийг хөндсөн “Дэлтэй цэнхэр” (1990)-т эхнэрээ хадамд мордуулчихаад буцаж явах цөлх монгол эрийн тухай өгүүлдэг бол хар арьст ач хүүтэй болсон тухай “Хорин жилийн хойно” яриан жүжиг нь угтаа шалтгаан-үрийн холбоо, алив мөн чанарын цагийн шалгуурыг илтгэж буй. Энэ мэт өвөрмөц содон үйл явдалтай “Мань эр”, байж боломгүй гэж болохуйц хүн чанарыг эмгэнэл, ухааралтай хослуулсан “Нүдний эм”, хэний ч ухаанд үл багтам гэмээр санаа дэвшүүлэлттэй “Нээлт”, бүтээлч эрэл хайгуул бүхий “Гуниг vs Баяр”, “Боломж vs Хүсэл” зэрэг цөөнгүй зохиолыг дуртгаж болно. Чингэж энгийн хүүрнэж тоочсон бус нэгийг бодуулж нөгөөг сэтгүүлэх, ухаарал өгөх, сургаж суях далайцаараа ялгарч эхэлснийг хүн чанар, эр хүний жинхэнэ зан төлөвийг үгийн эв донжтой нийцүүлж шигтгэсэн “Чулуун аялгуу”, хүүгийнх нь 49-ний хоногт эмгэн дээр нэгэн гөлөг ирээд буцчихаж буй үйл явдлаар хувь заяаны эрхшээл, учрал тохиолыг эргэх хүрдэн, зөн совингийн холбоо хамааралд өгүүлсэн “Гөлөг” (1990) зэрэг бичил өгүүллэгүүдээс нь олоод үзчихэж болох…
Ер нь түүний зохиолд ер бусын үйл явдал, хачин жигтэй үзэгдэл, зөн совин, далд ертөнц буюу зүүд, сүнсний тухай өгүүлдэгийг Сартум, Эгүлэн мэтийн содон нэрийтгэлт дүрүүд болон “Чулуун аялгуу”, “Гөлөг”, “Хилэнцийн орд”, “Тэнгри” зэрэг өгүүллэг гэрчилдэг. Ялангуяа зүүд бол түүний зохиолын өгүүлэмжид үйл явдлын тайлал, бэлгэ тэмдгийн үүрэгтэй онцгой туурвил болох нь дээр дурдсан олон бүтээлээс тодорхой ажаам. Салхи нь үгүй байхад хүйт дэгдээд ардын дуу аялагдах ч цоо шинээр зохиогдох мэт нандин мэдрэмж төрүүлэх төдийгүй гол дүрийн үүрэгтэй морь, нохой хоёр нь эн чацуу хорин настай зэрэг санаандгүй мэт ч зайлшгүй давхцал, эрэл шийдлүүд “Судага” гэх мэт өгүүллэгээс нь тодордогийг ч дурдамгүй өнгөрөх аргагүй. Өөрөөр хэлэхэд ер бусын сэтгэмжийн биелэл, егөөдөлт эрэл бүхий үгийн болоод утгын яруу нээлт түүний туурвил зүйн үндсэн шугам нь ажээ. Амьдралын утга учир, оюун санаа, нийгэм цаг үеийн араншинг нээж буй зохиолчийн болоод дүрүүдийн “хамтын ажиллагаа” ч анзаарагддаг нь уянгын шинжтэй, утгын гүн өгүүлэмжээр холбогдож буйг сайшаалтай. Тухайлбал Модун Шаньюй хожмын их үйл хэргээ Яньчжи их хатантайгаа зөвлөн ярилцаж буйгаар өгүүлсэн нь нэг талаар гол дүрийн зан чанарыг нээж буй ч нөгөө талаар зохиолчийн уран чадварыг илтгэх бас нэгэн үзүүлэлт болон харагддаг (Тэнгэрийн зарлиг).
Энэ мэт авьяас, мэдрэмж, өвөрмөц сэтгэмж гээд бичгийн хүнд байх өв тэгш эрдэм хосолж хэрсүү ухаан, хөнгөн ёж, содон үйл явдал, шинэлэг санаа бүгдийг цогцлоосон нь түүхч эрдэмтэн, сэтгүүлч яруу найрагч ижий ааваас өвлөсөн сэтгэлгээний чадамж, сэхээтэн угшил, боловсрол мэдлэг буюу урлан бүтээхээр төрсөн хувь заяаны хишигтэй нь холбогдоно. Эв донжийг нь оносон хоржоонтой егөө, хурмаст зүгийн санаа, дүрслэл түүний уран бүтээлд тусдагийг “Тэнгэрийн охин” (1990) зэрэг өгүүллэг, бүтээлүүд нь ч харуулж ирэв. Эдгээрт “дүүлгэр цаг”, “өмөглөн зогсох”, “өндөр тохигор эр”, “өлзий бусын олон муу ёр”, “харцага шувуутай хагшин нисээд одох” гэх мэт үгийн нээлт, оновчтой шинэ үг хэллэгээр баяжуулсан эрэл ч цөөнгүй бий. Өөрөөр хэлэхэд “мах тавилах мөнгөн цар таваг”, “сэтгэл цантаан суух”, “төвлөж байв” (Дээдсийн ерөөл, 2015) зэрэг эв донжийг нь олж, эвцүүлэн шигтгэсэн үгийн сонголт, мэдрэмжүүд зохиолчийн уран чадварыг бидэнд нээж өгдөг юм.
Гэвч шинэ санаа, гүнзгий бодомж зарим зохиолд нь дутаж буйг мөнөөх “Судага” тэргүүт өгүүллэгүүд нь илтгэдэг. Өөрөөр хэлэхэд охиныг нь араатан болон адгуус амьтдаас хамгаалсан хоточ нохой өөрийнх нь амь насыг ч хүрэн морийн хамт аварсан хэмээх эл өгүүллэг нүүдлийн соёл иргэншлийг энгийнээр, зохиолчийн уран чадвараар нээснээрээ өвөрмөц хэдий ч хурц зөрчил, гүн санаа муутай юм. Уран бүтээлийн эхэн үедээ буюу 1990-ээд онд бичсэн дийлэнх өгүүллэгүүд нь үйл явдал тоочсон, богино хэлбэртэй байсны адил “эсээ” гэж нэрийдсэн богино тэмдэглэлүүд нь дурсамж буюу бодит үйл явдал голлосноороо уран сайхны бүтээл гэхээсээ нийтлэлийн шинжтэй бүтээгдсэнийг ч тэмдэглүүштэй. Нэг ёсондоо зохиолын уран шийдэл бус зохиогч, туурвин бичигчийн үзэл санаа голлосон нь тэмдэглэлт шинжийг нь тодотгодог буюу. Мөн үзэгдэл, дүрслэлүүдээ тайлбарласан өгүүлэмж нь үнэмшилтэй болж буй ч илүү сунжирч, “тууж” мэт том хэмжээтэйд түүний өгүүллэгийн бас нэгэн дутагдал оршино. Чухамдаа хүүрнэл зохиолын бичил төрлийн хэмжээнд өрнөсөн үйл явдал, санаа сэдлүүдээ хэт “задалсан” нь товч тодорхой байх өгүүллэгийн зохиолын үндсэн зорилтыг гээгдүүлэхэд хүргэжээ. Гэхдээ “Хан сэнтий” зэрэг түүхэн сэдэвт туужууд нь бусад богино өгүүллэгээсээ сонирхол багатай, уншигчдад хүнд мэт санагдах ч мэргэжлийн тал руугаа дөхөж буйгаараа илүү жин дарж буйг энд үгүйсгэх гэсэнгүй. Тиймээс хэмжээ, агуулгын хувьд томорч туужийн энэд зэрэгцэн ирэхүйц далайцтай өгүүллэгүүд бичих болсныг нөгөө талдаа буруутгахын аргагүй нь бидний тусгайлан авч үзэх удаах “Тэнгри” (2016)-ээс тодорч мэдэхээр юм.
Хоёр. Оюун санааны “Тэнгри”
Учир нь эл өгүүллэгийн дүрслэл- өгүүлэмжийн уялдаа холбоо, зохицол-нийлэмжийн оновчтой шийдэл тэргүүтэн нь шахсан бяслаг шиг чивчирч олон үйл явдлын сүлэлдээн буюу тухайн зохиолоо дэлгэцийн бүтээл мэт амьд тодорхой, бодитой болгон нарийвчилснаараа ялгарч байна. Өөрөөр хэлэхэд үзэгдэл юмс, үйл хөдлөл, дүрийн бодол санаа зэрэг нь зохиолын агуулга, үзэл санаанд очин нэгтгэгдэж буйгаараа үнэ цэнтэй юм. Нэг ёсондоо зохиолчийн туурвил зүй тогтворжин ур хийц нэмэгдэж, үзэл санаад өргөссөн нь сархад хүртэж шарталтын солиорол, зүүдээр дамжуулж аймшгийн зохиол бичдэг уран бүтээлчээс гадна гэрт нь хорогдсон сүнс хань ижилтэй болгож хэвлий дэх хүүхдэд нь биеэ хувилгаад одож буй өвөрмөц өгүүлэмж, сонирхолтой үйл явдал өрнөж буйгаас үүтгэлтэй. Үүнд: цонхны салхивчаар зөгий орж ирсэн багын явдлаа дурсах нь зохиолын төгсгөл (цонхоор нь гарч одох мэт)-тэй ямар учир холбоотой байв? Бас зөгий шиг дуугаран хүзүүг нь чимхэлэхэд нар нь гардаг асан эгчийнхээсээ явахдаа Эрдэмт ахыгаа гэнэт санагалзах зэрэг үйл явдлын холбоосууд зохиолчийн уран чадварыг илтгээд зогсохгүй зохиолын чанар чансааг өргөж буйг тодорхойлон авч үзэхэд;
Зохиолд архичин бүхэн муу хүн биш болохыг тодорхой жишээн дээр дэвсгэрлэн үзүүлэхдээ сайн уран бүтээлийн төлөөнөө биеэ золио болгож бүтээлээр солио хийдэг гаж зуршилтай Эрдэмт зохиолч өгүүллэгийн гол дүрийн “хөтөч” болох буюу муу зүйлийг сайн үйлд хувиргах үлгэр жишээг үзүүлнэ. Нэг ёсондоо гэгээн авьяас, цагаан солио хоёрыг нэгэн шугаманд зэрэгцүүлэн авч үзсэнээрээ содон санаа дэвшүүлэлт төдийгүй орон байрны сүнсийг орчлонгийн хувь заяаны “тэнгри” болгон хувиргаж буйд бичлэгийн уран чадал нь оршдог. Бор дарсны гэмшиглэнгээ сонгодог зохиолд “урвуулагч” мөнөөх эрийг өнгөц харахад хувь уран бүтээлчийн нь араншин буюу уншигчдад сайн зохиол бичиж өгөхийн төлөөнөө өөрийгөө золиослох мэт үзэгдэв ч нийгмийн өмнө хүлээсэн хүмүүний үүргийг давхар хөндөхдөө аливаа зүйл хоёр талтай гэдэг шиг бэрхшээлийг амжилтанд урвуулах, боломжгүйг боломжтойд хувиргах арга мөн гэлтэй. Учир нь хямд үнээр тохилог хэдий ч сүнстэй байр авсан ганц бие залуу эхэндээ айж цочирдсон ч аажимдаа дасаж “Урт үст” гэж нэрлэн харилцан ойлголцох, ярилцах, улмаар өрөвдөх ч шиг болж зочин саатах үед огт үзэгдэхгүй, мэдрэгдэхгүй болж буй учир шалтгаадыг олох гэх мэтээр “ажиглалт туршилт, эрэл хайгуул” хийж эхэлнэ. Чингэхдээ нэгэн үйл явдал, харилцан ярианаас нөгөөд шилжиж буй үнэмшил гойд уран байх нь зохиолч хүнд байх номын эрдэм, амьдралын ухаантай хослон нэгдэхдээ хийц ураар нь баяжин дэлгэрсэнтэй нь холбоотой санагддаг. Үүнийг: “Эгэл ухаан ер нь хэнд хэрэгтэй юм. Авьяас билгийн хязгаараас хальсан газрын бус сэтгэлгээ солиотой хүний цээжнээс л гардаг. Тэгвэл солиотой хүний дүрд хэн орохов? Их солиог яаж нэгэн биеэрээ эдлэхэв?” (2016:41) гэсэн хэсэг нөхөн тодотгож өгнө.
Төрсөний эцэст мөхдөг нь хорвогийн жам адил амь-бие буй цагт зуурдын ертөнц, гэрлэн бие, сүнс сүлд оршсоор байдгийг уран тод өгүүлсэнийг ч үл онцлон өнгөрөхийн аргагүй. Ингэхдээ хойд нас, гурван хэмжээст ертөнц, гэрлэн дүр, тухайн сүнсний амьд ахуйдаа оюун ухаан, сайхан сэтгэл нь ямар хэмжээтэй байснаас үүтгэх хүч чадал, гэрлэн чанарыг дэвшүүлсэн нь өвөрмөц сэтгэмж төрүүлж байна. Улмаар бурхан шашины сургаал номлолтой холбон авч үзэхдээ ламын засал ном дийлээгүй мөнөөх “гайхал”-тайгаа эвлэрч, эцэстээ бие биенийхээ зам мөрийг тэгшилж буй шийдэл, тайлал нь гол дүрийн ухаан, тэвчээр гэхээсээ зохиолын гүн санаа, зохиолчийн эрдэм чадвараар тайлбарлагдахаар билээ. Өөрөөр хэлэхэд дурлал, дургүйцэл буюу хайр, үзэн ядалт хоёр нэгэн дээвэрт оршихгүйн үнэнээр уг сүнсээ судалж юунд дуртай, юу хүсч буйг нь ойлгож, мөрөөдлийг нь биелүүлэх “гүүр”-ийг засан бэлтгэж буй үйлдэл нь сэтгэмж-туурвилын өвөрмөц гаргалгаа болж байна. Эхэндээ айж, үзэн ядаж гэрээсээ хөөлгөхийг хүсэж байсан ч дуулгавартай сонсдог сайн найз, хань нөхөр, амьдралын туслагч (оюун ухааныг нь хурцлан, хамгаалж ивгээж) нь болж буй өсөлт хөгжилтийг яруу тод, үнэмшим гаргахдаа дараа (хүн) төрөлөө олж буй үйл явдлыг шашин, одон орон, амьдралын деалектик хуулиар багцаалжээ. Ингэж сэтгэл хөдөлгөж амтшин уншуулах зохиол одоо цагт хэдээр тоологдох билээ. Уншигчдыг баяр хөөр, хөнгөн санаашралд автуулан сэтгэлийг нь хөглөж, догдлуулна гэдэг бичлэгийн уран чадвар мөнөөс мөн юм. Тухайлахад, Эрдэмтийг хэр сайн зохиолч болохыг аймшгийн зохиолд нь өгсөн уншигчийн эгдүүцлээр сөргүүлэн гаргасан шигээ гол дүрээ монгол гэрийн өмнө зогсох хирсний зураг санаандгүй олж үзсэнээр үйл явдлын өрнөлд бараан совин татуулж буй уран чадвар бас анзаарагддаг.
Сүнсэнд итгэл үзэл дэлхийд өргөн тархсан ойлголт бөгөөд амаар болон бичгээр уламжлагдахдаа шашны үзэл номлолоор ихэвчлэн тайлбарлагдаж иржээ. Тиймээс хий биетийн сэдэв, дүр дэлхийн олон орны урлаг соёлд дэлгэрч бичиг зохиолд нь ч тэмдэглэгдэж ирсэн байдаг. Үүнд Хомерийн “Одиссей” их туульсаас эхлээд “Мянга нэгэн шөнийн үлгэр”, Шекспирийн “Хамлет” жүжиг, Оскар Уайльдийн “Кантервилийн хий үзэгдэл” (1887) хошин өгүүллэг, Хэнри Жэймсийн “Эргэлдэгч сэнс” (The turn of the screw, 1898) зэргийг дурдаж болно. Тэр ч атугай XX зууны эхэн үеэр аймшгийн үлгэр (Ghost stories), айдсын өгүүллэг (Horror story)-үүдийн цуврал сэтгүүл хэвлэгдэж асан түүх ч бий. Тиймээс өрнөдөд 1830 оны Готын роман (Gothic novel)-аас дэлхийн I дайныг хүртэлх үеийг сүнсний утга зохиолын “алтан үе” гэж нэрлэж байв.
Харин орчин үеийн барууны аймшгийн зохиолд аллага, хүчирхийллээс улбаатайгаар сүнс нь хоргодож ээрдэг бол “Тэнгри”-д гэгээн шинжтэйгээрээ ялгарч буй нь жихүүдэс төрөм сүнс (creepy ghost) биш болохыг, сүнсний сэдэвт зохиол (Literary ghosts) заавал айдсийн байх ёсгүй гэдгийг бататгасан онцлог юм. Нэг ёсондоо хоргодсон сүнсийг чөлөөлж гэмээнэ буг чөтгөр үл болох буяны үйлтэй буюу аймшгийн зохиол (Horror literature), айдсын өгүүлэмж (scary story)-ээс ялгаатай, уянга-сэтгэхүйн зохиол болгож чадсан урлал ажиглагддаг. Ингэхдээ онцгой орон зай, тодорхой цаг хугацаанд гацаж буйгаараа нийтлэг өгүүлэмж, тогтсон загвар мөн болохыг Английн сүнс судлалын мэргэжилтэн, шашин судлаач Дэвид Барэттогийн “Хий биетүүд зөвхөн онцгой (ер бусын) орчин дахь оюун санааны зуучлагчийг мэдэрч, хүлээж авдаг” хэмээн “Ghosts, The Supernatural Science: Theory and magic” (London 2019) номондоо дүгнэсэн байдгаар үүнийг бататгаж болно.
Авьяастай бас хөдөлмөрч хүний атганд “багтдаг” энэ орчлонд арваад төрөлд хүч сорьсон нь уран бүтээлийн далайцад эерэгээр нөлөөлснийг өгүүллэг, тууж, роман, орчуулга, гадаад хэл ба түүх судлал, ая зохиол гэсэн олон талт чадвар гэрчлэх төдийгүй шувуу мэт уран бүтээлчийн жинхэнэ эрх чөлөөгөөр бичиглэн туурвиж буй нь бүтээлийн чанар чансаанд нь ч сайны нөлөө үзүүлжээ. Чухам иймийн тулд гурван оронтой тоо давсан ном бүтээлээс нь утга ГҮН-, ҮЙЛС өрнүүн, сэтгэлгээний зохиолууд нь илүү жин дарж буйн учир аа түүхэн баримт, уран сайхан хослосон шинэлэг зохиол олноор бичих, түүхэн роман туурвих үүрэг, захиас-даалгаврыг санал болгон дэвшүүлье. Номын “Гүн Үйлс” тань ашид дэлгэрэх атугай!
Утга зохиол судлаач Д.Цэвээндорж
2020.11.22
(Шинжлэх ухааны ажилтны өдөр)