ЭСЭРУАГИЙН ОХИНД “ДУРЛАСАН” ХӨВГҮҮН
(Шүүмж)
Монголын уран зохиолд хоёр зууны зааг үеэр уран бүтээлийн замналаа эхэлсэн залуусын яруу найргийн ном бүтээл нэгэн зууд дөхөж үгүйсгэхийн аргагүйгээр утга зохиолын нэгэн үе болон төлөвшсөн төдийгүй “Шинэ мянган”-ы залуусын гол төлөөлөгчид уран сайхны ертөнцөд эргэлт буцалтгүй хөл тавин, өөр өөрийн сэтгэлгээний орон зайгаа тэлж буйг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болж байна. Тэд өөрсдийн дуу хоолой, өнгө аясаараа яруу утгын далайд цутгалангаа таслахгүй болох нь шинээр туурвигдан буй зохиол бүтээлүүдийн цар хүрээ, утгын далайцаас илэрхий мэдэгдэх болсоор багагүй хугацааг үдлээ. Эдгээр залуусын нэг Дорж-Юндэнгийн Болдхуяг найрагч “Эсэруагийн охины хоолойн чимэг” хэмээх гурав дахь номоо яруу утгын далайд сэлүүрдэгч хэн бүхний гар дээр тавьж байна. Монгол сонгодог бичгийн зохиолд “Эсэруагийн эгшиг дуун”, “Эсэруагийн охиныг мөшөөлгөгч” гэх мэтээр урьдын мэргэд, шашин соёлын зүтгэлтнүүд, зохист аялгууч нар “Эсэруа тэнгэр” хэмээх энэхүү гүн хүндэтгэлт ухагдахууныг зохиол бүтээлийнхээ агуулгын илэрхийлэл болгон нэрийдэж ирсэн уламжлалыг яруу найрагч Д.Болдхуяг дагасан нь зүгээр нэг чамирхлын төдий зүйл бус болох нь номын шүлгүүдээс бэлхнээ мэдрэгдэж буй юм. Тэрбээр эрхэс мичидийг “үйрмэг одод” гэж сэрж, онгодын дарс хундгалж буйгаагаар сэтгэмжлэн, үгийн утгын зохицлыг “Дөрвөн утгын наадам” шүлэгтээ урнаар зуран, оноосон нэрийн утгын эвцэл, чимээний үг, авианы зохицлоор бүтээснээрээ нэг бус нэлээд шат ахиснаа илтгэв.
“Орой бүхэн гитарын хэнхдэг дэлдэн дуулж
Орцны чинь шатан дээр баримал болтлоо суудаг сан…”
“Яахав дээ муу ах минь
Ятга шиг уяхан хүн байлаа” гэсэн сэтгэлийн гүнээс сүүрс алдсан энгүүн үгтэй шүлгүүд сэтгэлийн яруу найраг болон ургажээ. “Найраас чөлөө гуйх дуу”-нд архийг есөн зүйлээр нэрийдэн үйл явдал, цаг хугацааны логик дэвшлээр дүрслэн гаргахдаа үйл хөдлөлийг давхцуулахгүйгээр амталж, мөлтөлж, шимэн сууж буй “би” баатрын өсөлт хөдөлгөөнөөр урласан нь судлагдахууны чанар, чансаагаа нэмэгдүүлсэн юм. Өөрөөр хэлэхэд “амрагийн сэтгэл яараад” байсан бол “самган сэмхэн нудраад буй” хүмүүний амьдралыг бүхэлд нь багтааж найраас чөлөө гуйх төдий агуулгын тэлэлт бус амьдрал хэмээх мөрөнд хамтдаа сэлүүрдэх санааг хөндсөн гүнзгий урлал бий.
Жишээ татвал:
“Шүрэн цомтой дарсыг хө
Шимэж суухын шалтгаан байна
Бурхан царай нь хувираад байна
Бушуу харихыг бодох уу даа” гэсэн эргэлзсэн, эмээсэн сэтгэхүйн бодомж нь үгийн мэдрэмж, утгын донж цогцолсон бүтээмж болон яруусч, сэтгэхүйн чинадад салаа утгас сацраадаг. Шүлгийн эцэст харин:
“Амраг хайрын сэтгэл нь хө
Архинаас илүү хүчтэй байна
Уур нь хэдийнээ гарсан байна
Уруулынх нь балыг амтлах уу даа” хэмээн утгыг саруулсган өөр агуулгад чиглүүлэн тодотгосон нь “яруу утгын хүлэг моринд үзгээ тулаад мордох” тунхагийн нь харгуй хэр алсад цахилах шандастайг илтгэх уран бүтээмж болой. “Жирмэн сүлжээ” шүлэгт хайр сэтгэлээ эрихлэн нийтгэж
“Чамдаа би маш их хайртай
Чамаас илүү өөртөө хайртай
Өөрөөсөө илүү шүлгэндээ хайртай
Тэр шүлгээ би чамдаа зориулж бичдэг” хэмээсэн нь дүрслэлийн өвөрмөц шийдэл бүхий эрэл хайгуул болжээ. Тиймээс ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн эл номын тотго үгэнд “Номлолт, эрхэм чимэгт, бодрол бясалгалын шүлгүүд, ардын дуу мэт, аялгуун чимээ сонсогдсон шүлгүүдээр энэ номын сөн дүүрчээ… Бодохын чинадад, сэтгэлгээ, хэлбэр, шинэхэний эрэл гэж буй. Өөрийгөө олох, өрөөлийн нүд тархинд өөрийгөө таниулах гээд бишгүй их эрэл энэ хүүгийн урд буй…” хэмээн итгэл тээж үнэлсэн нь талаар бус байна. Найрагч шинэ хэлбэр, хийцийг эрэлхийлсэн нь зохиомол дүрслэл бүхий тоочилт төдийхөн бус, алс дайдын сэрэхүйгээ нууцалж буйгаараа бахдам агаад
“Лааны тос шиг ихэмсэг цагаан харийн бүсгүйг бодоход
Морин хуурын нүдэнд доголон нулимс цийлэгнэж” буй зүйрлэлт дүрслэлийн агуулгыг нээсэн нь найрагчийн дотоод үзэл сэтгэлгээтэй гойд тохирчээ.
Ийм сэрэхүйгээс дахин жишээлвэл:
“Тамирын хөндийн уулгалан довтлох омогт салхийг сөрж
Уулын хяраас цайвар морьтой саран цогиж айсуй
Үүлэн жин тэнгэрийн заадлаар бөн бөн тэшүүлэхэд
Хуруун завсраар савирах цаг хугацаа анир чагнан саатна
Цэн цэнгийн гунигтай аюулхай цээж хөндүүрлэж
Чимээгүй бөмбөрөх нулимс эмзэглэн хагарна” (Үсэг үсгийн дуун) гэж байгаль дэлхийг мэдэрч чадсан уран зураглал ч анхаарал татав. Учир нь энэ удаагийн ном утга гүнзгийрч уран санаа тэгширсэн нь байгаль эрхэс зөвхөн сэтгэлт хосын л төлөө бүрэлдсэнээр сэтгэж, түүхэн тэмцэлт үйл явдлаар өртөөлөн бие биесээ хайрлахгүй байхын аргагүй сэтгэлийн давалгааг зангидан
“Чи надад сэтгэлээ өгөхгүй байж аяа яахан болох билээ
Чиний төлөө бүрэлдсэн орчлонд би юугаа хэлэх билээ” хэмээн төгсгөсөн нь нэг тийм уяруу болгож хайр сэтгэлийн сэдэвт шинэ үзэгдэл авчирч чаджээ. Энэ нь байгалийн элдэв үзэгдэлтэй хүмүүний санаа сэтгэл, орчлонгийн өнгө аясыг нийтгэж дөрвөн улирлын үзэгдэл бүхэнд “улам ихээр дурлаж” буй уянгын баатрын хүсэл тэмүүллийг “мөнхийн” шалтгаан бүхий дүрслэлийн нээлт болгосноороо ур утга нь тэгширснээ илтгэдэг.
“Эзнээ олоогүй дурлал сэтгэл зүрхийг түймэрдэж
Элэг зүрхний угаас шаналал уйтгар ундардаг
Хэнээс ч илүү би зовлонг нь мэдэх болохоор
Хэтэрхий сайхан чамайг гомдооно гэхээс эмээж байна” (Бүсгүй чамд) гэсэн сэтгэхүйн ийм алслалт, гүнзгийрэл нь
“Санаанаас гарахгүй нь хэцүү
Чамайгаа мартахгүй нь хэцүү
Зүүдэнд ирэх чинь хэцүү
Зөөлөн харц чинь бүр хэцүү” хэмээж
“Чамтай байх надад хэцүү
Чамгүй байх бүр ч хэцүү” гэсэн агуулгаар найрагчийн төдийгүй, ер хүмүүний сэтгэлийн элдэв өнгө аясыг уудлан нээснээрээ үг, санааны эрэлд бэдэрч, тууштай, тулхтай уран бүтээлч болох итгэл төрүүлэв.
Мөнхүү
“Дурлалын суманд шүүрэн шанага шиг сийчүүлсэн
Дуулга нимгэн зүрхэнд чамайг хайрлах зай байжээ” гэсэн сэтгэмжээр агуулгын тэлэлт хийн зангидаж, хөгжмийн хэл аялгуу түүхэн цаг үе, дүр зургаар амилан биежиж буйг утга уран сайхан тэгширсэн олон мөрүүдэд шингээснээрээ содонсож байна. Чингэж ардын дууны хөг эрэмбээр аялгуу төгс найраг бүтээсэн нь “шинэ мянган”-ы залуус сэтгэлгээний урлалд гүнзгийрч буйн нэгэн баталгаа мөн. Д.Болдхуяг найрагч дүрслэлийг шүлгийн санаанд тохирсон чимэглэлээр төлөөлүүлж өгүүлдэг нь эхнэрийг нь сугадан одох нагал сахалтай залуугийн
“Барьсан цэцгийн баглаа нь
Ичсэн юм шиг улайна
Бугуйн цагаа хараад
Манай цонх руу хялайна” хэмээсэнд улаан цэцэг барьсан гэж модон дүрслэлээр бус шүлгийн агуулгатай холбосон нь оновчтой дүрслэмж болсон юм. Найрагчийн сэтгэлийн дотоод тэмүүллээ барих чадвар нь
“Дэлхий хэдий уужим ч хумхийн тоосноос бүтдэг
Дэрний чулуу хийгээд нулимсан дуслаар дутдаг” хэмээн уулга алдуулахад хүргэж алс ирээдүйг зөгнөсөн тэмүүлэлт сэтгэлгээг гайхалтай нарийн зурж, хий зайгүй энгийн үгийг олж сонгодог нь хүмүүний сэтгэлгээний тагт өндөрлөг, яруу сэтгэхүйд авирах уянгын нэгэн шат, бичлэгийн арга хэлбэр нь болон тогтох нь үү дээ гэсэн бодол төрүүллээ. Амраг хайртдаа
“Гунихын тоолонд чинь би чиний дэргэд байж
Гудамжаар үүрч алхсан гэрэлт шөнүүдийг дурснам
Гутлаа үдэх бүрийдээ чи намайг үгүйлж
Гуравдугаар сарын найманд хөглөж байснаа санана” (Хагацаж яахан чадах), эсхүл
“Дээрээс чинь тонгойх саранд царайг чинь тольдож
Дэргэдээс чинь ниссэн шувуудаас сургийг чинь асууж
Есдүгээр сарын шинэдийг тэсэн ядан хүлээхдээ
Ерөөсөө би чамдаа хэтэрхий хайртайгаа мэддэг” (Хуучин захидал) хэмээсэнд ямар нэгэн утга, дүрслэлийн алдаа үгүй бөгөөд харин ч найрагчийн төрөлх зөн мэдрэмж, энгүүн шүлэглэл, сэтгэхүйн давтамжийг нээж өгөх хөшүүрэг болжээ. Үгийн олон утгыг шүлгийн шад бүрийн агуулга, давтамжид гойд тохируулан сонгож, уншихад сэтгэлд бууж, сонсоход чихэнд шингэх дуурьсал болгон туурвидаг онцлогтой юм. Д.Болдхуяг бол сэтгэлийн шүлэгч төдийгүй онолын томьёоллоор чанарын шүлэгчийн орон зайтай ажээ. Учир нь далд сэрэхүйн агшинг “Салхин сарны шивнээ” шүлэгтээ нарийн торгон мэдрэмжээр шаглан урласан нь дорнын намуун аяс, уламжлалт эрдэм билгийг өвлөж буйтай нь холбоотой. Сэтгэхүйн ийм дүрслэмж нь:
“Хамаг олонд зүүдэн дуурийг цомногч
Хайртай хосод янагийн балыг сөгнөгч
Хар гивлүүртэй бүсгүй гэгээ хумин ирэхэд
Харин тэнэгүүд шөнө болсон гэж эндүүрч” буй зохиомжит сэтгэлгээгээр утгыг хурааж өгүүлсэн үйлдэл болон гүнзгийрч, орчлонгийн үзэгдлийг дэнслэх зохиогчийн эргэцүүлэмж, бясалгал төдийгүй дорнын уламжлалт “буйг буй”-гаар нь зэрэгцүүлж, бас эсрэгцүүлж дүрслэн гаргахыг эрмэлзсэн /“Жирмэн сүлжээ”, “Дэлбээ хумьсан цэцэг”, “Чи бид хоёр”/, сэтгэлгээний дээд эрэмбээр урласан /“Хэцүү” г.м/ агуулгаар баяжжээ.
Ийнхүү бүтэц хэлбэрийн эрэл хайгуул хийж хорвоогийн өнгийг үнэнээр дуулж егөөдсөн санаа хийгээд авиа чимээний үгээр гарт баригдаж нүдэнд дурайтал “Асарт хайрхан уул” шүлгээ бүтээсэн бол “Гоёхон нүдэт” хэмээх бөлөг шүлгийн утгын ур гүнзгийрч бүтээмжийн эрэл хийсэн нь уран сайхны олз болон бас биежжээ. Бүсгүйн дүр зураг, дотоод сэтгэлийг байгалийн үзэгдэлтэй холбож ертөнцийн аж төрөхүйг эгээрсэн, сэтгэхүйн бясалгал хийсэн нь ч цөөнгүй байна. Учир нь “Санах ба эс санахын сонет” шүлэгт утгыг ахиулан бадаг бүхэнд шингээдэг уламжлалт давтамжаар санахын тэмүүлэлт сэтгэлгээг хайн бэдэрч уруулын өнгө, мөр, анир, хээ, амт бүхнээр өөриймсүүлжээ. Ингэхдээ хүмүүний хайр сэтгэлийн шаналан бэтгэрэх хоосон сэтгэлийн орон зайг бус бие махбод бүхэн санан үгүйлж буйг уруулын элдэв өнгө, хөг аясаар төлөөлүүлсэн нь зохис төгс, уяруу байна. Тухайлбал:
“Бишрэл шингээж
Уруулыг минь адисласан
Тэр жаахан өлмий
Намайг санаж бэтгэрнэ
Бэтгэртэл санасан
Уруулын минь тангарагтай
Тэр гоо шилбэ
Хүүгээ санаж мөрөөснө” гэж шүлгийн зохион байгуулалтыг хийсэн атлаа “Чи намайг Санахгүй дээ санахгүй” гэсэн эсрэг утгаар гүтгэж нэг үзээд, ахин биет байдлаар зохиомжлон илэрхийлсэн нь яруу сэтгэлгээний урлалд ур дурайж буйг гэрчилнэ.
“Миний багын амраг
Усан дагины дүртэй
Усан дагины дүртэй ч
Чөтгөр шулмын шинжтэй” гэсэн сэтгэхүйн таталбар нь орчин үеийн яруу сэтгэлгээний чиг хандлагад ч дөхөж байна. Энэ мэт зохиомжит сэтгэлгээ нь
“Хөмсөг чинь уран сэрэвгэр биш ч
Сормуус чинь хатан дэрэвгэр биш ч
Нүд чинь хөөрхөн дүрлэгэр биш ч
Ухаалаг дөлгөөн харцтай билээ чи” (Дэлбээ хумьсан цэцэг) гэсэн сэтгэхүйн нарийн үйлдэлд хүргэжээ.
Харин “Чулуун оньсого, уран сэтгэмж” хэмээх бөлөг шүлэг нь номын ур хийц, утга санааны гүнзгийрлийг илт бууруулж буйг хэлэх нь зүйтэй. “Дэндүү аварга хиргисүүрийн дээр” зэрэг хуурай тоочсон дүрслэлээр урлалтаа сулруулж “Аадрын ус алд алдаар нэмж…” гэх юм уу
“Хэтэрхий хүч шавхан
Хиргисүүр цогцлоон босгов
Сүр бараа ихтэй
Сүнс юуг нь онголов” зэргийн боловсроогүй үрийг “яруу утгын хөрсөнд”-д суулгах нь өчүүхэн төдий хэрэгцээгүй ургамал илүүц харагддагийн жишээ болно. Мөн зүйрлэл, дүрслэл давтах (шаа торгон, гэрлэн цэцэг г.м) хандлага хийгээд шүлгийн айзам хэмнэлээс гадна бүтцийн хэлбэрийг хадгалах зэрэг зарим шүлгийн утгын гүнзгийрэл дутуу буй нь сэтгэлгээний алслал, уран сайхны түвшингээ бууруулахад хүргэжээ. Түүнчлэн уншигчдад ойлгомжгүй үг хэллэг (мигмэнсанжаа) -ийг хүчлэн тулгах хийгээд
“Аадар борооны үүл нь болбол хө
Алган дээгүүр нүүгээд байнаа хө” зэргээ эрхэм нөхөр эргэж харна биз ээ. Архийг оочиж уух, ноолж суух нь үгийн цэцийн хувьд зохимжгүй тул дүрслэлийн болон ойролцоо, ижил утгат үгсийн хэт их эрэл хийх нь эргээд мухардалд оруулах гэмтэйг харуулах жишээ энэ болж байна. Д.Болдхуяг найрагч шүлгийн хэлбэр хийц, логик дараалал, шинэ эрэлхийллийг хэт анхаарснаар утга агуулгыг зарим талаар бүдгэрүүлснээ хожмын бүтээлдээ анхаарна буй за. Учир нь шүлгийн толгой холболт, шадын хос уянгад хэт шүтэгдсэн учир зүйн алдаа, эндэл залуу яруу найрагчийг тойроогүй дайрч гардгийг сануулах нь зүй.
Гэхдээ бүсгүйн бэлхүүсийг “уйлуулж”, хүзүүг “мэгшүүлсэн” хийгээд сэрж мэдэрсэн нулимсыг “тэнгэрийн хэлхээ нь тасарсан сувд”, навчисыг “бургасны улаан шаргал бээлий” (Хууль) гэх мэтээр оюун сэрэл, онгодоор цалгисан мөрүүдээс бүтсэн цөөнгүй шүлгүүд нь уран сайхны ертөнцөд завилсан мөчир болон дэлбээлснийг онцлон тэмдэглэхээс аргагүй. Учир нь
“Очтон цацрах шөнийн тэнгэрийг гангалж
Оддын тэндээс болрын үртэс бударна
Оргилуун дарс мөсөн жүнзэнд хөөсөрч
Орчлон хорвоог цасан охид бүрхэнэ
Анивчих гэрэл номин шилмүүсэнд туяарч” (Шинэ оны дуу) буй бүхнийг гүн ухааны аясаар “Бурхантай хууч хөөрөн” сарны туяаг тооноор будруулан мэдэрч, бадаг дамнуулан үгүйсгэсэн холбоо үгсээр сүүл хашиж шүлгийн санаагаа тодотгон лавшруулдаг онцлогтой байна. Иймд “Эсэруагийн охины хоолойн чимэг” (2007) хэмээх эл ном шинэ мянгантай уралдан туурвин бүтээж эхлэсэн нэгэн үеийн найрагчдын өнөөг хүртэл хэвлүүлсэн ном зохиолууд дунд онцгой байр суурь эзлэх жин дарж буйгаараа ийн шүүмжлэгдэж, шүүтгэгдэж буй хэрэг. Учир нь яруу найраг бол аянга цахилгаан, далайн шуурга зэрэг байгалийн гоц үзэгдэл мэт хүний сэтгэл зүйн өвөрмөц тэсрэлт буюу түүний эрчим хүч, соронзон долгисын хийсвэр үр дүн юм. Өөрөөр хэлбэл тэнгэрийн зарлигийг хүн төрөлхтөнд хүргэх сунтаг нь яруу найрагч байж, эгэл хүмүүний оюун сэтгэхүйд тэрхүү дээд мэдрэмжийн цучлыг өдөөн өрдөгч гал билээ. Яруу найрагч Д.Болдхуягийн анхны хоёр номоос үүдсэн ажиглалт эл номын туурвил зүйгээс улам бүр лавширч буй нь хэдийгээр сэдвийн хувьд цар хүрээ өргөжсөн ч ямагт хайрын шүлгийг бусад шүлгээс илүүтэй нандин урлаж, дурласан хүний сэтгэлийн аглаг дахь олон хөг аялгуу, өнгө будаг, гуниг шаналал, догдлол баярын сэрэл мэдрэмжийг урнаар нээн үзүүлдэг онцлогтой нь улам бүр тодорч байна. Тиймээс Д.Болдхуяг бол хайрын шүлэгч, хайрын дууч мөн юмаа гэдгийг дахин тэмдэглэхээс аргагүйд хүрч байна. Энэ нь Эсэруагийн охинд дурлаж, бас мөшөөлгөж чадсанаар тайлбарлагдана.
Утга зохиол судлаач, шүүмжлэгч Д.Цэвээндорж (ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн)
“Улаанбаатар таймс” сонин. 2007.05.03.№090 (9382)